Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүмүүнлэгийн тусламж, усны гачлан газар авсан өдрүүд


Зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн, алан хядагчдын дайралт, хэт халуун зэргээс үүдэлтэй хоол хүнс, ундны ус, дулаан хувцас, эм тариа, цахилгаан гээд зайлшгүй шаардлагатай зүйлсийн гачланд орсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхтэй холбоотой асуудал дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан сэдвийн нэг болж хувирлаа.



Украин

Эдгээрээс Оросын зүгээс Украины зүүн мужийн иргэдэд зориулан явуулсан 2000 тонн хүмүүнлэгийн тусламжийг тойрсон асуудал олны анхаарлыг хамгийн их татаж байна. Америк тэргүүтэй өрнөдийн орнууд нэг талаас хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж, нөгөө талаас тусламж нэрийдлээр цэргээ оруулах нь гэж дэлхий нийтэд хуурамч түгшүүр төрүүлсэн хэдий ч Орос тэр бүхнийг үл ажран тусламжаа явуулсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг тусламжийн барааг нэг бүрчлэн шалгаад ямар ч цэрэг, сум, зэвсэг байхгүй тусламжийн бараа мөн гэдгийг баталсны дараа Украины тал арга буюу тусламжийг хил давуулахаар болсон. Ингэсэн хэдий ч үнэхээр оруулж эхлэх эсэх, тусламжийн машинуудыг дагалдан явах Улаан загалмайн байгууллагын ажилтнуудын амь нас, аюулгүй байдлын баталгаа гээд олон асуудал эцэслэн шийдэгдээгүй л байна. Энэ хооронд Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд зүүн мужийн иргэдэд Украины Засгийн газраас явуулсан 100 тонн бараа тусламжийг тараан өгчээ.

Украины зүүн мужуудыг хамраад байгаа, нэн даруй шийдвэрлэх ёстой өөр нэг асуудал нь цахилгаан хангамж. Тусгай ажиллагааны явцад орон сууц, эмнэлэг зэрэг байгууламжуудад цахилгаан дамжуулах ёстой олон арван дэд станц шатаж, олон мянган хүн цахилгаангүй болсон. Украины дүрвэгсдийн тоог сөргөлдөгч талууд янз бүрээр гаргаж байгаа ч хамгийн багаар бодоход 70 мянган иргэн дайны улмаас орон гэрээ орхин дүрвэжээ.

Сири

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Валери Амос иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа энэ улсын хүмүүнлэгийн асуудлын талаар мэдэгдэл хийжээ. Энэ мэдэгдлээс үзвэл Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд зөвхөн өнгөрсөн сард гэхэд л Сирийн 3,7 сая хүнийг хоол, хүнсээр хангасан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хагас  сая хүнд хүрэлцэх хэмжээний эм ба эмийн бэлдмэлийн нөөцийг Сири рүү нийлүүлж. НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сан Сирийн 16,5 сая хүнийг ундны усаар хангасан.

Ийм их тусламж үзүүлсэн ч хангалтгүй байгаа аж. Өдгөө Сирийн 11 сая иргэдэд хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай байгааг Валери Амос онцлов. 11 сая хүн гэдэг гурван жилийн өмнө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байсан хүнээс даруй 10 саяар их байгаа хэрэг юм.
4,7 сая хүн байлдааны ажиллагаа тогтмол явуулж байгаа бүсэд аж төрж байгаагийн улмаас тусламж үзүүлэхэд бэрхшээлтэй бүс нутагт амьдарч байна. Эдгээрээс 241 мянга нь бүслэлтийн байдалд удаан хугацааны турш амьдарч байгаа.
Сирийн энгийн номхон иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг үр ашигтай үзүүлэхэд Засгийн газрын эсрэг байлдаж байгаа бүлэглэлүүдийн хоорондын зөрчил тэмцэл, тусламж үзүүлж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах боломжгүй байдал, Засгийн газрын албан тушаалтнуудын хүнд суртал их саад болж байна гэж онцолсон аж.

Ирак

“Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэлийн Иракийн хойд нутагт хийсэн дайралтын улмаас олон зуун мянган хүн алан хядагчдын гарт өртөхгүйн тулд гэр орон, хот тосгоноо орхин дүрвэсэн. Үүнийг дагаад олон мянган дүрвэгсдийг хоол хүнс, ус, эм, орон гэрээр хангахтай холбоотой хүмүүнлэгийн хямрал үүссэн. Олон жил дайтан баж Саддамыг түлхэн унагаж ардчилсан чөлөөт болголоо гэсэн Иракт алан хядагч бүлэглэл ялна гэдэг байж боломгүй зүйл. Иймд өрнөдийн орнууд Иракийн армийг зэвсэг техникээр хангах, алан хядагчдын байрлалд агаараас цохилт өгөх, дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гээд зүйл бүрээр дэмжиж байгаа. Иракийн дүрвэгсдэд НҮБ, Европын холбоо идэвхтэй тусламж үзүүлж байна. Байдал ноцтой байгаа тул Европын холбоо таван сая еврогийн нэмэлт тусламж үзүүлэхээр болов.

“ИЛЛУ” бүлэглэлийн алан хядагчид Иракийн үндэсний цөөнх болдог омгийн хүмүүсийг хомроглон устгаж эхэлсний дараа тусламжаа эрс нэмэгдүүлсэн. Тухайлбал, алан хядагчдаас зугатан ууланд бүгсэн езид омгийнхонд Америк болон Британийн цэргийнхэн онгоцноос хоол, ус, майхан зэргийг хаяж өгч их тус болсон. Зөвхөн Сири ба Иракийн хил орчмын уулархаг газар 200 мянга гаруй езидүүд дүрвэн бөөгнөрсөн гэхээр ямар их хэмжээний хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болсон нь ойлгомжтой байх. Өчигдөр Германы нисэх хүчний онгоцууд Иракийн хойд нутаг дахь дүрвэгсдэд зориулан 30 тонн хүнс, зургаан тонн эм хүргэлээ. Зөвхөн өрнөдийн орнууд гэлтгүй Иран ч тусламж үзүүлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Ираны Улаан загалмайн нийгэмлэг дүрвэгсдэд хоол хүнс, дулаан хөнжил майхан хүргэж өгсөн байна. Иракт дайны улмаас дотоодын дүрвэгсдийн тоо 1,5 саяд хүрээд байгаа.

Газын зурвас

Израйль ба палестинчуудын хооронд таван долоо хоногийн турш үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас олон мянган энгийн номхон хүн амиа алдаж, шархадсан. Палестины зэвсэгт бүлэглэлүүдийг сум, зэвсгээр хангуулахгүйн тулд Израйлийн арми Газын зурвасыг бүхэлд нь бүслэн хаасан. Үүний дараагаас зурваст амьдардаг олон арван мянган хүн хоол хүнс, ундны ус, эм тарианы дутагдалд орсон юм. Олон улсын хамтын нийгэмлэг сөргөлдөгч талуудыг энгийн номхон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгохын тулд гал зогсоохын удаа дараалан шаардсаар ирсэн. Талууд гал зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст оруулах талаар тохиролцож байсан ч хоёроос гурван цагийн дараа харилцан бие биенээ буруутган ахин гал нээж эхэлж байв. Палестины удирдагч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан  Газрын зурвасыг хүмүүнлэгийн  тусламж үзүүлэх хэрэгтэй гамшгийн бүс болгон зарлахыг уриалсан. Хүнийг  эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллагын мэдээнээс үзвэл зэвсэгт сөргөлдөөний улмаас Газын зурваст амьдардаг 1,7 сая хүн зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний хомсдол хямралд ороод байгаа аж.

Ус


Энэ мэтээр зарим улс шашин, яс үндэс ба улс төрийн үзэл бодлын ялгаанаас үүдэлтэй дайн тулааны улмаас хүмүүнлэгийн хямралд ороод байна. Хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа хүмүүст нэн тэргүүнд шаардлагатай байдаг зүйл нь цэвэр ус. Дээр нэр гарсан бүх оронд үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн жагсаалтын №1-д ямагт цэвэр ус байдаг. Гэтэл зарим улс дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг тооцолгүй харалган бодлого явуулж байгаагаас үүдэн ундны усны хямралд ороод байна.

Жишээлэхэд, Бразилийн хамгийн олон хүн оршин суудаг Сан Паулу хот сүүлийн 84 жил болж байгаагүй ган гачгийн улмаас ундны усны хямралд оржээ. Цэвэр усны хямрал дараагийн саруудад улам хурцдана гэж цаг агаар судлаачид анхааруулсаар. Гэтэл хотын удирдлага болон төв Засгийн газраас шаардлага тавьсаар атал хотын ус, суваг ашиглалтын газар хотын олон сая оршин суугчдад ундны усыг хүртээмжтэй болгох үүднээс хязгаарлах тухай төлөвлөгөөг боловсруулаагүй төдийгүй хязгаарлавал усны хэрэглээ улам нэмэгдэнэ гэж мэдэгджээ.

Цэвэр усны дутагдлыг даган нүүрлэдэг өөр нэг том асуудал нь цахилгааны хүртээмж. Киргизид Токтогулийн усан санд усны түвшин ойрын хэдэн жил байгаагүйгээр эрс буурснаас үүдэн усан цахилгаан станцууд шаардлагатай хэмжээний цахилгаан үйлдвэрлэж чадахгүй болов. Иймд энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн дараа жилийн гуравдугаар сар хүртэл цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ. Цахилгаан хэмнэхийн тулд ахуйн хэрэглэгчдийн гурван фазтай оролтуудыг таслах, саун, машин угаалга гэх мэт газрууд усаа цахилгаанаар халаахыг хориглох, төмөр хайлуулах гэх мэт зорилгоор цахилгаан ашигладаг үйлдвэрүүдийг зогсоох хатуу арга хэмжээ авахаар болсон байна. Мөн энэ өвөл орон байраа халаахын тулд нүүрс, аргалыг эртнээс нөөцөлж эхлэхийг уриалжээ. Усан санд цэвэр усны дутагдал үүссэн гол шалтгаан нь өмнөх эрх баригчдын явуулж байсан харалган бодлого гэжээ.  2010-2014 онд ус ашиглалт хариуцсан  авлигад идэгдсэн хүмүүс цэвэр усыг нөөцлөхийн оронд Узбекистан, Казахстаны хөвөнгийн болон буудайн тариаланг услахын тулд 10 тэрбум шоо метр цэвэр усыг цахилгаан станцаас гадуур, тусгай сувгаар дамжуулан урсгаж байснаас ийм байдал үүссэн гэнэ.

Ираны нийслэл Тегераны цэвэр усны нөөц байж болох хамгийн доод хэмжээнд хүрч буурсан байна. Усны нөөц багасч байгаатай холбоотойгоор эрх баригчид иргэддээ хандан усаа хэмнэхийг уриалсан ч хэт халуун байгаагаас үүдэн хэрэглээ улам нэмэгджээ. Үүнээс болж одоо Ираны нийслэл ердөө 37 хоногийн цэвэр усны нөөцтэй байна. Асуудал ийм ноцтой болж байгаагаас үүдэн   Каспийн тэнгисийн шорвог усыг цэвэршүүлэн тусгай хоолойгоор татах боломжийг Ираны эрх баригчид судалж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан