Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батболд: Мод тарьж ирээдүйдээ амьд өв үлдээцгээе


”УБТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболдтой ярилцлаа.

-Энэ насны заавал үйлдэх гурван буяны нэг нь мод тарих гэдэг. Танай байгууллага энэ үүднээс ажлаа эхлүүлэв үү, эсвэл өөр шалтгаан байв уу?
-Буян үйлдэх гэдэг маань шашин талын ойлголт байх. Хамгийн гол нь хүмүүсийн амьдран байгаа байгаль орчин маш их эвдэрч сүйдсэн энэ цаг үед бид мод тарьж л өөрсдийгөө аврах хэрэгтэй болоод байна. Харамсалтай нь, манай монголчууд мод тарихыг ач тустай үйлс хэмээн мэдэх мөртлөө тухайлан түүнд цаг заваа зарцуулаад, цэцэрлэгжүүлэлтийг жинхэнэ утгаар нь хийж чаддаггүй. Санаа тавиад тарьсан хэд гурван мод нь ургахгүй бол дахин мод тарихаас зайлсхийх, энэ ч бүтэшгүй ажил юм байна гэсэн ойлголттой болох нь ч бий. Энэ нь мэргэжлийн бус хүмүүсийн худалдаалсан тарьц суулгацуудаас болж байгаа юм. Нөгөөтэйгүүр хүмүүс хүрээлэн буй орчинтойгоо зүй бусаар харьцаж, хаа явсан газраа хогийн цэг болгон бохирдуулах,  модыг хулгайгаар  тайрч огтлох сөрөг үзэгдэл ихээр гарч байгаа. Үүний эсрэг тэмцэж байгаа төрийн бус  байгууллага, хувь хүн олон байгаа ч санхүү мөнгөнөөсөө шалтгаалаад ойжуулалтын ажлыг орчин үеийн технологи, маркетинг менежментийн цогц бодлоготойгоор хийж чаддаггүй. Бидний зорилго бол энэ байдлыг өөрчлөх, орчин үеийн арга ажиллагаатай холбоход чиглэж байгаа юм.

-Манай орны нөхцөлд тарьж болдоггүй эсвэл ургадаггүй мод гэж байдаг. Харин  үүнийг дэлхийн хэмжээнд яаж шийддэг юм бол оо?
Өнөөдөр агаар, хөрс болон байгалийн бохирдол, усны гачигдал  гэх яриа дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. Нөхцөл байдлыг ухамсарласан өндөр хөгжилтэй орнууд байгальтайгаа зөв харилцаж, томоохон үйлдвэрлэгчид нь орчин үеийн дэвшилтэт технологиос гадна “байгальд ээлтэй” буюу “эко” технологийг нэвтрүүлэн гаргасан бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх чадвараа тодорхойлж болж байгаа. Ер нь орчин үеийн дэвшилтэт технологи гэдэг ойлголт өөрөө “Эко” технологи болсоор байгааг цахилгаан бага зарцуулдаг гэр ахуйн бараа, шатахуун бага зарцуулдаг автомашин, нарны зай хураагуур, салхин сэнснээс эрчим хүч гаргаж авдаг цахилгаан үүсгүүрүүд гээд бидний амьдралд нэвтэрсэн наад захын жишээнүүдээс харж болох юм.  
Ойн салбарын хувьд мод тарих арга технологи илүү нарийн болж, бизнесийн нэгэн том салбар болон хөгжиж байна. Тэр бизнес нь мэдээж “Модыг хэрхэн тэсвэрлэх чадвартай, сайн ургадаг болгох вэ” гэдэг дээр ухаанаа уралдуулах тухай байх юм. Мод, бут сайн ургадаг болоод эхлэхээр иргэд ч мөн адил сэтгэл ханамжтайгаар тарьц, суулгацуудыг худалдан авч жимс, жимсгэнэ тариалах бизнес, орчин тойрноо цэцэрлэгжүүлэх ажилд урам зоригтой хандаад эхэлдэг. Өөрийнхөө гараар тарьж ургуулсан мод, бутаар чимсэн хашаа, цэцэрлэгээ илүү сайхан байлгах гэж анхаарал тавихын хэрээр  тэр газар нь өмсч зүүдэг, эдэлж хэрэглэдэг бүхэнтэй нь адил болон санагдахаас гадна тухайн хүний бас нэгэн бахархал болж хувирдаг юм. Нэг үгээр хэлэхэд дэлхийн хэмжээнд мод тарих нь “сайн үйлс” гэсэн хандлагаас гадна “мода” болон дэлгэрсээр байгаа гэсэн үг. Монголд ч мод тарих “мода” дэлгэрүүлэх аргыг бид олсондоо баяртай байгаа.

-Тэгэхээр танай компани энэ салбарт цоо шинэ арга барил, технологийг нэвтрүүлж байгаа гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Манай компани энэ салбарын хөгжлийг нэлээд судалсан. Үүний үр дүнд олон улсад ойжуулалт, нөхөн сэргээлт хийдэг арга технологийн хамгийн шилдгийг нь олж чадсан. Гэвч Монгол оронд ургадаг мод, бутлаг ургамалд энэ нь таарч тохирох эсэх дээр эргэлзээтэй байлаа. Тийм учраас энэ технологийг Монголын нөхцөлд тохируулах үүднээс ойжуулалт, моджуулалт, нөхөн сэргээлтийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан олон улсын хэмжээний туршлага бүхий байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн юм. Бидний сонголт зөв байсныг батлах шиг технологи маань Монгол оронд ургадаг мод, бутлаг ургамлуудад гайхалтай сайн зохицсон төдийгүй хүлээж байснаас ч  өндөр үр дүн авчирсан. 

-Өндөр үр дүнд хүрсэн гэхээр шинэ технологи тань амжилттай нэвтэрсэн гэсэн үг үү?
-Тийм ээ, бид  Монголдоо анх удаа энгийн модноос гурав дахин хурдан ургадаг, бортоготой, хүчирхэг үндэстэй, амьдралын хувь өндөр буюу 95-хувиас дээш ургадаг тарьцуудыг гаргаж авсан юм.
Гэхдээ зүгээр нэг гаргаж авсан төдийхнөөр бид ажлаа дүгнээгүй. Өөрсдийнхөө ажлын үр дүнг баталгаатай байлгах талаас нь анхаарч нэгэн чухал газарт ойжуулалтын ажил хийсэн. 1950-иад оны үед мод бэлтгэлийн үйлдвэр эрчимтэй ажиллаж, Туул голын хоёр цутгал болох Алтай, Булнай голуудын сав газрууд дахь ойг их хэмжээгээр устгасан байдаг. Үүнээс үүдэн  Туул голын урсац багасч, заримдаа голын урсгал тасалдахад хүрсэн учир 1980-аад оны дунд үеэс эхлэн  тус талбайд ойн нөхөн сэргээлт хийх оролдлогыг хэд хэдэн удаа хийжээ. Гэвч ой хээрийн түймэр, малын хөлийн талхлалт зэргээс шалтгаалан нөхөн сэргээлт үр дүнгүй болж байсан түүхтэй. Үүнээс болж тухайн талбай нь ойн хэв шинжээ алдан хээршиж, байгаль өөрөө сэргэн ургах боломжгүй болсон байв. Энэ газарт бид Оюу толгой, Бороо гоулд, Монполимент, Хурд групп зэрэг Монголдоо томд тооцогддог байгууллагуудтай хамтран 2012 оноос хойш 75 000 ширхэг суулгац тарьсан. Одоо бидний тарьсан мод 99 хувьтай ургаж байгаа нь яах аргагүй том амжилт.  Хамгийн сайхан үр дүн гэвэл Туул голын маань урсац энэ модыг тарьснаас хойш огт тасраагүй, харин ч усны түвшин нэмэгдэж их сайхан өргөн урсаж байгаа. Бид ажлаа эхлээд бас ч үгүй дөрвөн жилийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд судалгаа шинжилгээнийхээ ажилд түлхүү анхаарч, саяхнаас л ажлынхаа үр дүнг бусдад хүргэхээр ажиллаж байна.

-Туул голын урсац тасраагүй тухай та сая ярилаа. Ойжуулалт үүнд хэрхэн  нөлөөлсөн талаар тайлбарлахгүй юу?
Мод гэдэг өөрөө агаар цэвэршүүлэх, хүчилтөрөгч ялгаруулах, хөрсийг сэргээхээс гадна усыг эргэлтэд оруулдаг олон ач тустай ургамал. Ус гэдэг хүний биеийн судсаар урсах цустай адил. Ухаандаа модыг тайрлаа гэхэд хүний амин гол судсыг гэмтээчихсэнтэй утга нэг болно. Харин мод таривал тэр судас дахин цусаар хангагдаж, нөхөн төлжиж байгаа юм.

-Төлөвлөсөн их ажлын хэмжээгээр төдийчинээ том  талбай шаардлагатай байдаг байх. Танайхан  модоо хаана үрслүүлж, үржүүлж байдаг вэ?
Манайх Төв аймгийн Аргалант сумын нутагт 24 га газартай. Үүнээс 10 га орчимд нь одоогоор мод үржүүлж байгаа. Бас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд найман га газар ч бий. Мөн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орчин үеийн “Ухаалаг” хүлэмж ашиглаж байна. Энд гацуур, нарс, хуш, хус, улиас, хайлаас, бургас, хар мод, сухай, заг, жигд, хармаг, монгол бүйлс, гүйлс гээд 14 төрлийн мод, бутыг үрслүүлэн тарьц суулгацуудыг бэлдэж, нэг ээлжиндээ 200,000 ширхэг модыг үржүүлж байна. Харин хүлэмж маань бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол нэг сая модыг нэг ээлжиндээ бойжуулах хүчин чадалтай юм.

-Мод тарих, байгаль орчныг сэргээх сайн дурын ажлуудыг ихэвчлэн ямар нэгэн уриа үг дор өрнүүлдэг. Танай байгууллагын хувьд?
-Томчуул маань үр хүүхдүүдтэйгээ мод тарьж амралтын өдрөө өнгөрөөвөл хамгийн сайхан өгөөжтэй амралт болохоос гадна бидний хойч үе  байгаль дэлхийтэйгээ зөв харилцах, өсөж өндийсөн газар орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй болж хүмүүжинэ гэж би боддог юм.  Үгүй ядахдаа өтөлж хөгшрөөд тэнгэрийн оронд буцсан эцэг эхээ хамтдаа ургуулсан модоор нь төсөөлөн хайрлаж, насан турш мартагдашгүй дурсамжийг хадгалж явах болно шүү дээ. Нөгөө талаас гэвэл харагдах нь ганц мод байвч түүгээр дамжуулан тунгалаг агаар, цэвэр хөрс, чандмань усыг үр ачдаа үлдээж байгаа гэж бодохоор үнэхээр бахархалтай санагддаг юм. Тарьсан модны маань хэмжээгээр үлдэх амьд өв хэмжигдэнэ гэсэн үг. Тийм ч учраас манай байгууллага “Удам дамжих амьд өв” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг даа.

-Танай байгууллагаас тарьц, суулгац худалдан ава­­хыг хүссэн хүмүүс хэрхэн холбогдох боломжтой вэ?
Удахгүй манайх мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх, сургалт явуулах, борлуулалт хийх  цэгүүд нээхээр бэлтгэлээ хангаж байна. Хүссэн хүн бүр Дамбадаржаад байрлах “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-гийн хүлэмж дээр ирж уулзаад мод тарих боломжтой. Мөн хүмүүсийн хэлж заншсанаар “Ардын эрх” –ийн байран дахь манай төв оффист хандаж болох юм. Утсаар холбоо барихыг хүсвэл 99049214, 89034566 дугааруудад хандах боломжтой. 

-Эцэст нь, мэргэжилтэн хүний хувьд мод тарихын чухлыг уншигчдад маань товчхон тайлбарлаад өгөхгүй юу?
-Мод тарих үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл өндөр ач холбогдол өгч үндэсний хэмжээнд жил бүрийн тав, аравдугаар сард мод тарих өдрийг зарлиг болгон тог­тоож өгсөн нь бидний ажил үйлсэд их нэмэр болж бай­на. Манай гурван сая шахам иргэний хоёр сая нь энэ зарлигийн дагуу мод тарихад л жилдээ дөрвөн сая, 10 жилд 40 сая ширхэг мод эх оронд маань нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь бидний ирээдүйдээ ус, агаар, хөрс, цаашлаад бид­нийг сайнаар дурсан санах дурсамжийг удам дамжуулан амьд өв болгон залгамжлуулж байгаа хэрэг юм. Монгол хүн бүр мод тарихын чухлыг үр хүүхэдтэй бо­лохын дайтай сэтгэдэг болсон цагт бид болоод бидний үр хойч утаагүй, хоргүй орчинд амар тайван амьдарна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан