Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгой нөөц ашигласны төлбөрт 23.5 сая ам.доллар төлөөд байна


Манай улсад орж ирэх ам.долларын урсгал татарсан хэвээр. Харин энэ онд зэсийн баяжмал, газрын тосны  олборлолт нэмэгдэж экспортын орлогын гол эх үүсвэр болоод буй билээ. Энэ онд “Эрдэнэт” үйлдвэр 540 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Үүн дээр “Оюу толгой” ХХК-ийн  үйлдвэрлэхээр төлөвлөсөн  135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт нэмэгдэх учиртай.  Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд өнгөрсөн сарын байдлаар манай улсын зэсийн баяжмал, газрын тос, хайлуур жоншны олборлолт 2.7-53.9 хувиар өссөн дүн гарсан. Зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж буй нь Оюу толгойн ордыг ашиглаж эхэлсэнтэй холбоотой. Нөгөө талаар Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал  нэмэгдүүлэхэд Оюу толгойн  ордын далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалт гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлт манай эдийн засагт байгаа. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг  есдүгээр сарын 31 хүртэл хойшлуулаад буй билээ. Энэ хөрөнгө хойшилсон шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ, хөрөнгө оруулагч талуудын хийж буй гэрээ хэлцэл юм.

Оюу толгой ордын нийт нөөцийн 80 орчим хувь нь далд уурхайд бий. Тус ордод Канадын  “Туркойз Хилл Ресурс” компани “Рио Тинто” компанитай хамтарч хөрөнгө оруулж буй. Ингээд “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны хагас жилийн санхүүгийн тайлангаа гаргаж олон нийтэд зарлалаа. Уг тайланд Оюу толгойн  үйл ажиллагаа, ашиг орлогын талаар хэрхэн тусгасныг дор сийрүүлье. “Оюу Толгой”  ХХК-ийн санхүү хариуцсан захирал Стив Дугган “Энэ улирлын тайлангийн дүн манай хамт олны ил уурхайгаа аюулгүй, тогтвортой, ашигтай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бизнесийн байгууллага болгохын төлөө амжилттай ажиллаж байгааг харуулж байна” гэж дүгнэжээ.
-“Оюу толгой“ ХХК энэ оны эхний хагас жилд 436 сая ам.долларын  цэвэр орлоготой ажиллажээ. Тэгэхдээ 202 мянга орчим тонн зэс, алтны баяжмал борлуулсан байна. Баяжмал дахь металлын агуулгыг  тооцож үзвэл дунджаар 285  сая ам.долларын  51 мянга 600 тонн зэс, 145 сая ам.долларын  126 мянган  унци алт, 5.4 сая ам.долларын  309 мянган унци мөнгө борлуулжээ. Ил уурхайн нэг тонн хүдэрт дунджаар зэс 0.53 хувь, алт 0.60, мөнгө 1.57 гр агуулгатай байгаа аж.
-Монголын Улсын Засгийн газарт зэс, алтны баяжмалын борлуулалтаас нөөц ашигласны төлбөрт  23.5 сая ам.доллар төлсөн байна.
-Баяжмалын борлуулалт он гарснаас хойш 320 хувиар өсч үйлдвэрлэлийн хэмжээг давав. Иймд агуулахад хадгалж байсан баяжмалын нөөц буурчээ.  Үүнээс гадна зэс, алтны баяжмалын үйлдвэрлэл өссөн аж. Тухайлбал хоёрдугаар улиралд 36.2 мянган тонн цэвэр зэс агуулсан 140 мянган тонн зэс, алтны баяжмал үйлдвэрлэсэн тооцоо гарлаа. Цаашид баяжмалын борлуулалт өндөр хэвээр байх бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг давсаар байх төлөв бий аж.
-Борлуулалтын гэрээгээр энэ жил үйлдвэрлэх баяжмалаа бүгдийг нь худалдан авагчдад нийлүүлэх учиртай. Мөн ирэх онд үйлдвэрлэх баяжмалынхаа 92 хувийг борлуулах гэрээ хэлцэл хийжээ. Нөгөө талаар ирэх найман жилд үйлдвэрлэх баяжмалынхаа 84 хувийг мөн борлуулах гэрээтэй байна.  
-Оюу толгойн ил уурхай нээгдээд удаагүй. Олборлож буй хүдрийн металлын агуулга одоо улам нэмэгдэж буй ажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан