Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерийн аюул ойрхон байна

Бороо хуртай энэ өдрүүдэд үер усны аюулаас болгоомжлохыг албаныхан анхааруулсаар байна. Жилийн энэ үед үер усны аюул нүүрлэдэг нь уламжлал болсон гэхэд хилсдэхгүй.  Хэдэн жилийн өмнө түр зуурын хүчтэй бороо орсноос олон айлын гэр урсч, орон гэргүй болсон бол цөөнгүй хүн амь насаа алдсан гашуун түүх бий. Үерээс хамгаалах далан шуудууны тал дээр маруухан нийслэл хот тэр цагаас сэхээ авч хэд хэдэн газарт далан барьж эхэлсэн ч зарим нь одоог хүртэл дуусаагүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл дахин үер усны аюул нүүрлэхгүй гэх баталгаа өнөөдөртөө алга гэсэн үг. Уржигдар орсон арваадхан минутын аадар борооны үеэр гэхэд Нийслэлийн онцгой байдлын албанд үер устай холбоотой таван дуудлага иржээ. Тухайлбал, Туул голын усанд хоёр хүн гараараа даллаад тусламж гуйгаад байна гэх дуудлагаар очиход 50 орчим насны эрэгтэй хүмүүс согтуугаар голын дундах сайран дээр гарсан байсныг аварч, анхны тусламж үзүүлсэн байна. Мөн Улиастайн голд Пропокс, Аксент маркийн эко машинууд урсч байсныг Эрэн хайх аврах тасгийнхан гаргажээ.
Мөн тэр үеэр усанд автсан дуудлага ч цөөнгүй ирсэн байна.  Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны УС-15-ын 55 дугаар байрны газар доорх давхарт ус орж ирлээ гэх дуудлагаар дүүргийн ОБХ-ийн аврагчид очиж усыг мотопомпоор соруулжээ. Мөн тус дүүргийн 19 дүгээр хороо, цайзын 10 дугаар гудамжинд айлын гэрт ус орсон гэх дуудлагаар албаныхан очиж усыг соруулан, шуудуу татаж өгсөн бол ийм төрлийн өөр нэг дуудлага Баянзүрх дүүргийн тавдугаар хорооноос ирсэний дагуу арга хэмжээ авч ажилласан гэнэ.
Улаанбаатар хотод 3000 гаруй өрх үерийн ам, гуу жалганд амьдарч байна гэх тоон мэдээ байдаг юм. Урин дулааны цагт гол усанд осолдох хэрэг олон гардаг. Энэ он гэхэд дөрвөн ч хүн голын усанд осолдсон харамсалтай хэрэг гараад байна. Үүнээс сэргийлэх үүднээс хотын орчим дахь Туул голд завьт эргүүл гараад байгаа юм.


Энэ талаар НОБГ-ын харьяа Аврах тусгай ангийн дарга Ж.Дамдинсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Туул голын дагуу ажиллаж буй завьт эргүүл ямар хуваариар хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга зургадугаар сарын 12-нд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай албан даалгавар гаргасан. НОБГ, НЦГ-ын дарга нарын хамтарсан удирдамжийн дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн нутгаар урсан өнгөрч буй Туул голын ай сав газарт завьт эргүүл гарган үүрэг гүйцэтгэж байна. Өмнөх жилүүдэд завьт эргүүл зургадугаар сарын 20-оос эхлэн гардаг байсан бол энэ жил цаг агаарын байдлаас үүдэн эрт гарсан л даа. Өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд завьт эргүүл голын ойр орчимд амарч, зугаалж яваа иргэдэд сэрэмжлүүлэг өгөн ажиллаж байгаа.
-Эргүүл гарснаас хойш голын усанд осолдох тохиолдол гараагүй биз дээ?
-Завьт эргүүл маань өнөөдрийн байдлаар 2100 гаруй иргэнд сэрэмжлүүлэг хийсэн. 290 гаруй автомашиныг голын эргээс холдуулсан байна. Ганц онцгой байдлын аврагчид бус цагдаагийн байгууллагаас хамтран эргүүл хийж байгаа. Хууль зөрчсөн, голын ойр орчмыг бохирдуулсан, машин тэргээ голын усанд угаасан зэрэг зөрчил дээр цагдаагийнхан арга хэмжээ аваад хариуцлага тооцоод явж байгаа. Бид бол сэрэмжлүүлэх,  аврах үүрэгтэй. Эргүүл хийж байгаа хэсэгт голд осолдсон тохиолдол гараагүй.
-Хүүхдүүд хяналтгүйгээр гол руу явах нь их байдаг шүү дээ?

-Ангиараа, найз нөхдөөрөө нийлэн голд очих тохиодол олон байдаг. Гэхдээ амарч зугаалахаар гол руу очсон хүмүүсийг насаар нь ангилах хэцүү. Хэрэв бага насны хүүхдээ дагуулан голын эрэг дээр очсон бол огтхон ч анхаарал болгоомжоо сулруулж болохгүй. Анхаарал хэсэгхэн сулрах үед л хүүхэд голын усруу орж осолдох эрсдэлтэй.
Мөн архи дарс уусан үедээ хөөрөөд голын ус  руу ороод осолдох тохиолдол олон гардаг. Согтуу үедээ ус руу орохоор хүний шөрмөс татдаг юм. Хэчнээн сайн сэлдэг байсан ч нэмэргүй гэсэн үг л дээ. Ер нь бороо ус ихтэй энэ үед анхаарал болгоомж илүүдэхгүй л дээ. Наад зах нь хөдөө явах гэж байгаа бол заавал баталгаатай зам гүүрээр явах хэрэгтэй.

Г.Тунгалаг

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан