Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСВИЙН ОРЛОГО 20 ГАРУЙ ХУВИАР ТАСАРЧ БАЙНА

Ашигт малтмалын үнийн уналт, дэлхий эдийн засгийн удаашрал сүүлийн хоёр жилд манай улсад хүндээр тусч буй билээ. Өөрөөр хэлбэл орж ирэх гадаад валютын урсгал татрах, улсын төсөв тасалдах зэрэг хүндрэл учирч буй юм.
Энэ оны төсвийн нийт орлого зургаан их наяд 883  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь байхаар баталсан. Харин  төсвийн нийт зарлага  нь долоон их наяд, 239 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь байна гэж тооцсон билээ.  Үүнээс  хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг нэг  их наяд 143 тэрбум 275.5 сая, Төсвийн тогтворжуулалтын санд 29 тэрбум 799  сая төгрөгөөр хуримтлуулахаар баталсан.  Анх батлагдсан төсөвт  алдагдлыг нь санхүүжүү­лэ­хийн тулд  Засгийн газрын он дамжих нэг их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971  сая төгрөгийн гадаад төслийн зээл авахаар тогтсон. Мөн Засгийн газрын гаргах зээлийн баталгааны дээд хязгаарыг хоёр их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байх болсон юм. Гэвч ашигт малтамлын орлого муудаж төсөв төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй тасарч ирэв. Иймд төсөвт тодотгол хийж нэг их наяд төгрөгөөр танаад байгаа билээ.
Энэ жилийн төсөвт  төв­лө­рүүлэх төсвийн  тэнц­вэр­жүүлсэн орлогын хэмжээ нь 4.6 их наяд төгрөг.  Мон­гол Улсын нэгдсэн төс­вийн  энэ оны  нэгдүгээр улир­лын гүйцэтгэлийг үзвэл  тэнц­вэр­жүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 79.2, нийт зарлага 73.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн нийт тэнцэл 137.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Өөрөөр хэлбэл, төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1149.4 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь орлогын төлөвлөгөө 20.8 хувиар буюу 301.8 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн гэсэн үг.  
Үүнд төсвийн нийт орлогын жилийн төлөвлөгөө­ний 90.5 хувийг бүрдүүлэх ёстой  татвар хураалт  79 хувийн гүйцэтгэлтэй буюу 272 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 47.5, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 25.2, дотоодын бараа үйлчилгээний НӨАТ 55.2, импортын барааны НӨАТ 23.5 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 74.4, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 45.9 тэрбум төгрөгөөр тус тус дутуу гүйцэтгэлтэй гарав. Улсын нэгдсэн төсвөөс гадна орон нутгийн төсвийн орлого ч дутуу биелж байна. Тухайлбал, орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний улиралд 483  тэрбум төгрөг байлаа. Энэ нь  төлөвлөснөөс 1.1 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн гэсэн үг.  Төсвийн орлого нь дутуу биелсэн аймгуудад Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сүх­­баатар, Сэлэнгэ, Увс, Хөвс­­гөл, Хэнтий орж байгаа юм.
Хүний хөгжлийн санд 37.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Төлөвлөгөөнөөс 67.1 хувиар буюу 76.4 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн гэсүн үг. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 52.1 тэрбум, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 32.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу биелсэнтэй холбоотой.
Нийгмийн даатгалын санд 313  тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 8.9 хувиар буюу 30.7 тэрбум төгрөгөөр дутуу байна. Тус санд улсын төсвөөс 71.1 тэрбум төгрөгийн татаасыг олгожээ. Өөрөөр хэлбэл, урьд нь төсвийн алдагдлыг нөхөх гэж авч ашиглсан мөнгөнөөсөө дээрх хэмжээний өрийг төлсөн гэсэн үг.
Өнгөрсөн оны улсын төсөв бас л бүрдэхгүй байв. Тэгээд төсөвт тодотгол хийсэн билээ. Үүний хүчинд улсын  төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ий  1.7 хувьтай тэнцүү гарсан. Нэг ёсондоо тодотгол хийсний хүчинд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангасан гэсэн үг. Гэвч төсвийн гадуурх санхүүжилтийг тооцвол алдагдал нь асар өндөр гарна. Жишээлбэл,   Хөгжлийн банкны санхүү­жилтийг нэмж тооцвол төсвийн алдагдал ДНБ-ий 11.2 хувьтай тэнцсэнийг Дэлхийн банкны эдийн засагчид тооцон гаргасан. Өнгөрсөн оны төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого долоон их наяд төгрөг байв.  Энэ нь ДНБ-ий 40.2 хувийг эзэлсэн юм. Харин   төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас  812  тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргаж, өмнөх жилүүдэд гаргасан Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 421  тэрбум төгрөг төлсөн. Үүнээс гадна  497.7 тэрбум төгрөгийн гадаад зээл шинээр авч ашиглажээ.  Мөн урд нь авч ашигласан гадаад зээлийн үндсэн төлбөрт 84.7 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ бүгдээс үзэхэд энэ онд манай улсын орлого буурсан хэвээр байх нь. Иймд төсвөөс хийх  хөрөнгө оруулалтууд хойшлогдож хөгжлийн хурд улам саарсаар.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Улсын төсвийн орлого тасраад л.Наадмаар юу ч хийхгүй 5 хоног амарч идээд л.Бас лазерын анивчсан гэрэлд бүжиглүүлнэ гэж тэрбум төгрөг авч дөрөвний гурван хувийг нь идэж халааслаад л. Энэ Зг,эрх баригчдын царай нүүр үнэхээр илэрч байна.
Хамгийн их уншсан