Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баярхүү: Монгол, Хятадын харилцаа улс төрийн салбарт дээд оргилдоо хүрлээ


Монгол Улсад удахгүй БНХАУ-ын дарга Си Жинпин төрийн айлчлал хийх гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Олон улсын харилцаа судлаач, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад айлчлах гэж байна. Энэ айлчлалаар хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа болгон дэвшүүлэх талаар ярьж байгаа. Монгол-Хятадын харилцаа сэргэсэн 1990 оноос хойш хоёр орны харилцаа ямар үе шатыг дамжиж ийм хэмжээнд хүрч байгаа вэ гэдгийг судлаач хүний хувьд танаас эхлээд асууя?
-Монгол-Хятадын харил­цаа­ны түүхийг эргэж авч үзэх юм бол сүүлийн 24 жилээр дүгнэж болох юм. 1990 онд хоёр орны харил­цаа сайжирснаас хойш энэ харилцаа үе шатлан прогрессоор дээшээ хөгжиж ирсэн дүр зураг харагддаг. Өнгөрсөн  24 жилийн харилцааг би дөрвөн үе шатаар авч үзмээр байна. Одоо тав дахь руу нь орох гэж байна.
Хоёр орны харилцаа 1990 онд гэнэт сэргэсэн. 1994 он гэхэд харилцаа бүрэн хэвийн болоод улс төрийн итгэлцсэн харилцаанд хүрсэн. Мөн онд тухайн үеийн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн Монголд айлчлах үеэр Монгол, Хятадын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Энэ гэрээ одоо ч хүчинтэй хэрэгжиж байгаа. Хоёр орны харилцааны эрх зүйн бүх зохицуулалт энэ гэрээн дээр суурилж цаашаа явдаг.

Дараа нь 2003 онд Хятад улсын дарга Ху Жинтао Монгол Улсад айлчлахад Харилцан итгэсэн түншлэлийн харилцаа гэдэг шат руу орж ирсэн. Нэг үе шат ахисан гэсэн үг. Үүнээс хойш 11 жил өнгөрөөд байна. 2011 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлах үед стратегийн түншлэлийн харилцаанд дэвшсэн. Үүнээс гурван жилийн дараа энэ 2014 онд БНХАУ-ын дарга Си Жинпиний хийх айлчлалын үеэр стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэсэн шинэ түвшинд очих гэж байна. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанаас цааш ахиулж өөр түншлэл гаргаж ирэх бололцоо байхгүй. Одоо дээд оргилдоо хүрэх гэж байна гэж хэлж болно. Хоёр орны улс төрийн харилцаа бүр ийм өндөр шатанд хүрч, ийм их итгэлцсэн, ийм найрсаг, дотно байдалд хүрлээ.

Монгол, Хятадын хооронд улс төрийн хүрээнд ямар нэг маргаантай, зөрүүтэй асуудал байхгүй. Хятад улс эргэн тойрон 20 гаруй улстай хиллэдэг айл. Тэгэхэд Монголтой тогтоосон харилцаа нь энэ 20 гаруй улс дотор үлгэр жишээ харилцаа юм гэж Хятадын удирдлага үздэг. Нөгөө талаасаа Хятадын хөршүүд дотроос хуурай газраар хамгийн урт хиллэдэг нь Хятад, Монгол хоёр юм. Ийм том хилтэй, зэргэлдээ оршиж байгаа ийм улсуудын хувьд Монгол, Хятадын харилцаа улс төрийн салбарт үнэхээр дээд оргилдоо хүрсэн гэж хэлж болно. Үүнийг Си Жинпиний хийх айлчлал ч нотлон харуулна.
Энэ тал дээр Монголын үе үеийн удирдлага, үе үеийн Засгийн газар, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэ­хээр санаачилгатай ажил­лаж байгааг тэмдэг­лэмээр байна.

-Айлчлалын үеэр тран­зит тээвэр, төмөр зам, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг гээд олон салбарын асуудал хөндөгдөх бололтой байна. Эдгээрийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол, Хятадын хооронд улс төрийн ийм өндөр түвшний харилцан итгэсэн найрсаг харилцаа тогтчихсон тохиолдолд үүн дээр суурилаад худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, уул уурхай гээд бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх нь тус тусын Засгийн газрын хамтарсан чармайлтын үр дүнд хэрэгжих асуудал. Ерөнхийлөгч нарын түвшинд үндсэн суурийг нь баталгаатай тавиад өгчихсөн байна. Засгийн газрын түвшинд эдгээр харилцааг улам боловсронгуй болгож эдийн засагжуулах, илүү биетэй, бодитой болгох чиглэлээр ажиллаж байгаа.
Ажиглаж байхад нэг сөрөг гэх юм уу, давуу биш тал нь гэвэл Монгол, Хятад хоёр бол хүн амын тоо, хөгжлийн түвшин, үйлдвэрлэлийн өсөлт, дэлхийн ДНБ-д оруулж байгаа хувь нэмэр, зах зээлийн хэмжээ багтаамж зэргээрээ үнэхээр тэнцвэргүй хөршүүд. Үүнээс болж зарим асуудал үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад салбар нь улс төрийн эрчтэй харилцааныхаа хөлд чирэгдэх байдал харагддаг.

-Үүнээс гарахын тулд яах ёстой вэ?
-Хоёр талын худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, бүх аж ахуйн бай­гуул­лага чармайж оролцох ёстой болно л доо. Хоёр талаа­саа хариуцлага хүлээнэ. Хя­та­дын хувьд аваад үзвэл Мон­голтой худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн ямар ч салбарт хамт­ран ажиллахад бэлэн бай­гаа. Ямагт бэлэн байж ир­сэн. Яагаад гэвэл БНХАУ эдийн засгийн өндөр түвшинд хүр­чих­сэн, үйлдвэрлэх хүчний хөг­жил дээшээ явчихсан, зах зээл нь нээлттэй айл. Шингээх баг­таамж, хөрс сайтай гэсэн үг.
Гол нь бид хүчээ дайчилж худалдаа, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлээд, хоёр талын худалдааг нэг урсгалтай биш, хоёр талтай болгох нь манай Монголын талын үүрэг.

-Төмөр замын царигийн хувьд та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ талаар Монголын төрийн бодлого нэгэнт тодорхой гарсан байгаа. Төмөр замын царигийг улстөржүүлэх, геополитикийн нүдээр харахыг хэт их хичээх шаардлага орчин үед байхгүй.

-Хоёр орны харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаанд дэвшсэнээр ямар чиглэлд хамтын ажиллагаа илүү чиглэх бол?
-Хоёр талын харилцааг олон салбараар аваад үзэх юм бол бүх салбарт тэнцүүхэн, жигд хурдтай хөгжиж байгаа. Дээр хэлснээр худалдаа, эдийн засгийн харилцаа нэг талын хүчтэй урсгалтай байж болно. Цаана нь шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүлийг хамгаалах, хүмүүнлэг, цэргийн салбарын харилцаа маш эрчтэй хөгжиж байна. Батлан хамгаалахын салбарт Монгол, Хятадын харилцаа хоёр орны хоорондын харилцаатайгаа дүйцэхүйцээр тийм эрчтэй явж байгаа. Цаашаа бүх салбарын харилцаа илүү түлхүү хөгжинө гэж бодож байна.
Өндөр дээд хэмжээний айлчлалуудаар харилцааг цаашид хөгжүүлэх найдвартай хөрс, суурийг бий болгодог. Түүнийг нь олон улсын эрх зүйгээр баталгаажуулдаг. Айлчлал гэдэг бол ийм л үйл явдал юм. Тэрнээс биш бөөн мөнгө төгрөг айлчлалыг дагаад ороод ирнэ гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
цагаан хэрэмний цаана гарч донгосвол төрөл садангууд нь ойлгох байлгүй дээ...
Оргилд хүрээд байхдаа яахав дээ. Цаашаа явах газаргүй гэсэн үг үү. Өндөр хэмжээний айлчлал ч гэсэн, түүний дараа үр дүнг ярих хэрэгэй байхаа. Мөнгө хөрөнгө гол нь бишээ, итгэлцэл, НҮБ-ийн гишүүн орнуудын эрх тэгш харилцаа,харилцан ашигтай хамтын ажиллагааг л баталгаажуулбал болоо ш дээ.
эх орныг маань бүү зарчихаарай даа, та нараас биш, харин бурханаас л гуйхаас даа
юу гэж балайраад байнаа дээд цэгтээ ч гэх ши. тэгээд дараа нь яах юм нийлэх юм уу. бас нэг АН ы улс төр судлаач, нэг талыг судалдаг ш дээ
Хамгийн их уншсан