Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨХӨН ОЛГОВРЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЭД ӨВЧИЛСӨН БҮХ ГАХАЙГ УСТГАНА

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 61-ийн гармын орчимд байрлах  “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйд олон тоорой хорогдсон гэх мэдээллээр НМЭГ-аас малын эмч нар очиж өвчтэй болон хорогдсон гахайд үзлэг хийн, дээж  авч УМЭАЦТөв Лабораторид шил­жүүлжээ. УМЭАЦТ Ла­бо­раторийн долдугаар сарын 1-ний сорилын дүнгээр тус аж ахуйн гахай нь “Гахайн сонгомол мялзан” болон “Гахайн  амьсгалын замын хам шинж” өвчнөөр хавсран өвчилсөн болох нь тогтоогдожээ.  Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс хуралдаж “Гоц халдварт мялзан өвчинтэй тэмцэх тухай” ХХААХҮЯ-наас баталсан зааврын дагуу лабораторын шинжилгээний дүн, СХД дэх МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авч эхлээд байгаа аж.
Тус аж ахуйн нэгжийн 940 гахайнаас НМЭГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 413 тоорой болон өсвөр гахай устгах,  527 гахай  нядлуулахаар шийдвэрлэсэн байна.
Одоогоор “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйд хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоон Дүүргийн Засаг даргын захирамж гарах хүртэлх хугацаанд дүүргийн цагдаагийн байгууллагаас хамгаалалтад аваад байгаа аж. Ойр хаьвьд нь “Алтан тариа” ХХК болон иргэдийн гэхчлэн 3800 орчим гахай бий гэх мэдээлэл ч байгаа юм. Энэ талаар НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Хоролмаагаас тодрууллаа.
-Гахайн мялзан гарсан голомтод байдал ямархуу байна вэ?
-Долдугаар сарын 4-ний шөнө “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйд мялзан өвчнөөр өвчилсөн болон сэжигтэй 451 гахай булж устгасан. Тухайн аж ахуйн нэгжийн хашаан дотор нь 3,5 метрийн гүн нүх ухаж, зохих зааврын дагуу булаад ариутгал хийсэн.  Үлдсэн 527 гахайг мөн устгана. Гэхдээ Улсын онцгой комисс хуралдсаны дараа Засгийн газраас шийдвэр гарах ёстой.  
-Засгийн газрын шийд­вэрийг хүлээх хэрэгтэй гэж үү?
-Өвчлөл нь байгалийн гаралтай гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас нөхөн олговрын асуудал ярих ёстой. Энэ олон гахайг устгахаар багагүй хэмжээний мөнгө олгох хэрэгтэй болох байх. Аж ахуйн нэгжийн буруугаас ч юм уу, өөр шалтгаанаар халдвар гарсан бол нөхөн олговор олгохгүй л дээ. Тухайн аж ахуй нь ямар ч асуудалгүй, шаардлага хангасан нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байсан.
-Гахайн мялзан өвчин нь хэр ноцтой юм бэ. Заавал булж устгах хэрэгтэй юу?
-Гахайнаас гахайнд халддаг. Хүнд халддаггүй өвчин. Гэхдээ  ХХААХҮЯ-наас баталсан зааварт гахайн мялзан өвчин туссан тохиолдолд тухайн аж ахуйн бүх гахайг устгах заалттай. Энэ өвчин нь хурдан тархаж өөр олон гахайг өвчлүүлэх магадлалтай.
-Ойр хавьд нь өөр гахайн аж ахуй бий юу?
-Байгаа. Энэ өвчин нь агаар дуслын замаар халдах боломжтой учраас мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Г.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан