Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баярсайхан: Нийтийн тээврийн шинэчлэлийг дэмжих үү эсвэл... гэдгээ ард түмэн шийднэ


-500 төгрөгийн билетээр хэдэн ч автобус
дамжин сууж болно-


Нийтийн тээврийн үйлчилгээнд хийгдэх шинэчлэлийн талаар Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциумын ерөнхийлөгч Д.Баярсайхантай ярилцлаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд цогц шинэчлэлт хийнэ гээд байдаг. Юу нь болохгүй байна вэ гэхээр бүтэц зохион байгуулалт, ер нь бүх юм болохгүй байгаа  учраас цэгцэлнэ ээ гэдэг. Цаад учир шалтгааныг та тодруулж тайлбарлаж өгөөч?
-Нийтийн тээвэр гэж юу юм бэ, хотын амьдралд ямар ач холбогдолтой вэ, эсвэл цэвэр бизнесийн үйл ажиллагаа юм уу, нийгмийн захиалгат зүйл үү гэдгээс ажлаа эхлэх хэрэгтэй. Цаг үеэсээ хамаарч янз бүрээр ойлгох бус, цаашдаа нэгдмэл нэг ойлголттой болгох хэрэгтэй. Тодруулбал, улс эх орны дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг үйлдвэрлэдэг хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн хотын тухайд нийтийн тээвэр бизнесийн салбар байж таарахгүй. Үндэсний баялаг бүтээхэд чухал хувь нэмэр оруулдаг, нийгмийн захиалгат үйлчилгээ гэдэгт тогтох нь чухал.  Нийгмийн захиалгат энэ үйлчилгээний захиалагч нь төр, хотын захиргаа.  Нэгэнт бизнесийн зарчмаар ашиг орлого олох бололцоо нь хумигдмал үед үйл ажиллагааг нь зогсоохгүйн тулд төр засаг, хотын захиргаа санхүүжүүлэх хэрэгтэй. Асуудлын 51 хувь нь төрийн нуруун дээр байлаа гэхэд 49 хувийг нийтийн тээврийн оператор компаниуд үүрэх нь ёстой хариуцлага. Иргэд ажил амьдралыг нь залгуулдаг унаагаа санхүүжүүлж, тасалбараа авах үүрэгтэй. Тэгэхээр иргэн, төр засаг, нийтийн тээврийн оператор гээд аль аль талдаа нэгдмэл зөв ойлголттой болох үүднээс олон талаас нь судалж тал талаасаа санал нэгдсэний үндсэн дээр нийтийн тээврийн үйлчилгээний тогтолцоог шинэчлэх арга хэмжээ хэрэгжүүлэх гэж байна.

-Шинэчлэлийн талаар дараа нь дэлгэрүүлж асууя гэж бодлоо. Өнөөгийн нийтийн тээврийн болохгүй бүтэхгүй тэр л асуудал нь захиалагч нь захиалагч, санхүүжүүлэгч нь санхүүжүүлэгч гэдгээ ухамсарладаггүйгээс үүдэлтэй гэх гээд байна уу?
-Төр засаг өөрийнхөө үүргийг 2000 оноос хойш зохих ёсоор үүрч яваа. Зугуухан ч гэсэн урагшилж, хөгжсөөр ирсэн. Нөхөн олговор олгодог болсон. Нийтийн тээврийн хувь хувьсгалын 25 оператор компанид  гэхэд энэ онд 50 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргаж өгч байна. Энэ бол нийгмийн захиалгат үйлчилгээг тасралтгүй явуулахад анхаарч буй хэлбэр. Жилийн 365 хоногийн турш ажилладаг тоотой хэдхэн салбарын нэг шүү дээ. Төсвөөс өгч буй мөнгө нь тасралтгүй үйл ажиллагаа явуулах суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг.  Гэтэл нийтийн тээврийнхэн шуналтай, мөнгө нэхдэг гэхчлэн буруу зөрүү ойлголт гараад байдаг. Өнгөрсөн цагт болж байсан бүх зүйлд цэг тавих нь зөв. Санхүүжүүлэх үүргээ төр тодорхой хэмжээнд биелүүлж  байгаагийн хүчинд үйлчилгээ нь тасраагүй. 51 хувийг төр даагаад явж байгаа, үүнээс доошлуулах арга ч байхгүй. Нийслэлийнхний нийтийн тээврээр зорчих эрхийг хангахын тулд харин ч санхүүжилтээ нэмж өгөх бололцоо юу байна, оператор компаниудын хариуцлагыг яаж сайжруулах вэ, иргэдэд хүрэх өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

-Өнөөдөр нийтийн тээвэр төв зам дээрээ вагон шиг цуваа үүсгэн явж байгаа ч зорьсон газарт маань шуурхай хүргэж чадахгүй байна. Наад зах нь Замын цагдаагийн газраас 11 дүгээр хороолол орох автобус алга. Энэ байдлыг богино хугацаанд өөрчилнө гэхээр санаанд багтахгүй байна. Юунаас эхэлж шинэчлэх вэ?
-Өнөөдөр бид  дөрвөн уулын дунд өргөөшөө 20-хон километр, уртаашаа 50 километр нарийхан бүсэд 1 сая 300 мянгуулаа шахцалдан өдөр тутмынхаа ажлыг 400 орчим мянган хувийн машинаараа гүйцэлдүүлж байна. Боломжийнхоо хэрээр автозамаа өргөсгөөд, уулзвар нэмлээ. Өөрөөр хэлбэл, автомашины хэрэглээг бид ухамсартайгаар хорогдуулах хэрэгтэй. Хувийн машины хэрэглээгээ танаад нийтийн тээвэрт нийтээрээ хандах цаг нь болсон.

-Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээнд хийх шинэчлэл нь иргэдийн сэтгэхүй, хандлагыг өөрчлөнө гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Зөв зохион байгуулаад ирэхээр иргэдийн хандлага аяндаа өрчлөгдөнө. Цаад зорилго нь сэтгэлгээний хувьсгал гээд хэлчихвэл арай ахадчих юм болов уу. 

-Үүн дээр тодруулмаар байна. Төв замыг төл­бөр­тэй болгох асуудал яриг­даад өнгөрлөө. Энэ нь иргэ­дийг нийтийн тээврээр үйлч­лүүлдэг болгох гэсэн давхар зорилготой байсан уу?
-Нэгэнтээ л тээвэр, нийтийн тээвэр, хөдөлгөөний асуудлыг уялдаатай шийдэх­гүй ганц нэгээр нь шийдэх юм бол үр дүн муутай байдаг. Тиймээс нэг зорилго нь нийтийн тээвэрт чиглэсэн. Үүнийг албадлага гэж ойлгож болохгүй.
 
-Эрх чөлөөг нь боогдуулах байдлаар ханд­лагыг өөрчилнө гэж байхгүй л болов уу?
- Шийдвэр гаргагчид болон хотын иргэн бидний аль алинд өөр гарц байхгүй болсон. Цаашдаа хамтдаа түгжрэлгүй, бухимдалгүй, эрүүл мэндээ муутгахгүй амьдарч болох шийдэл нь хувийн автомашины хэрэглээг ухамсартайгаар танаад нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох.

-Сэтгэхүйг өөрчлөх нь цаад зорилго юм байж. Тэгвэл энэ зорилгодоо хүрэхийн тулд ядаж миний хүсээд байгаа шиг Замын цагдаагийн газраас 11 дүгээр хороолол руу автобус явдаг маршруттай болгох хэрэгтэй биз дээ?  
-Нийтийн тээврийн сүлжээ нь хотын баруунаас зүүн тийш явсан хэвтээ чиглэлд төвлөрсөн.  Харин босоо чиглэлд маршрут хүрэлцээтэй байж чадахгүй байна. Тиймээс энэ сүлжээг газар дээрх метроны схемээр зохицуулахаар болсон. Хүн дуртай цэгээсээ зорьсон газартаа хүрэх боломжтой хүртээмжтэй нийтийн тээврийн сүлжээ бидэнд хэрэгтэй. Мөн шинэчлэлийн хүрээнд хийгдэх нэг чухал асуудал нь цаг баримтлал.  Өөрөөр хэлбэл, цаг нарийн баримталдаг тогтолцоог нийтийн тээврийн бүх сүлжээнд нэвтрүүлэх нь энэ үйлчилгээнд хийх хоёр дахь амин чухал асуудал.

-Хүссэн цэгээсээ зорьсон газартаа хүрэх боломжтой сүлжээ бий болгоно гэлээ. Яаж?
-22-ын товчооноос 500 төгрөгөөр суугаад Баянзүрхийн товчоо хүрдэг урт маршрут бүхий систем Монголоос өөр хаана ч байхгүй. Мөн нийтийн тээврийн бүх маршрут хотын төвөөр дайрдаг байдлыг зоригтойгоор өөрчлөх цаг нь ирсэн. Ингэхийн тулд нийтийн тээврийг их тойруугаар явдаг, бага тойруугаар явдаг гэхчлэн богино эргэлттэй болгох юм. Иргэд хотын төв рүү орохын тулд эсвэл хол явах гэж байгаа бол дамжаад явах тогтолцоонд шилжинэ гэсэн үг.

-Иргэдийн амьдрал сайнгүй байна. Хэд хэдэн автобус дамжиж ажилдаа очдог хүн маш олон байгаа. Ийм байхад эргэлтийг боги­нос­гохоор илүү олон дам­жиж, илүү зардлаар явдаг болно гэсэн үг биз дээ?
-Энэ нь сүлжээгээ оновчтой болгож буй хэрэг. Мэдээж нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд иргэдэд санхүүгийн дарамт бус харин хэмнэлт бий болгох хэрэгтэй. Шинэчлэлийн гурван гол зарчмын нэг нь энэ. Зорчигчдыг хямд өртгөөр очих газарт нь хүргэх.

-Тийм боломж байна уу?
-Хайсан судалсан.  Ний­тийн тээврийн оператор компа­ниуд нийслэлийн удирд­­­лагууд  судлаачид зөв­шил­­цөөд эрсдэлээ хувааж үүрэе гэсэн шийдэлд хүрсэн. Нэгэнт иргэндээ чи машинаа тавиад нийтийн тээвэрт суу гэж тушааж болохгүйгээс хойш эдийн засгийн аргаар иргэдийн хандлага сонирхлыг бий болгох хэрэгтэй гээд нэг тасалбараар өдрийн турш үнэгүй хэдэн ч автобусанд дамжин суудаг боломжтой болгох гэж байна. Наймдугаар сарын 22-31-ний хооронд туршилт явуулна.  Энэ хугацаанд 500 төгрөгөөр авсан билетээрээ өдөртөө нийтийн тээврийн микро болон том оврын автобус, рейлбусанд суух дамжин суулт нь үнэгүй. Туршилтын хугацааны нийтийн тээврийн 25 компанийн түлшний үнийг хотын захиргаа даахаар болсон.  Маш чухал үр дүн авчирна гэж урьдчилан тооцсон. Өрхийн төсөвт мэдэгдэхүйц хэмнэлт гарна. Уур бухимдал, замын түгжрэл хэр багасч болмоор байна гэдэг нь харагдах байх. Дараа нь шинэчлэлээ дагах уу, өмнө нь явж ирсэн замаараа гэлдрэх үү гэдгээ ард түмэн шийдэх байх.

-Нийтийн тээврийн гол гурван компанийг нэгт­гэхээр болсон нь шинэчлэлд ямар ач холбогдолтой вэ?  
-Захиалагч санхүүжүү­лэг­чийн эрх үүрэг тодорхой болно. Шалтгааныг нь үгүй хийгээд сүлжээ төлөвлөлтөө газар дээр метроны зураглалаар зохион байгуулаад ирэхээр төв замын давхцал алга болно. Захын чиглэлд үйлчилнэ үү, төвд үйлчилнэ үү гэдэг нь оператор компанийн хувьд ялгаагүй. Нийтийн тээврийн тасалбарын орлогыг ганц газарт төвлөрүүлж, 25 компанид хуваарилна. Ингэхдээ аль чиглэлд үйлчилснээр нь бус оноосон маршрутад цагаа нарийн барьж үйлчилсэн үү, автобусны цэвэрлэгээ үйлчилгээ сайн байсан уу гэдэг шалгуур тавина. Өөрөөр хэлбэл орлогын төлөөх өрсөлдөөнийг үгүй хийнэ. Төв замд вагон шиг цувдаг асуудал ч байхгүй болно. 

-Нийтийн тээврийн автобусны эргэлтийг богиносгоод ирэхээр явах чиглэлийн тоо нэмэгдэх байх. Тийм үү?
-60 гаруй чиглэл гарна. Амьдрал дээр буухад бэрхшээлтэй нэг асуудал бий. Автобусны хаяг “Улиастай- 5 шар” биш “Ч-1”, “Ч-12” гэхчлэн чиглэлийн дугаартай болно. Олон жил яваад ирсэн маршрут байхгүй болж эргэлт богино болно. Үүнийг ойлгуулж, сурталчилах нь хамгийн том ажил. 11 заниглаа дээр том самбарууд байрлуулна. Тусгай цэгүүдэд дүрэмт хувцастай билет борлуулагч ажиллуулна. Дамжин суух билет нь өдөр бүр өөр өөр өнгөтэй байна. Ямар нэг шалтгаанаар дамжин суух өнгийн билет авч чадаагүй бол автобусанд суусан хойноо нэг удаагийн энгийн билет авч болно. 500 төгрөгийн үнэтэй хоёр төрлийн билет байна гэсэн үг. 

-Цаг баримтлалын тал дээр ямар шинэчлэл хийх вэ. Миний хүлээсэн автобус хэдэн минутын дараа ирэх вэ гэдгийг мэдэх боломжтой болох уу?
-Туршилтын арав хоногт үүнийг шинэчилж амжихгүй. Гэхдээ хуваарь, цаг нь тодорхой болно. Нийтийн тээвэр цагийн хуваарийг чанд мөрдөхөд нь замын цагдаагийнхан ихээхэн анхаа­рал төвлөрүүлэн ажиллаж, хөдөлгөөн талаас нь бо­ломжийг хангаж өгнө.

0 Сэтгэгдэл
Өдөрт 20-30 мянган төгрөгийн цавчаа хийдэнг кондукторуудаа халж явуулаад нийтийн тээврээ үнэгүй болгочихооч. Тэгвэл хүмүүс машин унаж бензин шатааж явахгүй ихэнх нь нийтийн тээврээр үйлчлүүлээд ирэхээр замын түгжрэл арилна шүү дээ. Автобуснууд орлого хөөж уралдахаа ч больж цагаараа явдаг болно.
400000 automashin gej tarhi ugaahaa boliochee tatvar huraaj orlogo burduuleheeree ulaanbaatar 190000 ulsyn hemjeend 300000 bolchihdog yum baina lee
Хамгийн их уншсан