Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн хямралаас ч аюултай Дэлхийн дулаарал

Эдийн засгийн, санхүүгийн хямрал дэлхийн улс орнуудыг хямрааж, хүнд байдалд оруулж байна л гэдэг. Гэтэл ойрын жилүүдэд үүнээс аюултай, улс орнуудын эдийн засагт асар их хохирол авчирч мэдэх аюул тулгараад байгааг судлаачид хэлж байна. Энэ бол манай гаригт жил ирэх тутам нүүрлэсээр байгаа дэлхийн дулаарал.

2080 он гэхэд Европын улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг жилд 190 тэрбум евро зарцуулж хэт халуунаас болоод 200 мянган хүн  амь алдан, зөвхөн үерээс хамгаалах ажилд 10 тэрбум евро зарцуулна гэнэ. Зөвхөн Өмнөд Европт 8,0 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий ой түймэрт өртөнө гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ. Ган гачиг, хуурайшлаас болж өнөөгийнхөөс 7 дахин их хүн нэрвэгдэх бол, далайн усны түвшин нэмэгдсэнээс бол гурав дахин их хүн өртөх аюул нүүрлэж байгаа юм байна. Эдгээр тоог Европын комиссын Шинжлэх ухааны албаны судалгааны хамтарсан төвийн илтгэлд дурдсан байна. Энэ илтгэлд байгаль цаг уурын энэ өөрчлөлт нь үер, хуурайшил, ган гачиг, ойн түймэр дагуулж эдийн засаг, байгаль орчны ХАА, аялал жуулчлал, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, хүн амын эрүүл мэнд, эргийн хамгаалалт зэрэг салбаруудад хүчтэй нөлөөлнө гэжээ.
Энэ бүхнээс үүдээд дулаарлаас болж хүн амын эрт нас барахыг зогсоохын тулд 120 тэрбум, эргийн хамгаалалтын эвдрэлийг засах гэж 42 тэрбум, ХАА-д учирсан хохирлыг арилган нөхөхөд 18 тэрбум евро зарцуулах шаардлагатай болно гэж тооцоолсон байна.
Гэхдээ илтгэлд дэлхийн дулаарлын энэ аюул нь европын бүс нутгуудад харилцан адилгүй нөлөөлнө гэдгийг тэмдэглэжээ. Хамгийн их өртөх газар нь Төв Европын өмнөд хэсэг байх бөгөөд энд нийт хохирлын 70 хувь тохиох бол хамгийн бага өртөх газар нь умард хэсэгт  нэг хувь байх нь. Их Британи, Ирландад хохирлын таван хувь тохиож, төв болон хойд Европт 24 хувь учрах гэнэ.
Гэхдээ илтгэл зохиогчид Европын холбооны орнуудын эдийн засгийн холбоо, сүлжээ  нягтралаас болоод энэ гарз хохирлыг тэнд энд илүү тохионо гэж тайвширч болохгүй гэдгийг онцолсон байна.
Европын холбоо, улс орнууд дэлхийн дулаарал, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авахгүй бол 2080 он гэхэд дэлхийн дундаж температур цельсийн 3,5 градусаар нэмэгдэнэ гэж илтгэл бичигчид анхааруулжээ. Гэхдээ  агаарт ялгарах  хүлэмжийн  хийг бууруулж чадвал температурын өсөлт нь 2,0 градусаас хэтрэхгүй байж, агаар мандлын өөрчлөлтөөс болж учрах хохирол 30 хувиар буюу 60 тэрбум доллараар багасана гэж онцолсон байна.
Өөрөөр хэлбэл түймэрт өртөх ойн хэмжээ хоёр дахин буурч, хэт халуунаас болж амь алдах хүний тоо 23,3 мянгаар цөөрөх гэнэ.
Америкт ч ялгаагүй дэлхийн дулаарлаас болж учрах хохирол нь эдийн засгийн хямралаас ч аюултай гэдгийг тус улсын Сангийн сайд асан Генри Полсон, Нью-Йоркийн мэр байсан Майкл Блумберг, санхүүч Том Стейер нарын оролцоотой  бичсэн “Risky Business” тайланд дурджээ.
Энэ тайланд мөн л дэлхийн дулаарлаас гарах сөрөг үр дагаврыг температурын өсөлт, далайн усны түвшин нэмэгдэх явдал гээд энэ нь америкийн өмнөд бүсэд илүүтэй тохионо. Судлаачдын үзэж байгаагаар энэ бүхнээс үүдэн эргийн хамгаалалтыг бэхжүүлэхэд зориулж   2050 он гэхэд 66-106 тэрбум доллар  зарцуулах бол энэ тоо 2100 он гэхэд 238-507 тэрбумд хүрнэ гэжээ.
Далайн усны түвшин нэмэгдсэнээс АНУ-ын зүүн эргийн бүсэд тохиох хар салхи жилдээ л 42 тэрбум төгрөгийн хохирол учруулна гээд хар салхины учруулах хохирол магадгүй 100 тэрбум хүртэл өсч ч болно гэсэн байна.
Нөгөө нэг зүйл нь дэлхийн дулаарал ХАА, ялангуяа газар тариаланд хүчтэй нөлөөлж ургац муудна гээд энэ зууны сүүлч гэхэд АНУ-ын зүүн эргийн бүсүүдэд ургацын хэмжээ 50-70 хувь буурах нь агаарын дундаж температур өсөхтэй шууд холбоотой гэжээ. Харин америкийн умард хэсэгт ургац өсөх магадлал байгаа гэнэ.
Европын ч, америкийн ч судлаачид энэ бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд  нийт хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа дэлхийн дулаарлын эсрэг хаа хаанаа анхаарч бололцоотой бүхнийг эртнээс хийх  хэрэгтэйг сануулж байна.
Юутай ч дараа дараалан учирч байсан эдийн засаг, санхүүгийн хямралыг улс орнууд, бизнесийнхэн сөрөн гарч  тэсч үлдсэн бол өнөөдөр захаасаа мэдрэгдээд эхэлсэн байгаль орчны өөрчлөлт, дэлхийн дулаарал нь арай хатуу хандана гэдгийг судлаачид хэлсээр байсан, одоо бүр тоо баримттай, учрах хохирлын хэмжээтэй нь хэлж байна.

0 Сэтгэгдэл
mongold bas ih boroo orood bgaa chin gazriin gunii mostlog hailsantai holbootoi bh
АНУ-ын өдөөсөн дайн тулаан,дэлбэлж шатааж,түймэрдэж буйн хор уршгаас дэлхийн уур амьсгал дулаарч,хэцүүдэж буй бололтой.
Хамгийн их уншсан