Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван толгой ордын метан хийг ирэх оноос ашиглаж эхэлнэ


Манай улсад нүүрсний 180 орчим тэрбум тонн нөөцтэй гэдэг. Үүнээс 20 тэрбум тонн нүүрсний нөөц тогтоогоод байгаа. Тэгэхээр нүүрсний давхаргын метан хийн нөөц чамгүй бий гэсэн үг. Судлаачдын зарим нэг тоо баримтаас үзэхэд одоо нөөц нь тогтоогдоод байгаа нүүрсний ордуудад 70 орчим  тэрбум шоо метр метан хий байх боломжтой гэдэг. Тухайлбал,  5500-9000 ккал/кг илчлэгтэй нүүрсний ордод  200 метрээс доош гүнд  нэг тонн нүүрсэнд 5-30 шоо метр метан хий агуулагддаг тооцоо байдаг аж. Гэвч манай улс нүүрсний давхаргын метан хийгээ өнөөг хүртэл хараахан ашиглаж  чадахгүй байгаа. Тэгвэл  “Эрдэнэс Таван Толгой” ХК нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Ингээд  Солонгосын төрийн өмчит “Кo Gas Corporation” компанитай хамтран Таван толгойн уурхайн талбайд метан хий ашиглах туршилтын үйлдвэр байгуулна. Энэ үйлдвэр нь  788 метр гүн өрөмдсөн  М-05 цооног  ашиглахаар нээв. Туршилтын үйлдвэрээ  арваннэгдүгээр сараас угсарч ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Ингэснээр манай улс нүүрсний давхаргын метан хий ашиглаж эхлэх нөхцөл бүрдэж буй юм.  Уг туршилтын үйлдвэрийг байгуулахад Солонгосын компаниас гадна  Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран ажиллах юм. 

Таван толгой ордод 350 метрийн гүнд метан хийн судалгаа хийжээ. Эл судалгааг  Норвестийн аргаар тооцож үзвэл тус ордод  20-30 тэрбум шоо метр метан хийн нөөц байгаа нь тогтоогдсон байна.   Тэр дундаа 700 метрээс доош гүн  нүүрсний давхаргад  метан хийн хуримтлал их, чанар өндөр байгаа аж. Солонгосын  “Ko Gas Corporation” компани салбартаа дэлхийд эхний 16-д багтдаг бөгөөд байгалийн хий импортлогч аж. Тус компани Солонгост 2700 км байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг бөгөөд энэ оны II улиралд 94.6 тэрбум воны ашигтай ажилласан гэдэг мэдээлэл бий.  

М-05 цооногын нээлтийн үеэр  “Ko Gas Corporation”-ий  захирал Ян  Юнг Мюнг “Манай улс эрчим хүчнийхээ 96 хувийг гаднаас авдаг ч техник технологийн хувьд бид олон жилийн туршлагатай тул чанартай эрчим хүч дамжуулж чаддаг. Тиймээс Монгол Улстай технологийн тал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой нь энэ хугацаанд харагдаж байна” гэжээ.  Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төсөл, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав, “Эрчим хүч үйлдвэрлэлийн хамгийн бага өртөгтэй түүхий эд бол метан хий. Бидэнд харьцангуй шинэ зүйл хэдий ч дэлхий дахин энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг түгээмэл ашиглаж байна.  Метан хийг судалж эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах зорилгоор  “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилээс ажлаа  эхлүүлсэн.  Хайгуулын  гурван цооногт  судалгаа хийлгэлээ. Тухайн үед яг энэ талын судалгаа шинжилгээний лаборатор  байгаагүй тул  “Ko Gas Corporation”, “Элгэн”  компани метан хий судлагааны  лаборатор  оруулж ирсэн юм. Судалгааны  ажил  үр дүнд хүрч  хоёр цооногоос метаны агуулга 90 хувьтай гарсан. Метан хийн үйлдвэрлэл тодорхой үр дүнд хүрвэл эхний ээлжинд бид Улаанбаатарын утааг үгүй болгох боломжтой гэж харж байгаа. Дараа нь үйлдвэрлэлийн түвшинд баталгаатай болбол хэрэглээний олон сонголт бий болно. Дагаад хийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд Монголд хөгжих нь гарцаагүй. Одоо барих  туршилтын үйлдвэрээс үр дүн гарна гэж тооцож байгаа” гэж дүгнэжээ. 

Дашрамд дурдхад,  Монголын байгаль орчны консорциум “Налайхын нүүрсний уурхайд метан олборлох, ашиглах боломж  илрүүлэх судалгаа”, “Монгол орны нүүрсний метан хийн нөөц, хүлэмжийн хийг тодорхойлох” төсөл хэрэгжүүлж байв. Энэ төслийн хүрээнд  Нарийнсухайт, Багануурын нүүрсний уурхайд метан хийн нөөцийн судалгаа хийсэн байдаг. Тэгэхдээ эдгээр нүүрсний уурхайд  300-400 метр гүн өрөмдөж  метан хийн нөөцийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Ингээд Нарийн Сухайтад 700, Багануурын уурхайд 124 сая шоо метр метан хийн нөөц бий гэж үзсэн байна.  Метан хийн дулаан ялгаруулах чадвар нүүрснийхээс 2.5 дахин их гэдэг. Иймд  Нарийн сухайтад 8.5 мегаВаттын хүчин чадалтай цахилгаан станц барих боломжтой гэсэн тооцоо гарчээ. Энэ цахилгаан станцыг барихад долоон сая гаруй ам.доллар  шаардлагатай аж. Харин цахилгаан станцаа барьчихвал 5-6 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломж бий гэдэг. Тэгэхээр манай улс цаашид метан хийн судалгаагаа өргөжүүлж нөөцөө тогтоогоод хөрөнгө оруулалт татаж ашиглаж чадвал чамгүй ашигтай, байгаль орчинд ээлтэй, нийгэмд тулгамдаж буй эрчим хүч, дулааны асуудлаа шийдэх боломж бий ажээ. Үүний эхлэлийг “Эрдэнэс Таван толгой” ХК тавилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан