Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ган зам” 20 дугаар сургууль есдүгээр сарын 1-нд хүүхдээ хүлээн авах уу


Хичээлийн шинэ жил эхлэхэд 18 хоног үлдлээ. Сургууль цэцэрлэгийн засварын ажил үндсэндээ дуусч байхад “Ган зам” 20 дугаар сургуулийн барилгын ажил эхэлж байна гэсэн мэдээллийн дагуу тус сургуулийг зорилоо. Өнгөрсөн хичээлийн жилд энэ сургуульд өөрийнх нь 1900 гаруй, актлагдсан 73 дугаар сургуулийн 400 орчим хүүхэд хичээллэсэн. Тэгвэл эдгээр 2300 гаруй хүүхдийг ирэх сарын 1-нд сургууль нь хүлээж авч чадах болов уу.

Биднийг очиход хуучин гурван давхар сургуулийн барилгын гадна, дотно засварын ажлыг ид хийж байгаа харагдлаа. Гурван давхар сургуулиа дөрвөн давхар болгох өргөтгөлийн ажлыг дөнгөж эхэлж байгаа аж. Тус сургуульд энэ жил өргөтгөх болон их засварын ажил хийлгэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэг тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай тендер зарлажээ. Барилгын гүйцэтгэлийг “Мөнх өргөө” ХХК нэг тэрбум 693 сая төгрөгт хийж чадна гэсэн эдийн засгийн судалгаагаа танилцуулсан учраас тус компани тендерт ялсан байна.

“Ган зам” 20 дугаар сургуулийн зүгээс сургуулийн барилга их засварт орох болсон тул БШУЯ-нд хүсэлт гарган зургадугаар сарын 7-нд дуусах байсан хичээлийн хөтөлбөрөө шахаж зургадугаар сарын 1-нд дуусгаад сургуулийн барилгыг бүрэн чөлөөлсөн гэнэ. Гэтэл барилгын ажил зургадугаар сарын 15-наас эхэлсэн гэдгийг сургуулийн захирал Н.Батбаяр хэлсэн. Чухам яагаад хугацаа алдсан талаар “Мөнх өргөө” ХХК-ийн ерөнхий инженер Б.Ганзориг “Хэдийгээр бид тендерт ялаад бүх гэрээгээ хийсэн ч Барилга хот байгуулалтын яамнаас барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл зургадугаар сарын 24-нд гарсан. Харин ч тэр зөвшөөрлийг хүлээлгүйгээр ажлаа эхлүүлсэн” хэмээн тайлбарласан юм.

Тендерт ялсан “Мөнх өргөө” ХХК-ийн зүгээс барилгын дотор, гадна засварын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ч өргөтгөлийн ажлыг өөрсдийн хүчээр хийх боломжгүй болсон тул өнгөрсөн сарын дундуур “Ган” ХХК-тай гэрээ хийн, өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэхээр болсон байна. Үүний дагуу “Ган” ХХК ажлаа хүлээн авч, материалаа захиалсаар арав хүрэхгүй өдрийн өмнөөс ажлаа эхлүүлжээ. Нэг давхар нэмж барих өргөтгөлийн ажил эхэлсэн ч “Ган” ХХК-нд сургуулийн зүгээс хичээлийн жил эхлэх дөхсөн учраас дээд давхарт хэрэглэх том төмрүүд болон хөөсөнцөр хавтангуудаа зөөвөрлөж дуусгах шаардлага тавьжээ. Энэ сургуульд үүссэн хүндэл үүгээр дуусахгүй. Шинэ хичээлийн жил эхлэхэд 20 ч хүрэхгүй хоног үлдсэн учраас барилга гүйцэтгэгч компаниуд болон сургуулийнхны дунд үл ойлголцол үүссэн байна.


Н.Батбаяр: Багш нар тавилгаа, хүүхдүүд маань сандал
ширээгээ гэр гэр рүүгээ аваад явсан


Сургуулийн барилгын засвар, өргөтгөлийн үйл явцын талаар тус сургуулийн захирал Н.Батбаяраас тодрууллаа.

-“Ган зам” 20 дугаар сур­гуулийн барилгын ажил удааширч байна гэсэн мэдээлэл аваад та­най сургуулийг зориод ир­лээ. Есдүгээр сарын 1-нд сургуулийн барилга ашиг­лал­тад орох нь уу?
-Сургуулийн барилгын өргөт­гөлийн ажил арван­нэгдүгээр сарын 20 гаргаж дуусах юм. Харин сургуулийн хуучин барилга буюу үндсэн гурван давхрыг их засварт оруулж байна. Бид аль болох хурдан хугацаанд үр дүнтэй чанартай ажлаа хийлгэхийн тулд зургадугаар сарын 1-нд бүх анги танхимаа суллаж өгсөн. Багш нар маань тавилгаа аваад, хүүхдүүд маань сандал ширээгээ гэр гэр рүүгээ аваад явсан. Үгүй бол бидэнд тэр бүгдийг хадгалах агуулах байхгүй. Тавьсан шаардлагын дагуу сургуулиа чөлөөлсөн ч тендерт ялсан “Мөнх өргөө” гэж компани ажлаа эхлүүлэлгүй хугацаа алдсан. Хоёр сар гаруй хугацаанд маш их зүйл амжуулахаар байсан.

-Сургуулийн зүгээс шаард­лага тавьсан уу. Тэд яаж хүлээж авч байсан бэ?
-Сургуулийн зүгээс шаардлага тавьсан. “Мөнх өргөө” гэдэг компани бол угаасаа хүний нөөцгүй, техник хэрэгсэл дутмаг үнэндээ нэр зүүсэн компани л шалгараад ирсэн. Ажиллах хүчгүй учраас гаднаас туслан гүйцэтгэгч оруулахаар болоод сантехник, дотор засал, дээврийн өргөтгөлийг тус тусдаа компани гүйцэтгэж буйгаас хоорондын уялдаа холбоо байхгүй. Тиймээс нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө нь сүйтгэх, материал дээрээ давхардал гаргасан. Зургадугаар сард 10 гаруй хоног бороо ороогүй, их халсан. Тэр үедээ дээврийн ажлаа хийхийг манай зүгээс ч анхааруулсан боловч хийгээгүй. Сүүлд нь дээвэр хуулсантай нь давхцаад хоёр хоног дараалан бороо орсноос дотогшоо дусаал гоожиж, нэг давхар хүртэл нэвчсэн. Тухай бүрт нь би протокол хөтөлж, дээгүүр доогуур гүйсний эцэст саяхнаас нэг ажил нь жигдэрч байна.

-Анги танхимын зас­вараа хийснийхээ дараа дээврийн ажилд орсон хэрэг үү?
-Сургуулийн зүгээс эцэг, эхчүүдээс засварын мөнгө татаж, өөрсдийн хүчээр ангиу­даа засварласан. Бүх ангийн засварыг хийгээд дууссан хойно дээврийн засвар хийхээр өөр компани ажиллаж эхэлсэн. Би өөрөө мэргэжлийн хүн биш учраас барилгын инженер хүнийг хөлслөөд хяналт тавиулан ажиллуулж байна. Мэргэжлийн хүн учраас барилгын ажлыг хянаж, зөвлөгөө өгөөд ажиллаж байгаа. Түүнээс “Мөнх өргөө”-гийнхөн бол миний үгийг огт авдаггүй.

-Ангиудаа өөрсдөө зас­сан юм бол сургуулийн ба­рилгын дотоод засвар гэхээр ямар ажил хийж бай­гаа хэрэг вэ?
-Хуучин байрны сантехникийн ажлыг иж бүрнээр нь хийх. Цонх солих. Гэхдээ бид өмнө нь ихэнхи цонхоо эцэг эхчүүдийнхээ хүчээр сольсон. Мөн нийтийн эзэмшлийн хонгилууд болон шал, хаалга солих ажлыг тэд хийж гүйцэтгэх ёстой. Энэ засварт 560 гаруй сая төгрөгийн ажил хийгдэх учиртай. Өргөтгөлийн ажилд нэг тэрбум 100 сая орчим төгрөг нь зарцуулагдах юм. Энэ мөнгө бол хоосон газар дээр шинээр 640 хүүхдийн иж бүрэн сургууль барих хэмжээний мөнгө, уг нь. Гэтэл “Мөнх өргөө”-гийнхөн нийтийн эзэмшлийн талбайг л засварлаж байж мөнгө, төсөв хүрэхгүй гэсэн асуудал байнга ярьдаг.

-Өргөлтгөлийн нэг давхрыг нэмж барьснаар хэдэн хүүхдийн суудал нэмэгдэнэ гэсэн үг вэ?
-18 анги гэдэг чинь 500 орчим хүүхэд юм уу.

-Танай сургууль яг хэдэн хүүхэдтэй сургууль вэ. Мөн 73 дугаар сургуулийн хүүхдүүд өнгөрсөн хичээ­лийн жил ирж хичээл­лэсэн гэсэн?
-Манай сургуульд өн­гөрсөн жил 1985 хүүхэд суралцсан. Мөн үүнд дээр нэмээд 73 дугаар сургуулийн 16 ангийн 450 гаруй хүүхэд нэмэгдсэн. 2400 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэсэн. Одоо 73 дугаар сургуулийн барилгыг буулгаагүй л байна. Манай сургууль уг нь 975 хүүхдийн багтаамжтай л даа.

-Танай сургуулийн барилга хэдэн онд баригд­сан бэ. Заавал засварын ажил хийхээс өөр аргагүй бол­сон байв уу?
-1984 онд оросууд барьсан. Хуучин орос мэргэжилт­нүү­дийн хүүхэд сурдаг байсан сургууль. 1990 онд тэд нутаг буцахдаа 20 дугаар сургуулийг оруулсан. Анх баригдсан цагаасаа ганц удаа ч их засвар орж байгаагүй. Өнгөрсөн жил хөөцөлдөж байгаад нийслэлийн хөрөнгө оруулалтаар хонгилын давхрын шугамыг 100 сая төгрөгөөр бүрэн шинэчилсэн. Түүний урьд жил 60 гаруй сая төгрөгөөр зарим халдаггүй ангиудын дулааны шугамыг сольсон. Сургуулийн барилгын хувьд зайлшгүй засварт орохоос өөр аргагүй. Мөөгөнцөртдөг, өвөлдөө хүйтэн байсан. Гурван жил хөөцөлдөж байж нэг тэрбум 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт олсон ч гүйцэтгэгч байгууллагатайгаа учраа олж чадахгүй байна. Гэхдээ бол би санасандаа хүртэл л ажлаа хийлгэж авна.

-Барилгын засварын гүй­цэтгэгч компанийн зүгээс хугацаандаа ажлаа дуус­гана гэсэн үү. Мөн дээврийн өргөтгөлийн ажилд маш том төмөр хэрэглэж байна. Хичээл эхлэхээр аюулгүй байдал тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Засварын ажил буюу үндсэн гурван давхрын ажлыг хугацаанд нь заавал дуусгахаас өөр аргагүй. Харин өргөтгөлийн ажлыг хийж байгаа компанид хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө гадна талын ажлыг дуусга гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрэв гадна талын ажил дуусчихвал хүүхэд явдаггүй сургуулийн ард талд кранаа байрлуулаад ажлаа явуулах боломжтой.


Тэнгэрийн байдлаас л өргөтгөлийн ажил хамаарна

Сургуулийн захиралтай ийн ярилцаад барилгын дээд давхруудаар явж үзлээ. Нэг, хоёрдугаар давхрын ангийн завсар дууссан боловч нэг зарим ангид дусаал гоожсоноос таазны шавар, хананы будаг хуурч унажээ. Гуравдугаар давхраас илжирч муудсан үнэр ханхийх бөгөөд зарим ангиудад засвар хийгдээгүй байна. Учир нь хуучин дусаал ордог, аль хэдийнэ мөөгөнцөрт идэгдсэн учраас өргөтгөлийн барилгын дээврийн тавьж дуусахаар тус ангиудыг засварлах гэнэ. Бороо орох бүрт эдгээр дусаал ордог учраас урьтаж засварлаад нэмэргүй гэдгийг тус сургуулийн нярав хэллээ. Мөн урлаг, спорт заалны дээвэр дусаалд идэгдэж хана тааз нь илжирсэн ч засвар хийх компани зөвхөн дээврийн ажлыг нь хийнэ гэжээ. Харин хана, тааз зэргийг засварлах мөнгө төсөвт суугаагүй гэсэн байна.
Ингээд дээврийн өргөт­гөлийн барилгыг хариуцан хийж эхлээд байгаа “Ган” ХХК-ийн инженер Ш.Сүхзагдтай уулзлаа. Тэрээр ““Мөнх өргөө” компани өөрсдийн хүчээр өргөтгөлийн барилгыг барьж чадахгүй болсон учраас манай компанитай тохиролцож, гэрээ хийгээд бид ажилдаа ороод байна. Тэнгэрийн байдал тогтуун, бороо орохгүй бол хичээлийн жил эхлэхэд бид барилгын гадна талын ажлаа хийж дуусна” хэмээн хэллээ. Сургуулийн барилга дээр нэмж өргөтгөл барихын тулд уг нь хуучин дээврийг нь нураах ёстой гэнэ. Гэсэн ч сургуулийн дотоод засал нэгэнт хийгдсэн учраас ингэх боломжгүй гэж байлаа. Харин өргөтгөлийн мансард боссон хойно өөрөөр хэлбэл борооны халхавчтай болсны дараа дээврийг хуулж, бага багаар зөөн буулгах аж.



“Мөнх өргөө” компани туслан гүйцэтгэгч авах болсон шалтгаан

“Мөнх өргөө” компани бол Хөвсгөл аймгийн харьяа. Тэд орон нутагт олон сургуулийн барилга дээр ажилласан ч энэ удаа нийслэлд анхны ажлаа авсан нь энэ. Тус компанийг төлөөлж ерөнхий инженер болох Б.Ганзоригтой ч уулзав. Тэрээр барилгын засварын ажил бол графикийнхаа дагуу явж байгаа гэдгийг дуулгаад туслан гүйцэтгэгч авах болсон шалтгаанаа “Мөнх өргөө” компанийн захирал таалал төгссөн хэмээн тайлбарласан юм.
Тэдний хийж буй сургуулийн гадна пасадыг хөөсөнцрөөр дулаалж, өнгөлөх ажил одоогоор 80 хувьтай байгаа бол сантехникийн ажил 90 хувьтай хийгдсэн гэв. Харин сургуулийн дотоод засварын ажил 70 хувьтай  байгаа ч хугацаандаа дуусна гэдгийг хэлсэн.
Мөн засварласан анги танхим руу дусаал орсныг “Бидний хийсэн гэрээнд дусаалаас засварын ажлыг хамгаална гэж заасан учраас хучилт хийсэн. “Ган” компанид ажлыг хүлээлгэн өгөхөөс өмнө бол дусаал орсон юм биш. Засвар эхлэхээс өмнө дусаал ордог байсан. Гэсэн хэдий ч “Ган” ХХК өөрсдийн зардлаас тухайн дусаал орсон анги танхимыг засварлаж өгнө гэдгээ хэлсэн” гэв.


60 чавганцын ажил

Нэг ажлаа ахин дахин чанаргүй хийхийг монгол ухаанд ингэж хэлцдэг. Тэгвэл боловсролын салбарт олон жил томоохон бүтээн байгуулалт хийлгүй харин 60 чавганцын ажил хийсэн гор гурван жилийн өмнөөс эхлэн гарч байна. Тэр нь зарим сургуулийн барилга нурж, заримд нь хичээллэсэн хүүхдүүд өвлийн улиралд хөлдөж үхэх шахаж байгаагаар илэрсээр. Төр засгаас үүнд анхаарч хөрөнгө мөнгөний асуудлыг боломжоороо шийдвэрлэж өгсөн ч өнөөх л 60 чавганцын ажлаа хийнэ. Үүний жишээ 92 дугаар сургуулийн барилга. Хэдэн жил дараалан хэл ам хийж байж ашиглалтад оруулсан өргөтгөлийн барилга нь ганц жилийн нүүр ч үзэлгүй хана нь цуурч, дээврээсээ дусаал гоожоод эхэлсэн. Шалтгааныг нь тодруулахаар юм мэдэх зарим нь боловсролын салбарт хийгдэж байгаа барилгын ажлын тендер өртөг багатай учраас мэргэжлийн байгууллагууд нь тоодоггүй. Харин барилгын салбарт анхлан орж байгаа компаниуд хоорондоо өрсөлдөөд ажлыг нь авдаг. Тэгээд чанаргүй хийдэг гэх юм билээ. Энэ асуудал “Ган зам” 20 дугаар сургууль дээр ч гэсэн давтагдах вий. 2400 гаруй хүүхдийн хувь заяа шүү дээ. Тэд 20 гаруйхан хоногийн дараа ирэх хичээлийн шинэ жилийг сэтгэл догдлон хүлээж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан