Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Долдугаар сарын 1 - Мартах учиргүй өдөр


Улс гүрний байтугай, хувь хүний амьдралд ч мартах аргагүй өдөр гэж байдаг. Үүнд  нь сайн сайхан дурсамжаас гадна саар муу, эмгэнэл ч бас л багтана.
2008 оны долдугаар сарын 1-ний өдөр бол монголын түүхнээ нэгэн хар өдөр болж үлдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Шударга ёсны төлөө, энэ хорвоод, ардчилсан Монгол Улсад хүн болж төрснийхөө хувьд Үндсэн хуулиар олгосон сонгох сонгогдох эрхээ эдэлж, сонгуулийн дүнг шударга гаргахыг хүссэн эгэл ард иргэдийнхээ өөдөөс монгол төр буу шагайн таван хүний амь бүрэлгэсэн энэ хэргээс хойш зургаан жил өнгөрсөн хэдий ч монгол хүн бүрийн сэтгэлд хадгалаастай хэвээр байгаа.

Харин үүнээс хойш байгуулагдсан төр засаг, гарч ирсэн албан тушаалтнууд нэг л мартагнаад байх шиг.
Яахав энэ хар үйлийг хийсэн, зохион байгуулсан хүмүүс, нам улс төрийн хүчин бол аль болох мартагнуулж үгүй болгох, хэн нэгнээр сөхөн яриулах дургүй байгаа нь ойлгомжтой.
Иймдээ ч сонгуулийн дүнг будлиантуулж, булхайцан луйвардсан МАН тэр сонгуулиар олонхийн суудал явсан атлаа ялт хэргээ нуун далдалж, сөрөг хүчний амыг хамхихын тулд С.Баяр нь хамтарсан засгийн газар байгуулан сөрөг хүчин АН-ын түшмэлүүдийн амыг хамхисан. Гэсэн ч түүх холдож амжаагүй, энэ хэргийн тухай байн байн ярихаас аргагүй байсан болохоор МАН-ын дарга С.Баяр нь албан тушаалаа өгөөд гадаад руу зугтаасан.
МАН гэдэг энэ улс төрийн хүчин харин ч сонгуулийн дүнг будлиантуулж луйвар хийн, цагдаа нарыг өмнөө түлхэн үймээн дэгдээж, байшингаа шатаагаад сохорсон биш завшив гэгчээр шинэ “Тусгаар тогтнолын ордон”той болж амар сайхандаа жаргаж байгаа. Өнөөдөр ч МАН-ын албан тушаал, зөөлөн сандал ширээнд дуртай, эсэргүүцлээ хүртэл буйдан дээр хэвтэж илэрхийлдэг түшмэлүүд таван хүний цусаар босгосон энэ ордондоо хор найруулан энэ засаг төрийг яаж бужигнуулж, үймүүлэх вэ гэдгээ ярьж тухлан суугаа. Гэхдээ зургаан жилийн өмнө ямар аймшигтай зүйл хийснээ огтоос мартчихсан, бурхан тэнгэр тэдэнд ийм харш ордон бариад өгчихсөн юм шиг сэтгэж байгаа нь худал биш.

Иймдээ ч 2012 оны сонгуулиар энэ хүчин ёстой л “булавч бултайна, даравч дардайна” гэгчээр юм ёсоороо болж УИХ-ын сонгуульд ялагдсан нь үнэн.
Таван хүний амь насыг бүрэлгэж, 245 хүнийг хилсээр шийтгэн хэлмэгдүүлснийхээ тухайд уучлал гуйх нь бүү хэл, дурсахыг ч хүсэхгүй байгаа МАН-ыг юу ч гэхэв. Тухайн үед таван хүний амийг цагдаа нар буудан хөнөөчихөөд байхад намын дарга С.Баяр нь шатсан байшингийнхаа өмнө уйлаг алдаж “Шатаасан хүмүүсйиг даруй барьж хатуу шийтгэ” хэмээн шүд зуун үүрэг өгсний төлөө насанд хүрсэн хүрээгүй 245 хүний Дэнжийн мянгад аваачин тамлаж байгаад, дотор нь орж үймээн дэгдээж өдөөн хатгасан цагдаа нар нь хилсээр хорьж шоронд илгээснийг МАН, С,Баяр, Ц.Мөнх-Оргил нар мартсан байж болох ч түүх мартаагүй.

Иргэдээ буудаж, хөнөөж, хилсээр орон шоронд хорьж, тамлан тарчлаачихаад өнөөдөр түүнийгээ мартдаг нь коммунистуудын зан юм хойно яана гэхэв гэхэд 2012 оны сонгуулиар гарч ирсэн Ардчилсан төр яагаад хоёр жил таг чиг суув.
Энэ үймээнээр амь насаа алдсан таван хүний дурсгалд зориулж МоАХ хөшөө босгохоор загвар төслийн уралдаан зарлаж эх загварыг нь бэлэн болгосон. Тухайн  үед нь МАН бол энэ тухай дурсахыг ч хүсэхгүй “ХОХЬ НЬ” гэж байсан болохоороо газар өгөх нь бүү хэл өшиглөөд хөөх нь холгүй өнгөрөөсөн. Харин өнөөгийн Ардчилсан төр яагаад хийхгүй өнөө хүрч байгаа юм бол.

МАН-ын дарангуйлал, харгислал, 1937 оны арга туршлагаараа хэмэгдүүлэн шорон руу илгээсэн 245 хүнийг  цагаатгах тухай яагаад ярихгүй өнөө хүрч байна.
Үзэл бодлоо илэрхийлэн шударга ёс шаардан жагссан энгийн иргэд рүү буудах ажлыг зохион байгуулалцаж үүрэг даалгавар өгч байсныхаа төлөө шүүхээс ял аваад байсан генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нар хэдийнээ суллагдаад та бидний дунд инээж хөхрөөд явж байдаг. Гэтэл зүгээр л “Миний өгсөн санал яачихав” гэж асуусныхаа төлөө ял эдэлсэн хүмүүсийг хэн мартаад байна вэ.
Үүнийг таван хүнийг байтугай 30 гаруй мянган хүнийг буудчихдаг МАН-аас биш /тэд тэртэй тэргүй ялт хэргээ өөрсдөөсөө зайлуулан түлхэж сурсан улс/ ардчиллын туг хэмээдэг АН-аас, энэ намаас байгуулагдсан өнөөгийн төрөөс асуух л ёстой.

0 Сэтгэгдэл
С.Баяраас ял асууя......
Хамгийн их уншсан