Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг”-ийг баталсан өдөр

1774 оны есдүгээр сарын 5-ны өдөр Филадельфид америкийн 12 колонийн төлөөлөгчид оролцсон Тивийн анхдугаар конгресс болж английн хаанд илгээлт явуулан колонийн сонирхлыг зөрчсөн хуулиудаа өөрчлөхийг шаарджээ. Ингэхдээ хүний эрхийиг зөрчиж байгаа баримт бичгүүдээ бүрэн өөрчлөх хүртэл английн барааг нэвтрүүлэхгүй бойкотолно гэжээ.
Гэсэн ч английн парламент, Георг III хаан үүнийг нь хүлээн авалгүй няцаасан байна. Ингэснээр хоёр талын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах нь ойлгомжтой боллоо.
Ингэж 1775 онд дайн эхэллээ. Дайн эхэлсэн өдрөөс л америкчууд зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө биш бүр английн эзэмшлээс гарах эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна гэдгээ ойлгож эхэлжээ.

1776 оны тавдугаар сарын 15-нд Жон Адамсын санаачилгаар Английн мужуудаас тусгаар тогтнох нь зүйтэй гэдгийг конгресс албан ёсоор зарлалаа. Мужуудын үндсэн хуулийг хүн амын ардчилсан эрхийг өргөтгөх байдлаар өргөжүүлэв. Энд үг хэлэх, жагсч цуглах, иргэний хувийн халдашгүй байдал зэргийг тусгасан байна.  

Энэ нь яв явсаар 1776 оны долдугар сарын 4-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан “Тусгаар тогтнолын тунхаг”-ийн бүтэх эх үндэс болсон байна. Тивийн хоёрдугаар конгресс Пенсильвани мужийн Филадельфид боллоо. Албан ёсны баримт бичигт юун түрүү колонийг Америкийн Нэгдсэн Улс хэмээн нэрийдэж оруулав. Колониуд өөрийгөө Бүгд найрамдах улс-муж гэж нэрийдэв. 1776 оны долдугаар сарын 1-нд Виржинид хууль тогтоох цуглаанаар “Виржинийн эрхийн тунхаг” гэдгийг баталсан нь америкийн ард түмний түүхэнд анхны тунхаг гэж үлджээ.  Англиас тусгаарлаж ардчилсан бүгд найрамдах улс байгуулснаа зарласан энэ тунхагт “хүний амьдрал, эрх чөлөө, хувийн өмчийг” хамгаалах заалт бий.

Америкийн төдийгүй дэлхий дахины түүхнээ хамгийн чухал үйл явдал нь 1776 оны долдугаар сарын 4-ний өдөр Тивийн хоёрдугаар конгрессын хуралдаанаар  Америкийн нэгдсэн улсын “Тусгаар тогтнолын тунхаг”-ийг баталсан явдал байлаа.
Тунхгийн төслийг конгрессын Томас Жефферсон, Джон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман,  Роберт Ливингстон нарын таван гишүүн боловсруулжээ.  

Ингээд “Ерөнхий конгресст цугларсан, АНУ-ын төлөөлөгчдийн тунхаг” нэртэй тунхгийн төслийг долдугаар сарын 1-нээс эхлэн гурав хоног хэлэлцэж 4-ний өдрийн орой конгрессын ерөнхийлөгч Жон Хенкок, нарийн бичгийн дарга Чарльз Томсон нар  гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Тунхгийн дор гарын үсэг зурсан конгрессын 56 гишүүний тавыг нь англичууд урвагч хэмээн баривчилж буудан хороосон бол ес нь тусгаар тогтнолын төлөөх дайнд байлдаж яваад шархны улмаас нас барсан гэдэг. Олон хүн дайнд эхнэр хүүхэд, өмч хөрөнгөө алдсан байна.
Жон Адамс, Томас Жефферсон хоёр хожим хоёулаа  АНУ-ын ерөнхийлөгч болсон боловч хувь заяаны тохиолоор яг 50 жилийн дараа 1826 оны долдугаар сарын 4-ний өдөр Тусгаар тогтнолын тунхаг баталсан ойн өдрөө нэгэн зэрэг нас барсан байдаг.
“АНУ-ын Тусгаар тогтнолын танхаг”-ийн эхийг төрийн өмч, үнэт зүйл хэмээн тооцож Вашингтон дахь Үндэсний архивт инертийн хийгээр дүүргэсэн сум нэвтрэхгүй шилэн хоргонд хадгалдаг. Өдрийн цагаар нийтэд үзүүлэх зорилгоор архивын танхимд ил байрладаг бол шөнө нь доод хонгилын тусгай хамгаалалттай байранд оруулдаг байна
Долдугаар сарын 4 бол Америкийн Нэгдсэн Улс тусгаар тогтнож эрх чөлөөт улс болсон түүхэн тэмдэглэлт өдөр. Америкчуудын олонхи  нь энэ өдрийг зүгээр л “Долдугаар сарын 4” хэмээн баярлан тэмдэглэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан