Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гантөмөр: Бид хүүхэд бүрийг хөгжүүлэх, хүүхдээ оношлох, бие даасан чадвартай болгохыг зорьж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй тэргүүлж буй салбарынх нь шинэчлэл, ахиц амжилт хийгээд ирээдүйн төсөөллийн талаар ярилцлаа.

-Уламжлалт боловсролын агуулгыг өөрчлөх, чанарыг ахиулах хэрэгтэй гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танай салбарт шинэчлэл хэрхэн өрнөв?
-Уламжлалт боловсролыг шинэчлэх нь зөвхөн манай улсын асуудал биш шүү дээ. Мэдээллийн технологи, мэдлэгийн үйлдвэрлэл хөгжөөгүй үеийн боловсролын систем, тогтолцоог өөрчлөхөөр дэлхий нийтээрээ л хүсч байгаа. Энэ цаг үед бидэнд хэд хэдэн даалгавар тулгараад байна.  Нэгдүгээрт, хүүхдүүд нэгэнт  мэдээллийг төрөл бүрийн хэрэгслээр аваад байгаа учраас тэдэнд бусад мэдээллүүдийг  яаж хангалттай олгох вэ гэдэг. Хоёрт,  хүүхдүүд цагийг өнгөрөөдөг өөр ертөнцтэй болчихлоо. Интернэт, фэйсбүүк,  твиттер, телевизийн олон суваг гээд энэ олон сонирхолтой зүйлээс давсан сонирхолтой зүйлээр  хүүхдийн анхаарлыг  сургууль дээр яаж татах вэ гэдэг бидний  хамгийн том сорилт. Дэлхий нийтээрээ л хүүхдүүд сургуульд сонирхолгүй, зааж байгаа зүйл нь анхаарал татахгүй байна гэсэн судалгааны дүгнэлт гараад байгаа. Гуравт, амьдрал хэтэрхий хялбар болчихлоо. Хялбар амьдрал  өөрөө хялбар амьдралыг хүсдэг бүтэн үеийг төрүүлээд байгаа.Сонгодог жишээ Япон шүү дээ. Японы үе үеийн ард түмэн ямагт ажилсаг байсан. Харамсалтай нь ажилсаг ард түмний босгосон нийгэм дээр шинээр гарч ирж байгаа үе нь бүх юм бэлэн учраас тэмцэх чадвараа алдаж эхэлсэн. Өрсөлдөх чадвараа алдаж байгаа энэ ард түмэнд өрсөлдөх чадварыг яаж суулгаж явах вэ гэдэг  бас нэг  том асуудал болж байна. Дөрөвт, даяарчлал их хурдтай явагдаж  байна. Энэ даяарчлал дотор үндэстний шинж чанараа хадгалж үлдэх чадвар зайлшгүй шаардлагатай байна.  Даяарчлагдаж байгаа энэ нийгэмд бид яавал өөрийнхөө үндэсний эрх ашгийг хамгаалах чадвартай үеийг бэлдэх вэ гэсэн ийм дөрвөн том сорилт руу дэлхий даяараа яваад орчихлоо. Монгол ч ялгаагүй энэ дөрвөн сорилтыг давахаас аргагүй нөхцөл байдалтай байна.  Энэ бүхэн дөнгөж  шинэ засаг бүрэлдээд гарч ирж байгаа асуудал биш. Угаасаа л 1990 оноос эхлээд хөндөгдсөн.

-Тэр үеэс л боловсролын салбар ганхаж эхэлсэн. Ардчилсан нийгэмд орсноос хойш  аль асуудал нь илүү ахицтай яваа юм бол?
-Боловсролын салбар бусад салбарыг бодоход  үеийн үед шинэчлэгдэж явснаараа  онцлогтой. Аль ч сайдын үед, тухайн цаг үед ямар даалгавар тавигдаж байна тэрийг гүйцэтгэхийн төлөө явж ирсэн.Дотооддоо олгож байгаа боловсролыг дэлхийд  яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэдгийг аль ч сайдын үед  эрэлхийлж  байсан юм билээ. Зах зээлийн нийгэм рүү шилжиж хүмүүсийн анхаарал мөнгө,  наймаа руу шилжихээр төрийн анхаарал ч бас түүн рүүгээ шилжсэн. Яавал биеэ даасан зах зээлийн эдийн засгийг бий болгох вэ  гэдэгт илүүтэй анхаарсан. Энэ бодлогын үр дүнд боловсрол ямар цохилт амссан бэ гэхээр боловсрол судлалаас, шинжлэх ухаанаас нийгмийн чадварлаг хэсэг  нь дайжсан. Сайн багш ганзганд яваад өгсөн. Сайн  захирал компанийн захирал болоод явчихсан.  Чадварлаг боловсон хүчин ингэж дайжснаар боловсролын салбарын бүтэц нь хэтэрхий суларсан. Жишээ нь  багшийг дахин  сургах институт байхгүй болсон. Боловсролын хүрээлэнгийн тогтвортой үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Боловсрол судлалаар суралцаж байгаа залуусын асуудал  доголдолд орчихсон. Ерөнхийдөө сурлага сайтай элит хэсэг нь багшийн мэргэжил сонгон суралцдаг байдал өөрчлөгдөж багшаар сурахаар ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 10 жилийн сургуулийн түвшинд  сурлагын амжилт гаргаагүй хэсэг болж хувирсан. Одоо бид  буцаад багш бэлтгэх институтээ байгуулж байна. Багшийн сургууль дээрээ анхаарал хандуулж байна.

-Та “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ” гэж зоригтой дуугарсан.  Хүүхэд бүрийг хөгжүүлэх жор чинь чухам юу юм бэ?
-Бидний сүүлийн хоёр  жилд хийсэн хамгийн гол ажил бол хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого байсан. Боловсролын систем одоо хүүхэд нэг бүрийн төлөө ажиллана. Өмнө нь нийт хүүхдийг хамарсан баахан онол гаргачихаад онолынхоо түвшинд  нийт хүүхдийг хамааруулаад  даалгавар өгчихдөг  байсан. Гэтэл хүүхэд бүр адилхан биш. Өөр өөр орчинд өссөн, өөр өөр ертөнцтэй, өөр өөр зүйл сонирхож байна. Энэ үүднээс бид хүүхэд бүрийг хөгжүүлье гэдэг зорилго дэвшүүлсэн. Үүнийгээ дагаад хүүхэд бүрийг хөгжүүлдэг тэр  ангийн хичээлийн хуваарь ямар байх,  хүүхэд бүрийг хөгжүүлдэг сургуулийн удирдлагын менежмент ямар байх, хүүхэд бүрийг хөгжүүлдэг  үнэлгээний систем ямар байх, хүүхэд бүрийг хөгжүүлдэг  багшийн чадвар ямар байх гэдэг асуудал гарч ирсэн.  Энэ бүхнийг хөндсөн шинэчилсэн багц хөтөлбөр бид хийж  байгаа.  Энэ хөтөлбөр дээрээ олон улсын зөвлөх багийг ажиллуулж байна.
Манай эрдэмтдийн туршлага судалгаа болон дэлхийн сонгодог судалгаануудын үр дүн дээр үндэслэсэн хөтөлбөр байх естой гэдэг зарчмаар ажиллаж байна. Монголын боловсролд хийж байгаа шинэчлэл дэлхий өнөөдөр юу хийхийг  оролдож  байгаа тэр шинэчлэл  байх ёстой гэж зөвлөж байгаа.  Түүнээс биш хэн нэгэн урьд нь хийсэн зүйлийг дуурайхаар  маш хурдан хуучирчихаад байна. Гар утсан дээр жишээ аваад л үзэхэд ямар хурдтай өөрчлөгдөж байна. Яг үүн шиг сургалтын технологи асар хурдтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид өнөөдөр япон, сингапур, финландууд юу өөрчлөхийг хүсээд байгаа юм. Америкчууд юу руу тэмүүлээд байгаа юм тэдний  очих гэж байгаа,  тэдний тэмүүлж байгаа зүйлийг  өөрийнхөө зорилго тэмүүлэл болгох хэрэгтэй. Бид өнөөдөр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдээ оношлох, бие даасан чадвартай болгохыг зорьж байна. Үүнийг өнөөдөр  германчууд судлаад зарим  нэг газраа туршсан.  Өнөөдөр япончууд бага насны  хүүхдийг өөрөө шийдвэр гаргах чадвартай,  зөв хүн болгож төлөвшүүлэхэд бага ангийн боловсролыг чиглүүлэхийг оролдож байна. Энэ оролдлогыг бид бас  давхар хийж  байна. Энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх судалгаа, дэлхийд  тэргүүлэх  ажлыг зохион байгуулж байгаа тэр багуудтай хамтраад ажиллаж байгаагаараа онцлогтой.

-Дэлхийн жишиг рүү л ойртоод байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яг анги дотор хүүхэд хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?
-Сургуулиар дамжуулан хүүхдэд  өгч байгаа мэдээлэл нь өрсөлдөх чадварыг  бий болгодог байхыг бид эрэлхийлж байна. Хамгийн чухал санаа бол хүүхэд өөрөө ямар нэгэн зүйл хийхээр тэрийгээ сонирхдог юм байна. Жишээ нь пи си тоглоомыг хүүхэд  өөрөө тоглож байгаа учраас л хамгийн дуртай байдаг.  Хэн нэгэн өмнөөс нь хийж өгөөд байгаа биш учраас тэр. Бага насны хүүхдийг анзаарахад телевизээр  өөрийнх нь ойлгодоггүй нэвтрүүлэг гарахаар үздэггүй, босоод л тоглоод  явчихдаг. Тэгэхээр хүүхэд  өөрөө ямар нэг зүйл хийхийг хүсдэг. Тиймээс  манай боловсролын хөтөлбөр 40 минутын хичээлд зөвхөн багш яриад байх биш хүүхэд өөрөө ярьдаг, бүтээдэг, хийдэг цагтай болж  өөрчлөгдөж байгаа. Жишээ нь 40 минутын 15-20 минутад багш ярина. Үлдсэн 20 минутад хүүхэд өөрөө ярина, бүтээнэ, хийнэ, үнэлнэ. Өөрөөр хэлбэл,  хүүхэд бүхэн адилхан нэг зүйлийг чаддаг байх албагүй. Бидний хийж байгаа хамгийн чухал зүйл бол хүүхдүүдийн өөрийнх нь чаддаг зүйлийг багш эхлээд оношилж, илрүүлээд тэр  чаддаг зүйлээр нь дамжуулан мэдлэг чадвараа хөгжүүлэх боломжийг олгодог болсон.  Энэ тохиолдолд хүүхэд болгон сайжирсаар очих цэг нь нэг байдаг.

-Хүүхдийг дүн тавьж үнэлдэггүй болж байгаа гэсэн. Зүгээр л сайн байна гээд магтаад байх хэрэг үү?
-Өсвөр насны хүүхдэд урам хайрлах нь маш чухал зүйл. Манайх үнэлгээний  системээ урмын систем рүү шилжүүлж байгаа. Зургаан  настай хүүхдийг муу авлаа гэж загнахаас илүүтэй “Чи чадаж  байна”  гэж урамшуулдаг болсон. Жишээ нь, “Чи минутад 10 үг уншиж чадаж байна. Сайн байна. Дараагийн удаа 11үг боллоо маш сайн” гэдэг ийм урмаар тухайн хүүхдийг, тухайн 20 минутад дуртай зүйлийг нь хийлгэдэг тэр хөшүүргийг бий болгосон. Энэ бол бидний хийж байгаа хөтөлбөрийн гол амин сүнс нь. Нөгөө талдаа хүүхдээ хүлээдэг, тэвчээртэй байх чадвартай багш  энэ цаг үед хэрэгтэй болсон. Багш яардаггүй, сандарч адгадаггүй хүүхдээ  тэвчээртэй хардаг,  хүүхдээ хийж сурахыг хүлээх  хэрэгтэй. Хуучин  нэг минут өгчихөөд хугацаандаа хийж чадахгүй бол багш өмнөөс нь самбар дээр хийгээд өгчихдөг. Эсвэл хийж чадсан ганц хүүхдийн  гарыг нь өргүүлээд тэрүүгээр хийлгэчихдэг. Бусад нь хуулаад явдаг  дүр зураг байсан. Одоо бол багш бүх хүүхдийг хийж дуустал нь хүлээнэ. Гэхдээ  чаддаг, чаддаг зүйлийг нь өгчихсөн учраас хүүхдүүд хүлээлгэхгүй  цаг хугацаандаа хийх ёстойгоо хийдэг болсон. Ангийн 30 хүүхдэд яг  адилхан даалгавар өгчихдөг. Тэднээс хоёр нь түрүүлээд хийчихдэг, 20 нь хийж байдаг, найм нь огт ойлгодоггүй ийм дүр зураг одоо байхгүй. Хүүхдээ оношилж чаддаг  багшийг бэлтгэх ажлыг хийж байна. Багш бэлтгэх ажлын  хүрээнд бид 34 мянган багшийн дахин сургалтыг зохион байгууллаа.  Нэг удаагийн сургалтаар  энэ зүйл нутагшихгүй. Бид жил болгон давтан сургана. Дээр нь хүүхдээ урамшуулж байгаа юм бол багшаа мөн  яаж урамшуулах вэ гэдгийг эрэлхийлж  байгаа. Багшийг шагнахаас гадна урамшуулах хэрэгтэй. Яагаад гэвэл багш нар хамгийн  хүнд хөдөлмөрийг хийж байна. Багшаа бодитоор үнэлдэг систем рүү шилжиж байгаа. Багш  хоосон цаас үйлдвэрлэдэг биш, хүүхдийнхээ тархитай ажилладаг болсон.  Хуучин олимпиадын аварга төрүүлчихлээ, энэ сайн багш гэдэг байсан. Одоо бол багш ангийн 30 хүүхэд 30-уулаа хөгжчихлөө, ийм ахицтай байна гэдгээрээ өөрийнхөө ажлыг дүгнээд явдаг болсон. Цөм хөтөлбөрийг яам  санал болгож байгаа ч багшид ямар хичээлээ, хэзээ орох вэ гэдэг эрхийг үлдээж байгаа. Мөн сургуульд эрх мэдлийг нь олгож байгаа. Сургууль өөрийн онцлогтой байж болно. Жишээ нь, тухайн сургууль спортоор, компьютер, технологиор   эсвэл англи хэлээр бусдаасаа давуу өөр өөрийн онцлогтой байж болно. Хамгийн сайн чаддаг зүйлээ өндөр түвшинд хөгжүүлэхэд нь бид тусална. Сургуулийн захирал мөн эрх мэдэлтэй болно. Өөрөөр хэлбэл,  улсын хэмжээнд суралцаж буй 500 мянган өөр хүүхдийг сургах процессыг дээрээс нь нэгдмэл байдлаар нэг үгээр удирдана гэдэг бүтэхгүй зүйл. Тиймээс аль болох сургуулиудад эрхийг нь олгоод, багш нарт эрхийг олгоод, хүүхдүүдэд эрхийг нь олгоё. Хүүхдүүдийн эрх гэдэг бол сурах сурахгүйн тухай биш шүү дээ. Хүүхэд тухайн үед хийж чаддаг зүйлээ хийдэг байх  тийм орчинг бүрдүүлье гэж байгаа юм. Энэ чиглэлээр бидний хийж байгаа хамгийн чухал зүйл  бол авьяас хөтөлбөр.

-“Авьяас”, “Ном” хөтөлбөр сургуулиуд дээр нэлээд өргөн хүрээтэй хэрэгжиж байх шиг байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь юу юм бэ?
-“Авьяас” хөтөлбөр хүүхэд бүрийг өөрийгөө олж, давуу талаа мэдэрч, өөртөө итгэлтэй болоход тусалж, зохион бүтээх болон шинжлэх ухааны, урлаг ер нь бүхий л төрлийн  авьяас чадвараа нээх боломж олгох зорилготой. Хүн өөртөө итгэлтэй байна гэдэг бол ерөөсөө энэ цаг үеийн тухайн хүнээс шаардах гол  онцлог болчихоод байгаа. “Ном” хөтөлбөрөөр дамжуулаад хүүхдийг  өөрийг нь ном бүтээх процесст оролцуулж байгаа. Энэ нь хүн өөрөө л хийж сурдаг гэдэг онолын дадлага болж өгч байгаа  юм. Ангийн номын сантай болгож, номыг хүүхдэд  ойртуулж өгч байна. Хүүхдүүдээр ном зохиолгох ажлыг маш өргөн хэмжээнд зохион байгуулж байгаа. Даяарчлагдаж буй зах зээлд өөрсдийгөө авч үлдэх тэмүүллийг бий болгох  үүднээс  бид “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд  монголоо мэддэг төгсөгчтэй байх программ боловсруулж байгаа. Түүхийн хичээлд бол аль болох монголын омогшил орж ирнэ. Уран зохиолд  ч ялгаа байхгүй, монгол ахуй аль болох бууж ирнэ. Ахуйгаа мэддэг, ядаж  л монгол бөхийн тухай бүрэн мэдлэгтэй, морины уралдааны тухай, гэр барих тухай, мал аж ахуй, нүүдэлчид гэж хэнийг хэлээд байгаа юм гэдгийг мэддэг. Энэ  мэт үндэснийхээ  өнөөдрийг хүртэл тээж ирсэн өв соёлыг бүрэн эзэмшүүлэхийг зорьж байна. Даяарчлагдаж буй ертөнц дотор монгол хүн байх сэтгэлийг  дараа үедээ бид бий болгож үлдээх шаардлагатай. Мэдлэг мэдээллийн энэ эрин зуунд хүүхдийг сонирхлоор нь, чаддаг зүйлээр нь хичээллүүлснээр хүүхэд сургуульдаа дуртай болно. Өөрөөр хэлбэл, компьютер тоглодог хүүхэд яагаад тэрэндээ дуртай байна гэхээр чадаж байгаа учраас л тэр. Тэгэхээр хичээлийн 40 минут сургууль дээрх амьдрал нь  гадна талд  байгаа амьдралаас яаж сонирхолтой байлгах  вэ гэдэг үүднээс “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг гаргаж ирсэн. Мөн  40 минутын хичээлийг  хүүхдүүдийг татдаг, дуртай зүйлээ хийдэг хөтөлбөр болгон хөгжүүлж байгаа.

-Хүүхдийг өөрийн сонирхлоор сургана. Бас багшийг энэ заах аргад сургана гэхээр  маш их цаг орох юм бишүү. Хэзээ энэ салбар хөгжилдөө хүрэх юм бэ?
-Цаг хугацаа бол гайгүй. Яагаад гэхээр Монголын онцлог бол хүүхдүүд нь цөөхөн, багш нар олон,  анги танхим  нь бэлэн байна. Бид Европын хөгжсөн орон ч юмуу,  Япон, Солонгостой харьцуулаад чамлаад байгаа юм. Тэрнээс яг манайх шиг ДНБ оногддог орнуудын харьцуулахад манайх хамаагүй хөгжчихсөн,  орчин бүрдүүлчихсэн байгаа. Тэгэхээр энэ орчиндоо бид итгэж найдаад улам хийсэн бүтээснээ сайжруулаад хөгжүүлээд явна. Яахав зарим газраа хоёр ээлж, зарим газраа гурван ээлжээр хичээллэж байна. Гэхдээ л монголд сургууль нь байна, багш нар нь байна, уламжлал нь байна. Дээрээс нь эцэг, эхчүүдийн хүүхэддээ ном сургах хүсэл сонирхол нь хүчтэй байна. Хүүхэд өөрөө хийдэг цагтай болохоор багшийн дарамт байхгүй болчихож байгаа юм. Багш бүр энэ чадварыг  өөртөө бий болгочих юм бол цаашдынх нь багшлах амьдрал сонирхолтой болно. Үүнийгээ дагаад яам, аймаг, дүүрэг, дүүргийн боловсролын газрууд, сургууль дарамтгүй  болно. Багш ийм чадвартай болох тал дээр бид дэмжин ажиллаж байна. Багш бэлтгэх сургууль дээр аль болох ерөнхий боловсролын сургуулиа сайн төгсч байгаа залуучуудыг татахыг зорьж,өндөр оноотой хүүхдийг багшийн сургуульд  үнэгүй сургаж байна. Багшаар сурч буй оюутнуудыг  дөрөв жилд дөрвөн  дадлага хийлгэдэг болж байна. Багшийн сургуулийн хажууд лаборатор сургууль ажиллуулж байна. Энэ юу хэлж байна гэхээр шинэ ноу хауг,энэ сургалтын арга барилыг  биедээ шингээсэн шинэ үе бэлтгэгдэж байна. Эдгээр төгсөгчид одоо байгаа 5-10 жил багшилж байгаа хүмүүстэй нийлээд салбараа аваад явчихна. Багш болгоныг,  хүүхэд бүрийг өөр өөрт нь хариуцуулаад, зөв механизмыг хийгээд өгчихөөр аяндаа зөв гольдролдоо ороод ирнэ. Энэ хавар бид лаборатор 40 сургууль дээрээ үр дүнгээ харсан. Шинэчилсэн хөтөлбөрөө туршаад,  багш нараа ажиллуулаад үр дүнг баталгаажуулаад явж байгаа. Авьяас нээх, хүүхдээ таних,  хүүхдэд чаддаг зүйлийг хийлгэх энэ гурван  процесс нийлэхээрээ үнэхээр бүх ажлыг хөнгөвчилж байна. Сургуульд ч хөнгөн, багшид ч хөнгөхөн болж байна. Яаманд ч ажил хамаагүй хөнгөн болсон. Харин ч бидний эхлүүлсэн ажил  богинохон хугацаанд  үр дүнгээ өгөх юм байна гэж харж байгаа.

-Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нэлээд төсөв хэрэгтэй. Өнөөдөр эдийн засаг хүндэрчихсэн байгаа нь танай салбарт хэр нөлөөлж байна?
-Монголын Засгийн газар мөнгөтэй ч,  мөнгөгүй ч байсан сургуулиудаа аваад явна. Мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ бид  байгаа мөнгөний хэмжээндээ хангалттай реформ хийж чадна гэж харж байгаа. Сургууль дээр яваад очихоор манай захирлууд “Би сургуулиа тэдэн саяар заслаа, тэдэн ангийг будлаа.  Манай сургуульд ийм мөнгө хэрэгтэй, манай сургуулийн барилга ийм муу байна  гээд цэвэр  аж ахуйн ажил ярьдаг байсан. Би сайд болоод захирлуудад нэг л зүйлийг хэлсэн. “Надтай уулзахдаа танай сургуулийн ямар хүүхэд ямар авьяасаа нээж, ямар сайхан зүйл болов. Энэ тухай хэлж байгаарай” гэж. Одоо бол манай захирлууд хүүхдүүдийнхээ тухай л ярьдаг болсон. “500 хүүхэд дугуйланд хамрагдлаа, 200 хүүхэд авьяасаа нээлээ. Хоцрогдолтой хүүхэд ингэж хоцрогдлоо арилгалаа. Дүрэмт хувцас авч чадахгүй байгаа хүүхэддээ ингэж авч өглөө” гээд хүүхдийн тухай ярьж байна. Хүүхдийн тухай ярихаар төсөв их байна уу, бага байна уу хамаарахгүй,  амьдрал өрнөдгөөрөө л өрнөнө. Бид ямар нэгэн санхүүгийн асуудал шийдэж чадахгүй болохоор амьдралын бүх юмаа зогсоох гэж оролдддог. Санхүү бол амьдралын процес дотроос л  бий болдог. Манай боловсролын систем дотроос гарч  ирж байгаа шинэ үе өөрөө шинэ эдийн засгийг бий болгоно. Тиймээс бид нар энэ үеэ сайн төгсгөж  гаргах нь хамгийн том  даалгавар. Тэр хүмүүс нь эргээд мөнгө санхүүтэй Монгол Улсыг байгуулалцана. Байгаа мөнгөндөө чадах чинээгээрээ бид нар зүтгэнэ.

-Мэдээж хэрэг эдийн засаг сайхан болно гэдэгт итгэж байна. Гэхдээ ойрын хугацаанд сургууль, цэцэрлэг нэмж барих хэрэгцээ шаардлага байна. Үүнийг яаж шийдэж байгаа вэ?
-Ямар  ч тохиолдолд бид сургууль, цэцэрлэгийг бүх боломжийг дайчлан барина. Бид концессийн асуудлыг шийдээд явж байна. Концесcийн гэрээгээр хөрөнгө оруулагчид сургууль, цэцэрлэг  бариад өгье гэдэг санал гарч байна. Бид цаг хугацааны хувьд хэдийгээр хоцорч  байгаа боловч сургууль  барих асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдрийн байгаа доголдол маргааш засагдана.  Гэхдээ өнөөдрийг хүртэл бид нэг ангид 20-оос доош тооны  хүүхэд оногдож байж л хоцрогдолгүй  сургаж чадна гэсэн  домогт итгэчихсэн байсан. Энэ домгийг бид нар няцааж байна. Бид нар 38 хүүхэд байсан ч сургаж чадна гэдгийг харуулна.Хүүхдээ оношилж чадаад,  чаддаг зүйлийг нь хийлгээд байх юм бол бүгд нэг түвшинд хүрч чадаж байна. Нэг ангид 40 хүүхэд байсан ч сургана. Үүнд санхүү хамаарахгүй. Ганцхан асуудал  нь багш нарын цалинг нэмэх хэрэгтэй байна.

-Цогцолбор сургууль барих асуудал ямар шатандаа явж байна?
-Цэцэрлэг, сургуулийн комплексийг барьж эхлэх асуудлыг энэ онд шийднэ. Хүүхдүүд гэрээсээ алхаад сургууль, цэцэрлэгт явдаг болно. Цэцэрлэгээс дамжаад  бага ангиа төгсөхдөө нэг хамт олонд, нэг гараар, нэг орчинд сурах боломж нээгднэ.  Дунд ангид мэдээж хүүхэд бүр рүү хандсан бодлого явж байгаа учраас ямар хүүхэд хаанаас шилжиж ирнэ, хаана очихоос үл хамаараад хүүхэд болгондоо анхаардаг систем бүрэлдэнэ.

-Дипломтой ажилгүйчүүд жилээс жилд нэмэгдэж байна. Үүний шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ. Их, дээд сургуулийн чанарт ямар ахиц гарч байна?
-Их дээд сургууль төгсөж байгаа оюутнууд төгссөн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай.  Нэгдүгээрт төгсч байгаа хүмүүсийн чанар сул  байна. Мэргэжлийн дагуу ажлын  байраа өөрөө бий болгох түвшинд бид хүнээ бэлдэж чадахгүй байна. Хоёрдугаарт,  Монголын эдийн засгийн бүтэц өөрөө дээд боловсролтой хүмүүсийг шингээх тогтолцоо биш байна. Монголын эдийн засгийн бүтэц нь  мал аж ахуй, худалдааны сүлжээ, уул уурхай дээр тогтож байна.  Ийм бүтэцтэй оронд хэдэн хуульч,  хэдэн эдийн засагч амьдрах вэ. Өөрөөр хэлбэл дээд боловсролтой хүн ажиллах тийм эдийн засгийн бүтэц биш байна.  Эдийн засгийн энэ  бүтцээ зөв болгох хэрэгтэй. Өөр нэг асуудал нь их, дээд сургууль  өөрөө эрдэм шинжилгээний байгууллага байх хэрэгтэй. Энд сурч байгаа хүмүүст шинэ мэдлэг өгөхгүйгээр  шинэ зах зээл дээр гарч  чадахгүй. Тиймээс бид дээд боловсролын чанарт гол анхаарлаа хандуулж байна. Хоёрдугаарт, их сургуулиудыг  эрдэм шинжилгээний байгууллага болгоно. Ингэснээр зах зээл дээр асар их эдийн засгийн мэдлэгийг бий болох юм.  Ийм гурван зүйлийг цогцоор нь хийх  гэж оролдож байна. Механикаар асуудлыг  шийдэхэд төвөгтэй.

-Боловсролын салбарт ши­нэч­лэл ингэж өрнөж байна. Гэтэл үүнтэй нягт холбоотой эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны ажлыг орхигдуулсан гэдэг.
-Шинжлэх ухааны хувьд огтлолцдоггүй хоёр байр суурь бий. Ард түмэн “Бид шинжлэх ухаандмөнгө өгөөд байхад үр дүн хаана байна” гэж асуудаг. Гэтэл эрдэмтэд “Бид ажил хийгээд байна. Бидэнд яагаад мөнгө өгөхгүй байна вэ” гэдэг. Өөрөөр хэлбэл, ард түмний байр суурь үр дүнгээ хурдан өгөхийг шаарддаг бол шинжлэх ухааныхан  үр дүн нэг л өдөр гарна гэдэг. Энэхоёр хоорондоо нийлэхгүй болохоор салбарын ажил явахаа больсон юм билээ.

-Яагаад ийм байдалд хүрэв?
-Хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт,  тухайн эрдэмтэнд юу судлах вэ гэдэг даалгаврыг буруу өгч байсан байна. Засгийн газар захиалга өгдөг нэртэй боловч эрдэмтэд өөрсдөө саналаа гаргадаг. Тодруулбал, эрдэмтэн хүн өөрийнхөө судлах ажлыг өөрөө зохиож ирсэн. Энэ тохиолдолд тухайн эрдэмтэн өөрийнхөө судалгааг л  цааш явуулья гэж бодохоос илүү зүйл боддоггүй юм байна. Өөрийнхөө л юмтай ноцолдож байтал дэлхийн шинжлэх ухааны судалгаа өөр  болоод хувирчихдаг. Хоёрдугаарт, ерөөсөө л Монголынхоо асуудлыг шийдье гэдэг уур амьсгал байсан. Монголынхоо асуудлыг шийдэж байна гээд  өөр оронд шийдчихсэн юмыг зүгээр л дуурайдаг байсан. Энэ бол эрдэм шинжилгээний ажил биш. Эрдэмтэн хүн шинийг нээхийн төлөө хүн болохоос зөвхөн өөрийнхөө төлөө ажилладаг эсвэл өөрсдийнхөө асуудлыг өрөөлийн шийдчихсэн байгаагаар шийддэг хүмүүс биш. Бид ингэж л  мухардалд орсон.

-Одоо энэ мухардлаас яаж гарах вэ?
-Энэ мухардлаас гарахын тулд  даалгаврыг зөв болгох хэрэгтэй. Зөв болгохдоо дэлхийн эрдэмтдийн судалгааны даалгаврыг манай эрдэмтэд шууд авч гүйцэтгэх ёстой. Одоо бид олон улсын эрдмийн ажлын систем рүү шууд нэвтэрч байгаа. Ингэснээр бидний даалгавар дэлхийн түвшинд очно. Мухардалд орсон бас нэг шалтгаан нь орчин цагийн шинжлэх ухаан бол асуудлыг техникийн хүчээр шийддэг болсон. Уламжлалт шинжлэх ухаан бол ажиглалтаар явдаг. Өөрөөр хэлбэл, хоёр эсийг нийлүүлээд гарах үр дүнг нь харахад  уламжлалт шинжлэх ухаанаар  бол бараг таван  жил хэрэгтэй болно. Гэтэл орчин цагийн техникээр харах юм бол минутын л ажил. Манайд  шинэ цагийн техник байгаагүй. Зүйрлэх юм бол “Шинжлэх ухаан” хэмээх өндөр уулыг давахад манай эрдэмтэд “69” машинтай,  хөгжсөн орны эрдэмтэд “570” машинтай яваад байна.  570 бол хүчтэй мотортой, туулах чадвар сайтай учраас өндөр уулыг ядах юмгүй  даваад явчихдаг. Бид муу мотортой машин унасан учраас замын талд очоод зогсчихдог. Ийм л ялгаатай. Тиймээс бид нэгдүгээрт, даалгаврыг дэлхий рүү хандуулъя. Хоёрт,  дэлхийн судлаачид ямар төхөөрөмж ашиглаж байна. Манайх тэрнийг ашиглах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнээс гадна “Шинжлэх ухаан өөрөө хүн төрөлтнийг удирдаад байна” гэдгийг манайхан сайн  ойлгох хэрэгтэй. Үйлдвэрлэл, наймаа арилжаа улс орныг удирдахгүй байна. Зэвсэг техник, цэргийн хүч  ч удирдахгүй байна. Дэлхийн удирдаж байгаа зүйл бол цэвэр шинжлэх ухааны ололтууд юм. Үйлдвэрлэгчид дандаа шинжлэх ухааны хүмүүсийг тэжээж, араас нь явж байдаг. Тэгэхээр бид хөгжилд хүрэхийн тулд амдаж очих хэрэгтэй. Амдаж очихын тулд  шинжлэх ухаанаа босгож ирэх төрийн бодлого байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголд дэлхийн хэмжээний судалгаа явуулна. Хорт хавдар, чихрийн шижинг яаж эмчлэх вэ?. Дэлхий дээр хийж чадахгүй байгаа тэр  зүйлийг судлах ёстой. Цоо шинэ шинжлэх ухааны урсгалыг бий болгох хэрэгтэй. Шинжлэх ухаан өөрөө хөгжлийн хөтөч юм гэдгийг ойлгодог засгийн бодлого хэрэгтэй байна. Бидэнд бэлтгэгдсэн боловсон хүчин байна. Энэ бол маш том баялаг. Харамсалтай нь тэдний ихэнх нь гадаадад амьдарч байна. Тэдний монголд  ирэхгүй байгаа шалтгаан нь ойлгомжтой. Манайд лабортори, тоног төхөөрөмж, техник нь байхгүй, даалгавар нь байхгүй.

-Шинжлэх ухааны бодлогоо УИХ-д өргөн барьчихаад байгаа биз дээ?
-Шинжлэх ухаанд төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-д өргөн барьсан. Бодлого гарснаар шинжлэх ухааны бүтэц зохион байгуулалтаа бид хийж өгнө. Тэр бүтэц зохион байгуулалт дотроо хүчээр хийх нэг ажил байгаа. Тэр нь дэлхийн хэмжээний лаборатор байгуулах  ажил. Анхны хөрөнгө оруулалтыг үүнд л зарцуулах хэрэгтэй.Манай Засгийн газар энэ жил анагаах ухааны амьд эсийн лаборатор байгуулна. Энэ лаборатор байгуулагдах юм бол дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа хавдар судлаач, эс судлаач эмч нар ирж ажиллах боломж нээгдэнэ. Тэгэхээр энэ чиглэлээр хөгжилтэй орнуудад  ажиллаж байгаа манай залуучуудын зарим нь ирэх байх. Бусад орны эрдэмтэн найзуудаа ч  урьж авчрах байх. Тэд энэ лаборториа ашиглаад хүн төрөлхтний тайлахыг хүсч буй  тэр  хавдрын эмийн  судалгааны  ажлуудыг хийхийг үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн дэлхийн аль ч улсад байхгүй 5-10 лабораторийг манай төр эрсдлээ хүлээгээд хүчээр  байгуулчих хэрэгтэй. Үүнээс гадна шинжлэх ухааны ажлыг татвараас чөлөөлөх ч юм уу, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журмыг гаргаад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.  Энэ мэт  хатуу, зөөлөн  дэд бүтцийг хийж өгөөд ажиллах юм бол  10 жилийн дотор л  өнөөдрийн уул уурхайгаас  олж буй ашгийг  шинжлэх ухаанаас олно. Шинжлэх ухаанаас маш их ашиг хүртдэг улс орнууд байна. Маш их хэмжээний ашиг хүртдэг учраас шинжлэх ухааны судалгааны ажилд маш их мөнгө зарж чадаж байна. Яагаад гэхээр дараагийн ашгаа хүртэхийн тулд сайн мөнгө хаядаг. Тэгэхээр бид дэлхий дээр байгаа тэр их  мөнгөнөөс хүлээж авахыг тулд шинжлэх ухааны паркаа байгуулж саваа бэлдэх л хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Энэ Гантөмөр гэдэг залуугийн ярианаас бариад авчихаар нэгээхэн зүйл ч олдохгүй юм. Тойруулж тойруулж байгаад л асуултанд хариулчихсан юм шиг, боловсролд учирч буй асуудлууд зөвхөн Монголд биш дэлхий нийтээрээ юм шиг тайлбарлаад л яаж тавьсан асуултыг гоё хариулт юм шиг ярьж чадаж байгаа нь л түүний амьдрах арга бололтой.
Хамгийн их уншсан