Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжилд хөтлөх их бүтээн байгуулалт ”Майдар Эко хот”


Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслөөс  Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд Жавзундамба хутагтын өргөөг байгуулахаар болсон. Уг өргөөний шав тавих ёслол өчигдөр Төв аймгийн Сэргэлэн суманд боллоо. Ёслолын үеэр “Майдар эко сити” төсөл албан ёсоор нээгдэж буй ч зарласан юм. “Майдар эко сити” төслийн талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Майдар эко сити” төсөл хэрэгжээд дуусахаар Монголд нэг дагуул хот шинээр буй болно гэж ойлголоо. Тэгэхээр иймэрхүү дагавар хот шинээр байгуулах шаардлагатай юу?
-Одоо байгаа нийт 25 хот суурин нь гол төлөв засаг захиргаа, уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэл зэргээр төлөвлөгдсөн байдаг. Өнөөдөр шаваа тавьж буй Майдар хот шиг үндэсний соёл урлаг, ёс заншил, уламжлалт үйлдвэрлэл, аялал жуулчлалд тулгуурласан бүтээн байгуулалт одоогоор байхгүй гэж хэлж болно. Товчоор дүгнэвэл энэхүү дагуул хот нь Засгийн Газрын "Аюулгүй орчинтой Монгол хүн" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт юм.

-Энэ хотыг байгуулснаар нийслэл болон бусад бүс нутагт үзүүлэх ач холбогдлыг хэрхэн тооцсон бэ?
-"Майдар Эко хот" нь Зуунмод, Хөшигтийн хөндийн нисэх буудал дагасан хотуудыг хамарсан Төвийн бүсийн дахин төлөвлөлтийн нэг хэсэг. Манай улсын хувьд анхдагч, цоо шинэ бүтээн байгуулалт. Ач холбогдлын хувьд Улаанбаатар хотын бүх салбарын ачааллыг бууруулна.Үл хөдлөх хөрөнгийн үнэ, ажлын байрны түрээс багасгана. Ингэснээр орон сууц, оффисын үнэ бага, дунд орлоготой иргэдэд хүртээмжтэй болно. Нийслэлд бий болох орон сууцны орон зайд шилжилт хөдөлгөөн хийхээс гадна тархай, бутархай суурьших явдал буурах юм. Ийнхүү нийслэл хотын дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай байгаа санхүүжилтийн өртөг буурч, өөрийгөө зохицуулах чадвар бүрэлдэнэ. Түүнчлэн орон нутагт тогтвортой суурьших нөхцөл ч бүрдүүлнэ. Майдар хот нь манай орны хот байгуулалтын салбарт арвин ахиц, туршлага болно. Ази тив, цаашлаад дэлхий дахины олон улс оронд жишиг, үлгэр дуурайлал болж чадна. Хамгийн гол нь энэхүү төлөвлөлт нь хувийн хэвшлийн санал санаачлага, хөрөнгө оруулалтаар бүтээгдэж байгаа нь сайшаалтай.

-"Майдар эко хот" буюу "Ирээдүйн хот" хэмээн нэрлэсний учир вэ?
-Хүн ам, эдийн засаг, цаг уурын таатай нөхцөлд тохируулан цогц шийдсэн байгаль орчинд ээлтэй, нийгмийн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт юм. Нөгөө талаараа эрчим хүч, цаг хугацаа, явдал хэмнэсэн "Богино замын хот" гэж болно. Тогтвор суурьшилтай эрүүл нийгэм цогцлосноороо ирээдүй хойчид маань үлгэр дуурайлал болж чадна. Орчин үеийн болон эртний загвар шийдлийг хослуулж аялал жуулчлал, аж үйлдвэр, аж ахуйг байгаль экологид ээлтэй байдлаар шийдсэнээрээ ирээдүйтэй. Ус хангамж, зам тээвэр, эрчим хүч зэргийг экологийн эрүүл шийдлээр төлөвлөсөн нь бас онцлогтой. Зөвхөн эрчим хүчний хэрэглээг нь л Улаанбаатар хоттой харьцуулахад нэг хүн тутамд 80 хүртэл хувиар хэмнэсэн нь жинхэнэ эко хот болохыг харуулна.   

-Хот юугаараа оршин суугчдыг өөртөө татах вэ?
-Юуны өмнө амьдарч, аж төрөх цэвэр агаар, цэнгэг ус, байгалийн үзэсгэлэнт чанараараа татах юм. Мөн хотын гол бэлгэ тэмдэг болох эв нэгдэл, энэрэл нигүүслийн Их Майдар бурханы цогцолбор, түүнд дагалдах аялал жуулчлал, амралт зугаалга нь хүмүүсийг татна гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хоттой ойр тул хүмүүсийн хөл хөдөлгөөн чөлөөтэй. Майдар хот дотор зам тээврийн хөдөлгөөнийг дээд зэргээр төлөвлөсөн тул олон нийт чөлөөт цагаа хүссэн зай талбайдаа өнгөрүүлэх боломжтой. Хурдны зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэгтэй холбогдсон нь хэн бүхэнд олон талаар зочлох боломж нээж өгсөн.

-Танаас жилийн найман хувийн хүүтэйгээр олгож байгаа орон сууцны зээлийн талаар тодруулъя. Наадмын дараахан зарим  нэг арилжааны банк энэ зээлийг олгохоо зогсоосон. Саяхан Монголбанк бодлогын хүүгээ чангаруулсан нь энэхүү зээлийн хөтөлбөрт нөлөөлөх нь тодорхой гэх хүн ч байна?
-Албан ёсоор найман хувийн зээлийг зогсоогоогүй гэдгийг албаны хүний хувьд хэлье.  Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Монгол банкнаас энэ зээлийг зогсоох тухай ямар ч шийдвэр гараагүй. Арилжааны банкууд чухам ямар шалтгаанаар олгохгүй байгаагаа өөрсдөө л тайлбарлах ёстой.

0 Сэтгэгдэл
Unen unen. Ar uvriin haalga, tanil, hamaatan, nuuts amrag, mungeer avahchid geed...
Ихэнхи дэд сайдууд хэтэрхий залуу хүмүүс болдог болжээ. Ажлын туршлагагүй, мэргэжлийн бус .... дэндэнэ дэндэнэ гэхэд арай л ширэн нүүртэй.
Хамгийн их уншсан