Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НААДМААР АВТОМАШИНААРАА ХЭРХЭН ЗОРЧИХ ВЭ

Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаараа Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээллээ. Энэ сарын 11-15-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлж Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байх гэнэ. Нийслэлийн замын цагдаагийн газраас хийсэн зохицуулалтын дагуу наадамчдад зориулж Энхтайваны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд” хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талд таксины зогсоол гаргажээ. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18 автобус 5-10 минутын зайтайгаар, Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү гурван автобус тус тус үнэ төлбөргүй үйлчилнэ гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа. Энэ жил Хүй долоон худагт эко хавтангаар нэмж 500 тээврийн хэрэгслийн зогсоол байгуулаад байгаа юм. Мөн Хүй долоон худагийн шинэ Рэйлбус явах Давааны өртөө зогсоолоос нийтийн тээврийн зогсоол хүртэлх замыг шинээр барьж, баяр наадам зохион байгуулах газруудыг хянах хяналтын камер байрлуулжээ. Хүй долоон худагт гэхэд цагдаагийн иргэдэд үйлчлэх төв ажиллах юм байна.
Долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, ДК, Г, Ү, М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулах аж. Харин долдугаар сарын 11-ний өглөө  Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс хоёр цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.
Мөн долдугаар сарын 12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртэлх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулна гэлээ.     

Автомашины наадмын зөвшөөрөл цөөхөн хэвлэгджээ

Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд  А, Ж, DК, Ү, Г, М, зөвшөөрлийг олгож эхэллээ. Ингэхдээ “А” зөвшөөрлийг  Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, “DК” зөвшөөрлийг Гадаад харилцааны яам “Ү” зөвшөөрлийг Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс “М”, “М”, “Г” зөвшөөрлийг Нийслэлийн Замын цагдаагийн газрын дүүргүүд дэх ЗЦТ-аар дамжуулан олгож байгаа аж. Өмнөх жилүүдийг бодвол энэ жил автомашины зөвшөөрөл маш бага буюу 9000 орчим ширхэг хэвлэжээ. Учир нь энэ жил нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэд үнэ төлбөргүйгээр наадмын талбай хооронд зорчих боломжтойгоос гадна автомашины зогсоолын хүрэлцээнд тааруулан зөвшөөрөл хэвлэсэн нь энэ гэнэ.  “А” зөвшөөрөл гэхэд 200 ширхэг хэвлэгдсэн байна. Ийм төрлийн зөвшөөрөлтэй автомашин Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд зогсох боломжтой. Ингэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад  “DК” зогсоолын хойд талын барилгын талбайд байрлах юм байна.
Харин 120 ширхэг тараах “Ж”, 80 ширхэг тараагдах “DK” зөвшөөрөлтэй жолооч нар “А” зөвшөөрлийн адил чиглэлүүдээс ирэх боломжтой бөгөөд Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун  хойд талд тэмдэгт заасан газар байрлуулах юм байна.  Энгийн иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд олгох “Ү”, “Г” зөвшөөрөл 3000 ширхэг байгаа. Ийм зөвшөөрлийн эзэд НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урдах зогсоол, мөн  “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулах боломжтой. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршалын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамж дахь зогсоолын талбайд байрлуулах юм байна. 4000 ширхэг тараагдах Хүй долоон худагийн  “М” зөвшөөрлийн тухайд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоон худаг руу эргэдэг хоёр дахь уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна. “Ү”, “Г” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл хүй долоо худагт “Ү”,”Г” гэсэн үсгээр ялгасан авто зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. Уг зогсоол руу Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт заасан зогсоолд хүрэх боломжтой.  
Г.Тунгалаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан