Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инженерүүдийн эзгүй зайг нөхнө


Зам тээвэр, барилга, аж үйлдвэрийн салбар хөгжиж буйн хэрээр ажиллах боловсон хүчин ихээхэн дутагдалтай болсноор байгаа. Өнөөдрийн байдлаар гэхэд манай улсад 30 мянган инженерийн орон тоо эзнээ хүлээж байгаа тухай БШУЯ-наас мэдээллээ. Тиймээс Засгийн газраас боловсон хүчний орон тоог нэмэгдүүлэх үүднээс Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр дэлхийн жишигт нийцсэн 1000 инженер бэлтгэхээр боллоо. Энэ талаархи мэдээллийг БШУ-ны сайд Л.Гантөмөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Т.Шимизү тэргүүтэй төлөөлөгчид сэтгүүлчдэд өглөө.

Энэ жилээс эхлэн найман жилийн хугацаанд Японд 1005 оюутныг суралцуулна. Ингэхдээ оюутнуудыг суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, замын зардлыг Засгийн газраас зээлээр олгох юм. Энэ тэтгэлэгт шаардагдах мөнгийг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр буюу жилийн 0.2 хувийн хүүтэй, 7.5 тэрбум иенээр шийдэх аж. Тус зээл нь 20 жилийн хугацаатай ч эхний зургаан жил үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн гэнэ.

Харин тэтгэлгээр суралцсан инженерүүд Монголд тогтвортой таван жил ажилласан тохиолдолд зээлээсээ чөлөөлөгдөх аж. Тус хэлэлцээрийн ашиг нь хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд дэлхийн жишигт нийцсэн их дээд сургуулиудын хөтөлбөрт дүйцсэн инженерийн боловсролыг 8.4 дахин хямд өртгөөр эзэмших, мөн төслийн хугацаа дуусахад МУИС, ШУТИС-ийн инженер бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрэх юм.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлснээр манай улс Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа метро, гүүр, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал барих болон бусад бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн ажилтныг бэлтгэн гаргах боломжтой юм.


Инженерүүдийг “Коосэн” хөтөлбөрөөр бэлтгэнэ

1005 инженерийг бэлтгэхдээ олон улсад нэр хүнд бүхий, үр дүн нь гарсан “Коосэн” хөтөлбөрөөр сургах нь. Тус хөтөлбөрөөр нь Япон улсын эдийн засаг эрс хурдассан гэдэг. 1950-аад оны сүүлээр шинжлэх ухаан, технологийн дэвшилтэд эрс өөрчлөлт гарснаар олон тооны инженерийг бэлтгэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан “Коосэн” технологийн коллеж байгуулагджээ. Хүүхдүүдийг 15 наснаас нь авч таван жилийн хугацаанд сургахдаа дадлага, туршилт түлхүү хийлгэдэг, хүүхдүүд сургуулиа төгсөөд мэргэшдэг учраас нэг төгсөгчид 40-50 ажлын байрны санал ирдэг гэнэ. Энэ хөтөлбөрт хамгийн анх удаа 1992 онд Монголоос одоогийн БШУ-ы сайд Л.Гантөмөр болон ШУТИС-ийг түшиглэн Коосэн загварын технологийн дээд сургуулийг байгуулахаар ажиллаж буй А.Ганбаяр нар хамрагдаж төгссөн байна.

Түүнээс хойш олон инженер бэлтгэгдсэний ихэнх нь японы нэр хүндтэй корпорацид ажиллаж, зарим нь монголдоо томоохон компани байгуулан ажиллаж байгаа.
Харин манайд хэрэгжихээр болсон “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн “Коосэн” сургалтын хөтөлбөр нь зургаан чиглэ­лээр явагдана. Эхнийх нь “Коосэн” сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөр. Ингэж элсэх оюутан нь япон хэлний шалгалтад тэнцсэн байх ёстой. Харин “Коосэн” сургуулийн бэлтгэл сургалтад элсэн суралцах хөтөлбөр нь япон хэлний мэдлэггүй залууст боломж олгох юм. Тус хөтөлбөрт шалгалт өгч тэнцсэн оюутан ШУТИС-д хичээллэх бэлтгэл сургалтын хөтөлбөрт 1.5 жил суралцаж, Япон улсад суралцах элсэлтийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд Япон улсын Коосэн сургуульд инженер, тех­нологийн чиглэлээр гурван жил шил­жин суралцаж, бакалаврын өмнөх мэр­гэж­­лийн зэргийн дипломтой төгсөнө.

Харин баклаврын дипломтой төгсөх суралцагч нь төслөөс тавьж буй шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Энэ хөтөлбөрийг хоёр жилийн хугацаатайгаар  ШУТИС дээр “Коосэн”-ий багш нар явуулах юм. Магистрын түвшинд суралцах бол Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа багш, судлаачид тус сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, шалгалтанд тэнцсэн иргэд Япон улсын их, дээд сургуулийн магистр сургалтын хөтөлбөрт хоёр жил хүртэлх хугацаагаар сургалт, судалгаанд хамрагдана. Докторын сургалт ч мөн үүнтэй адил.

Л.Гантөмөр: “Коосен”-ий хөтөлбөрөөр Монголоос 248 орчим оюутан сурсан байдаг

БШУ-ы сайд Л.Гантөмөрөөс төслийн талаар дараахь асуултад хариулт авлаа.

-Японы Засгийн газрын хөнгө­лөлттэй зээлээр 1000 инженер бэлт­гэхээр боллоо. Тус төслийн бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ?
-Өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэлж байна. Жайка олон улсын байгууллагаас Японоос Монголд ажиллах зочин профессоруудын саналыг аваад эхэлсэн. Үүнтэй уялдуулаад ирэх сарын 1-нээс “Коосэн”-ий инженер бэлтгэх тусгай сургалттай хөтөлбөрийг эхлүүлнэ. Мөн ирэх хавраас оюутнуудын Япон хэлний сургалтын бүртгэлийг эхлүүлж байна. Эхний ээлжийн судлаач багш нарыг аравдугаар сарын ихээр явуулахаар зэхэж байна. Энэ төслийг найман жилийн хугацаанд явуулна. Гэхдээ 1000-аар дуусахгүй байх гэж бодож байна. Тэнд сурсан залуус төгсөөд наашаа ирэх биш тэндээ жилийн хугацаанд ч болсон ажиллах боломжийг хамтын ажиллагаатай байгууллагууд маань гаргаж өгөх байх гэж найдаж байна.

-“Коосэн” загварын техноло­гийн дээд сургуулийг ШУТИС-ийг түшиглэн байгуулахаар болсон. Энэ талаар...?
-Энэ “Коосен”-ий хөтөлбөрт Монголоос 248 орчим оюутан сурсан байдаг. Тэдний 70-80 хувь нь мэргэжлээрээ тэндээ ажилласан. “Коосэн” төгсөөд Японд 18 жил ажилласан Ганбаяр гэж залууг урилгаар авчирч, дээд боловсролын Монголд хэрэгжүүлэх “Коосэн” хөтөлбөрийг хариуцуулж байна.

-Ажлын байрны хэрэгцээ шаардлагын хувьд их байна. 1000 инженерээр тогтохгүй шүү дээ?
-Зам барилга, гүүрэнд ажиллах олон улсын жишигт нийцсэн 30 мянган инженерийн хэрэгцээ байна. Тухайлбал, Төмөр замын бүтээн байгуулалтад 1000 орчим мэргэжилтэн, хийн үйлдвэр байгуулахад 10 мянга орчим инженер, үүнээс цаашаа өндөр технологийн инженерүүдийн хэрэгцээ шаардлага ч гэсэн их байна. Бид өнөөдөр энэ хэрэгцээг нөхөхөөр Япон улстай хамтрахаас гадна Герман улсын инженерийн сургуулийг Монголд байгуулаад ажиллаж байна. Үүний хажуугаар Монголын инженерийг бэлтгэдэг сургуулиудын хөтөлбөрийг дэлхийн түвшинд хүргэхээр Япон улсын хэд хэдэн их сургуультай хамтран ажиллаж байна.

-Япон, Германтай инженер технологийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Эрэлттэй 20 мэр­гэжилд нийгмийн ухаан, хүмүүн­­­­лэгийн чиглэлийн мэргэж­лүүд багт­сан байгаа. Тэдгээр чиглэлд мэр­­­гэжилтэн бэлтгэх арга зам юу вэ?
-Нийгмийн ухааны чиглэлээр асар их зүйл хийх хэрэгтэй. Нийгмийн ухаан дээр давамгайлж байгаа эдийн засаг, бизнесийн салбарын сургалтын хөтөлбөр дээр Англи болон Сингапурын их сургуулиудтай хамтран ажиллахаар хэлэлцээр хийж байна. Анагаах ухааны чиглэлээр Харвардын их сургуультай хамтран ажиллахаар болж байна.

А.Ганбаяр: “Коосэн” богино хугацаанд чадварлаг инженерүүдийг бэлтгэдэг сургалтын хөтөлбөр

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн дэргэд “Коосэн” загварын технологийн дээд сургууль байгуулж, энэ хичээлийн жилээс эхлэн элсэлт авах юм. Тус сургуульд элсэгчид нь ШУТИС болон МУИС-д суралцдаг байх шаардлагтай юм. Ингээд тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа, “Коосэн”-ий төгсөгч А.Ганбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Та “Коосэн”-г төгссөн хүний хувьд тус хөтөлбөрийн талаар тайлбарлаж өгөөч. Мөн ямар ажлууд хийж байсан бэ?
-Маш богино хугацаанд чадварлаг инженерүүд бэлтгэдэг сургалтын хөтөлбөр. Үүнийг төгссөн инженерүүд хөдөлмөрийн зах зээл дээр маш эрэлттэй байдаг. Миний хувьд 1996 онд Токио хотын “Коосэн”-г төгсөөд ажилд орсон. 18 жилийн хугацаанд Японд ажиллаж байгаад ирлээ. Ажлын туршлагаасаа яривал INJ гэж Япондоо анх удаа төлбөрт интернэтийн үйлчилгээ оруулсан компани байдаг. Манай датакомтой адилхан гэсэн үг. Би тэнд төрийн бай­гууллагуудын интернэт нууцлалыг хариуцсан мэргэжилтэн хийдэг байсан. “Коосэн” төгсөгчдийн чадвар өндрөөр үнэлэгддэг учраас тэдэнд энэ мэт чухал ажлыг даалгадаг. Сүүлийн хоёр жил “Хитачи” компанийн Орос дахь салбарт ажиллаж байгаад ирлээ. Аж үйлдвэрийн удирдлагын систе­мийг Орост зохицуулах мөн сан­хүүгийн зөвлөхийн ажил хийж байсан.

-ШУТИС-ийн дэргэд “Коосэн” загварын технологийн дээд сургууль байгуулсан гэсэн. Энд хэн, хэрхэн суралцах вэ?
-Дунд сургуулиа буюу есдүгээр анги төгссөн хүүхэд таван жил сурч төгсөөд инженер болно. Цаашаа Япон улсад эсвэл ШУТИС, МУИС-д нэг жил сураад баклаврын диплом авах боломжтой. Манай улсын хувьд баклаврын өмнөх шат гэж байхгүй. Эрхзүйн орчин нь бүрдээгүй. Тийм учраас оюутнууд маань “Коосэн”-гийн сургалтаа дуусгаад дээр хэлсэн хоёр сургуульд сурч дипломоо авна.

-Судалгааны бүтээл мөнгө болох юм бол сургалтын төлбөр хөнгөлөгдөх боломжтой гэж үзэж байгаа. Энэ талаар?
-Манай жилийн сургалтын төлбөр жилийн гурван сая төгрөг. Энэ нь туршилт хийх материалын зардалд таарна. Цемент аваад зуурч хатууруулаад, буталж судалгаа хийх ч юм уу маш их материал хэрэг болдог.

-Монгол Германы технологийн сургуулийн төлбөр маш өндөр. Гэхдээ төлбөрийн ихэнх хувь нь Герман эрдэмтдийн цалин. Танай хувьд япон багш нарын цалингийн асуудлыг гурван сая төгрөгийн төлбөрөөр шийдэх боломжтой гэж үзэж байна уу?
-Бид аль болох Японы олон улсын байгууллагуудыг ашиглан багш нарыг цалинтай нь авч ирэхээр ярьж байгаа.

-Дээр та их туршилт хий­дэг талаар ярьсан. Тэгэхээр лабо­раторийн хэрэгцээ шаардлага гарна. Үүнд их хөрөнгө зарцуулагдах байх даа?
-“Коосэн”-д маш их лаборатор хэрэг­тэй. Үүнийг одоо Японы Засгийн газ­рын тэтгэлэгээр шийдэхээр ярьж байна.

-Танай сургууль ямар мэргэж­лээр элсэлт авах вэ?
-Зам барилга, цахилгаан электроникийн чиглэлээр эхний ээлжинд нийт 50 хүүхэд элсүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан