Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ҮЛДСЭН ӨРӨӨ НҮҮРСЭЭР БУС АМ.ДОЛЛАРААР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Хятадын коксжих нүүрсний импорт буурсаар байна. Тухайлбал, тавдугаар сард л гэхэд  5.88 сая тонн болсон мэдээлэл бий. Энэ нь дөрөвдүгээр сард импортолсон нүүрснээс  9.12 хувиар буурсан үзүүлэлт аж. Тус улсын нүүрсний экспортыг өнгөрсөн оны эхний хоёр улиралтай харьцуулан үзвэл 10 орчим хувиар буурчээ.   Гэвч манай улс  Хятадад тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 26 хувиар өссөн үзүүлэлт хэмээж буй юм.
“Эрдэнэс Таван толгой”  компанийн  Хятадын “Чалко” компанид  төлөх өрөөс 120 сая ам.доллар үлджээ. Энэ өрийг нүүрс нийлүүлж дарах учиртай. Гэвч бэлэн мөнгөөр нь төлөх тухай ярьж эхэлжээ. Нэг тонн нүүрсний үнийг 50 ам.доллараар тооцвол 2.5 орчим сая тонн нүүрс нийлүүлж байж өрөө дарж дуусах юм. “Эрдэнэс Таван толгой” компани Ганцмодны боомтод буулгасан нүүрсээ тонн тутмыг нь 57 ам.доллараар зах зээлд нийлүүлэх төлөв байгаа  гэдэг. Гэтэл нүүрс олборлох, тээвэрлэх  зардал нь, 60 орчим ам.доллар болж буй мэдээлэл бий.  “Эрдэнэс Таван толгой” компани өрөө төлөх нүүрсээ тасралтгүй  нийлүүлэх боломж бий. Харин  “Чалко” компанийн агуулах дүүрсэн, нүүрсний борлуулалт тааруу байгаа тул түр хүлээх хэрэг гарсан. Иймд одоо үлдээд буй 120 сая ам.доллараа бэлэн мөнгөөр нь төлөх талаар ярилцаж байна. Гэвч бэлэн мөнгөөр төлсөн тохиолдолд валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж алдагдал хүлээх магадлал нэлээд бий.
“Эрдэнэс  Таван толгой” компанийн уурхайн ерөнхий захирал Н.Нямгэрэл “Манай компанид экспортлоход бэлэн 4.5 сая тонн нүүрс байгаа.   Одоогоор  Хятадын найман компанид 4.2 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Үүнийг хамгийн бага үнээр буюу уурхайн амны нөхцөлөөр нэг тонныг нь 35 ам.доллараар тооцвол наад зах нь 150-160 сая ам.доллар болно. Одоогоор уг нүүрсний урьдчилгаа 50 сая ам.доллар манай компанийн дансанд орж ирсэн” хэмээсэн билээ. Иймд хэдийгээр үнэ унасан ч Баруун Цанхийн нүүрсний экспортын орлогоос үлдсэн өрөө дарах боломж “Эрдэнэс Таван толгой” компанид байгаа юм.  Тухайлбал, “Эрдэнэс Таван толгой” компани энэ онд долоон сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Үүнээс 250 сая ам.долларын орлого олох тооцоо бий. Хамгийн гол нь борлуулалт саадгүй бол Баруун болон Зүүн Цанхиас энэ онд 10-11 сая тонн нүүрс олборлон экспортлох боломж бий аж.  Нэгэнт нүүрсний эрэлт буурч үнэ хямдарсан тул Австрали, ОХУ зэрэг улсын нүүрсний нийлүүлэлт ч дагаад буужээ. Коксжих нүүрсний зах зээлийн энэ хямралт байдлаас шалтгаалж манай улсын экспортлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрээд буй.  Одоогоор ганцхан төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани л экспорт хийж байна гэхэд хилсдэхгүй юм.  Тус компанийн нэг тонн нүүрс олборлох зардал хоёр жилийн өмнө 62.4 ам.доллар байжээ. Харин өнгөрсөн онд 56 ам.доллар болсон. Ингээд  нэг тонн нүүрс олборлох зардал зургаан ам.доллараар  буурсан юм. Үүнээс гадна “Чалко” компанид нийлүүлэх нүүрсийг Хятадын Ганцмодны боомтод шууд тээвэрлэн хүргэх болсон. Энэ нь тонн тутамд 18.6 ам.доллар хэмнэх нөхцөл бүрдүүлэв.  Өмнө нь уурхайгаас Цагаан хадны баазад буулгаж тэндээс Хятадын хил хүртэл тээвэрлэж байсан билээ.  
“Эрдэнэс Таван толгой” компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн  тулд цаашид нүүрс олборлолтод туузан конвейр ашиглах, боловсруулах үйлдвэр байгуулна хэмээж буй. Үүнээс гадна ганцхан зах зээлтэй тул нүүрсний эрэлт буурах, үнэ ханш хямдрах эрсдэл өндөр байгаа юм. Иймд Хятадаас гадна  Япон, Солонгосын зах зээлд нүүрсээ нийлүүлбэл үнэ хямдрах эрсдэлээс ангижрах гарц бий. Үүний тулд төмөр зам яах аргагүй хэрэгтэй. Төмөр замын цариг өргөн, нарийн байна гэж төрийн түшээд олон жил ярилаа. Гэвч маргаантай асуудал хэвээр өдийг хүрэв. Уг нь тов тодорхой ойлгомжтой зүйл гэж эдийн засагчид хэлдэг. Тухайлбал, Хятад руу нарийн царигийн төмөр зам тавихад ганц нүүрс ч гэлтгүй манай экспортын ашигт малтмал нөгөө л зах зээлийн хараат байдлаас гарч чадахгүй. Хятад улс хэдийгээр ашигт малтмалын хамгийн том худалдан авагч боловч ганц зах зээлийн эрэлт буурах, хэрэглээ нь багасах үед үнэ ханшийн уналтад өртөж  манай эдийн засаг өнөөдрийнх шиг хямралт байдалд орсоор байх болно. Нөгөө талаар урд хөршийн төмөр замыг ашиглаж далайн эрэгт хүрэхэд дамжин өнгөрөх зардал асар өндөр гарах юм. Өөрөөр хэлбэл, одоо авто машинаар нэг тонн нүүрс зөөх зардлаас хамаагүй илүү мөнгө төмөр замын тээврийн хөлсөнд төлнө гэсэн үг.  Харин Алс дорнодын төмөр замтай холбогдчихвол далайн тээвэрт хямд зардлаар хүрч хоёр, гуравдагч зах зээлийн хаалгаа нээнэ. Үүнээс гадна төмөр замын өртөө зөрлөгт ажлын байр олноор гарч тээврийн зардлаас дотоодоо үлдэх орлого илүү байх ажээ.  Энэ хэрээр Таван толгойн үнэ цэнэ, иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцаа үр ашигаа өгөх юм.  

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
amjilt husie
Хамгийн их уншсан