Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВСАРЛАГЫГ ЗАВСАРЛУУЛЪЯ

Чуулган бүр л онцлогтой байдаг. Энэ удаагийн хаврын чуулганыг хамгийн үр дүнгүй чуулган гэж тодотгох нь олонтаа. Тэр тодотголд нөлөөлөх нэг үзүүлэлт бол хий дэмий нэгнээ хүлээж, харж, саатуулж өнгөрүүлсэн өдөр хоногуудын тоо. УИХ-ын хаврын чуулган ажлын 62 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 29 удаа хуралдсан байна. Байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 108 удаа хуралдаж. Харин эдгээрийн талаас илүүд нь нам эвслийн бүлгүүд завсарлага авч хугацаа алдсан байх юм. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтын үеэр хэлсэн үгэндээ “16 асуудлаар АН-ын бүлэг гурван удаа 15 хоног, МАН-ын бүлэг есөн удаа 37 хоног, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дөрвөн удаа 16 хоног нийтдээ 16 удаа 68 хоногийн завсарлага авсан” гэлээ.
Завсарлагыг ихэнхдээ ажлын тав хоногоор авдаг. Үүний нэлээд нь сайд нарыг огцруулах асуудалд зарцуулагдсан гэхэд буруудахгүй болов уу. Тухайлбал, Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг парламентаар хэлэлцэхэд сар гаруйн хугацаа шаардагдсан. Үүнийх нь хоёрхон удаагийн хуралдааныг л асуудлаа хэлэлцэж өнгөрүүлсэн. Гэхдээ хаалттайгаар. Тэгэхээр хэлэлцэхийн өмнө, дундуур завсарлага авч нэлээд хугацаа хожсон гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг ч мөн ялгаагүй хэлэлцэхийн тулд завсарлагаар нэлээд өдөр хоног торгоосон.
Нэгдсэн хуралдаанаар оруулалгүйгээр завсарлага авахад аз тохиож, хаврын чуулган хаалтаа хийчихлээ. Завсарлагын хугацааг дуусаагүй байхад хэлэлцэж болохгүй хуулийн заалт, сайдыг огцруулах асуудлыг холбогдох Байнгын хороо, нэгдсэн чуулганаар 14 хоногийн дотор хэлэлцэж шийдэх хуулийн заалт бас бий. Энэ хоёр заалт зөрчилдөж буйг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хэлээд байгаа.
Н.Батбаяр сайдынх шиг хоёр чуулган дамжсан “давхар дээл”-ийг тайлуулах хэрхэн сунжирч болдгийн нэг жишээ. 2013 оны намрын чуулганд өргөн барьсан асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсаар 2014 оны хаврын чуулгантай золгуулсан нь ээлж дараалан завсарлага хүссэн намын бүлгүүдийн буруу. Ингээд хэлэлцэх цаг нь болоход хэрхэн сунжруулж, удаасан билээ. Бас л чуулганы цагийг багагүй хороосон. Эцсийн хэлэлцүүлгээр УИХ-ын чуулганы хуралдаанаас “дэмжсэнгүй” гэдэг санал авч төсөл санаачлагч Ерөнхийлөгчид буцсан. Олон дахин хойш тавьсны үр дүнд хууль батлагдаагүй, сайд нар “давхар дээл”-тэйгээ үлдэж чадсан.
Урьд нь намын бүлгүүд хугацаагүй завсарлага авдаг байсан. Ийм үед асуудлыг ямар л бол ямар хугацаагаар гацааж болдог тийм гаж тогтолцоо байв. Сөрөг хүчинд бол энэ нь ашигтай хувилбар. Гэхдээ эрх баригчдын оруулсан хууль, төслүүдийг санаатайгаар удаашруулахдаа завсарлага авах аргыг хэрэглэж ирсэн. Тэгвэл 2012 оны арванхоёрдугаар сард шинэ жилийн өмнөхөн хугацаатай болгож хуульд өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр ажлын тав хоногт завсарлага авч, шаардлагатай гэвэл түүнийгээ нэг удаа сунгаж болохоор зохицуулав. 2008-2012 оны парламентад ийм өөрчлөлт оруулах төсөл өргөн бариад дараагийн УИХ-д шилжин үлдэж байж. Тухайн үеийн цөөнхийн бүлэг АН-д хугацаагүй завсарлага ашигтай байсан ч сонгуулиар байр суурь эсрэг болсон учир МАН-д энэ нь чухал болж хувирч орхисон. Тэгэхэд хугацаагүй завсарлага байх нь зөв гэж МАН-ынхан хамгаалж байсан ч удаатай. Гэхдээ хэзээ дуусах нь тодорхойгүгээр асуудлыг хойш чангаадаг арга арай ойлгомжтой хувилбар руу шилжив.
Хэдийгээр парламент гэдэг зөвшилцөл боловч аливаад хэмжээ, хязгаар байх ёстойг энэ удаагийн хаврын чуулганы хугацаанд авсан 68 хоногийн завсарлага харууллаа. Тэр хэрээр шаардлагатай хууль, тогтоомжууд хойшлон удааширч, араасаа олон хүний ажлыг сунжруулсан. Тиймээс завсарлагын хугацааг нэг, хоёроос хэтрүүлэхгүй байх нь үр дүнтэй ажиллах нэг шалтгаан болох ч юм бил үү. Эсвэл бүр завсарлага авахаа болиход ч буруудахгүй. Улс орны хэмжээний чухал асуудалд парламентын гишүүд, нам, эвслийн бүлгүүд ойлголцолд хүрч, завсарлага авахгүйгээр шийдэж болдогийг саяхан харуулсан шүү дээ.  



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан