Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхбаатар: Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийнхөн оны эцэст 4000 айлын орон сууц ашиглалтад өгнө


Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхлээд удаагүй ч иргэдийн чөлөөлсөн газар дээр эхний ээлжийн орон сууцнууд хэдийнэ сүндэрлэж, удахгүй ашиглалтад орох гэж байна. Төслийн явцын талаар Гэр хорооллын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн М.Энхбаатартай ярилцлаа.


-Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын явц хэр байна вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу 21 байршилд явуулж байна. Тогтоогдсон байршил бүрийн ажлын явз янз бүр байна. Анх тогтоосон хугацаа, байршлын хэмжээ, иргэд компаниудын тохиролцооноос хамаар  гэсэн үг л дээ. Эхний батлагдсан 12 байршилд барилгын үйл ажиллагаа бүтээн байгуулалтынхаа шатанд орсон. Заримынх нь эхний ээлжийн барилгууд энэ оны сүүлээр ашиглалтад орох гэж байна.  Тухайлбал, “Бэрэн” групп төсөл гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа Сүхбаатар дүүргийн 9, 10,11, 12 дугаар хороонд баригдаж буй “Хангай хотхон” буюу орон сууцны долдугаар хороолол, “Баганат өргөө” ХХК төсөл гүйцэтгэгчээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн найм, 16 дугаар хороонд энэ оны сүүлээр эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтад орох гэж байна.  Зарим нэг, ялангуяа сүүлд батлагдсан найман байршлын хувьд иргэдтэйгээ хоёр болон гурван талт гэрээ байгуулах шатандаа яваа бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж буй, инженерийн шугам сүлжээний зураг төслөө боловсруулж байгаа байршлууд ч бий. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны түвшин янз бүр. Төслийн хүрээнд энэ оны сүүл, ирэх оны эхэнд 2000-4000 орчим айлын орон сууц ашиглалтад орно. Одоогоор нийтдээ 575 нэгж талбар чөлөөлөөд байна. Эхний ээлжийн барилга ашиглалтад орохоор компаниуд бэлэн байраараа иргэдийн газрыг шууд сольж эхлэх учраас дараа дараагийн газар чөлөөлөх ажил харьцангуй амар болно.

-Төсөл гүйцэтгэгч компаниуд тухайн байршилдаа бас цэцэрлэг, сургууль барих ёстой. Энэ жил ашиглалтад орох сургууль цэцэрлэг бий юу?
-Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу эхний ээлжийн байр ашиглалтад орох газарт сургууль цэцэрлэгийн цогцолбор бариад эхэлсэн. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэж өгнө. Манай төслийн онцлог нь нийгмийн болоод инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн байх. Тэгэхээр орон сууц ашиглалтад орохтой зэрэгцээд сургууль цэцэрлэг нь баригдаад явна л гэсэн үг.

-Гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж чадахгүй ч юм уу, ажил нь удаашралтай компани  байна уу?
-Тийм компани байхгүй. 100 гаруй айлын газар чөлөөлсөн хэрнээ барилгын ажил нь эхлээгүй компани бий. БХБЯ-наас зөвшөөрөл авах, зураг эскизийн түвшинд яваа юм. Гэхдээ энэ бол хугацааны л асуудал болохоос тухайн компани ажил гүйцэтгэж чадахгүй гэсэн үг биш.

-“Бүрд” компанийг яриад байх шиг байна. Одоо эхлүүлээгүй орон сууцыг заасан хугацаанд нь ашиглалтад оруулж чадах болов уу?
-Технологи хөгжсөн шүү дээ. Тоосгоор байшин барьдаг байсан үе шиг төсөөлж болохгүй. “Бүрд” компани гэхэд төслийн байршилдаа төмөр карказан буюу маш хурдан баригддаг технологиор 26 давхар байшин барина. БНХАУ-д ашигладаг энэ технологийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар холбогдох байгууллагуудад танилцуулаад батлуулсан. Төлөвлөгөө ч үүний дагуу гарна. Харин гэрээний үүргийн биелэлт буюу тогтоосон хугацаанд бид хяналтаа тавина. Тогтоосон хугацаанаас бага сага өөрчлөлт гарсан тохиолдолд тухайн иргэнд үүсч буй хохирол буюу түр суурьшуулах зардлыг компани төлөөд явах ёстой.

-Төсөл эхлээд удаагүй санагдах юм. Эхний орон сууцнууд ашиглалтад орох гэж байна гэхээр сайн хэрэгжжээ гэж ойлгож болох нь ээ?  
-15 сар л болж байна. Ноднин зураг төслийн шатандаа явж байсан бол энэ жилээс бүтээн байгуулалтын ажил ид эхлээд байна. Монголд өвөл барилгын үйл ажиллагаа зогсдог болохоор хоёр дахь сезоны үе нь эхэлсэн гэсэн үг. Тиймээс тодорхой үр дүнтэй, амжилттай хэрэгжиж байна гэж ойлгож болно. Иргэдийн хандлага үнэлэлт ч сайн байгаа.

-Нэг хэсэг иргэн газраа өгнө өгөхгүй, эсвэл өндөр үнэ нэхээд хөл толгой нь олдохгүй байсан нь намжсан бололтой?
-Энэ үйл ажиллагаа шинэхэн байлаа. Манай байгууллага ч шинэхэн төслийн арга аргачлал Монголын хувьд нэвтрүүлсэн болохоор аль, аль талдаа үл ойлголцох зүйл олон гарч байсан. Харин одоо иргэд журам, гэрээ нөхцөлөө ойлгосон. Тавьж байгаа шаардлага нь ч журмын хүрээнд болоод ирэхээр бид тайлбарлаад ойлголцдог болсон. Дахин төлөвлөлтийн нэг онцлог нь иргэдийн оролцоог хангах. Компаниуд иргэдэд төслөө танилцуулаад санал асуулга авахад олонхи нь дэмждэг. Энэ нь дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг иргэд үнэлж байгааг харуулах нэг илэрхийлэл.

-Аливаа том ажил саад бэрхшээлгүй урагшлах нь ховор. Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн тухайд эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс ангид байж чадах уу?
-Саад бэрхшээл түвшин түвшиндээ байлгүй яахав. Аж ахуйн нэгж болоод улсын түвшинд байгаа хамгийн том асуудал бол эдийн засгийн хямрал. Бүтээн байгуулалтын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт бол макро болон микро эдийн засгийн түвшинд нөлөөлдөг. Нөгөө талдаа улсын төсвийн байдал нь төсвийн хөрөнгөөр хэрэгжих зарим нэг ажил үйлчилгээнд хүндрэл учруулах хандлагатай байгаа. Гэхдээ НЗАА-ны зүгээс төслийг гүйцэтгэх хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л боломжоор хангаад яваа. Ямар нэг байдлаар нийслэлийн зүгээс хөрөнгө мөнгөний хүндрэлээс шалтгаалаад дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх ажлыг цуцалсан, зогсоосон хойшлуулсан зүйл байхгүй.
Бас нэг асуудал нь иргэдийн бичиг баримтын зөрчил. Газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй, гээгдэж үрэгдүүлсэн, банк санхүүгийн барьцаанд тавьсан. Худалдах худалдан авах гэрээ хийсэн хэрнээ нэр дээрээ шилжүүлээгүй. Өв залгамжлах эрхийн зөрчилтэй гэхчлэн. Энэ бүхэн нь иргэн компани хоёр хоорондоо гэрээ хийхэд учирч буй хамгийн том хүндрэл болж байна.

-Хэдэн хувь нь бичиг баримтын зөрчилтэй байна вэ?  
-Тухайн нэг байршил байлаа гэхэд иргэдийн 20-30 хувьд нь ийм зөрчил байдаг. Дахин  төлөвлөлтөд орсон болон ороогүй, дараа дараагийн түвшинд орох гэж байгаа иргэд дор бүрнээ иргэний үүргээ биелүүлж, өмчилж эзэмшиж байгаа газар үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөх эрхийн баталгаажуулсан бичиг баримтын зөрчлөө арилгаж бэлтгэлээ хангаарай гэж хэлмээр байна.

0 Сэтгэгдэл
чиний хөө баримжаатай ярьж сур.залан залан гэхэд дэндүү худлаа ***** юмаа.
unen umu. zag kompani shalgarsan l gsn. udii boltol tohirch gazraa chuluulsun umgui toos shoroond hetsuu bnaa
Хамгийн их уншсан