Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨӨРӨӨ ТОДОРСОН ГЭГЭЭ

“Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлжээ. Манжийн дарлалаас ангижирч, хөх тэнгэрээс өөр дээвэргүй болсон Монголын ард түмэн энэ цагаас эхлэн шинэ үеийн төрийн далбаатай болсон тухай ийнхүү тэмдэглэгдэн үлджээ. Өдгөө шинэчлэн найруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн 12.2-т “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн мөнхрөв. Харин эв эеэ олж, эвлэрэн нэгдсэн бид өнөөдөр соёмбот далбааныхаа дор цуглаж, түүнийгээ тунхаглан зарлаж байна. Улс орны Ерөнхийлөгчөөс эхлээд уудам Монголоор эзэн суусан ард түмэн Төрийн далбаандаа толгой гудайн төр, улсаа төвшитгөсөөр байна.
Учир нь өнөөдөр дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан соёмбо тэмдэгтэй Төрийн далбааны өдөр юм.
Энэхүү өдрийг бид 2008 оны УИХ-ын шийдвэрээр жил бүрийн долдугаар сарын 10-ныг Төрийн далбааны хэмээн  зарласнаас хойш зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрөөж байна. “Монгол төрийн бэлгэ тэмдгийн нэг далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх”-д чиглэсэн эл өдөр нь Монгол нутаг дахь төр ёс, ёслолын түүх эхэлсэн Хүннү гүрнээс улбаатай төр шашнаа дээдлэх, түүндээ сүсэглэн залбирах, язгуур угсаа, улс гүрэн, түүх уламжлалаа хүндэтгэн дээдэлж ирсний илрэл билээ.
Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд 1949 оны Төрийн далбаанаас социалист одыг хассанаараа л өөр юм. Гэсэн ч 1911 оноос хойшхи бүх цаг үеийн төрийн далбаанууд дээр соёмбо тэмдэг байсаар байв. Энэхүү Соёмбо нь сүлд бөгөөд 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон цагаан толгойн титэм үсэг юм. Харин “Соёмбо" хэмээх үг нь санскрит хэлний “соёмбозод” буюу түвдээр “аранзүн нанваа”, монголоор “өөрөө тодорсон гэгээ” гэсэн үгнээс гаралтай аж.  
Энэ тухай эрдэмтэн Б.Ринчен гуай “Соёмбын оройд буй галын дөлийг илэрхийлсэн тэмдэг нь үргэлжид өөдлөн бадрах үйлсийг билэгдсэн.
Монголчуудын эртний шүтээн наран, саран хоёрыг соёмбо тэмдэгт зурсан нь дээр нь буй галын дөлтэй нийлээд Монголын ард түмэн үүрд бадран цэцэглэж байхын ерөөлийг агуулдаг. Соёмбо үсгийн дотор буй гурвалжин хоёр тэмдэг нь жад буюу сумны хошууг төлөөлсөн бөгөөд энэ нь халдаж ирэх дайсныг эсэргүүцэн няцаах утга санааг илэрхийлжээ. Хөндлөн шугам дахь тэгш өнцөгт хоёр зураас нь дээдэс доодос цөм төв шударга байж, ард түмэндээ цэх шулуун зүтгэхийн санааг илтгэсэн. Тэмдгийн голд хэзээ ч нүдээ аньдаггүй эр, охин хоёр загасаар эрэгтэй, эмэгтэй бүх ард ямагт сонор соргог, цэцэн цэлмэг байж, өсөн үржихийг билгэдсэн байна. Хоёр хажуугийн босоо шугам нь бат бэх хэрэм, хаалтыг томьёолжээ” хэмээн тодорхойлсон.

Төрийн далбааны хэрэглээ

2011 оны зургадугаар сард Төрийн далбааны тухай стандартыг баталсан байдаг. Энэхүү стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбын хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтоосон төдийгүй хэрэглэх хүрээг заасан байдаг. Тодруулбал, төрийн далбааг Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед  дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд хамаарна гэсэн байдаг.
Харин өнөөдрийн байдлаар Төрийн далбааг дотоодын үйлдвэрүүд гэхээс илүүтэй урд хөршид олноор нь хийж байна. Аргаа барсандаа, Мэргэжлийн хяналтын газрынхан төрийн далбааг үйлдвэрлэхдээ Монгол Улсын далбааны стандартаар Үндсэн хуулийн эх загварт заасан далбааны өнгөний код, даавууны материал ашиглахыг уриалсан нь саяхан. Гэвч баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд гудамжинд хэдэн зуугаар нь борлуулж байгаа Төрийн далбаанууд нэг өдрийн нар даахгүй гундах нь наад захын асуудал байсан хэвээр. Энэ нь Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн хэрэгжилт мөн дээрх стандартад тавих хяналт муу байгаагийн  илрэл билээ.
Харин хуулийн биелэлтэд хяналт тавих ажиллагааг  бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хилийн цэргийг удирдах газар хэрэгжүүлнэ хэмээн заажээ. Хэрэв хууль болон стандарт зөрчсөн бол иргэнийг 5-10 мянга эсвэл 10-250 мянган төгрөг хүртэл, албан байгууллагыг 50-100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, 14-30 хоног хорих тухай заалт бий. Харамсалтай нь, төрийн далбааны хэрэглээ, хийц нь дээрх хуулийг бүрэн дүүрэн зөрчих хэмжээний харагдаж байгаа ч өнөөдрийг хүртэл хариуцлага тооцох, Хятадаас улсынхаа төрийн далбааг импортлох асуудал зогссонгүй.
Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан