Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гранд лайн”-аас бусад компани ажлаа эхэлжээ


“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын 21 байршлыг сонгосон. Эдгээр нь 1325.8 га талбайг хамарч байгаа бөгөөд 69 мянга гаруй иргэн амьдарч байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нийт 17 байршилд 686.1 га талбайд 29 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан бол  11 төсөл хэрэгжүүлэгч компани 26.6 га талбайг иргэдтэй зөвшилцөн чөлөөлжээ. Улмаар дээрх газарт эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажил эхлээд байна. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд энэ онд нийт 4000 орчим айлын орон сууцны барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Тиймээс дүүргүүдэд дахин төлөвлөлтийн ажил ямар шатандаа үргэлжилж байгааг хүргэж байна.

Баянзүрх
Тус дүүргийн 8, 16 дугаар хорооны орчим, 51 га талбай бүхий  газарт  “Баганат өргөө” компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нийт талбараас 59 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд 566 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн тэд ирэх онд 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй юм байна. Мөн дүүргийн 42.8 га талбайд “Гангар Инвест” компани шалгарч, 50 айлын газрыг чөлөөлснөөр 1000 айлын орон сууц барих ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Үүнээс 544 айлын орон сууцыг энэ ондоо багтааж улсын комисст хүлээлгэн өгөх зорилт тавьжээ.

Харин тус дүүргийн 13, 14 дүгээр хороонд байршилтай орон сууцын 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийн талбайг долоон хэсэгт хуваасан. Тэдгээрийн нэг болох долоон га хэсэгчилсэн талбайд “Бүрд констракшн” компани ажиллаж, 89 өрхийг түрээсийн байранд оруулж, 110 айлын газрыг чөлөөлжээ. Улмаар эхний ээлжид ашиглалтад оруулах гурван блок барилгын ажлыг энэ сард  эхлүүлсэн байна.  Харин ирэх онд 3760 айлын орон сууцыг 960 хүүхдийн багтаамжтай сургуулийн хамт хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн 11.3 га хэсэгчилсэн талбайд “Моннис урбан девелопент” компани ажиллаж,  106 айлын газрыг чөлөөлж, түрээсийн байранд оруулжээ. Тэд энэ ондоо багтаан 360 айлын орон сууцыг ашиглалтад өгөх бол ирэх жилээс 1260 айлын орон сууц болон 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг барьж дуусгах учиртай юм.
Харин Амгалан орчим буюу тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гранд лайн” компани ажиллаж байна. 16 айлын газрыг чөлөөлөн газар шорооны ажлаа эхэлсэн ч хөрснөөс байгаль орчин болон хүний биед хортой байж болохуйц бодис илэрсний улмаас барилгын ажил тур хугацаанд зогсч, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газраас дээж аван шалгуулж байна. Тус компани энэ ондоо багтаан 349 айлын орон сууц барих учиртай байсан билээ.

Чингэлтэй
Чингэлтэй дүүргийн хувьд 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар сургууль орчмын 15 га хэсэгчилсэн талбайд “Асар өргөө” компани ажил гүйцэтгэхээр шалгарсан. Эхний ээлжийн барилга барих зургаан айлын газрыг худалдах, худалдан авах гэрээгээр чөлөөлсөн бөгөөд хоёр блок тус бүр таван давхар 48 айлын орон сууцын барилгын ажил эхэлжээ. Одоогоор нэгдүгээр блокт суурийн цутгалт хийж, хоёрдугаар блокт газар шорооны ажлыг  эхлүүлсэн аж. Төлөвлөгөө ёсоор явбал энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан 40 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Мөн тус байршилд “Буурал сутай” компани зургаан айлын газрыг чөлөөлөн 12 давхар карказан орон сууцны нэг блок барилгын ажлыг үргэлжлүүлж, хоёр давхрыг хийж дуусгажээ.

Сүхбаатар
Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны долдугаар  хорооллын байршилд  төсөл хэрэгжүүлэх талбайг есөн хэсэгт хэсэгчилсэн хуваасан. Тэдгээрийн нэг талбайд “Асар өргөө” компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран дөрвөн айлын газар чөлөөлж, эхний ээлжийн 16 давхар карказан барилгыг ашиглалтад оруулахаар ажлаа эхэлсэн байна. Тэд энэ ондоо багтаан 165 айлын орон сууцыг ашиглалтад өгөх ёстой. Мөн дүүргийн орон сууцны долдугаар хороолол, 7-12 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх 210 га хэсэгчилсэн талбайд “Бэрэн групп” компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 60 айлын газрыг чөлөөлж  дөрвөн блок барилга тус бүр 2-оос 3 давхар хүртэл угсралтын ажил хийжээ. Тус компани 2000 айлын гурван орон сууцны барилгыг энэ онд ашиглалтад оруулах ёстой. Мөн ирэх онд цэцэрлэг сургуулийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар шав тавьж барилгын газар шорооны ажил эхэлжээ.
Харин Дамбадаржаа орчмын 13 га талбайд “Цэлмэг Ази” компани ажиллаж, 14 айлын  газар чөлөөлж, чөлөөлсөн талбайг хашаалан эхний ээлжийн 300 айлын орон сууц барихаар сууриа ухжээ. 

Сонгинохайрхан
Сонгинохайрхан дүүргийн 5-7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын талбайг Б1, Б2, В1, В2, Г, Г1 гэсэн хэсэгчилсэн талбайд  хуваасан байна.  Тэдгээрийн Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд “Хера пропертийз” компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч,  28 айлын газрыг чөлөөлсөн байна. Ажлын талбайд 189 айлын гурван блок орон сууцны барилга барьж байгаа бөгөөд блок тус бүр хоёр давхар хүртэл угсралтын ажил хийгджээ. Мөн цахилгаан болон дулаан дамжуулалтын 3 пүнкт барьж шугам сүлжээнд холбосон байна. Энэ ондоо багтаан 300 айлын орон сууц, ирэх онд 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй тус тус ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан