Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Энхтөр: Манай улс өндөр хөгжилтэй биш ч хромсомын шинжилгээ хийдэг цөөхөн орны нэг


ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөртэй эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарч буй дэвшил болон зарим тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
 
-Сүүлийн үед төрөлхийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношилдог болсон гэсэн. Энэ мэдээллээр яриагаа эхлэх үү?
-Монгол улс пренетал оношлогоо буюу эхийн хэвлийд байхад нь төрөлхийн зүрхний гажиг болон бусад эмгэгийг оношлох чадамж муу байсан.  2011 онд нийт төрөлхийн хөгжлийн гажгийн 97 орчим хувь нь хожуу буюу эмчилгээгүй болсон үедээ оношлогдож байлаа. Харин одоо удам зүйн лабораторитой болсноор пренетал оношилгоо хийж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил төвийнхөө хяналтанд байсан 11 мянган жирэмсэн эхийг зүрхний төрөлхийн гажгийн тандалтад хамруулж, 237 нярайн зүрхний төрөлхийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношилсон. Төрсөн даруйд нь зөв тусламж үзүүлж, хяналтандаа авах боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ эхийн хэвлийд байхад нь оношлох боломжгүй өвчин гэж бий. Үүнийг нярайн скрийнинг гэдэг шинжилгээгээр илрүүлдэг.
Жишээ нь, түнхний мултрал. Өмнө нь түнхний мултралыг  ГССҮТ дээр нэг, хоёр гурван настайд нь буюу эмчилгээ авах бололцоогүй болсон үед нь арай гэж оношилдог байв. Хоёр гурван жил сойлт хийгээд үр дүнгүй бол хагалгаа хийдэг байлаа. Тэгвэл манай төв Швейцарийн мэс заслын эмч нартай хамтраад 2010 оноос эхлэн түнхний мултралыг төрсний дараахь эхний 24 цагийн дотор эхо аппаратаар оношилдог технологи нэвтрүүлсэн. Хүүхдэд ямар ч хоргүй. Оношлогдсон хүүхэд маань хөнгөн хэлбэрийн сойлт эмчилгээ хийлгээд 100 хувь эмчлэгдэж байна. Швейцарь, Герман, Австрид нэвтэрсэн технологи Япон Америк  Хятадад очоогүй байхад манай төв дээр ирсэн.

-Гэхдээ зөвхөн ЭХЭМҮТ-т төрсөн хүүхдүүдийг л оношлох уу?
-Цаашид улсын хэмжээнд нэвтрүүлэх ажлын хэсэг ажиллаж байна. Эхний ээлжинд Улаанбаатар хотын нэг, хоёр, гуравдугаар амаржих газарт сургалт явуулж аппаратыг нь нийлүүлээд байна. Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт нэвтрүүлсэн. 2016 он гэхэд таван аймгийг нэмж хамруулаад 2020 он гэхэд Монгол Улсын бүх аймгийг түнхний мултралын оношилгоо,  эмчилгээнд хамруулна.

-Тандалт судалгааны тогтолцоо бий болгосон гэв үү?
-Тандалт судалгааны тогтолцоог бүтэн хоёр жил хөөцөлдөж гэмээнэ бий болгоод байна. Амьдрал дээр эх хүүхдийн эндэгдлийн тоо маш зөрүүтэй гардаг. ЭМЯ, ҮСГ, ОУ-ын байгууллагын, манай төвийн гэхчлэн өөр өөр тоо харагддаг. Тоо нь зөрүүтэй ойлгомжгүй учраас авч хэрэгжүүлэх арга зам нь бүрхэг болдог. Тиймээс олон улсын загварын дагуу тандалт судалгааны босоо тогтолцоотой болсон. Үүний хүрээнд эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, Перинаталь эндэгдэл /төрсний эхний долоо хоног дахь/, төрөлхийн хөгжлийн гажиг гэсэн дөрвөн үзүүлэлтээр улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн бүртгэл явуулж эхэлсэн. Төрөлхийн хөгжлийн гажгийг бүртгэдэг тогтолцоог 2015 онд нэвтрүүлнэ.
Мөн өсвөр үеийн эрүүл мэндтэй холбоотой тоо баримт бараг л байхгүйтэй адил учраас энэ чиглэлээр тандалт судалгаа явуулдаг болно. Зүрхний төрөлхийн гажиг, үргүйдэл ч багтана. Үнэндээ үргүйдэлтэй залуу хэд байгаа, анхдагч шалтгаан нь юу вэ, хэдэн хүн гадагшаа явж эмчлүүлж байна, хэдийг нь Монголд эмчлэх боломжтой вэ гэсэн албан ёсны тоо байхгүй. Энэ бүх асуудлыг тандалт судалгааны тогтолцооны хүрээнд шийдэхээр ажиллаж байна.

-Танай төв дээр хромсомын шинжилгээ хийдэг болсон гэж дуулсан. Ач холбогдлынх нь тухайд?  
-Хромсомын шинжилгээ хийнэ гэдэг нь анагаах ухааны хөгжлийн түвшинг илтгэж байгаа чухал дэвшил. Манай орон өндөр хөгжилтэй биш ч хоромсомын шинжилгээ хийдэг дэлхийн цөөхөн орны тоонд орсон. Одоогийн байдлаар 162 сэжиг бүхий тохиолдолд хоромсомын шинжилгээ хийж, 40 эмгэгийг эхийн хэвлийд байхад нь оношлоод байна. Дауны хам шинжтэй 30 хүүхдийг хэвлийд байхад нь оношилсон. Бид өмнө нь дауны хам шинжийг эмнэлзүйн шинж тэмдгээр биед нь илэрч байгаа өөрчлөлтөөр оношилдог байсан. Хэзээ ч лабораториор оношилж байгаагүй. Одоо тэгвэл төрсний дараа ч биш бүр эхийн хэвлийд байхад нь оношилдог боллоо. Энэ баталгаажилтыг ар гэрийнхэнтэй нь ярилцаад жирэмслэлтийг зогсоох уу, зохицуулах уу гэдгийг асуудаг. Хэрэв эцэг эх хүсвэл төрж болно. Ийм өвчтэй хүүхэд төрөх нь байна шүү гэж хэлж чадаж байгаа маань анагаах ухааны дэвшил. Мөн 2334 жирэмсэн эхэд удам зүйн цогц шинжилгээ хийсэн. 37 тохиолдолд эмгэг илэрсэн. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй бүлгийн 2334 эхэд ийм хэмжээний эмгэг илрүүлнэ гэдэг нь эдийн засгийн ач холбогдлоос гадна нийгэм, сэтгэл зүйн асар их ач холбогдолтой. 2011 онд эрт оношлогдсон хувь дөнгөж 3.2 байсан бол одоо 21 хувьд хүрээд байна.

-Зарим эмнэлгийн хэллэгийг сайн ойлгохгүй л байна. Нярайн скрийнинг гэж юу юм бэ. Ямар эмгэг багтдаг юм бол?
-Үүнд үндсэн дөрвөн эмгэг багтдаг. Түнхний мултралаар бид 8544 нярайг төрсний дараах скрийнингд хамруулахад 1.3 хувьд нь хүчтэй эмчилгээ шаардлагатай гэж оношлогдсон. Дутуу нярайн ретинопати буюу нярайн нүд сохордог эмгэгийг эхийн хэвлийд нь оношилж маш олон нярайг эмчилгээнд хамруулж нүд сохрохоос хамгаалж чадаж байна. Одоо ийм эмгэгтэй 72 хүүхэд хяналтанд эмчлүүлж байна. Эрт үед нь илрүүлээгүй тохиолдолд Солонгост гэхэд 120 орчим сая төгрөгийн үнэтэй эмчилгээ хийлгэдэг. Харин эрт оношилсноор дөрвөн сая төгрөгийн эмээр эмчилдэг. Ингэснээр нүд нь сохрохгүйгээс гадна ар гэрт нь учирч болох санхүүгийн дарамтаас чөлөөлж байна гэсэн үг. Сонсгол бууралтын эмгэгийг мөн энэ аргаар эрт илрүүлж, эмчилж байна.

-Саяхнаас дурангийн мэс засал хийдэг болсон байх аа?
-Бидний хувьд мөрөөдөл байсан шүү дээ. 2013 оны арванхоёрдугаар сараас эхлэн  хүүхдэд дурангийн мэс засал хийдэг болсон. Эх барих эмэгтэйчүүдийн салбарт дурангийн хагалгааг манай эмнэлэг 1995 онд анх нэвтрүүлсэн ч технологийн хоцрогдлоос болоод зогсонги байсан юм. Одоо эргээд сэргэж байгаа. Үргүйдлийн асуудал бий. Тоо баримтын хувьд ээдрээтэй, улсын үндэсний аюулгүй байдлын асуудал.  Манайд үргүйдлийг эмчилдэг хувийн эмнэлгүүд байдаг ч ЭХЭМҮТ анх удаа Монголд цогц  бодлогоор багаа бүрдүүлээд есдүгээр сард нээлтээ хийх гэж байна.

Эмэнд хордсон хүүхдүүдийг өрхийн эмчид
хүлээлгэж өгнө


-Одоо хүүхэд бүр л тархины даралттай төрж байна гэх юм. Эмэнд хордсон хүүхдүүд ч ийм оноштой байсан шүү дээ. Юунаас шалтгаалаад хүүхдүүд ийм өвчтэй төрөөд байна вэ?
-Ард түмний ярианд тархины даралт гээд байгаа болохоос анагаахын албан ёсны хэллэгээр тархины хүчилтөрөгчийн дутагдал юм. Жирэмсэн эхчүүдийн 70 хувь нь архаг хууч эмгэгтэй байна. Тухайлбал, бөөрний дутагдалтай жирэмсэн эхийн ураг хэвлийд байхдаа аль хэдийнэ тархины хүчилтөрөгчийн дутагдалд орсон байдаг.
Өөрөөр хэлбэл, эхийн биеийн байдал, жирэмсэн үедээ биеэ авч яваа байдал, архи, тамхи, эмний хэрэглээнээс шалтгаалдаг. Нөгөө нэг хүчин зүйл нь төрөлтийг хэр зөв удирдахаас шалтгаалдаг. Эрүүл мэндийн байгууллага, амаржих газрын өмнө тулгамдсан асуудлын нэг л дээ. Тийм ч учраас бүх төсөл хөтөлбөр төрөлтийг зөв удирдахад чиглэгдэж байна. Хэвлийд байх үе, төрөх үе болон төрсний дараах эхний долоо хоногийн асаргаа сувилгаа гэсэн үндсэн гурван бүлэг шалтгааны улмаас тархины хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг. Нийгмийн болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ энэ талаар гаргасан статистик тоо гэж байхгүй. Нярайн өвчлөлийн шалтгааны гуравны нэг хувь нь тархины хүчилтөрөгчийн дутагдал байдаг.

-Эмэнд хордсон хүүхдүүд үнэхээр тархины даралттай байсан уу?
-Фенобарбитал бүлгийн эм нь нарийн заалттай, хяналттай олгодог учраас бүх нярайд бичиж өгөх боломжгүй. ДЭМБ-ын удирдамжийн дагуу дээрх бүлгийн люминал эмийг хэрэглэх хоёр заалт байдаг. Тархины хүчилтөрөгч дутлын эмчилгээ, тархины уналт таталт бүхий өвчин эмгэгийн үед хэрэглэнэ. Мөн нярайн шарлалттай холбоотой элэгний үйл ажиллагааг дэмжих байдлаар хэрэглэдэг.  Хүүхдүүдэд энэ эмийг хэр зөв бичиж өгсөн бэ гэдгийг ЭМЯ-нд ажлын хэсэг байгуулагдаад судалж байна. Урьдчилсан байдлаар хэлэхэд 16 хүүхэд бүгд энэ эмийг хэрэглэх заалт бүхий өвчтэй байсан.

-Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал хэр байна вэ?
-16 хүүхдийн 12 нь эмнэлгээс гарахад бэлэн болсон. Цусны сийрэн дотор агуулагдаж байгаа фенобарбиталын түвшинг тодорхойлоход эмийн хэмжээ аюулгүй түвшинд хүрсэн. Бүгд хордолтоос гарсан гэсэн үг. Гэхдээ энэ хүүхдүүдийг шууд гаргаад явуулчихгүй. Өрхийн эмч болон харьяа дүүргийнх нь хүүхдийн ерөнхий эмч мэргэжилтэнд гараас гарт бүх шинжилгээнийх нь хариутай хүлээлгэж өгнө.

-12 нь эмнэлгээс гарч болно гэлээ. Үлдсэн дөрөв нь сайнгүй байгаа гэсэн үг үү?
-Тэд ч эмнэлгээс гарч болно. Гэхдээ цочромтгой, элэгний үйл ажиллагаа нь алдагдсан, нярайн шарлалттай учраас энэ эмийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, эм хэрэглэх зорилго агуулсан өвчин нь байгаа учраас үндсэн өвчинг нь эдгээж байгаад гаргая гэсэн бодлоор хэд хоног эмчилгээ хийлгээч гэсэн саналыг ар гэрийнхэнд тавьсан.

-Хожим энэ эмийн хор уршиг илэрч болох уу?
-Би хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний мэргэжлийн эмч. Цочмог хордолтын үед үзүүлэх нөлөө нь тэр үедээ илэрдэг. Хүндрэл гарвал тэр үедээ л гарна.  10 жилийн дараа ямар нэг асуудал үүслээ гэхэд тэр нь эмийн хордлоготой ямар ч холбоогүй. Хожмын уршиг байхгүй гэдгийг би батлана.

Эмч дутагдалтай ч төлөвлөгөөт хагалгаа, эмчилгээ үйлчилгээ тасраагүй

-Сүүлийн хоёр, гуравхан жилийн дотор тоног төхөөрөмжийн хангамж эрс сайжирч, үүнийгээ дагаад эмчилгээнд ч ахиц гарсан гэлээ. Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бэ. Хэр их мөнгө шаардагдсан бол?
-Зөвхөн удам зүйн лаборатори байгуулахад 2012, 2013 онд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Засгаас хийсэн. Зүрхний мэс заслын оношилгоо мэс заслыг хийх аппарат гэхэд 1.8 тэрбум төгрөгийн үнэтэй. Японы буцалтгүй тусламжаар гурван сая ам.долларын тоног төхөөрөмжийн захиалга өгөөд байна. Тусламжийн хүрээнд ирэх рентген аппарат гэхэд хамгийн сүүлийн үеийн 700 мянган ам.долларын үнэтэй юм билээ. Мөн Австрийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сая еврогийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ. Захиалгаа хийгээд Засгийн газрын түвшинд гэрээ байгуулсан. Ирэх аравдугаар сард нийлүүлэх байх. Гэхдээ манай эмнэлэг худалдан авах ажиллагаа зохион байгуулдаггүй. Хэрэгтэй зүйлээ тайлбарлаж ойлгуулаад хөөцөлдөх л үүрэгтэй хүлээн авагч байгууллага шүү дээ.

-Хүний нөөцийн хувьд асуудалтай байгаа дуулдсан. Энэ тухайд?
-1125 эмч ажилтны орон тоотой гэдэг утгаараа хамгийн том эрүүл мэндийн байгууллага. Сувилагч гэхэд 570 бий. Одоо дутагдаж байгаа мэргэжилтэн гэвэл нойрсуулах унтуулгын эмч. Унтуулагч эмч дутлаа гээд бусдыгаа ухаан алдаж унатал нь ажиллуулсан зүйл байхгүй. Манай төвийн эмч мэргжилтнүүд хөдөө дуудагддаг, томилолтоор явдаг, энэ үед ээлжийн амралт авах нь их болохоор зундаа эмч нарын тоо харьцангуй цөөрдөг. Гэтэл нөгөө талаас зун хөдөөнийнхөн хүүхдийнхээ амралтыг тохиолдуулаад төлөвлөгөөт хагалгааг нь хийлгэе гээд ирэх урсгал нь нэмэгддэг. Хүний нөөцийн түвшин буурах үеэр эмчлүүлэгсдийн урсгал нэмэгдээд ирдэгтэй холбоотой зундаа хүний нөөцийн асуудал гардаг. Энэ асуудлаа бид яаманд тавьсаар байгаа. Эмч мэргэжилтэн сонгож авахад бас бэрхшээл бий. Гурав дахь шатлалын эмнэлэгт дөнгөж төгссөн эмч ажиллуулж болохгүй учраас би хууль зөрчиж чадахгүй. Нөгөөтэйгүүр хүний нөөцийн хувьд бүх эмнэлэг ижил байдалтай байна. Маш олон жил бэлдсэн, байгууллагын зардлаар мэргэжил дээшлүүлээд дадлагажуулаад авсан эмчийг хувийн эмнэлгүүд өндөр цалин амлаад авчихдаг. Гол асуудал нь ердөө л энэ.

-Энэ оны эхний хагас жилийн статистик мэдээлэлд хүүхдийн эндэгдэл 9.8 хувиар нэмэгдсэн гэсэн байсан. Энэ өндөр хувь биш үү?
-Тийм зүйл байхгүй. Хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд оногдох нас баралтаар хэмждэг. Хэзээ ч хувиар илэрхийлдэггүй. Тэр үзүүлэлтээр авч үзээд өнгөрсөн оны мөн үеийг одоо үетэй харьцуулах юм бол нас баралт 0.9 промиллоор нэмэгдсэн. Эдийн засаг биш, хүний эрүүл мэндийн асуудлыг бүтэн жилээр гаргаж эндэгдэл ихэссэн багассаныг дүгнэх ёстой.
Ингэж байж шалтгааных нь дүр зураг харагддаг. 0.9 промилл гэдэг нь стандарт хазайлтын хэвийн үзэгдэл. Хэрэв тууштай өсөх хандлага гарвал мэдээж бид хэлнэ.  Мянганы хөгжлийн дөрөв, тавдугаар зорилтод эх нярайн эндэгдлийг бууруулах тухай заасан байдаг. Манай улсад нэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нь мянганы хөгжлийн зорилтот түвшинд хадгалагдсан хэвээр байгаа.

0 Сэтгэгдэл
Chromosomiin shinjilgee xiideg tsooxon oron gex um, Ondor xogjiltei Bux orond jiremsen emegteid exnii 3 doloo xonogiin dotor xiideg shinjilgee, tsooxon oron gej xelj boloxgui ee
Хамгийн их уншсан