Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаа нарыг хэт их хүч хэрэглэж байгааг эсэргүүцсэн жагсаал болов


Цагдаа нарыг шаардлагатайгаас хэтэрсэн хүч хэрэглэж байгааг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт Нью-Йоркийн Стейтэн Айленд дүүрэгт боллоо. 4000 орчим хүн оролцсон жагсаал элдэв үймээн эмх замбараагүй байдалгүй тайван болж өнгөрсөн аж.

Жагсагчдын зарим нь "Би амьсгалж чадахгүй байна" гэсэн бичээс бүхий зурагт хуудсан барьж жагссан байна. Долдугаар сарын 17-нд хууль зөрчин тамхи ширхэглэн зарсаны төлөө цагдаа нартай муудалцан, баривчлах гэхэд нь эсэргүүцэл үзүүлээд боолгож амь насаа алдсан хар арьст Эрик Гарнер амьсгал хураахын өмнө ийм хэдэн үг хэлсэн юм байна.  

Энэхүү жагсаалд оролцсон Нью-Йорк мужийн экс амбан захирагч Дэвид Пэтер сон "Буруутай этгээдүүд шоронд суух хүртэл бид эсэргүүцлээ илэрхийлнэ" гэжээ. Тэрээр Нью-Йорк мужийн амбан захирагч болсон анхны хар арьстан юм. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг ламтан Эл Шерптон "Бид бослого дэгдээх гэж ийшээ ирээгүй, хүчирхийлэл гарсан болохоор бид энд ирсэн" гээд цагдаа хууль бус боох мэх хэрэглэсэн нь хүчирхийлэл болсон гэв.Гэхдээ жагсагчид цагдаагийн газрыг бүхэлд нь эсэргүүцээгүй гэдгийг онцолжээ.

Жагсагчдын гол урианы нэг нь "Гараа өргөсөн бол битгий бууд" гэсэн үгс байв. Ийм уриагаар наймдугаар сарын 9-нд цагдаа нарт буудуулан амиа алдсан хар арьст Майкл Брауныг хэргийг шударгаар шүүхийг шаардан Фергюсонд болж байгаа жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Цагдаа нар хар арьст залууг тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн зодолдож эхэлэн тул аргагүйн эрхэнд буудсан гэж тайлбарлсан ч хар арьст залууг хоёр гараа өргөн зогсож байхад нь буудсан гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргасан тухай хэвлэ мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм.

Энэ хэргээс хойш Фергюсон хотод хоёр долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал болж байгаа бөгөөд үүнийг дагаад дээрэм тонуул, цагдаа нарын эсрэг зэвсэг, шатах шингэн хэрэглэсэн тохиолдол ч гарсан.

Америкийн нийслэл Вашингтонд яг адил жагсаал болж цагдаа нарыг хэт их хүч хэрэглэж байгааг хэдэн зуун хүн эсэргүүцсэн байна.Жагсаалд оролцогчид хар арьст залууг буудсан цагдааг баривчлах, цагдаагийн газрын ажлыг илүү нээлттэй болгохтой зэрэгцэн цагдаа нарыг армийн тоног хэрэгслээр хангахыг зогсоохыг шаарджээ.

Вашингтоны жагсагчид "Фергюсоны иргэдийг дэмжиж байна", "Цагдаа нарын арьсны өнгөөр ялгаварласан алан хядлагыг зогсоо", "Майкл Брауны төлөө шударга ёс", "Буудаж, хүн алахын оронд хамгаалж, үйлчил", "Энэ улсад цагдаа нар 28 цаг тутам хар арьстаныг буудах ёсгүй" гэх зэрэг уриа бүхий зурагт хуудсан барьсан байжээ.

Жагсаалыг зохион байгуулагчдын нэг нь "Бид Майкл Браун болон Фергюсоны оршин суугчдыг дэмжихийн тулд АНУ-ын хар арьстанууд ба биднийг дэмжиж байгаа цагаан арьстан, араб, латин америкчууд энэ удаад зүгээр бууж өгөх бодолгүй байна гэдгээ харуулахын тулд цугларахаар шийдсэн юм. Бид өөрчлөлт гарах хүртэл энд бат зогсоно" гэжээ.

Мөн цэрэгжсэн цагдаагийн нэгтгэлээс салах шаардлагатай гээд "Цагдаа нар ба тэдний хянаж, бусдаас тусгаарлаад байгаа хүмүүсийн хооронд ийм их бухимдал, хилэн үүсгэсэн ядуурлын эсрэг олон зүйлийг дүүргүүдэд хийж чадна. Цагдаа нар Америкийн асуудлыг шийдэхийг хүсэхгүй, зүгээр л хянаж цагдахыг хүсч байна" гэжээ.

Өөр нэг оролцогч нь цагдаа нарыг арьсны өнгөөр ялгаварласан үйлдлээс нь татгалзуулахын тулд офицерүүд видео бүртгэгчтэй болох, олон хэлтэст дахин шинэ сургалт, бэлгэл явуулах шаардлагатай гэжээ. Учир нь, цагдаад хуучин цэргийн алба хааж байсан хэт олон хүнийг авч байна. Гэтэл тэд халуун цэгүүдэд алба хаасаар өөрчлөгдсөн сэтгэлгээтэй гудамжид эргүүл хийхээр гараад хар арьстануудтай цэргийн гэмт хэрэгтэн шиг харилцаж байгаана гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан