Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАНЫ ХААЛТТАЙ ЗЭРЭГЦҮҮЛСЭН ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛЫГ ТҮР ХОЙШЛУУЛЛАА

Монгол Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хуралдаан өчигдөр хуулийн дагуу хугацаандаа хаалтаа хийлээ. Чуулганы сүүлийн өдөр 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Үүний дотор хамгийн их анхаарал татсан нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл. Засгийн газраас өргөн мэдүүлээд хоёр долоо хонож буй төслийг урьд нь Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн. УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцээд дахин ЭЗБХ руу шилжүүлж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр товлосон байв юм. Газрын баялаг, түүхий эд тээвэрлэх чухал гарцаа сонгох ажлыг долдугаар сарын 1-ний дотор шууруулан шийдэхээр төлөвлөсөн гэсэн үг. Улс орны тусгаар тогтнолын аюулгүй байдалтай шууд хамаарах чухал асуудалд УИХ, Эдийн засгийн байнгын хороо ийм хариуцлагагүй хандаж буйг шүүмжлэх хүн цөөнгүй байгаа.
Өчигдөр орой 20:30 минутын орчимд чуулганы хуралдаан төмөр замын царигийн асуудлыг хэлэлцээд тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ.  Юуны өмнө транзит тээвэртэй холбоотой болон бусад гэрээ хэлэлцээрийн үр дүнг харж байж царигийн асуудлаа УИХ-аар оруулахаар болсон байна. Тиймээс хэлэлцэх эсэхээр гишүүд санал хураалгалгүйгээр асуудлыг түр хойш тавилаа.
Энэ УИХ-ын хаврын ээлжит чуулган хэр үр дүнтэй ажилласан талаар намын бүлэг, УИХ-ын гишүүдийн төлөөллөөс байр суурийг сонссон юм.

Ч.ХҮРЭЛБААТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ЗОГСОХГҮЙ, ҮРГЭЛЖИЛНЭ


УИХ-ын гишүүн


-Манай орны эдийн засаг хүнд, хэцүүхэн цаг үеэсээ гарах болоогүй л байх шиг байна. Гэтэл парламентын ээлжит чуулган үүнийг засч, эдгээж чадалгүй завсарлачихлаа?

-Эдийн засгийн асууд­луудаар улстөржихөө багасгах ёстой л гэж үздэг. Та бүгд сайн санаж байгаа болов уу. АН-ын бүлгээс манай орны эдийн засгийн бодлого буруу яваад байна, ийм нөхцөлтэй явбал эдийн засгийн өсөлт саарна, төсөвт ирэх татвар эрс буурна, валютын ханшаа алдана гэдгийг удаа дараа сануулсан.
Өөрөөр хэлбэл, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас манай улс бодлогын арга хэмжээ авах замаар гарч байлаа.
Тухайн үеийнхээ төсвийн орлоготой харьцуулахад үргүй зардлаа 20 орчим хувиар танаж, хасч байж хямралаас гарсан. Тэгээд дараа нь эдийн засгийн өсөлтөө 17 орчим хувьд хүргэж байлаа. Өнөөгийн нөхцөл байдалд мөн л мөнгөний бодлогоо хэлэлцэж өөрчлөх, төсвийн хуурамч тодотгол биш жинхэнэ тодотголоо гаргаж хийсэн бол 2013-2014 онд хямрал зогсч болох байсан. Одоо бол эдийн засгийн хямрал зогсохгүй, улам үргэлжлээд явахаар болчихлоо. 2015 оны үндсэн чиглэлд ямар ч хэлэлцүүлэг болоогүй байхад дуусчихсан. Бүтээн байгуулалт, төсвийн хуваарилалт юу байх вэ гэдгийг тодорхойлох ёстой байтал зүгээр л алх цохиод болчихлоо. Тэгэхээр хойтон жил бас л нэлээд хүнд жил болох нь гэж харж байгаа.
-Ашигт малтмалын тухай хууль хэр чанартай болох бол?
-Энэ хууль хэрэгжихийг 2009 оноос зогсоочихсон шүү дээ. Эдийн засгийн эрчимтэй өсөлттэй байсан үед зогсоогоод одоо ийм хүнд хэцүү цагт лиценз олгож эхэлнэ гэдэг бол Монголын газрын баялаг хямд үнээр гадагш гарахын л нэр.
Яагаад зогсоов, юунаас болов, сургамж юу билээ гэдгээ ил тод ярих ёстой. Оюу толгой, Таван толгой, бусад том төслүүд яагаад удааширсныг хэлж ярилгүй баталж байгаад мөн л гайхаж байна.

С.БЯМБАЦОГТ: 2010 ОНЫ ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД БАЙХ ЁСТОЙ


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

-Баяр наадамтай хол­богдуулж мэдэгдэл, шаард­лага гаргасан гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд, Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ардын хувьсгалын ойн баяр бол Үндэсний их баяр наадам мөн гэж заасан байдаг. Гэтэл өнгөрсөн жил Ардын хувьсгалын ойн баяр гэдгийг нь орхиод Их Монгол улс байгуулагдсаны ой гэж бүх телевиз, радио, сурталчилгааны самбарт явж байсан. Монгол Улсын тусгаар тогтнол, ард иргэдийн маань өнөөгийн эрх чөлөөт амьдрал 1921 оны хувьсгалтай салшгүй холбоотой. Харамсалтай  нь, өнгөрсөн онд ийм байдлаар баяраа тэмдэглэсэн учраас манай намын бүлгийн 26 гишүүн энэ алдааг давтаж болохгүй гэдэг шаардлагыг Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комис­сын дарга Тэрбишдагвад өгөхөөр шийдсэн. Наадмаар монголчууд бид эх орон, газар шороо, тусгаар тогтнол, үндэсний гэсэн болгоноор бахархаж, омогшиж байдаг шүү дээ. Хойч үе маань түүх, соёл, тусгаар тогтнол, үндэс­ний бахархлаа мэддэг байх ёстой.
-Эдийн засгийн хөгж­лийн сайдыг огцруулах хүсэлт юу болж хувирав аа?
-Энэ чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайд Бат­бая­рыг огцруулах асуудал тавь­сан боловч өнөөдөр /өчиг­дөр/ хуулийн хугацаагаар чуулган завсарлана гээд хойш­луул­­лаа. Намрын чуулганаар манай бүлэг Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлна гэсэн ч ялгаагүй завсарлаад хойшилж ирсэн. Үүний адилаар Батбаяр сайдыг огцруулах асуудал хойшиллоо. Хуульд хоёр зөрчилтэй заалт байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар сайдыг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор шийдэх ёстой гэсэн заалт бий. Гэтэл нөгөө талд нь долдугаар сарын 1-нд ээлжит чуулган завсарлана гэж байдаг. Аль заалтыг нь мөрдөхөө мэдэхгүй болчихоод байгаа юм. Бид бол шаардах бичиг өгсөн, шаардлагаа тавьсан. Тэгэхээр бид хуулиа бариад явж байна, зөрчиж болохгүй. Хэн нэгний хүсэлтээр завсарлагын хугацаа дуусаагүй байхад асуудлыг хэлэлцэхгүй гэсэн. Ийм л ойлгомжгүй нөхцөл үүсчихлээ.
-Төмөр замын асуудал өнөөдөр чуулганаар орох гэж байна. Та ямар байр суурьтай байгаа бол?
-Манай нам 2010 онд хамтарсан Засгийн газарт ажиллаж байхад Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ баталсан. Тэр үед парламент нэлээд нухацтай ярьж байж бодлогоо баталсан шүү дээ. Тиймээс өнөөдөр Засгийн газар энэ хүрээндээ л зарчмаа барьж ажиллах шаардлагатай.

Н.БАТЦЭРЭГ: ЗАСГИЙН ГАЗАР ЗАВСАРЛАХГҮЙ АЖИЛЛААРАЙ


УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга

-УИХ-ын хаврын чуулган хаагдаж байна. Та болон танай эвслийн бүлэг хэр үр дүнтэй ажилласан гэж үзэж байгаа бол?
-Баталж өгөөсэй гэж хүсч байсан хуулийг бараг бүгдийг нь парламент баталж гаргалаа. Нөгөө талдаа Засгийн газар зун, намрын хугацаанд амралт хөөх биш ажиллах хэрэгтэй байх. Ханшийн ачааллыг бууруулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр улам илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй. Нэг цаг, минутын завсарлагагүй л ажлаа үргэлжлүүлэх ёстой шүү дээ. Хэрэв намар болчихвол Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнгийн асуудал яригдана, хүлээгдсэн хуулийн төслүүдээ батлах шаардлага ч үүснэ. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан төрийн өндөр албан тушаалтныг хариуцлагажуулах хуулийн төсөл, захиргааны хариуцлагын тухай хуулийн төсөл өргөн барихаар танилцуулсан. Энэ бүгдээс харахад улс төрийн системийнхээ хувьд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэх институтын уялдаа хамаарал, ажлын үр дүн хариуцлага гээд ярих зүйл бий. Ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хэсгүүд нэлээд тод дуугаар ярих ёстой асуудал болов уу.
-Танай намаас өргөн барьсан өршөөлийн хууль яагаад энэ чуулганд орж ирсэнгүй вэ?
-Өршөөлийн тухай хуулийг гишүүд санаачлах нь зохистой биш гэх зүйл яриад хойшилж явсаар Засгийн газар бараг адилхан агуулгатай төсөл оруулж ирсэн. Нэг асуудлаар Засгийн газар, УИХ-ын гишүүн хоёр талаас өргөн барьсныг талууд уулзаж нэгтгэх зөвшилцөлд хүрсэн. Гэвч одоо хоригдож байгаа хүмүүсийн бараг тэн хагаст нь хүрэхээр хуулийн төсөл болчихсон юм. Нэлээд урт хугацаагаар хоригдох хүмүүсийн жил нь хасагдаж, эмэгтэй болон анх удаа, санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн хүмүүс чөлөөлөгдөх боломжтой.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан