Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж: Дэлхийн хөгжлийг хотуудын дарга нар тодорхойлох байдал бий болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд нээлтээ хийсэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцон үг хэлэв.

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулган манай нийслэл Улаанбаатар хотод болж байгаа нь туйлын чухал үйл явдал юм гэж үзэж байна. Энэ форумд хүрэлцэн ирсэн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарт чин сэтгэлээсээ баяр хүргэж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлхийн хөгжлийг хотуудын дарга нар тодорхойлох байдал бий болж байна гэсэн дүгнэлт байдаг. Дээрээс нь мөн хотуудын дарга нар иргэдийнхээ хамгийн их дэмжлэг хүлээсэн удирдагчид байдаг гэдгийг энд бас хэлэхэд таатай байна. Мэдээж, манай хотуудад сайн хийгдэж байгаа зүйлүүд их байгаа. Бас олон хүндрэлтэй асуудал тулгамдаж байгаа. Эдгээрийг Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулганы үеэр дэлгэрэнгүй ярилцана гэж бодож байна.

Монгол Улсын хувьд ч гэсэн хотуудын өмнө, хот, суурин газруудын өмнө хүндрэлтэй асуудлууд нэлээд тулгарч байгаа. Хамгийн гол асуудал бол хүнээ тойруулж хотоо хөгжүүлэх асуудал юм. Хот гэдэг бол өөрөө хүнд үйлчилдэг, хүний хэрэгцээнд үйлчилдэг, оршин суугчдынхаа төлөө байдаг, ийм чухал бүтэц юм. Ингэж харж хотынхоо төлөвлөлт, бодлогыг хийх юм бол хандлага нь зөв болдог байдал ажиглагдаж байгаа юм.

Хотуудын асуудлыг шийдвэрлэх таван боломж байна уу гэж би харж байгаа. Ингээд энэ талаар санаа бодлоо товчхон хэлье гэж бодож байна. Нэгд, орчин үеийн технологи нэвтэрч байгаа энэ үед хотуудын удирдлага нь ойролцоогоор, миний бодлоор, онгоцны, нислэгийн удирдлагатай адилхан үр дүнтэй хэлбэр рүү орох бүрэн боломжтой. Орчин үеийн технологийн ололт, дээр нь хотын хүнд үйлчлэх зөв зохион байгуулалтыг хийж чадах юм бол хотын удирдлага гэдэг тийм ч дааж давшгүй хүнд зүйл биш гэдэг нь харагдаж байна.

Хоёр дахь нь, хотын удирдлага бол оршин суугчдын удирдлага гэж хэлж болно. Манайд орон сууцанд СӨХ гэж байдаг. Гэр хороололд айлууд гудамж гудамжаараа нэгдэж зохион байгуулалтад орсон байдаг. Хотын удирдлага бол тэр оршин суугчдын дарга. СӨХ-ны дарга. Тэр гудамжаараа зохион байгуулалтад орсон иргэдийн дарга гэх байдлаар шатлаж зохион байгуулагдаж үйлчлэх юм бол илүү зөв хэлбэрт орох магадлал байгаа. Хотод үүсч байгаа асуудлыг бид нэг талаас сорилт гэж харах, нөгөө талаас боломж гэж харах ёстой юм шиг байгаа юм. Төв Засгийн газар ч адилхан, улс орон ч адилхан, хотын ард иргэд ч адилхан, хотод дахин төлөвлөлт, нийтийн тээвэр, аюулгүй байдал, үйлчилгээ гээд хүндрэлтэй асуудлууд байгаа бол үүнийг хөгжлийн боломж гэж харах юм бол зөв болох байх. Хотын асуудлыг шийднэ гэдэг бол хөрөнгө оруулалт татах, хөгжил дэвшлийг түлхэх гол эх үүсвэр болох магадлалтай. Ийм учраас хотод тулгамдаж байгаа асуудлыг боломж гэж харж, оршин суугчидтайгаа, Засгийн газартайгаа зөв зохицуулж ажиллах юм бол сайхан боломж гарч ирэх нөхцөл, боломж байна. Монгол Улсын хувьд энэ чиглэлд тодорхой санаачилга гаргаж байгаа.

Гуравт, хотдоо, ард иргэдийнхээ мэдэлд тодорхой төсөв хуваарилдаг. Хотын ард иргэд, тухайн гудамж, тухайн дүүрэг, хороонд амьдарч байгаа иргэд цуглараад, тэр төсвөөр юу хийх вэ гэж ярилцаад, иргэдийн хяналт дор хэрэгжүүлдэг болсон. Иргэдийн оролцоо, тэдний хяналт хамгийн чухал болж байгаа.

Хүмүүс мөнгө, санхүүгийн боломж гарахаар ойр орчноо сайхан болгохыг хичээдэг юм байна. Айл өрх ч гэсэн жаахан мөнгөтэй бол гэрээ өөд нь татдаг. Илүү жаахан мөнгө гараад ирвэл гудамж талбай, амьдарч байгаа орчноо сайхан болгодог. Иймэрхүү боломж олгож, хүмүүстээ санаачилга өгөх юм бол энэ ажил зөв явах боломжтой нь эндээс харагдаж байгаа.

Дөрөвт, хотуудын хөгжил, дэвшилд хамгийн чухал нэг зүйл бол хотын удирдлагын өөрийнх нь бие даасан байдал юм. Ард иргэдээсээ илүү хамааралтай байдаг тэр боломжийг хотын удирдлагад олгож өгвөл зөв болж байгаа. Дээр нь санхүүгийн бие даасан байдал хамгийн чухал. Санхүүгийн бие даасан байдал гэдэг дотор хотын оршин суугчдын тодорхой төрлийн татваруудыг төв Засгийн газраас зөвхөн хотын мэдэлд үлдээх юм бол их зөв хэлбэр болох юм. Манайд бол хүн амын орлогын албан татвар, үндсэн хөрөнгийн татвар гэх юм уу, иймэрхүү боломжуудыг үүсгэх талаар ярьж, иймэрхүү алхмууд хийж эхэлж байгаа. Үүн дээр нэмээд боломжууд гаргаж өгөх юм бол хотын Хурал, хотын өөрөө удирдах байгууллагууд асуудлыг их зөв шийдээд явах боломжтой. Төв Засгийн газар юм уу, улс нийтийн хэмжээнд харин ч дарамт биш, илүү хөгжлийн боломж нээгээд цаашаа явах сайхан боломж байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.

Тавдугаарт, миний нэг хардаг юм бол аливаа том хот бол хотуудын хот байх ёстой. Хүмүүсийнхээ амьдарч байгаа газар руу жижгэрч зохион байгуулалтаа хийх нь их зөв юм шиг байгаа юм. Манай Улаанбаатар хотын хувьд ч ийм санаачилга гараад явж байгааг би хувьдаа их дэмждэг. Оршин суугаа газар бүхэнд тэр боломжийг олгодог, жижиг жижиг хотуудаас бүрдсэн хотуудын удирдлага гэдэг чиглэл рүү зохион байгуулалтаа хийж чадвал их боломжтой. Монгол Улсын хувьд газар нутгийн боломжоосоо шалтгаалаад шинээр хөгжин тэлэх, шинээр газар зохион байгуулалт, газар хувьчлалтай холбоотойгоор шинэ суурьшлуудаа их зөв хийх нь чухал юм.

Хуучин хотын асуудлыг шийдэхийн тулд шинээр хот барих нь илүү давуу тал болж харагдаж байгаа. Хуучин хотын төлөвлөлтийг дахин зохион байгуулна гэдэг бол шинээр хот барихаас хүндрэлтэй байгаа юм. Гэхдээ, мэдээж хуучин суурин хотынхоо асуудлыг бид шийдэхээс өөр аргагүй гэдгийг энд хэлье.

Хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг яг та бүхэн шиг сайн мэддэг хүмүүс байхгүй учраас энэ чуулганаар сайхан ярилцаж, зөв, ирээдүйтэй шийдвэрүүд гарч, бие биедээ тус болох байх. Хамгийн гол нь та бүхэн бие биеэсээ сайн суралцаж чадах байх. Бидний хувьд ч гэсэн Монгол Улсын хотууд, нийслэл хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх ямар боломж байгаа болон өөр өөрийн хотуудад тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдсэн талаар та бүхэн маш их үнэтэй санаанууд гаргаж чадна гэж би бодож байна. Сайн санаа, сайн шийдэл байх юм бол санхүү үргэлж байх боломжтой. Үргэлж байдаг гэж би боддог. Хамгийн гол асуудал бол сайн санаа, зөв шийдэл байгаа юм. Түүнийгээ гаргаад зөв зохион байгуулж чадах юм бол олон асуудал шийдэгдэх боломжтой.

Манай Зүүн хойд Азийн хотуудын чуулган их чухал үйл явдлын өмнө болж байгаа. Зүүн хойд Азийн чухал орон БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр бид бэлтгэж байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах төлөвлөгөө гаргаад хоёр талаасаа ажиллаж байгаа.

Энэ уулзалтын үеэр ч хотуудын дарга нарын чуулган дээр яригдсан зүйлүүд, гаргасан санаачлагыг төрийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллах талаар яригдах байх. Санал солилцох боломж гарах байх гэж найдаж байна. Аливаа ажил бие биеийн дэмжлэгтэйгээр, харилцан оролцоотойгоор явдаг. Цаашдаа ч энэ хотуудын удирдлагуудын үйл ажиллагаа, энэ уулзалт тогтмолжиж үр дүнтэй болох байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Манай улсын нийслэл Улаанбаатарт болж байгаа энэ чухал уулзалтад цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн Зүүн хойд Азийн олон хотын удирдлагууд, төлөөлөлд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа цохон тэмдэглэж хэлье. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан