Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Билл Гейтс: Хүүхдүүдэд их хөрөнгө мөнгө өвлүүлэх нь сайн хэрэг биш

Би тэрбумтан болохыг үнэхээр их хүсч байна
Өөрт байхгүй бүхнээ авч
Forbes-ийн нүүрэнд гарч

Хатан хаан, Опрагийн хажууд инээмсэглэн суух тэрбумтан болохыг хүсч байна
Энэ бол манай дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтст зориулсан дуу. Нэг хэсэг хит болсон Бруно Марсын энэ дууг Билл Гейтсийн хүүхдүүд ааваараа хошигнож хааяа нэг дуулж өгдөг гэнэ.  “Microsoft” хэмээх 400 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий компанийг бүтээн бий болгосон Билл Гейтсийн хувьд хэрэгтэй бүхнээ ядах юмгүй худалдан авч, “Forbes” сэтгүүлийн нүүрэнд байнга шахам гардаг нь үнэн. Тэр бас Опра Уинфригийн сайн найз, Английн хатан хаанаас хишиг хүртэж байсан гэдэг нь ч үнэн билээ. Хүүхдүүдийнхээ шоглоом болгодог энэ дуугаар дамжуулан Билл Гейтс орчин үеийн дуу, хөгжмийн талаар бага ч гэсэн мэдээлэл авдаг бөгөөд хааяа Лэйди Гагагийн дуунаас ч сурах тохиолдол гардаг гэнэ. Дэлхийн тэргүүн баян Билл Гейтст Лэйди Гагагийн дууг сурах цаг зав гардаг гэж үү хэмээн уншигчид гайхаж магадгүй юм. Тэгвэл “Microsoft” компанийнхаа ажил албанаас хөндийрөөд гурван жилийн нүүр үзэж буй тэрээр сүүлийн жилүүдэд хүүхдүүдтэйгээ хамт байхын тулд зориуд цаг заваа гаргадаг болсон гэнэ. Тэр хүүхдүүддээ харамгүй цаг зав зориулж чадах ч өөрт хамгийн их байгаа хөрөнгө мөнгөнөөс бол тоотой цөөнийг л өгнө гэдгээ эртнээс хэлж сануулжээ.  Энэ мэтчилэн дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн хувийн амьдралын тухай сонирхолтой ярилцлагыг “Daily Mail” сониноос орчуулан хүргэж байна.

-Ноён Гейтс, таны хүүхдүүд магадгүй энэ дэлхийн хамгийн баян өв залгамжлагчид. Та тэдэнд хэдий хэмжээний хөрөнгө өвлүүлэн үлдээх вэ?
-Тэд маань жирийн л хүүхдүүд. Сургуулийнхаа найрал дуунд явдаг, ээж ааваасаа халаасны мөнгө авдаг. Мөнгө гэр бүлийн харилцаанд нөлөөлөх ёсгүй. Тэдэнд их хөрөнгө мөнгө өвлүүллээ гээд сайн юм болохгүй гэж би боддог. Магадгүй тус бүрт нь 10 сая ам.доллар л өгөх болов уу. Энэ хэдийгээр бага мөнгө ч гэлээ тэд замаа өөрсдөө олох хэрэгтэй. Мэдээж би тэдэнд маш сайн боловсрол олоход нь тусалж, төлбөрийг нь төлнө. Эрүүл мэндэд нь анхаарч, эрүүл чийрэг хүн болгож өсгөх болно. Харин тэд өөрсдөө ажилтай болж, ашиг орлогын эх үүсвэрээ олох ёстой.
-Та тэгвэл хүүхдүүдээ хэр их цаг зав зарцуулдаг вэ?
-Би залуудаа нэг ч өдөр амарч байгаагүй. Ажлын хэнээтэй юм шиг өдөр бүр завгүй өнгөрдөг байлаа. Харин одоо бол урьдынх шиг ажилд хамаг цагаа зарцуулахаа больсон. Гэр бүлтэйгээ хамт байж, хүүхдүүдтэйгээ тоглож наадна.Одоо миний цагийн хуваарийн ихэнх хэсгийг хүүхдүүд маань эзэлж байна. Тэдэнтэй байнга хамт байгаа болохоор миний хувьдаа унадаг Мерседес гараашдаа өнжиж, оронд нь гэр бүлийн машин маань зав чөлөөгүй үйлчилгээнд гарч байгаа даа.  
-Таныг iPad, iPhone, iPod гээд өрсөлдөгчийнхөө  бүтээгдэхүүнийг гэртээ хэрэглэхийг хориглодог гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тэдэнд “Apple”-ийнхтай эн зэрэгцэхүйц хүчин чадалтай “Windows”-ийн бүтээгдэхүүнүүд байгаа. iPod-ны оронд Windows Zune хөгжим тоглуулагч байна.
-Одоогоос гурван жилийн өмнөөс та компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохоо больсон. Гэхдээ “Microsoft”-ын гол хөдөлгүүр болсон Билл Гейтс ингээд л тэтгэвэртээ гарчихна гэдэгт хүмүүс нэг л итгэхгүй байна?
-Одоо миний хамаг анхаарлаа тавьж байгаа зүйл бол сангийн ажил. Үлдсэн насаа “Билл, Мелинда Гейтсийн сан”-гийнхаа төлөө зориулна. Харин “Microsoft”-ын тухайд бол бараг л цагийн ажилтан шиг хааяа нэг очдог үүрэгтэй.
-Энэ сангаа дамжуулан Билл Гейтс бол дэлхийн хамгийн баян бас өгөөмөр хүн гэдгийг дэлхий нийтээр мэддэг боллоо.  Та яагаад энэ санг байгуулсан юм бэ?
-1994 онд Мелиндатай гэрлэдэг жил сангаа байгуулж байлаа. Бидний хуримын өмнөх өдөр ээж маань Мелиндад захидал бичсэн байсан юм. “Маш их зүйлийг хүлээн авсан болохоор маш ихийг чамаас хүсэн хүлээж байгаа шүү” гэж. Тэр захидлыг бид одоо хүртэл хадгалдаг юм. Бидний хуримаас зургаан сарын дараа ээж минь хөхний хорт хавдаар насан өөд болсон. Ээж маань биднийг орхин одсоноос хойш аав маань өөртөө ажил зохиож, завгүй байхыг хичээдэг болсон. Тэр миний нэр дээр ирсэн тусламж хүссэн захидлуудыг уншиж судлаад хариу өгөх ажлыг тэр үеэс хийж эхэлсэн юм. Тэр цагаас сангийн ажил эхэлж, аав маань одоо “Билл, Мелинда Гейтсийн сан”-гийн даргаар надтай хамтран ажиллаж байyg. Хэдий аав минь 85 хүрч, нас дээр гарсан ч өдөр бүр ажлаа хийсээр л байгаа.


Эхнэр Мелиндагийн хамт

-Та өөрийн бүх хөрөнгө болох 37.1 тэрбум ам.долларыг сандаа хандивлана гэдгээ зарласан. Харин танай сангийн үйл ажиллагаа хижиг өвчний эсрэг вакцин гаргахад хамаг анхаарлаа тавьж байгаа. Энэ их мөнгийг хорт хавдар ч юм уу өөр аюултай өвчний эсрэг зориулж болохгүй гэж үү?
-Манай сангийн гол уриа бол “Бүх амь ижилхэн үнэ цэнэтэй”. Өнөөдөр хижиг өвчнөөр нас барагсдын тоо ямар ч хорт хавдрын тохиолдлоос илүү гарч байгаа. Хижиг өвчнөөр гуравхан насандаа хорвоог орхиж байгаа бяцхан хүүхдийг 70 насандаа зүрхний шигдээс, хорт хавдраар нас барж байгаа хүнтэй харьцуулаад үз дээ. Тэгээд ч дэлхий нийтээрээ хорт хавдрын эсрэг анхаарлаа хандуулж байхад би түүн дээр нэмэгдвэл ямар ч үр дүн гарахгүй.
-Гэхдээ таны өгч буй тусламж Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе мэтийн дарангуйлагчдаар дамжин африкчуудад хүрч байгаад олон нийт харамсдаг. Магадгүй, тэдэнд хүрэхгүй ч байж мэдэх. Үүнийг та хянаж шалгадаг уу?
-Бид Зимбабвед тусламжийн эм тариа, вакцин илгээхдээ нэг ч удаа Роберт Мугабегаар дамжуулж байгаагүй. Иймэрхүү тусламж эзэндээ хүрч байна уу, үгүй юу гэдгийг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хянаж байдаг.  Тэгээд ч вакцин гэдэг хэдэн жилээр дарж хадгалаад байх эд бараа биш. Тиймээс Зимбабвед өгсөн вакциныг Р.Мугабе ордныхоо зооринд нуучихаж магадгүй гэж хардах хэрэггүй.  
-Тэгвэл Энэтхэг мэтийн хөлжиж буй оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж үү. Энэ улсаас өнгөрсөн жил гэхэд 70 тэрбумтан төрсөн шүү дээ?
-Өмнөд Солонгос өмнө нь тусламж авдаг орон байсан. Харин одоо бусдадаа тусалдаг боллоо. Хятад ч бас ийм л байсан. Одоо Африкт өгч буй тусламжийн ихээхэн хэсэг нь Хятадаас орж ирж байна. Энэтхэг ч ялгаагүй. Энэтхэгийн хойд хэсгийн мужуудад тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Тэнд хүүхэд, эхийн эндэгдэл маш өндөр байгаа учраас бид туслах ёстой. Энэтхэгт би Хошман гэдэг халдварт саагаар өвчилсөн охинтой уулзаж байлаа. Тэр гуравхан настай охин хэзээ ч хөл дээрээ зогсч үзээгүй. Бусад хүүхдээс өөр гэдгээ дөнгөж ухаарч эхэлж байгаа насан дээрээ яваа. Тийм хүүхдүүдэд л бид туслахыг хүсч байна. Тусламж хэрэгтэй газар өөрөө очиж, байдлыг нүдээр харах нь чухал. Булчин задрах тахлаар өвчилж, үхлээ хүлээж байгаа хүүхдүүдийг харах ямар аймшигтай гэж санана. Эцэг хүний хувьд тийм зүйлийг харах үнэхээр хэцүү.  
-Энэтхэгийн Уттар Прадеш мужид өөрийн биеэр очиж, тусламж өгч байсныг тань санаж байна. Харин нэг хөгжилтэй зүйл нь тэндэхийн хүмүүс таны хэн болохыг огт мэдэхгүй байсан?
-Тэд намайг таньж байгаа үгүй нь чухал биш. Мэдээж, танихгүй нь тодорхой шүү дээ. Гэдэс цатгалан, эрүүл байх гэж ядаж яваа хүмүүст миний хэн байх чухал гэж үү. Магадгүй тэд Майкл Жордан, Мухаммед Алигийн тухай сонссон байх. Харин Билл Гейтс гэсэн нэрийг амьдралдаа ч дуулаагүй гэж би лавтай хэлнэ. Намайг Уттар Прадешт очиход хамт явсан Энэтхэгийн сайдаас “Энэ хэн бэ” гэж нутгийнхан асууж байсан юм. Тэгэхэд “Аан, надтай хамт явж байгаа цагаан арьст залуу байгаа юм” гэж л танилцуулж явсан даа. /инээв/
-Билл Гейтс номын хорхойтон гэдгийг бид бүгд мэднэ. Орчин үеийн мэдээллийн технологийн төлөөлөгч болсон хүн номын сандаа хуучны ном бүтээл олноор нь цуглуулж байгааг зарим хүн гайхдаг. Магадгүй тэд таныг электрон ном л уншдаг гэж боддог байх?
-Номыг электрон хэлбэрээр уншдаг болсон нь сайн хэрэг. Гэхдээ шинэ номыг нээх, хуудас бүрийг эргүүлэн унших нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг юм. Тийм ч учраас дижиталаар ном, сонин уншина гэдэг ирээдүйгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс хуучны номоо сонгох болно.
-Таны номын санд дэлхийн хамгийн үнэтэй ном болох Леонардо да Винчийн “Codex Leicester” хадгалагдаж байдаг. Та энэ үнэтэй бүтээлийг яаж хамгаалдаг вэ?
- Би Ди Винчийг хэзээнээс биширсээр ирсэн. Түүний энэ номыг өөрийн болгосноороо би азтай хүн. Хэрэв манай гэрт гал гарвал хамгийн түрүүнд авч гарах зүйл маань энэ ном. Надад бас Исаак Ньютон, Авраам Линкольний гар бичмэл, урлагийн хэд хэдэн сайхан бүтээл бий. Тэднийгээ алдвал гутамшиг болно.  Тийм учраас л гэртээ хамгаалалтын хамгийн сайн төхөөрөмж тавьсан.
-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Би одоо Чарльз Кеннигийн “Getting Better” гэдэг номыг уншиж байна. Бас “Луугийн бэлэг” нэртэй Хятадаас Африкт үзүүлсэн тусламжийн тухай номыг  уншиж байгаа.
                                      Билл Гейтсийн охин

-Билл Гейтс “Apple”-ийн бүтээгдэхүүнийг гэртээ хориглодог ч Twitter, Facebook-ийг бол ашигладаг тийм үү?

-Тийм ээ, надад Twitter, Facebook бий. Гэхдээ Facebook бага зэрэг асуудалтай. Найз болох хүсэлт хэтэрхий олноороо ирээд байдаг юм.
-Ингэхэд та Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийг эгнээндээ элсүүлснээр тэрээр хөрөнгийнхөө ихэнх хэсгийг бусдын төлөө зориулна гэдгээ мэдэгдээд байгаа.
- “Надад бүх мөнгөө өг” гэж би Маркт хэлээгүй л дээ. Марк сүйт бүсгүйтэйгээ ярьж зөвлөлдөөд манай сангийн гаргасан “Giving Pledge” уриалгыг дэмжихээр шийдсэн юм билээ. Ингээд шийдвэрээ гаргасан хойноо надтай уулзаж, зөвлөгөө хүссэн. Тэд эхний ээлжинд оюутнуудад сургалтын тэтгэлэг өгч байгаа. Би 40 гарсан хойноо бусдад туслах хүмүүнлэгийн аянаа эхэлсэн. Харин Марк дөнгөж 20 гаруйхан насандаа энэ бүхнийг эхэлж байгаа нь сайхан хэрэг.  
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банкнаас зээл эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага татгалзсан юм бэ? Та энд зээлийн шийдлийг зөв газраа байна! Scotiabank зээлийн хөрөнгө оруулалтын 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Scotiabankloans@gmail.com нь өнөөдөр э-мэйлээр бидэнтэй холбоо барина уу
orchuulga unshij baigaa medremj tursungui mash saihan orchuulga boljee. bayarlalaa
tanaih orchuulgaaraa yanztai yum aa. bayarlala.
Хамгийн их уншсан