Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Нэргүй: Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буураагүй


Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлстийн дарга Б.Нэргүйтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Салбарын эрхзүйн орчинг хамгийн түрүүнд сайжруулахаар Засгийн газар төлөвлөсөн. Хуулиа шинэчилж бодлогоо ч боловсруулсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Уул уурхайн   салбарын эрх зүйн орчинг  сайжруулах нь  Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл гэж боддог. Засгийн газар, Уул уурхайн яам “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” боловсруулж УИХ-аар батлуулсан. Баялаг бүтээгч, эдийн засгийн тулгуур энэхүү салбарын бодлогыг эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоодын идэвхитэй оролцоотойгоор боловсруулж, УИХ-аар нухацтай хэлэлцсэний үр дүнд хөгжлийн чиг хандлага, хөгжлийн хөтөлбөр болгон баталсан. Төрийн бодлого батлагдсанаар эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах, хөгжлийн хөтөлбөр, төслүүд юу юу байх, тэдгээрийг хэрэгжүүлэхэд ямар зарчим баримтлах, эцсийн үр дүндээ юунд хүрэх гээд бүх зүйл тодорхой болсон юм.
Үүний ачаар баялаг бүтээгчдийн үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон эрх зүйн орчин царцанги байдлаас гарч бодит амьдралд нийцсэн, хөгжлийн шаардлага хангасан орчин болж шинэчлэгдсэн.

-Алтнаас авах рояалтыг багасгасан хууль УИХ-аас баталсан, энэ хуулийн хэрэгжилт ямар шатандаа байна вэ?
-“Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг батлагдсанаар 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 18 тонноор буурсныг Үндэсний статистикийн газрын албан мэдээнд бичсэн байдаг. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татва­рын дарамт нэмэгдэж, Монгол­банк болон арил­жааны бусад банкуудад тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн. Дээрх хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77 тонн алт олборлосон байдаг. Иймд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татва­рын дарамтыг бууруулах, Монголбанк болон арил­жааны банкуудад ту­шааж буй алтны хэмжээг нэмэг­дүүлэх, улсын валютын нөө­цийг нэмэгдүүлэх, борлуул­­сан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малт­малын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор алтны рояалтыг зохистой түвшинд байлгахаар тооцоо судалгаа хийсний үндсэн дээр “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ баталсныг та санаж байгаа байх аа.
Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөөц өсгөх хайгуул хийх, байгаль орчны нөхөн сэргээлт, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд энэ хууль ихээхэн ач холбогдолтой болсон. Энэ нь эргээд улсын валютын нөөц, орон нутгийн төсвийн орлого, ажлын байр нэмэгдэхэд ард иргэдийн амьдралын чанар дээшлэхэд ихээхэн нөлөөтэй.
Хууль  батлагдсанаас хойш эхний хагас жилийн байдлаар Монголбанкинд дөрвөн тонн гаруй алт тушаасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн дүн.

-Валютын нөөцийг нэмэгдүүлэх эх сурвалжийн нэг болох алтны олборлолтыг нэмэгдүүлэх талаар яамнаас ямар арга хэмжээ авч байна?
-Алтны олборлолтыг нэмэг­дүүлэхийн тулд Монгол­банкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар “Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-ний хөтөлбөр батлан гаргалаа. Тус хөтөлбөрт хамрагдахаар “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт ирүүлсэн. Эдгээр компани “Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арил­жааны бан­куудын тавьсан Уулын аж­лын төлөвлөгөөг батлуул­сан байх, төсөл хэрэгжүүлэх хан­галттай нөөцтэй байх зэрэг шаард­лага хангасан байх ёстой. Санхүүжилтийг хоёр үе шаттайгаар олгох юм. Эхний үе шатанд буюу 2014 онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт 200 тэрбум төгрөг олгох боломжтой. Хоёрдугаар үе шат: Алт тушаах, зээлийг эргүүлэн төлөх нэгдүгээр үе шатны үүргээ бүрэн биелүүлсэн болон бусад шаардлагуудыг хангасан байгууллагуудад дунд, урт хугацааны эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн санхүүжилт олгоно.

-Энэ хөтөлбөрийн хэрэг­­жилт тааруухан бай­гаа талаар алт олбор­логчид ярьж байсан. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Уул уурхайн яамнаас хөтөлбөрт хамрагдах ком­паниудын Уулын ажлын төлөвлөгөөг нарийн хянаж баталж өгсөн, зарим компанийн ТЭЗҮ-ийг хугацаа алдуулахгүйгээр баталж өгсөн зэрэг өөрөөс хамаарах бодлогын дэмжлэг үзүүллээ.
БОНХЯ-наас тэдгээр компанийн менежментийн төлөвлөгөө, усны дүгнэлт зэргийг гаргаж өгөхгүй байх, урт нэртэй хууль хэрэг­жүүлэхээр Засгийн газрын 194, 174 дүгээр тогтоолын хэрэгжилт удааш­ралтай байгаа, арилжааны банкууд хүсэлт гаргасан компаниудад зээл олгож эхлэхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас компаниуд олборлолт хийх ид сайхан улиралд үр дүнтэй ажиллаж чадахгүйд хүрэх хүндрэл бий болоод байна. Алт олборлогчдод учирч байгаа гол хүндрэл нь төслийг санхүүжүүлэх асуудал юм. Ер нь,  “Санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах боломж нь нээлттэй байгаа.
Засгийн газраас алт олборлох төлөвлөгөөг жилд нэг сая унци байхаар баталж өгсөн, манай яамнаас энэхүү даалгаврыг биелүүлэхээр нарийн тооцоо хийж, алт олборлогчдод бодлогын дэмжлэг үзүүлж ажилласнаар эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөний 60 хувийг биелүүлээд байна. Түрүүчийн ярьсан хүндрэлүүдийг хол­бог­­дох байгууллагууд яарал­­тай арилгаж чадвал бид төлөвлөгөөг давуулан бие­лүүлэх бүрэн боломж байна.

-Нинжа нэртэй хүмүүсийн үйл ажиллагааг хэрхэн цэгцлэх вэ?
-2000 оны үед нинжа нарын тоо 100 мянгад хүрч байна гэсэн судалгаа байсан. Уул уурхай хөгжсөн орнуудын туршлагаас харахад нинжа хэсэг хугацаанд байсан л байдаг. Манай улсын хувьд ч гэсэн энэ замыг тойролгүй л явж байна, гэхдээ манай орны хувьд нэг онцлог нь эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулахаар богино хугацаанд багагүй арга хэмжээг төр засгаас авсан байдаг. Саяхан л гэхэд УИХ-аас баталсан салбарын бодлогод бичил уурхайчдыг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор зааж өгсөн. Бичил уурхайчдын үйл ажиллагааг зохицуулах ажлыг тэдгээрийн болон ком­пани, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагын орол­­­цоот­­ойгоор хамтран шийд­­­­­­­­­­­­­­­­­­­вэрлэхээр ярилцаж байгаа.

-Бичил уурхайчдын олборлосон алтыг хэрхэн цуглуулж авах вэ?
-Бичил уурхайчдад сорь­цын лаборатор, арилжааны банкны үйлчилгээг ойртуулс­­наар энэ асуудлыг шийд­вэрлэнэ гэж бодож байна. Бичил уурхайчдын олборлосон алтыг банк худалдан авснаар тэднийг гэмт үйлдлээс хамгаалах нэг арга зам болох юм.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрс татарсныг мэднэ. Гэхдээ та байдал яг одоо ямар байгааг тодорхой хэлж өгөөч?
-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буураагүй, өмнөх жилүүдэд салбарын хөрөнгө оруулалтын орчин их өссөн харагддаг нь Оюутолгой төслийн гол санхүүжилт орж ирсэнтэй холбоотой. Өнгөрсөн оноос Оюутолгой төслийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, далд уурхайн үндсэн амын нэвтрэлт болон бусад томоохон бүтээн байгуулалт хийгдэж, дуусах шатандаа орсон тул оруулах хөрөнгийн хэмжээ багассан. Энэ нь салбарын нийт хөрөнгө оруулалт буурсан мэт харагдаж байж болох юм. Үнэн хэрэгтээ тийм биш. Нөгөө талаас судалгаа муутай гаргасан үнийн өсөлтийн татварын хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг нь манай орны уул уурхайн салбарт эрх зүйн орчин тогтворгүй байна гэсэн эргэлзээг хөрөнгө оруулагчдад төрүүлсэн. Хөрөнгө оруулагчид үйл ажиллагааны тогтвортой орчинг л хүсдэг нь тодорхой. Энэхүү эргэлзээг арилгах талаар яамнаас эрх зүйн орчны талаар олон нийтэд ил, тод тодорхой мэдээллийг цаг тухай бүр хийснээр хөрөнгө оруулагчид харин ч салбарын хөгжлийн хөтөлбөр, эрх зүйн орчны тогтвортой байдлын талаар ойлголттой болж, хөрөнгө оруулалт хэвийн болсон. Гадаадын хөрөнгө оруулагчид хурал зөвлөгөөнүүд дээр монголд хөрөнгө оруулагчдыг уриалан өөрсдөө хошуулах болсноос харагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан