Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бат-Ундрал: Хурд бол эрх чөлөө


Мотоцикл унаад 220 км/ц хурдалж, салхи сөрөн давхих нь ихэнх хүнд аз жаргалаас илүү айдас дагуулах зүйл. Харин эл өндөр хурднаас эрхчөлөөг мэдэрч, кайф авч чаддаг бүсгүйтэй уулзаж ярилцлаа. “Эко мото” клубийн тамирчин Б.Бат-Ундрал бол Монгол Улсаас олон улсын автораллид оролцож барианд орсон цорын ганц эмэгтэй тамирчин. Жил бүр болдог “Rally Mongolia-2014”олон улсын тэмцээн нь автоспортынхны олимп гэж үнэлэгддэг өндөр зэрэглэлийн тэмцээн. Эл олимпод эх орноо төлөөлөн оролцсон тэрээр 14 нас хүртлээ ахындаа хурдан морь унаж өссөн гэнэ. Хүүхэд байхын морь малд эрэмгий өссөн тэрээр мотоспортоор хичээллээд удаагүй ч ийн өндөр амжилт үзүүлээд байна. Эрдэмтэй хүн даруу гэгчээр эмэгтэй хүн битгий хэл хэрийн аавын хүү хүчирч бардаггүй давааг давсан бүсгүй үзүүлсэн амжилтаа үгүйсгэж өөрийгөө голох нь хүндлүүштэй санагдсан. Найм хоногийн турш 3800 км зам туулсан түүнтэй ажил амьдрал болоод автоспортод хөл тавих болсон тухай нь ярилцсанаа хүргэе.

-Эмэгтэй хүн эрсдэл ихтэй мотоспортын тамирчин болсон түүх сонирхол татаад байна?
-Хөдөө эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү багаасаа хурдан морь унадаг байлаа. Ер нь, багын л хурданд дурладаг хүүхэд байсан юм. Гэхдээ мотоцикл, мотоспортыг дөрвөн жилийн өмнөөс л сонирхож эхэлсэн. Их сургуулиа төгсч ажил хийхээр хувь хүн өөрийн гэсэн санхүүгийн эрх чөлөөтэй болдог доо. Тэр үед мотоциклтой болно гэдэг мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудсан юм. Тухайн үед одоогийнх шиг фэйсбүүк, олон нийтийн харилцааны хэрэгсэл байсангүй, нийлээд мотоциклтойгоо явчих таньдаг хүн ч байсангүй. Тиймээс сонирхлоо хөгжүүлж чадахгүй лагерт очиж л мотоциклоо унадаг байлаа.
Тэгж байтал фэйсбүүкт сонирхлын бүлгүүд үүсч эхэлсэн юм. “Байк, бандит” группт элсч найзуудтайгаа анх удаа хотын хөдөлгөөнд оролцож байлаа. Ингээд засмал замын байк унаж, группээр дамжуулан олон ч хүнтэй танилцаж сүүлдээ бартаат замын кроссын төрөл рүү орсон. Ер нь бол өнгөрсөн жилээс л кросс ангиллын мотоцикл унаж, хичээллэж эхэлсэн дээ.
Сургуулиа төгсчихөөд ажил амьдралаа төвхнүүлж дараа нь хоббигоо хөгжүүлье гэж бодсон ч харьцангуй оройтсон гэж болно. Гэхдээ хувь хүнд амьдралынх нь хэмнэл, төлөвлөгөө гэж бий. Миний хувьд сонирхлоо төлөвлөгөөний дагуу л хөгжүүлж байгаа гэж ойлгодог.
Хотын замд спорт мотоцикл унаж байгаад гэнэт бартаат замын мотоцикл унаад эхлэхээр мэдээж унаж бэртэх нь бишгүй байлаа. Гэхдээ л хүний сонирхол дийлдэг юм билээ. Олон ч удаа бэртэж гэмтэсэн ч энэ спортоор хичээллэж эцсийг нь үзнэ гэсэн зорилгодоо бат зогсохыг хичээсэн.

-Яг спорт талаас нь харьцангуй орой хичээллэж эхэлсэн юм байна?
-Тийм шүү, гэхдээ би оройтсон гэж боддоггүй ээ. Надаас ч ахмад, 40 гаруй насны тамирчин уралдаж байхад би ид насандаа байна гэж боддог. Хичээллээд дөнгөж жил гаруй болж байгаа. Хашир, туршлагатай тамирчдын дэргэд нас залуу болохоор надад хангалттай хугацаа бий гэж боддог. Дөнгөж жилийн өмнө хотын хөдөлгөөнд оролцохоос ч айдаг байсан хүн энэ жил раллид уралдаж барианд орж байгаа нь миний хувьд том амжилт.
Өнгөрсөн хавар анхны тэмцээн болох “Мастер ралли”-д оролцож гурав хоног 1200 км зам туулсан. Гэхдээ говь цөлийн, ойрын зайн тэмцээнд оролцож байсан ч өнгөрсөн хаврынх бол хамгийн анхны ралли төрлийн уралдаан байсан. Анхны тэмцээн ч гэлээ барианд орж чадсан шүү. Их ч сургамж авч, их ч юм сурсан. Харин найман өдрийн уралдаан санасныг бодвол хүнд байлаа. 3800 км гэдэг үнэхээр чанга юм байна.
Эхний шөнө замаасаа буруу салаад төөрчихсөн. Ядаж байхад зам заагч маань харанхуйд ажилладаггүй. Харанхуй, эзгүй зэлүүд газар хаашаа явахаа мэдэхгүй болохоор хамгаалалтын дуулгаа тайлаад мотоциклоо унтраагаад суучихсан. Суугаад чимээ чагнахаар тээр доор машин явж байгаа сонсогдоод нэг гэрэл орж гараад л... Тэгэхээр нь гэрэл бараадаад л давхисан. Харанхуйд гэрлээ дагаад давхиад л байтал зам ороод ирдэг байгаа. Тэгээд л жаахан баримжаатай болж замаа дагаад явж байтал газрын зураг дээр тэмдэглэгдсэн овоо таарч, удалгүй бариа харагдахад нь ёстой л нүдэнд нулимс цийлэгнэсэн. Бараг гурван цаг гаруй төөрсний эцэст зөв замаа олсон. Тэр хооронд зүгээр нэг давхиад байлгүй нааш цааш хий холхиж олон ч удаа зогссон сүүлдээ айл амьтан бараадаж, нохой шувуу дуугарах нь уу гээд чагнаж явлаа.

-80 гаруй тамирчнаас 37 дугаар байрт орж ирнэ гэдэг том амжилт шүү?
-Би дээгүүр орсон гэж бодохгүй байгаа. Ер нь барианд 60 орчим тамирчин орсон. Зарим нь замдаа осолдсон, машин техник нь эвдэрсэн гэх шалтгаанаар уралдааныг орхиж хасагдсан. Нийт тамирчдын 50 гаруй хувь нь л барианд орж финиш хийсэн гэсэн үг.

-Надад бол анхны олон улсын раллидаа тэр олон эрийг ардаа орхиод орж байгаа нь маш том амжилт гэж бодогдож байна?
-Барианд хоёр эмэгтэй тамирчин орсны нэг нь би. Түүнээс биш өөрийгөө хойгуур л орсон гэж бодож байна. Яахав, би ганцаараа давхисаар байгаад барианд орчихсон юм биш л дээ. Өдөржин давхиж давхиж орой барианд орж ирэхэд хүндэлж явдаг тамирчид, мастерууд алга ташин хүлээж авах нь маш их урам өгч сэтгэлзүйд эергээр нөлөөлж байсан. Мөн уралдаанд гарахын өмнө “Ард чинь эх орон чинь байгаа шүү, эцсийг нь үзнэ шүү” гэхчлэн надад итгэж найдаж захиж байсан болохоор хасагдах эрх байгаагүй. Ойр тойрны хүмүүсийн хэлж байгаа үг, хандлага нь барианд орох эрч хүч өгсөн. Магадгүй тэр хүмүүс байгаагүй бол би шантраад уралдааныг орхих байсан болов уу. Тиймээс надтай хамт байсан, намайг хурцалж, зоригжуулж байсан хүмүүс ч надтай хамт барианд орсон.

-Урт холын замд бие чилээрхэхээс эхлээд хүнд зүйл их биз?
-Мэдээж бартаат замын уралдаан учир гар бадайрах, цэврүүтэх, салгалах, бөөр нуруу өвдөхөөс эхлээд бие махбодь, сэтгэлзүйн маш их тэвчээр шалгадаг. Тэмцээний зургаа дахь өдөр мотоциклтойгоо жалга руу уначихсан болохоор хүнд бэртэлтэй, тэр бэртлээсээ болоод бартаа, донсолгоо ч гаргаж чаддаггүй. Дээрээс нь ноднингийн бэртэл маань тэмцээний үеэр сэдэрсэн нь ч нөлөөлсөн. Эхэн үедээ нуруу өвдсөн ч бие халаад ирмэгц гайгүй болсон. Бэртэлтэй тэгээд явж байхад “За больё доо” гэж бодож байсан үе ч цөөнгүй. Хүний өмнөөс уралдаж байгаа юм шиг хэндээ ч гомдоллохов. Хэдий шантарч байсан ч хяналтын цэг дээр хүлээж байгаа хүмүүсээ бодохоор нүдэндээ нулимс цийлэгнүүлээд л давхиад байсан даа.

-Бэртэл нь яаж байна?
-Жаахан хүнд л байна. Эхэндээ яс хугараагүй гээд өвчин намдаах эм уугаад яваад байсан. Харин яг тэмцээн дууссаны дараа хамаг л өвчин зовиур илэрч эхэлсэн. Одоо харин ч эмчилгээ хийлгээд гайгүй болж байна. Биеийн нэг тал нь хөх эрээн болчихоод л... /инээв/

-Хол зайд уралддаг автоспортынхон байр эзлэхээс илүү эхлүүлсэн замынхаа эцсийг үзэхийг илүүтэй хүсдэг юм шиг санагддаг. Тэр нь ч нэр төрийн хэрэг байдаг?
-Тийм, миний энэ раллид оролцсон ганц зорилго гэвэл замаа дуусгах л байсан. Энэ олон хүний итгэл, ивээн тэтгэгч, найз нөхөд, гэр бүлийнхэн, хамт олон гээд маш олон хүн надад итгэл хүлээлгэснийг л алдахгүйг хичээсэн. Энэ завшааныг ашиглан ивээн тэтгэгч “Энканто таун” компанийн хамт олондоо баярласнаа илэрхийлье.
Манай сайн сайн мастерууд өдөр ирэх тусам ядарсан шинжгүй, улам л гялалзаад байгааг нь харахаар бахархах сэтгэл төрж, тэднээс дутахгүй дээ гэсэн бодлоор өөрийгөө зоригжуулж байлаа.

-Давхисан хугацаагаа яг хоно­гоор нь тооцвол найм хоно­гийн хэдэн цагт нь жолоо барьсан байна?
-Нийт 65 цаг. Гурав хоног давхисан гэсэн үг юм уу даа.

-Барианд хоёр эмэгтэй тамир­чин орсны нэг нь та. Дээр дурд­сан Японы тамирчин та хоёрын хооронд бариа ойртох тусам ширүүн өрсөлдөөн үүссэн байх?
-Дугаарын дарааллаар би нэлээд хойгуур гарсан. Харин Японы тамирчин надаас 30 минутын өмнө гарч намайг хөдлөх үеэр хол тасарсан. Гэхдээ би нэлээд ойртож очсон юм. Бартаа ихтэй замд бид хойно урдаа орж явсан ч шулуун замд ахиад надаас хол тасарсан. Учир нь миний мотоцикл хөдөлгүүрийн хүчээр хамаагүй бага болохоор ард нь хоцорсон доо.

-Мотоциклоо сонирхуулаач?
-Өнгөрсөн хавар авсан юм. Хөдөлгүүрийн багтаамж нь 250 куб/см. Хэдий том хөдөлгүүр ч гэлээ шулуун замд хурд хийхэд хэцүү. Ер нь, миний дундаж хурд 100 км/цагаас дээш гараагүй.

-Ихэвчлэн тал, хээрээр уралдсан биз?
-Тийм, гэхдээ сүүлийн долоо дахь өдөр уулан дундуур явсан. Нэлээд хүнд зам байсан. Уралдааны зургаа дахь өдөр бэртчихсэн байсан болохоор маргааш нь бартаа ихтэй замаар нэлээд хүндхэн шалгуур туулсан даа. Дээр нь жалга гуу ихтэй. Тэр замаар явах л хүнд байсан. Зүүн мөр их бэртчихсэн болохоор худалч хүнд жолоогоо чүү ай эргүүлнэ, саад бартааг гаргахаас илүүтэй дайраад л гарна. Хэчнээн хичээгээд хурд гаргаж чадахгүй, 30 км/ц-аас хэтрэхгүй яваад байлаа.

-Яаж байгаад жалга руу яваад орчихсон юм бэ?
-Өөрөөсөө л болсон доо. Тав дахь өдөр Элсэн тасархайгаас гараад Хонгорын элс хүртэл 560 км зайд марафонтой байсан юм. Тэр замд ямар ч засвар үйлчилгээ хийлгэх боломжгүй, хугацаа их давчуу. Хонгорын элсэнд моторын тосоо үзсэн чинь нэлээд багасчихсан, дундын бариа хүрэхтэй үгүйтэй болчихож. Тиймээс аль болох хурдтай явахыг бодож хяналтын цэг дээр 140 км/ц-ийн хурдтай орж иртэл олон тамирчин төөрчихсөн байсан. Миний хувьд тэр цэгт төөрөөгүй болохоор нэлээд дээгүүр орж ирсэн хэрэг. Тэгээд л урдуур явж байгаагаа мэдэж урамшаад хурдаа нэмсэн. Зурган дээр хоёр анхааруулгатай жалгыг зааж тэмдэглэсэн байсан. Их хурдтай явж байтал жижиг толгой таарсныг нь даваад нөгөө жалга байгаа даа гэж тооцоолсон нь буруу байж таарсан. Довцог байхаар нь хурдтай гараад иртэл зам нь огцом баруун тийш эргэчихсэн цаана нь үерт идэгдчихсэн жалга.
Тэгээд л зогсох боломжгүй учраас зориглоод харайтал дутаад эрэг мөргөж унасан даа. Мотоциклтойгоо өндөр эрэг мөргөж унасан хүн яаж олигтой байхав. Говийн халуун наранд хагас ухаантай удаан хэвтсэн. Босох гэхээр ямар ч тэнхэлгүй, шоконд орчихсон. Нар яг өөдөөс тусаад байдаг, босмоор байдаг, босч чаддаггүй. Тэгээд хэвтэж байтал араас явж байсан Японы тамирчин намайг босгох гээд дийлэхгүй болохоор мотоциклоор минь намайг сүүдэрлэж өгөөд явсан. Сүүдэрт жаахан хэвтээд арай гайгүй болсон учир “Надад босохоос өөр сонголт байхгүй” гээд хөл, гараа хөдөлгөтөл хугарсан яс байхгүй юм шиг санагдаад. Яг л кинонд гардаг шиг гэв гэнэт босч ирсэн дээ. /инээв/
Тухайн үед би өөрөө ч их гайхсан. Халуун наранд ямар ч тэнхэлгүй хэвтэж байсан хүн гэнэт л босоод ирсэн. Босоод хартал мотоцикл маань нэлээд эвдэрчихсэн байсан. Гараараа дийлэхгүй болохоор өшиглөхийг нь өшиглөж тэгшилчихээд асаатал азаар асдаг байгаа.. Ганцаараа, хөдөө хээр баярласандаа орилж орилж цааш хөдөлсөн. Хөдлөөд явж байхад жолоо гулзайчихсан явж болдоггүй. Харин миний урд явсан Японы 20 дугаартай тамирчин өөрийнхөө хурдаар биш миний хурдаар явж их тус хүргэсэн шүү. Мотоцикл эвдрээд зам унших боломжгүй байсан болохоор тэгж урд минь явсан хэрэг. Магадгүй жалга руу унаагүй, мотоциклоо засах гэж сумын төв дээр гурван цаг саатаагүй бол миний байр урагшлах боломжтой л байсан.

-Мотоцикл авсан хүн гурав баярладаг гэдэг үг байдаг байх аа?
-Тэр үг чинь худлаа шүү.

-Яагаад?
-Цаг үеэ дагаад юм өөрчлөгддөг шүү дээ. Анх мотоцикл унаж эхэлж байхад олон ч хүн наад үгийг чинь хэлдэг байсан. Би энэ үгэнд үнэхээр дургүй. Сонирхолдоо хөтлөгдөж мотоцикл авч байгаа хүнд энэ үгийг хэлвэл магадгүй айчихна. Айж байгаа хүн өндөр хурд үзүүлж чаддаггүй. Ер нь, энергиэр нь бодсон ч тэр бодол үг, үг үйлдэл болж биеллээ олдог. Энэ чинь хатуу ч гэсэн спорт, бидний сонирхол. Гурав баярлана гэж бодоод явбал гурав л баярлана шүү дээ.

-Өмнө нь уулзаж байсан мотоспортынхноос ингэж асуухаар зарим нь үнэхээр уурладаг юм. Зарим нь ч “Би хоёр дахиа, гурав дахиа баярлачихаад байна” гэхчлэн хариулах жишээний. Гэхдээ спорт талаас нь хичээллэж байгаа хүний хувьд энэ үгэнд дургүй байх нь аргагүй л дээ?
-Тэгэлгүй яахав, бид үхэхгүй л бол энэ спортыг орхихгүй. Өнгөрсөн жил нуруугаа жижиг жижиг олон ч удаа гэмтээсэн. Тэгэхэд хүмүүс яг энэ үгээр миний амыг асууж байсан. Гэсэн ч би өвөлжингөө бэлтгэл хийж, гам барьж байгаад хавраас нь тэмцээндээ орж л байсан. Тэр зэргийн юмыг давчихаад спортоо хаяагүй болохоор эцсийг нь үзтэл явна гэж бодож байна. Мундаг мундаг тамирчин хүртэл ямар нэг байдлаар гэмтэл авсан л байдаг. Эрсдэлгүй спорт гэж үгүй шүү дээ.

-Тийм шүү, санал нэг байна. Шатар хамгийн эрсдэлтэй спорт гэнэ. Өрсөлдөгчөө нүүдэл хийхийг хүлээж зүүрмэглэж суугаад эгц урагш унаж тэмээнд нүдээ хатгавал сохорно гэж байгаа. Гэхдээ энэ зүгээр л онигоо шүү?
-/инээв/ Үнэхээр тийм, эрсдэлгүй спорт гэж байхгүй. Бие махбодио гэмтээгээгүй ч сэтгэлзүйн хувьд эдгэшгүй гэмтэл авч болдог. Энэ бол спортын хатуу хэр нь хамгийн сайхан тал.

-Энгийн бид тэр хурд хүчний гайхамшиг болсон унаагаар хээр талаар өндөр хурд үзүүлж тэр эрхчөлөөг мэдэрч үзээгүй бол ойлгохгүй шүү дээ?
-Би Мастер раллид явж байгаад бас л төөрчихсөн. Шөнө давхиж давхиж айл бараадаж очоод зам асуутал “Эзгүй хээр, харанхуй шөнө мотоцикл унаад юу хийж яваа юм. Мэдрэл муутай юм уу. Гэртээ хүүхдээ хараад сууж байхгүй” гээд бараг л загнаж байх жишээтэй. Би ч юу хэлэхэв. /инээв/

-Хүүхэд гэснээс тэмцээн уралдаан, ажил алба гээд энэ их ажлын хажуугаар хүүхдүүддээ цаг гаргана гэдэг бэрх байдаг байх?
-Тийм шүү, гэхдээ гэр бүлийнхэн маань намайг сайн ойлгодог. Би ч хоёр хүүгээ мотоцикл сонирхоод байхаар нь төвөгшөөдөггүй. Хичээллэвэл харин ч дэмжинэ. Гэхдээ өнгөрсөн жил хүртэл ээж тэр тусмаа ах маань их эсэргүүцдэг байлаа. Ахаасаа айдаг болохоор тэмцээн уралдаанд орох гэж байгаагаа цагийг нь тулгаж хэлнэ. Раллид орохын өмнөх өдөр утасдаад хэлтэл өглөө нь нисэх буудалд ирж үнсээд “За ахын дүү амжилт хүсье” гээд мөнгө өгөхөд нь үнэхээр их баярлаж байлаа. Ээж маань ч одоо сүүгээ өргөөд л үлддэг болсон.

-Хөдөө замд гараад явахад замын хажууд “Хурд=Үхэл” гэсэн тэмдэг байдаг даа. Үүнтэй адил хурд гэгч зүйлийг нэг үгээр тодорхойлбол?
-Хэцүү юм аа, хурдыг нэг үгээр тодорхойлно гэдэг. Ямартай ч гайхалтай зүйл. Батбаяр ах нэг удаа “Хурд, мотоспорт бол хар тамхи” гэж байсан юм. Үүнтэй адил нэг автсан хүн салж чаддаггүй зүйл. Гэхдээ миний бодлоор зөв газраа зөв л хурдлах хэрэгтэй. Бүдүүн яндан саагиулсан хүчтэй мотортой спорт тэрэгнүүд хотоор нэг холхиж байна. Энэ нь нэг талаар буруу ч нөгөө талаар зөв. Энэ бол спорт. Ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа ч намхан, спорт тэрэгтэй залууст өөр хурд хийх газар олдохгүй байна. Бидэн шиг ямар бартаат замаар явна гэх биш. Гадаадын оронд энэ талын спорт өндөр хөгжсөн байдаг юм. Одоохондоо манай залуус зөв газраа зөв л хурдлах хэрэгтэй. Миний хувьд хурдыг үнэхээр нэг үгээр тодорхойл гэвэл кайф л гэж хэлнэ. Хурд бол кайф, хурд бол эрхчөлөө.

-Анзаараад байхад мото­спор­тын төрлөөр бүсгүйчүүд хичээллэх нь ихэсчээ?
-Тийм шүү, асар хурдацтай хөгжиж байгаа спорт. Өнгөрсөн жил л тав, зургаахан тамирчин байсан бол одоо 20 гаруй болчихлоо. Гэхдээ зөвхөн бартаат замын тамирчид. Түүнээс засмал замын үнэхээр авьяастай, чадварлаг тамирчин олон. Даанч тэдэнд бэлтгэл сургууль хийх зам, талбай олдохгүй байна. Засмалын спорт мотоциклчид 300 км/ц-аас дээш хурд үзүүлнэ шүү. Гэтэл манайд тийм боломж хомс.

-Таны хувийн дээд хурд?
-Би байк унадаг байхдаа 280 км/ц хүргэж байсан юм. Тухайн үед дөнгөж сурч байлаа. Хотод давхиад байх боломжгүй учир бид Жаргалантын тал руу гарч давхидаг байсан юм. Миний мэдэхээр зарим нь 340 км/ц-ийн хурд ч хийж байсан шүү.

-220 км/ц-ийн хурд хийгээд явж байхад хамгийн сайхан зүйл нь юу байх вэ?
-Сэтгэл ханамж, юунд ч санаа зовохгүй эрхчөлөөтэй, амар амгалан байдал нь. Хаазаа мушгих тусам энэ мэдрэмж илүү ихээр төрдөг. Тэр хурдандаа донтоод байгаа ч гэх юм уу. /инээв/

-Спорт машин унана биз?
-Зардал мөнгө их шаарддаг болохоор хэцүү л дээ. Нэг мотоцикл тордохын хажуугаар машин арчилна гэдэг хүнд. Нэг хэсэг унаж байгаад мотоциклдоо илүү дуртай болохоор орхисон. Одоо энгийн л тэрэг унаж байна. Өдөр тутмын хэрэгцээнд машинаа илүүтэй унадаг ч дугаар нь хязгаартай өдөр мотоциклоо унаад ажилдаа ирдэг. Ер нь, өөрөө өмсч зүүхээ мартаад мотоциклоо л тордоод... /инээв/ Сүүлийн жил гаруй өөртөө нэг ч хувцас аваагүй хэр нь мотоциклоо хувцаслаад байх жишээтэй. Эмэгтэй хүн чинь хааяа нэг гоёлын даашинз, өндөр өсгийтөөр гангарахыг боддог ч нэг мэдэхэд л мотоциклдоо тоног авчихсан байна. Арай үнэтэй хамгаалалт, дуулга авчихвал тэр нь миний амь насны баталгаа шүү дээ.

-Францын “Такси” кинонд гардаг шиг машинаа тордоод нүүрээ угаадаггүй шиг л?
-Бараг л тийм шүү. Тэгээд ч гоёж гангардаг нас өнгөрчихсөн юм биш үү.

-Тэгж бодож эхлэхээс аваад л хүн хөгширдөг гэх юм?
-/инээв/ Нээрэн ч тийм байх шүү.

-Гэхдээ дуртай зүйлээ хийж, энгийн амьдарна гэдэг сайхан шүү?
-Маргаангүй тийм. Энгийн, эгэл жирийн хэр нь хүссэн зүйлээ хийж амьдрах хамгийн их аз жаргал. Би ч мотоциклоо эвдэрчихвэл ах нартай зэрэгцээд л дайраад байна. “Хүн засахын хооронд чи яах гэсэн юм” гэж загнах нь ч бий. Би дуртай болохоор л тостой хутгалдаад байгаа юм шүү дээ. Тэгж өөрөө хийж байж мотоциклтойгоо нэгэн цул болж байгаа юм.

-Илэн далангүй ярилцсанд тань баярлалаа. Та их өөдрөг хүн юм?
-Үр минь үлдэх хорвоо болохоор зөв явахыг л хичээдэг дээ. Хүн гомдоож, муу юм хийчихгүй юмсан л гэж бодох юм. Юмыг болохоос нь болохгүй хүртэл явна даа. Аль болох хүнд тусалж явахыг л хичээдэг юм. Тэр нь надад аз жаргал бэлэглэдэг. Бусдыг жаргахад жаргаж чаддаг хүн жинхэнэ амьдралаар амьдардаг гэдэг юм билээ.

0 Сэтгэгдэл
baki jagaa, moto 2 iig edeldeg saikhan huuheen, goe goe!
Уралдаанч залуустайгаа гоё л бдаг гэсэн хаха
Чи үнэхээр сайн мундаг тууштай байж чаджээ.
гоё юмаа би ч гэсэн тэр эрхчөлөөг нь мэдэрмэээр байна. 300 км цаг хурдтай давхиж байгаад үхсэн ч яаху яаху ккк
Wooow ystoi mundag yma bij gsn surmar bn goy egch bn
Mundag bvsgvi bn saihan xvvxen ym amjilt
Хамгийн их уншсан