Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадууд ”Mercedes-Benz”-ийг сэлбэгийнхээ үнийг үнийг үндэслэлгүй өсгөсөн гэж буруутгалаа


Хятадын эрх баригчид Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компанийг бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэж буруутгалаа. Зянши мужид “Mercedes-Benz” машины сэлбэгийн үнэ хэт их өсч байгаа тухай мэдээний дагуу Хятадын эрх баригчид шалгалт явуулаад ийм мэдэгдэл хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятад дахь “BMW”-ийн албан ёсны борлуулагч дөрвөн компанийг мөн л үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэсэн хэргээр 250 мянган ам.доллараар торгосон юм. Үүнээс гадна “Audi”, “Chrysler”, “General Motors” зэрэг дэлхийд алдартай машин үйлдвэрлэгч компанийг монополийн эсрэг хуулийг зөрчин үнээ өсгөсөн гэж сэжиглэн шалгаж байгаа.


Эдгээр шалгалт, зэмлэлийн дараа Европын эдийн засгийн танхим нь Хятадад өрнөдийн бизнесийг үндэслэлгүйгээр сүрдүүлж, эрсдэлд оруулж байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн. Хятадын холбогдох албад өөрийн эсвэл гадаадын гэж ялгалгүйгээр бүгдэд нь адил шаардлага тавьж байдаг гэсэн хариу өгчээ.
Европ, Америк  гэлтгүй Японы компаниудад үнээ бууруулах шаардлага тавиад байгаа бөгөөд авто машины сэлбэг үйлдвэрлэдэг Японы 12 компанийг бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүй нэмсэн гэж буруутгаад байгаа.
Европ ба АНУ-ын зах зээл дээр нэг машины бүх сэлбэг, эд ангийн үнэ нь шинэ машиныхаас ойролцоогоор гурав дахин өндөр байдаг бол Хятадын зах зээл дээр энэ харьцаа 12:1 хүрдэг. Иймд өрнөдийн компаниуд зах зээл дээрх давуу байдлаа ашиглан сэлбэг, эд ангийнхаа үнийг үндэслэлгүйгээр өсгөж байна гэж хардахаас өөр аргагүй.

Энэ мэтээр машин үйлдвэрлэгч өрнөдийн компаниудыг монополийн эсрэг хуулийг зөрчлөө гэж шил шилээ дарсан шалгалт явуулж эхэлсний үр дүнд зарим том компани сэлбэг, эд ангийнхаа үнийг эрс бууруулахаар шийдээд байгаагаа албан ёсоор зарлажээ. “Үгүй бид өсгөөгүй” гэж гүрийн дуулиан шуугиан тарилгүйгээр бушуухан буулт хийж, торгууль тавибал торгуулийг нь төлөх төдийгүй сэлбэг, эд ангийн үнийг эрс бууруулах лут том шалтгаан өрнөдийн машин үйлдвэрлэгчдэд бий.

Юуны өмнө манай урд хөршийн автомашины зах зээл дэлхийн хамгийн том нь. Машины борлуулалтын тоо, нэр төрөл цаашид удаан хугацааны турш эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжих боломж зөвхөн Хятадын зах зээлд л бий. Иймд өрнөдийн тэргүүлэгч бүх компани Хятадад хамтарсан үйлдвэр байгуулах, худалдан авалтын дараах засвар үйлчилгээ хийх, үйлдвэрүүдэд эд анги, сэлбэг нийлүүлэх зэргээр бүтээгдэхүүнээ борлуулах бат байр суурьтай болохыг хичээдэг.
Зөвхөн өнгөрсөн оны байдлаар Хятадын зах зээлд 21,98 сая машин борлогдсон нь 2012 оныхоос даруй 13,9 хувиар өссөн гэдгийг тус улсын машин үйлдвэрлэгчдийн ассоциаци мэдээлж байв. Эднээс алсын тээврийн машин, автобусыг хасвал зөвхөн хөнгөн тэрэгний борлуулалт гэхэд 17,93 саяд хүрч 16 хувиар өссөн байна. Энэ эрчээрээ явбал 2014 онд Хятадад нийт 23,85-24,29 сая машин борлогдоно гэж тооцжээ. Дэлхийн машин үйлдвэрлэлийн толгой компаниуд бүгд өнгөрсөн жилд манай урд хөршид борлуулсан машины тоогоороо дээд амжилт тогтоосны хүчинд л алдагдалгүй ажилласан гэж болно. Зөвхөн Америкийн “General Motors” гэхэд л 2013 онд Хятад дахь борлуулалтаа 11 хувиар нэмэгдүүлж, 3,16 сая машин борлуулсан. Хятад дахь гадаадын машин үйлдвэрлэгчдийн дотроос “General Motors” компани 2005-2012 онд борлуулалтаараа тэргүүлж ирсэн байдаг.

Гэхдээ өнгөрсөн жил Америкийн компанийг Германы “Volkswagen AG” шахаж, нэгдүгээрт оров. Энэ компани 2013 онд Хятадын зах зээлд 3,27 сая машин зарж дээд амжилт тогтоосон байна.
Америкийн өөр нэгэн машин үйлдвэрлэгч “Ford Motor Co” нь 2013 онд Хятадын зах зээл дээр анх удаагаа борлуулалтын хэмжээгээр “Toyota” компанийг ардаа орхин гуравдугаарт орсон юм. Өнгөрсөн жил “Ford” 935 мянга 813 машинаа Хятадад зарж чаджээ.

“Toyota” компани Хятад дахь жилийн борлуулалтаараа гуравдугаарт байснаа доошилж өнгөрсөн жил зургаадугаарт орсон. Гэхдээ л 2013 онд Хятад дахь борлуулалт нь 9,2 хувиар нэмэгдэн 917,5 мянган машин зарсан байх юм.
Ийм том, цаашид бараг л хязгааргүй өсөх боломжтой, ирээдүйд өрнөдөд гарч магадгүй алдагдлыг нь нөхөн даатгах зах зээлд байр сууриа алдахгүй байх нь нэн чухал нь ойлгомжтой. Тиймдээ ч сэлбэгээ хямдруулаад эрх баригчидтай муудалцалгүй сайн харилцаатай байх нь хамгийн ухаалаг алхам юм. 2014 оны эхний хагас жилийн байдлаар манай урд хөршийн зах зээл дээрх машины борлуулалт 11 хувиар нэмэгдэж, 9,09 сая машин зарагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан