Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Наранзун: Музейн дэглэлтийг захирал нь өөрөө хийчихдэг ажил биш

БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзунтай ярилцлаа.

-Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Энэ өдрийг тохиолдуулж ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бол?

-Мэдээж хэрэг уламжлал ёсоор хүүхэд залуус, олон түмэнд музей үзүүлнэ. Мөн танин мэдүүлэх талаас нь янз бүрийн ажил хийнэ. Музей гэдэг маань өөрөө эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүй гэсэн хэв шинжийг агуулж байдаг учраас үндсэн үйл ажиллагаануудаа л сурталчилна даа. Тэгэхээр ямар нэгэн сюрприз энэ тэр бэлтгээгүй гэж ойлгож болно.

-Энэ өдөртэй холбогдуулан бид зарим музейгээр орж холбогдох хүмүүстэй нь уулзсан. Олонхи нь “Хөрөнгө мөнгөний гачааллаас болж үзмэрүүдээ шинэчилж чаддаггүй. Тайлбарлагч олдохгүй байна” гэсэн гомдол хэлж байна билээ?
-Өнөөдөр улс орон даяар боловсон хүчний хомсдолтой байгааг хүмүүс мэдэж буй. Гэхдээ бид аль болох дотоод нөөц бололцоондоо тулгуурлаж цалин нь нэмнэ гэхээсээ илүүтэй боловсон хүчнийхээ чадавхийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Болж бүтэхгүй зүйлээ төр рүү чихэж байхаар өөрөөсөө эхэлж боловсрох хэрэгтэй болов уу. Тиймдээ ч хүн рүүгээ чиглэсэн бодлоготойгоор ажиллая гэж бодсон юм. Шинэ үзмэр авч чаддаггүй гэдэг нь нэг талаараа өрөөсгөл ойлголт. Өнөөдөр музейнүүдийн сан хөмрөгт тодорхой хэмжээний сонирхолтой үзмэр олон бий. Гэхдээ музейн дотоод дэглэлтийг заавал ч үгүй эрдэм шинжилгээний эрдэмтдийн хурлаар оруулж байж баталдаг. Ингэж л дэг жаяг нь тогтдог юм.

-Тэр сан хөмрөгт нь байгаа сонирхолтой үзмэрүүдээ нийтэд дэлгэн харуулж болдоггүй юм уу?
-Нийтэд үзүүлэхийн тулд эхлээд эрдэм шинжилгээгээр баталгаажуулах ёстой. Яагаад гэвэл тухайн үзмэр өөрөө соёлын хүчтэй зэвсэг болохоор тайлбар, он сар гээд бүх зүйлийг нь нарийн гаргасны дараа батлахгүй бол түүхийг гуйвуулах, үнэ цэнийг нь алдагдуулах аюултай. Мөн музейн удирдлагууд байгууллагад нь яг юу агуулагдаж буй талаараа судалгаа хийгээд байдаггүй. Уг нь, судалгаа хийгээд стандартад нийцсэн гарын авлагатай болчихвол зүгээрсэн. Адаглаад л тухайн музейд тайлбарлагчаар ажилд орсон хүнд “Би ямар музейн тайлбарлагч болж байгаа юм бэ” гэдгээ мэдэхэд нь тус дөхөм болно шүү дээ.

-Стандартад нийцсэн гарын авлага гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу. Сүүлийн үед хүмүүс стандарт гэж их ярих болсон. Чухам ямар учраас хэрэгтэй талаар нь тэр бүр тайлбарлаад байдаггүй?
-Бидэнд тулгарч буй нэг бэрхшээл нь стандарт. Соёл урлагийн байгууллагын стандартыг БСШУЯ боловсруулах шатандаа явж байгаа. Соёлын олон салбар байгууллага бий болохоор нэг дор нэгдсэн стандарт гаргахад нөгөө л судалгаа, боловсон хүчний асуудалтай  тулгарч байна л даа. Гэхдээ аль болох сайн төслийн баг байгуулж стандартыг нь сайжруулж чадах юм бол дараагийн шатанд хэрэгтэй. Тэгэхээр музей ямар танилцуулгатай, дүрэм нь ямар байх ёстой гэдэг нь стандартаар зохицуулагдах ёстой байдаг. Хамгийн гол нь, энэ чиглэлээр мэдлэгтэй эрдэмтэд хомс байна. Өмнө нь судалгаанд хөрөнгө оруулалт бага хийж байсны алдаа оноо өнөөдөр мэдрэгдэж байна.

-Гадаадын жуулчидтай хамт музей үзээд явж байхдаа тоотой хэдхэн үзмэрийг нь хараад үнэхээр их  ичдэг гэж олон ч хүн ярьж байсан. Гэтэл музейн газрууд болохоор хангалттай үзмэр бий гэх юм. Энэ нь таны яриад байгаа стандарттай холбоотой юу?
-Стандарттай холбоотой байлгүй яахав. Мөн музейн дэглэлттэй холбоотой. Тэгэхээр музейн дэглэлтийг захирал нь өөрөө гаргаад шийдчихдэг юм биш. Богд хааны музей гэхэд л тодорхой хугацаатайгаар цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг. Жишээлбэл, Богд хаан, Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан зүйл гээд тус тусад нь цуврал үзэсгэлэн гаргадаг. Музейн дэглэлтээ алдахгүй гаргаж болоод л байгаа юм. Тэгэхээр энэ нь музейн удирдлагуудад алдаа дутагдал байгаагийн нэг жишээ.

-Ингэхэд музейн тоол­логыг хэдий хэр хугацааны дараа хийдэг юм бэ. Сүүлийн үед ховор бурхан, үзмэр алдагдлаа гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна. Үнэндээ манай музейнүүдийн харуул, хамгаалалтыг тийм ч сайн биш гэдэг?
-Тооллогыг дөрвөн жилд нэг удаа явуулдаг юм. Энэ жил тоолох ёстой. Өмнө нь хийгдэж байсан тооллогуудын үед нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бүртгэлийн систем нь тийм ч сайн байгаагүй болохоор зарим үзмэрийн тайлбар нь буруу орсон, давхардсан тохиолдлууд гарч байсан. Тиймээс тайлбар нь буруу орсноос болж одоо бодит үзмэртэйгээ жин, төрх нь зөрж буй учир солигдсон байх магадлал өндөр байдаг.  Гэхдээ өнөөгийн нөхцөлд солигдож, холигдсон зүйл байхгүй. Өмнө нь байсан зүйлүүд одоо илрээд байгаа учир солигдоод алга болсон мэт хүмүүст ойлгогдоод байгаа хэрэг.  Ямартай ч, энэ асуудлыг цэгцлэхийн тулд удахгүй нэгдсэн тооллого хийнэ. Тооллого дууссаны дараа үнэлэх систем рүү орно. Ямартай ч музейнүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, аюулгүй байдлыг нь хангах үүднээс камерыг нь солихоор болсон.

-Үнэлэх гэснээс музейн үзмэрүүд дээхнэ үеийнхээ үнэлгээгээр явж байгаа гэдэг үнэн үү?
-Тийм тал бий. Коммунизмын үеийн үнэлгээгээрээ буюу гурван төгрөг 99 мөнгө гэсэн үнэлгээтэйгээ явж байгаа. Тиймээс зах зээлийнх нь үнийг тавьчихаар ямар зэрэглэлд хамаарахаас нь авахуулаад үнэ цэнийг нь тогтоогоод өгнө. Тэгээд ч хүмүүсийн хандах хандлага нь өөр болох болов уу. Үүнийгээ дагаад хариуцлага нэмэгдэнэ. Бид мөн даатгалын систем судалж байгаа. 100, 200 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэл байлаа гэхэд хамгаалахад даатгалын тогтолцоо маань сул байна. Тэгэхээр давхар даатгалын систем судалж байгаа хэрэг. Даатгалтай болчихвол эзэнтэй болж, хариуцлагатай ханддаг болно. Алга болсон тохиолдолд эрж хайхад мэдээлэл нь хүртэл дэлгэрэнгүй ил тод байх ёстой юм.

-Манай үнэт үзмэрүүд гадаадын дуудлага худал­даагаар зарагдаж байна гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Судлаад үзэхээр хувь хүмүүсийн гар дээрээс явсан зүйлүүд байдаг юм.

-Тэгвэл өнөөдрийн байдлаар алга болчихсон, олдохгүй байгаа ямар үзмэрүүд байна вэ?
-Нээлттэй нийгэм учраас хамаагүй хүний нэр ус зааж хэлмээргүй байна. Цаашдаа судлах, мөрдлөг хийх, тагнах нөхцөлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна. Гэхдээ сүүлийн үед цагдан сэргийлэх байгууллагатай маш ойрхон ажиллаж байгаа. Үр дүн нь ч гарч байна. Хамгийн гол нь, бүх үзмэрийнхээ бүртгэлтэй каталогийг гаргахаар ажиллаж байна. Дижитал каталог маань бэлэн болсон. Одоо хэвлэх л үлдээд байна. Хэвлэгдчих юм бол хил гааль, болон бусад хууль эрх зүйн байгууллагуудад өгнө. Ямар нэгэн үзмэрийг хил давуулан гаргахаар завдвал каталогтойгоо харьцуулаад тогтооход нь тус нэмэр болж үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан