Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага боловсролын том шинэчлэл

Насаараа мал дагасан эмээ маань “Хадаас тэгшхэн хадаад сурчихвал тэр чинь л боловсрол юм” хэмээн зүггүй хэдэн ач, зээгээ зэмлэн байж сургадагсан. Тухайн үед “Тэгвэл, хадаас тэгшхэн хадаж сурчихаад сургуульд явахгүй байж болох нь ээ” гэх хүүхдийн гэнэн томоогүй сэтгэлээр ханддаг байв. Хожим бодох нь эмээгийн зөв байж. Хүүхдийг дөрвөн ханан дунд цагдаж танхимын боловсролоор толгойг нь дүүргэж, түмэн янзын тоо, томъёогоор толгой эргэтэл бөмбөгдөх нь боловсрол биш ажээ. Гэхдээ боловсрол, мэдлэг хэрэггүй гэж байгаа бус түүнийг хүртээж буй арга барилаа өөрчлөх цаг болсон тухай өгүүлэх гээд байна. Яг л хадаас тэгшхэн хадаж сурчихаад сургуулиа хаях тухай миний томоогүй бодол шиг.

Боловсролыг энгийнээр тодорхойлохдоо ”Чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөр тодорхойлох боломжтой. Хэрэв, хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл “Хүний өөрийгөө боловс­руулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа та­нин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн" хэмээсэн байна. Ухамсартайгаар... Энэ үг л боловсролын салбарт шинэч­лэл хийх болсныг гэрчилнэ.

Дээр дурдсанчлан хэт явцуу, хахир хатуу, тулган шаардсан хэлбэрийн заах аргазүй зэвэрч хуучирсан учир хүүхэд амархан залхдаг. Хэт хүчилсэн “Чи заавал даалгавараа хийх ёстой” гэсэн шаардлага тухайн сурагчийг ухамсаргүйгээр суралцах гэрийн тэжээмэл амьтан мэт болгодог тухай эрдэмтэн судлаачид нотолж байна.

Бид саяхныг хүртэл ийм л хүчилсэн арга барилаар боловсролын үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Олон хичээл зааж, агуулгыг нь гүнзгийрүүлэх тусам хүүхэд сайн сурч, мундаг хүн болно гэж ойлгодог байж. Харин эл хуучинсаг, хайрцаглагдсан сургалтын арга барилыг халж огт өөр, хүүхдийн хүсэл сонирхолд хөтлөгдсөн заах аргазүйг нэвтрүүлхээр боловсролын салбарын шинэчлэл өрнөж байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн дагуу эл ажил хэрэгжиж байгаа юм.

Энэ хүрээнд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр хоёр жилийн өм­нөөс хэрэгжиж эхэлсэн. Анх дөрвөн сургуульд туршсан хөтөл­бөрийн хоёрдугаар ээлжинд 21 аймаг, есөн дүүргийн 40 сургуулийг хамруулсан нь эерэг үр дүн үзүүлж өдгөө энэ ажил Монгол орон даяар хэрэгжиж эхлээд байна. Улсын хэмжээнд 755 сургуулийг хамрах бага боловсролын шинэчлэл багш, боловсон хүчин, эцэг эх, удирдах ажилтнуудын сэтгэлд нийцэж, сургалтын чанар ахисан үзүүлэлттэй гарч байгаа юм. Д.Сүх­баатарын нэрэмжит нийс­лэлийн I сургуульд бол­сон бага боловсролын шинэ­чилсэн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай өчигдрийн сургалтад нийслэл, орон нутгийн ЕБС-ийн захирал, сургалтын менежер хамрагдаж заавар, зөвлөгөө авлаа.

Долоо хоногийн турш үргэлжлэх сургалтын эхний ээлжинд удирдах ажилтнууд хамрагдах бол хоёрдугаар ээлжээс багш нарыг хамруулах гэнэ. Давтагдсан тоогоор 2000 орчим хүнд хүрэх эл сургалтын гол агуулга нь сургалтын заах аргазүйг шинэчлэх. Урьд үндсэн сургалтаас гадна гүнзгийрүүлсэн сургалт мөн хүүхдийн авьяас чадварт тү­шиг­лэсэн дугуйлан хичээл­лүүлж, авьяастай гэсэн шал­гуурт нийцэж буй цөөн хүүхдийг хамруулдаг бай­сан. Энэ нь бусад хүүхэд орхиг­доход хүрдэг гол шалтгаан байсан. Үүнийг өөрчилж хүүхэд бүрийг аль нэг давуу талаар нь хөгжүүлэх, түүнээс улбаалан бусад хичээлд нь сонирхолтой болгох арга барил юм. Бага боловсролоос эхэлж буй хөтөлбөрийн шинэчлэл 2016 оныг дуустал үргэлжилж дунд, ахлах ангиудад ч хүрч хэрэгжих юм.

Д.Наранцацралт: Байшин барих тоосго бүхэн бүтэн байх ёстой

Сургалтад хамрагдсан захирал, сургалтын менежерүүдээс Сонгинохайрхан дүүргийн XII бүрэн дунд сургуулийн захирал Д.Наранцацралтыг онцлон ярилцлаа. Учир нь, XII сургууль бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршсан лаборатор 40 сургуулийн нэг. Хоёр жил өрнөсөн туршилтын үр дүн сайн байсан тул орон нутгийн 18, нийслэлийн есөн дүүргийн 20 гаруй сургууль эднийд ирж туршлага судлан хөтөлбөрийн үйл явцтай танилцсан аж. Энэ тухай түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Бага боловсролын шинэчлэлийн ажил өргөжиж байна. Энэ жилээс улс орон даяар хэрэгжиж 755 сургууль хамрагдахаар боллоо. Танай сургууль анхны лаборатор сургууль болохын хувьд хөтөлбөрийн үр өгөөжийг дүгнэх байх?
-Шинэчлэлийн ажил хоёр жилийн өмнөөс эхэлж анх дөрвөн сургууль туршилтад орж байсан бол өнгөрсөн жил 40 болон нэмэгдсэн. Харин энэ жил улс орон даяар буюу 755 сургуульд хэрэгжиж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж өндөр буйг илтгэх хамгийн том илэрхийлэл. Товчхондоо шинэчлэлийн цар хүрээ улам өргөжиж байгааг хэрэг.
Дээр дурдсан хоёрдугаар ээлжийн 40 сургуульд манай сургууль багтсан. Эдгээр сургууль юу туршсан бэ гэвэл хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шинэчлэлийн Засгийн газрын зорилтыг хөрсөнд буулгасан хэрэг. Мөн үүний цаана “Зөв Монгол хүүхэд” гэх Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр бий. Энэ бол маш нарийн системтэйгээр боловсролын салбарын эд эс бүхэнд хүрч үйлчлэх ёстой бодлого юм. Эл том бодлогын суурь нь юу вэ гэхээр хүүхэд бүр багаасаа өв тэгш хүмүүжилтэй, өөрийгөө илэрхийлэх чадамжтай, оюунлаг иргэн болж төлөвших ёстой. Товчхондоо байшин барих тоосго бүхэн бүтэн, эвдэрч хэмхрээгүй л байх ёстой юм. Тиймээс л дээрх зорилт, бодлогын дагуу тоосго бүрийг өөгүй болгохын тулд бага боловсролын шинэчлэл хийгдэж байгаа.

-Мэдээж улс орон даяар нэвтрүүлнэ гэдэг боловсролын салбарыг бүхэлд нь өөрчилж буй хэрэг. Үүнд зориг тэвчээр хэрэгтэй ч  багагүй эрсдэл гарч болох талтай?
-Тийм шүү. Аливаа шинэчлэлт эрсдэл дагуулах нь бий. Бүхэл бүтэн улс орны боловсролын системийг өөрчилж байгаа нь чиний хэлснээр их зориг шаардах ажил. Энэ зоригийг гаргаж мөн эрсдэл үүрч байгаа нь БСШУЯ юм. Энэ жилийн онцлог гэвэл өнгөрсөн хоёр жилд туршсан зүйлээ бага боловсролын стандартын цөм хөтөлбөр болгон эмхэтгэсэнд байгаа юм. Хөтөлбөрийн дагуу бага сургуулийн хичээлийн бүх стандарт, хөтөлбөр цаашилбал аргазүй өөрчлөгдөж байна. Анх академик чиглэлээр сургалт явагддаг байсан бол одоо хүүхэд бүрийн дур сонирхол, хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн, үүнд нь аль болох нийцүүлсэн сургалтын арга барил, хөтөлбөрийг онцолж эхэллээ.

-Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед огт өөр арга барилд түшиглэсэн нь багш нарт хүндрэлтэй байсан байх?
-Нуулгүй хэлэхэд эхэн үедээ хүндрэлтэй байсан. Өмнө нь зөвхөн авьяастай хүүхдийг л хөгжүүлдэг байсан нь ардын хүүхдийг алагчилж байснаас ялгаагүй. Харин одоо хүүхэд бүр авьяастай гэсэн байр сууринаас харж хандаж ажиллаж байна. Энэ ажилд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, удирдах албан тушаалтан тэр ч бүү хэл орон нутгийг татан оролцуулсан. Улмаар олны хүч оломгүй далай гэгчээр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хамтран ажиллаж нөгөө хүндрэлийг саадгүй давсан. Цаашилсаар шинэ арга барилдаа багш сурган хүмүүжүүлэгчид дасан зохицож тэр чиглэлээрээ мэргэшиж эхэлсэн. Гэхдээ багш болгон авьяастай биш. Тиймээс хүүхдээ сургах багш боловсон хүчнээ мэргэжлийн хүн урин авчирч 68 цагийн сургалтад хамруулсан. Энэ мэт явсаар одоо манай сургуульд 28 секц дугуйлан хичээллэж, сургууль нийтээр үүнд хамрагдаж байна.
Урьд бид анги танхим сургуульдаа юм хийх гээд нөгөө л эцэг эхчүүдээс мөнгө нэхдэг байсан бол одоо багш нараар дамжуулан гарын доорх материалаар бүтээл хийдэг болсон. Эсгий урлал, зээгт наамал, шүр урлал гээд тоочоод барахгүй. Үүнд суралцсан багш, сурагчид юмхнаар юм хийх ухаанд илүүтэй суралцсан нь анзаарагддаг. Тэр ч бүү хэл эцэг эхчүүд ч багш, сурагчдаас суралцан хийж эхэлсэн. Энэ төрлийн гар урлалын бүтээгдэхүүн хийж бяцхан бизнес эрхэлж байгаа нь бий.
Мөн манай сургуулийн морин хуурын дугуйлангийн хүүхдүүд бүр оркестрын хэмжээнд хүрэхүйц олуулаа болсон. Анх хоёр утастай хөгжим л гэж мэдэхээс хэн нь ч тоглож чаддаггүй байлаа. Харин одоо бол үүх түүхийг нь судалж үндэсний өв соёл хэмээн дээдэлж улам илүү суралцсаар л байна.

-Зарим нь үүнд үүнийг байгаа. Дуу хуур, тоглоом наадгай хөөцөлдөөд сурч боловсрох ажил орхигдож байна гэх мэтээр?
-Хүн харахад дуу хуур, тоглоом наадаан хөөцөлдөөд байгаа мэт боловч цаанаа асар их үр өгөөжтэй. Нөгөө хуучинсаг, баригдмал, дандаа танхимын арга барилаар ордог байсан хичээлийг бид халчихлаа шүү дээ. Хүүхэд өөрөө “Би ингэмээр байна, би тийм ч юм сурмаар байна” гэж хүсэл сонирхлоо илэрхийлдэг болсон. Гэхдээ үндсэн хичээлүүд нь орхигдохгүй. Харин улам ч сонирхолтой, хөнгөн байдлаар орж байгаа юм. Өөрийн дуртай зүйлдээ суралцаж байгаа хүүхдүүд бусад хичээлдээ ч түүн шигээ хандаж эхэлдэг. Илүү энгийнээр ойлгож эхэлдэг. Ойлгож байгаа хүүхэд улам бүр сонирхон гүнзгийрүүлж судалдаг. Үүнийг хоёр жил хөтөлбөр хэрэгжүүлсний хувьд манай багш ажилчид, эцэг эхчүүд нотолж чадна. Мөн манай сургалтын чанар ч бүрэн илтгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан