Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар өмчлөх эрхтэй болсон иргэдээс шаардлага хангаагүйг хасч, дахин шалгаруулна


Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газар эзэмших эрх нь 2002 онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиар нээгдсэн. Түүнээс хойш цаасан хэлбэрээр хүсэлт гаргаж, газар өмчилсөн иргэдийн тоо энэ он хүртэл 105 мянга гаруй байсан бол цахим хэлбэрээр 15 хоногт 281 мянга гаруй иргэн газар эзэмших хүсэлт илгээлээ. Энэ бол 12 жилийн турш үйлчилсэн хуулийн хэрэгжилт 15-хан хоногт хоёр дахин сайжирсан үзүүлэлт. Бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд төрийн албаны хүнд сурталтай тулах шаардлагагүй болсон учраас иргэд ийнхүү олноор бүртгүүлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Юутай ч хагас сарын турш үргэлжилсэн эхний цахим бүртгэл алдаа, оноотой ч 14 мянга гаруй иргэнийг 0.07 га газар эзэмших эрхтэй болгосноор дууслаа.

Гэхдээ сонгогдсон иргэдээс шаардлага хангаагүй иргэдийг хасч, дахин сугалаа явуулна гэдгийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Мэдээлэл, технологийн хэлтсээс мэдээлж байна.

Хасагдах иргэдийн нэр эхнээсээ тодорчээ

“2016 он хүртэл шат дараатай үргэлжлэх дээрх ажлын дараа 1.1 сая иргэн гэр бүлийн хэрэгцээний газартай болно” гэдгийг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдсэн. Гэхдээ иргэдэд өмчлүүлэхээр сонгосон 52 байршлаас энэ удаад сонгогдсон таван байршил нь Улаанбаатар хотын төвтэй хамгийн ойр, дэд бүтцийн асуудал нь энэ жилээс шийдэгдэж эхлэхээр төлөвлөгдсөн юм. Харин дээрх байршилд газар эзэмших эрхтэй болсон иргэдийн нэрс дунд Ч.Алтанзул нь хоёр удаа бичигдсэн мөн өөр байршилд овог нэрээ ойлгомжгүй байдлаар буюу тэмдэгтээр оруулсан, гадаад иргэдийн нэрс сонгогдсон зэрэг нь маргаан дэгдсэн юм. Энэ нь автомат сонгон шалгаруулалтад итгэх иргэдийн итгэлийг бууруулсан. Тиймээс энэ бүхэн яагаад үүсэх болсон талаар бид Өмчийн харилцааны газраас тодрууллаа.

Иргэдийн хүсэлтийг бүртгэх цахим систем нь иргэдийн овог, нэр, регистрийн дугаар алдаатай байгаа эсэхээс үл хамааран бүртгэл хийхээр тохируулагдсан байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө Улаанбаатар хотод бүртгэгдсэн Монгол Улсын иргэний лавлагаанд суурилан сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нээж өгчээ. Түүнээс Өмчийн харилцааны газарт иргэдийн регистрийн дугаарыг ашиглан тулгалт хийх, үнэн зөв эсэхийг нь шүүн тунгаан эрх зүйн боломж байдаггүй юм байна. Улмаар бүртгэлийн явцад регистрийн дугаараа буруу оруулсан иргэд дахин программд хандаж бүртгүүлэх боломж үүссэн байна. Тиймээс хоёр газарт газар эзэмших эрхтэй болсон Ч.Алтанзул нь ч дээрх шиг удаа дараа бүртгүүлсэн болж таарчээ. Харин нэгэнт газар эзэмших болзол хангасан учраас түүний газар эзэмших хүсэлтийг нь Өмчийн харилцааны газар хүлээж авах бөгөөд алдаатай оруулсан регистрийн дугаартай өмчлөх эрхийг нь цуцлах аж.

Мөн овог нэр нь ойлгомжгүй тэмдэгтээс бүрдсэн, гадаад иргэдийн нэрс зэргийг шалгаж өгөх хүсэлтийг Иргэний бүртгэл мэдээллийн төвд хандан гаргажээ. Тус төвөөс дээрх иргэдийн нэр, регистрийн дугаарыг шалгаж, үнэхээр Улаанбаатар хотын харьяат бус, ойлгомжгүй тэмдэгтээс бүрдсэн нэр нь иргэний бүртгэлд байхгүй бол эргээд Өмчийн харилцааны газарт хандах аж. Ингэснээр тэдгээр иргэдийн газар өмчлөх эрхийг нь түдгэлзүүлэх юм. Түүнчлэн автомат сонголтын системд хэн нэгэн халдсан болон үнэн зөв явагдсан эсэхийг хянаж өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын газарт гаргасан байна. Мөн газар эзэмших хүсэлт гаргах эрх нь нээгдсэн 14 мянга гаруй иргэн 10 хоногтоо багтан хүсэлтээ хүргүүлэхгүй бол тэдний эрхийг түдгэлзүүлнэ гэдгийг анхааруулав. Ингэснээр сонгогдсон иргэдээс тодорхой хувь нь газар эзэмших эрхгүй болох тооцоо байгаа аж. Улмаар суларсан зайнд сонгогдсон болон хасагдсан иргэдийг оруулалгүй бүртгэл ирүүлсэн иргэдийн дунд дахин газар өмчлөх эрхийн автомат сонголт явуулах аж.

Гадаадад байгаа иргэд хүсэлтээ Монголд байгаа хүнээр дамжуулан гаргаж болно

Гадаад улсаас цахим бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэд гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газар эзэмших эрхтэй болсон бол 10 хоногтоо багтаан газар эзэмших хүсэлт гаргах ёстой. Гэхдээ өөрийн биеэр авчирч өгч чадахгүй тохиолдолд өөрийн төрөл төрөгсдөөр болон цахим хэлбэрээр хүсэлтээ хүргүүлж болох юм байна. Харин газар эзэмших эрхийн захирамж авахын тулд өөрийн биеэр байх шаардлагатай. Үнэхээр боломжгүй бол өөрийн төлөөлөгчийг эрхзүйн актаар батламжлан захирамжаа гардан авч болох юм байна.

Б.ШИРНЭН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан