Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛГААТАЙ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

Ардчилсан нийгэмд төрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болохгүй. Бүх хэвлэлийн байгууллага хувийн хэвшлийнх байх ёстой гэсэн үг. Хэвлэлийнхэн үйлдвэр шиг, үйлчилгээний гуанз шиг хүний гар дээр бэлэн бүтээгдэхүүн гаргадаггүй. Гэхдээ иргэдийн мэдээллийн хэрэгцээ, мэдэх эрхийг тэжээдэг “зоогийн газар” юм. Сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас аль нь ч бай иргэдэд ашигтай, хэрэгтэй, хүртээмжтэй, үнэн зөв, эх сурвалжтай мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага хүргэдэг үндсэн ажилтай. Энэ ажлаа сайн хийх тусам тасралтгүй үргэлжилдэг, залгамж чанараараа онцлог юм. Гутлын хэрэгцээг хангачихвал зах зээл нэг хэсэгтээ ханадаг байхад мэдээллийн хэрэгцээ жилийн дөрвөн улиралд зогсолтгүй эрэлттэй. Тасралтгүй эрэлтийг ашиглаад хувийн хэвшил, бизнес эрхлэгч, тэр бүү хэл төрийн байгууллага хүртэл идэвхгүй мэдээллээ олон нийтэд хүргэхийг хүснэ. Түүнийг бид реклам, сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг гэхчлэн нэрлэж ад үзэх нь бий.
Зар, сурталчилгаа гэдэг хэрэгтэй хүндээ л үнэ цэнэтэй мэдээлэл байдаг бол олон нийтийн хувьд чухал биш. Үзэгч, уншигчид хэрэгцээгүй рекламыг үзэхгүй байх гэсэн сонголт байдагтай адил бүх төрлийн мэдээллийг хүлээн авах уу, үгүй юу гэдэг сонголт бий. Тэгвэл идэвхтэй мэдээлэл гэж юуг хэлэх вэ. Нийгмийн эд эс болсон иргэд улс орон, нийтийн амьдрал дээшилж байна уу, дордож явна уу гэдгийг хүссэн ч, эс хүссэн ч сонсдог. Хэдий хэр сонирхдогийг тодорхойлох боломжгүй ч аливаа реклам сурталчилгаанаас илүү анзаардаг. Яагаад гэвэл, иргэдийн аж амьдрал, ажил үйлс, үр хүүхдийн төлөвшил, ирээдүй нь нийгэм, улсын нөхцөл байдлаас шууд шалтгаалах тул түүнийг анхаарч, бүр илүү мэдэхийг хичээдэг. Тийм болохоор л өнөөдөр телевизүүд, сонинууд, радио сувгууд, мэдээллийн сайтууд нэгэн зэрэг оршин тогтносоор л байгаа юм. Хэрэв хэрэгцээ байдаггүйсэн бол хэдэн зуун хэвлэлийн байгууллага 2.9 сая иргэний дунд амь тавихаас өөр сонголтгүй байлаа.
Түгээсэн мэдээллийг маань уншигч хүлээн авч өөр өөрийнхөөрөө боловсруулж, цааш нь хэрхэн дүгнэж, бусдадаа яаж дамжуулах нь тухайн хүний хэрэг. Бид зөвхөн болсон процессыг дамжуулах, өнгөрснийг сануулах, бодитоор харуулж, үзүүлж, ойлгуулахын төлөө л ажилладаг.
Гэтэл өнөөдөр бизнес мэдээ, реклам сурталчилгаа, захиалагчтай нэвтрүүлэг гэхчлэн “төлбөртэй” гэдэг малгайн дор бүхнийг хамруулаад, далимд нь хэвлэлийн байгууллагын хяналтыг төр өөртөө авч, хуульчлахыг завдаж буйг монголчууд харж байна.
Хоёрхон хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Дэмбэрэл нар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль боловсруулж, батлуулахаар парламентын тэргүүнд өргөн барив. Парламент үүнийг ирэх намраас нааш хэлэлцэхгүй тул одоохондоо сэтгэл амар. Боловсруулсан төсөлтэй танилцахад үнэхээр ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨний асуудлыг хөнджээ. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөөг магтан, мандуулж, бадруулахын оронд боох, боомилох зүйл хавчуулагдсан аж. М.Батчимэг гишүүн хуулийнхаа талаар ярихдаа “Хэвлэлийн хараат бус байдлыг баталгаажуулахын тулд нэгдүгээрт төрөөс, хоёрт, их хэмжээний реклам, зар сурталчилгаа, захиалгат нэвтрүүлэг хийлгэдэг захиа­лагчаас, гуравдугаарт, хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагчдаас сэтгүүл зүйн мэргэжлийн хувьд харьцангуй бие даасан байдалтай бол­гохоор зохицуулсан” гэв. Хэв­лэлийн байгууллага тө­рөөс хараат байна уу, үгүй юу гэдгийг төрийн байгууллагын дансаар хөөж шинжлээд, илрүүлж болох юм. Харин зарлуулагч, сур­талч­луу­лагч­даас, хөрөнгө оруу­лагч­даас хараат байна уу үгүй юу гэдгийг тодорхойлъё гэвэл яах бол. Хоёр байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг нээлттэй үзэх шаардлага гарна. Улмаар байгууллагын болон хувь хүний нууц гэх ойлголт үгүй болно. Уг нь, төр, УИХ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ин­гэж хэдэн сэтгүүлчийн амыг барьж, амийг атгахаар улайрахын оронд харьяа төрийн байгууллага, агентла­гуу­дынхаа ил далд данс, халаас хэтэвч, харилцаа холбоог нэгжиж, хянаж суувал Монгол Улсад илүү ашиг гармаар. Үнэхээр хэвлэлийнхний “гал тогоо руу гараа дүрж” үзмээр санагдаад, адгаад байвал олон нийтэд харьяалалтай, төрийн хяналтад ажиллах ёстой МҮОНТВ-ийнхээ данс, мөнгө, харилцаа холбоог шалгаад сэтгэлээ амрааж болмоор.
Сэтгүүл зүйн байгууллага нэгэнт мэдээлэл үйлдвэрлэдэг хувийн хэвшил юм бол бид олон нийтийн өмнө дансаа “илчилж”, булчирхайгаа уудалж, “нүцгэн” явах шаард­лагагүй. Хэвлэлийнхэн ил тод бай гэдэг хууль батлахыг санаархсан бол Монголд ямар төрлийн ажил эрхэлдгээс үл хамаарч бүх хувийн компани, аж ахуйн нэгж дэлхий дахинаа “нүцгэлэх” ёстой. Үндсэн хуулиар олгосон тэгш эрхээ нэхье юм. Ерөнхийлөгчийн баталсан Шилэн дансны тухай хуулиар төрийн, төсвийн байгууллагын данс нэвт гэрэлтэж, гүйлгээ хариуцсан хүний өдөр тутмын ажлын тайланг бид байтугай гадаадынхан ч үздэг болох нь. Сайн хэрэг. Яагаад гэвэл баялаг бүтээдэггүй, мөнгө олдоггүй, ашиг гаргадаггүй ТӨРийн нэрээр ажиллаж буй байгууллагын дансанд орж буй төгрөг бүрийг Монгол Улсын иргэний татвараар бүрдүүлдэг. Надад сайхан амьдрах нөхцөл бүрдүүлээд өг гээд өгч буй ширхэг төгрөг, бутархай мөнгө бүрийг сайхан нийгэм бүтээхийн төлөө л зориулах ёстой болохоос өөртөө үнэтэй цамц, хослол авахад, пандгар машин унахад зарцуулж болохгүй. Түүнийг шууд харах, хянах цонх нь “шилэн данс” юм. Хамгийн гол нь хүн бүр үзэж болдог данс нь төрийн байгууллагад л хэрэгтэй болохоос хувийн хэвшлээс, аль нэг сонин, сэтгүүл, сайт, радио, телевиз, мэдээллийн агентлагаас хол хөндий байх ёстой.
Шинэ хуультай холбог­дуулж сэтгүүлчийн эр­хийг хамгаалсан нэгэн заалт оруулсныг эрхэм ги­шүүн М.Батчимэг хэлэх­дээ “Сэтгүүлчийн эх сур­вал­жаа нууцлах эрхийг батал­­гаа­жууллаа. Үүнийг дагал­даад сэтгүүлчийн эрхийг хамгаалахын тулд гүтгэх, доромжлох гэдэг шалтгаанаар сэтгүүлчийг эрүүгийн хуулиар шийтгэж, баривчилж хорьдог зүйл байхгүй болно” гэлээ. Сэтгүүлчид бид өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхийн төлөө хичээдэг. Өөрийн салбарыг өмөөрнө гэхээр сайнтай, муутай нь улаан цээжээрээ хамгаалахгүй ээ. Бид олсон, дуулсан, харсан, үзсэн мэдээллээ эх сурвалжаар баталгаажуулж, олон нийтэд үнэн зөвөөр хүргэх үүргээ умартсан хүмүүст хариуцлага тооцдог. Шинэ, залуу сэтгүүлчдэд ч тийм шаардлага тавьж, сургадаг, чармайдаг. Гэтэл парламентын гишүүд эх сурвалжгүйгээр мэдээлэх эрхийг хуулиар нээж өгөх нь. Жишээ нь, залуу сэтгүүлч “Ерөнхийлөгч диско клубт хоёр залуу бүсгүйтэй шоудав” гэх мэдээ бичиж, нийтэлчихээд хожим нь “Гүтгэсэн юм аа, доромжилмоор санагдаад” гэж хэлэхэд хэн ч, яаж ч чадахгүй аж. Төрийн түшээд хуулийг ийм л ахархан сэдэж, санаачилж, боловсруулж, батлах гэж байна.
Нэг зүй­лийг хэлэхгүй өнгөрч болох­гүй нь. “Манай улсын хэв­лэл мэдээллийн салбарт хэвлэлийн зөвлөл байгуулах цаг болсон гэж үзсэн тул хуульд Хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалттай байна, түүнийг Хэвлэлийн зөвлөл удирдана гэж зааж өгсөн” хэмээн хатагтай М.Батчимэг ярьжээ. Хуулийн төслөөс үзвэл дээрх зөвлөл нь улсад ганцхан байна. Зөвлөлийг хэрхэн томилох, байгуулах нь тодорхойгүй ч сайн дурынх байх ёстой. Өөрөөр хэлбэл, сайн дураар хамгийн түрүүнд эвлэлдэн нэгдэж “Хэвлэлийн зөвлөл” гэж өөрсдийгөө тодорхойлсон бүлэглэл Монголын сэтгүүл зүйн тархинд гарна гэсэн үг. Тэд сэтгүүл зүйн аливаа гомдол, саналыг шийдвэрлэх эрхтэй. Хуультай, хуульгүй сэтгүүлчид өөрсдийнхөө ёс зүй, мэргэжлийн нэр хүндийг хамгаалах, анхаарч үзэхийн тулд хэнээр ч хэлүүлэлгүй холбоо, консул байгуулаад эхэлчихсэнийг сануулах нь зүйтэй. Хэн нэг сэтгүүлчийн төлөө дуугардаггүй, хариуцлага хүлээх байтугай мэдэгдэл хийдэггүй Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй шинэ консулын сэтгүүлчид уулзаж, зөвшилцөөд эхэллээ. Нэгэнт бий болсон зүйлийн араас үндэсний зөвлөл гэх нэр гаргах, хуулиар далайлгах шаардлага ч байхгүй.
Үйл ажиллагааны төсвийн 60 хувийг хэвлэлийн байгууллагуудын татвар, хандиваас бүрдүүлнэ. Үлдсэн хэсэг нь улсын төсвөөс гарахаар хуульчлах аж. Зөвлөл нь энэ оны төсвөө ул­саас гаргуулъя гэвэл өмнөх жилийнхээ тайланг ауди­таар шалгуулж байж авна. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд хэвлэл байх ёсгүй гэдэг эрх зүйн ойлголтыг шинэ хуулиар үгүйсгэж байна. Сэтгүүл зүйг хөндлөнгийн хяналтгүй, нөлөөлөлгүй болгоно гэчихээд төгсгөлд нь төсвөөрөө оролцож, төр өөрөө хараандаа оруулах гэж буй юм. Наанаа мишээсэн цаанаа мярайсан хууль гэчихэд гэмгүй ажээ.
Сэтгүүл зүйн салбарыг эрүүл­жүүлье, бие даасан, ха­раат бус байдлаар хөг­жүүлье гэж хүсч байвал хи­лийн чандаас, холын холоос хуулбарласан хууль төдийх­нөөр бүтчихгүй. Санал болгох гаргалгаа юу гээч сэтгүүлчдийн хамгийн гол бүтээгдэхүүн болох мэдээ, нийтлэл, сур­валж­лага, нэвтрүүлгийг үнэ цэнэтэй болгож, төдий хэм­жээгээр хамгаалах хэрэг­тэй. Зохиогчийн эрхийн ту­хай хуулиа чанаржуулж, сэт­гүүлчийн хөдөлмөрийг найд­вартай, үнэ цэнэтэй бол­госон цагтаа хамтын ажил­лагааны аливаа харилцааг хянана, цагдана гэж дуугарвал сая бодож үзье. Үг бүр нь үнэтэй байх сэтгүүл зүйд бүхэл бүтэн сурвалжлага нь хамгаалалтгүй байгаа цагт хуулиар хязгаарлана гэдэг бол энэ олон хэвлэлийн байгууллагыг идэх хоолгүй, явах хөлгүй, дуугарах хэлгүй болгож бүрэн хаах гэсэн оролдлого гэж үзэхээс өөр гарцгүй. Улсын Их Хурал гэдэг хууль тогтоох бүрэн эрх атгасан олонлог үүнийг харгалзан үзвэл зохино. Уг нь, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар бол “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэдэг заалттай. 1998 оны наймдугаар сарын 28-нд Р.Гончигдорж УИХ-ын дарга байхдаа баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаар зүйлийг сөхөөд нэг хараарай.
“Хаалтын гэрээ” гэх хаа байгаа нь мэдэгдэхгүй, өөртөө учирсан адал явдлаар шалтаглаж хэвлэл мэдээллийн салбарт халгаатайгаар гар хүрч, хэвлэн нийтлэх, хэлэх ярих эрх чөлөөнд харгисаар халдахыг  эсэргүүцэж бай­на. Хүн ямар ч төрлийн бай мэдээлэл авах эрхтэй. Ол­сон мэдээллээ хэрхэн боловс­руулан сонгож, цааш түгээх, ашиглах нь эрх чөлөөний нэг илрэл. Ардчиллын амин сүнсийг хатгах гэсэн атгаг санаа тээсэн хуулийн төслөө азнана уу, парламентчид аа.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хуулиа ойлгоогүй хүн байна
Хамгийн их уншсан