Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мартагдсан ялагдагчийн хам шинж


-Хөршийн тэргүүн нарын айлчлалд гуравдагч хөрш ямар реакци үзүүлэх бол-


Урд хөршийн том даргын манай улсад хийсэн айлчлал дэлхийн улс төрийн уур амьсгалд багагүй өөрчлөлт оруулсан бололтой. Удахгүй манай улсад хийх ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний айлчлал бүр ч их өөрчлөлт оруулах байх. Си Жиньпиний хийсэн айлчлал, Путиний хийх айлчлал, Халх голд Орос, Монголын цэргийн байгуулсан ялалтын түүхэн ой гэсэн хоёр үйл явдлыг дайруулсан нийтлэлүүд гарч эхэллээ.

Зарим хүн анзаараагүй байж болох ч Халх голын дайнд ялсан сар, өдөр нь Монгол, Оросын төдийгүй дэлхийн түүхийг өөрчилсөн олон чухал үйл явдалтай давхцаж байгаа. Хамгийн наад захын жишээ татъя.
1939 оны наймдугаар сарын 23-нд Халх голын дайнд Монгол, Зөвлөлтийн цэрэг милитарист Японыг ялсан гэдэгт орчин үеийн түүхч нар санал нийлж байгаа. Энэ өдрөөс хойш ердөө долоо хоногийн дараа буюу 1939 оны есдүгээр сарын 2-нд нацист Германыг Польш руу довтолсны дараа Франц, Их Британи урьд нь өгсөн амлалтын дагуу хариу дайн зарласнаар Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн түүхтэй. Үүнээс зургаан жилийн дараа 1945 оны есдүгээр сарын 3-нд Америкийн Тэнгисийн цэргийн “Миссури” их усан онгоц дээр Японы тал бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ аймшигт дайн албан ёсоор дуусч, АНУ, Их Британи, ОХУ гэсэн гурван их гүрэн Монголын, бүр тодруулбал тухайн үеийн Гадаад Монголын тусгаар улс гэсэн статус квог хүлээн зөвшөөрч байсан гэдгийг та санаж буй байх.

Дэлхийн II дайны Японы эзэнт гүрний газар нутаг

Гэвч долоохон хоногийн дараа тухайн үеийн Японы гол түнш Герман улс дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлж 60 сая хүний аминд хүрсэн аймшигт дайныг эхлүүлсэн гэдэг тохиолдлын зүйл гэдэгт итгэхэд бэрх.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн дуусаад ахин дөрвөн жилийн дараа 1949 оны аравдугаар сарын 1-нд манай урд хөршид болсон иргэний дайнд Хятадын Коммунист нам ялж, БНХАУ-ыг байгуулснаа дэлхий дахинаа зарлан тунхаглаж байв.

Өнөөгийн дэлхийн дүр зургийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ийм олон чухал үйл явдал Халх голын дайн дуусмагц эхэлсэн гэж болно. Өөрөөр хэлбэл, Халх голын дайны төгсгөл нь аймшигт том үйл явдлын эхлэл байв. Иймд 75 жилийн тэртээ Монголын Халх голын орчим гурван сарын турш үргэлжилсэн дайны шалтгаан, үр дагаврын тухай Орос, Монгол төдийгүй зарим улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд бусаар, дам дамандаа дайруулан ярьж эхэллээ. Японы "Sankei Shimbun" сонинд гарсан нийтлэл үүний тод жишээ.

Энэ нийтлэлийн ерөнхий утга нь  есдүгээр сарын 3-нд дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг Орос, Хятад хоёр хамтран тэмдэглэж магадгүй гэдэгт ихэд эмзэглэсэн байдал харагдах. Дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор дууссан гэдэг энэ өдөр милитарист Япон дайнд ялагдсанаа аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн болохоор тэр биз. Ийм эмзэглэлийг ойлгож болох. Ялагдагч байх дуртай улс гэж байхгүй нь ойлгомжтой.

Гэтэл Орос, Хятад төдийгүй Хятад ба Өмнөд Солонгос гэсэн улс энэ ялалтыг хамтран тэмдэглэж магадгүйд хамгийн ихээр эмзэглэсэн байх юм. Тус сонины нийтлэлчийн бодлоор энэхүү ялалтын баярыг тэмдэглэж байгаа нь хэдийнэ үгүй болсон, огт байхгүй дайсны эсрэг чиглэсэн гаж үзэгдэл аж. Цаашлаад ийм байдлаар хоёр их гүрэн ялалтын баярыг тэмдэглэж буйг Япон зүгээр хараад суух ёсгүй, баяр тэмдэглэснээс үүдэх үр дагаврыг сулруулах чиглэлээр ажиллаж, ийм баяр тэмдэглэх нь хэвийн бус үзэгдэл гэдгийг олон улсад заах ёстой гэнэ.
Ойг хамтран тэмдэглэх саналыг Путин өнгөрсөн жилийн ёсдүгээр сард Киргизийн нийслэл Бишкект болсон  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр анх гаргасан. Харин Си Жиньпин дараа сард нь Бали арал дээр болсон Орос ба Хятадын Төрийн тэргүүний уулзалтын үеэр хэлсэн үгийг нь эргэн сануулаад “Энэ чухал үйл явдлыг тохиолдуулсан бэлтгэл ажлыг аль болох хурдан эхэлье” гэж хэлсэн гэдгийг япон сэтгүүлч сайн тогтоож авч.

Яагаад олон сая хүний амиар олсон ялалтын өдрийг тэмдэглэх нь хэвийн бус юм бэ гэхээр япон сэтгүүлч хоёр зүйлийг онцолж. Нэгдүгээрт,  Орос буюу тухайн үеийн Зөвлөлт нь Германыг ялахын тулд асар олон хүнээ алдсан бол Японыг бууж өгөхөөс ердөө долоо хоногийн өмнө буюу 1945 оны наймдугаар сарын 8-нд Японд дайн зарласан юм гэнэ. Өөрөөр хэлбэл, япончууд олон орос цэргийг устгаагүй болохоор ялагч байх эрхгүй гэж байгаа бололтой.

Ингээд зогсохгүй дайн дуусмагц Оросын Улаан арми нь Манжуурт амьдарч байсан япон иргэдийн хувийн өмчийг хураан авч Сибирийн хорих лагериуд руу 600 мянга орчим япон цэргийг цөлсөн, тэдгээрээс 60 мянга гаруй нь өлсгөлөн, хахир хүйтэн, байж боломгүй хатуу хүнд нөхцөлийг даалгүй нас барсан гэнэ. Орос нь дайнд ялсан баярыг тэмдэглэх бус харин Манжуурт /энэ нутагт япончууд ямар байдлаар орж ирснийг дурдахаа байя/ байсан япончуудын эд хөрөнгийг буцаан өгөөд, олзонд байхдаа өөд болсон 60 мянган япон цэргийн ар гэрт нөхөн төлбөр өгөх ёстой юм байх.

Хоёрдугаарт, тухайн үеийн Японы эзэнт улсын цэрэг нь Чан Кай Шигийн удирдсан Гоминданы намын цэрэгтэй голлон байлдаж байсан, коммунистуудтай тулсан тохиолдол цөөн гэнэ. Өөрөөр хэлбэл, Японыг ялсан өдрийг Коммунист удирдлагатай БНХАУ бус харин Тайвань буюу БНХУ тэмдэглэх эрхтэй аж. Цаашилбал, Иожима, Окинава арлыг алдаж, Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдүүлсний дараа япончууд Орос, Хятадад биш харин Америкт бууж өгсөн гэж тунхаглаад япон сэтгүүлч түүхийн талаар “өргөн” мэдлэгтэй гэдгээ харуулав.
Ийм учраас  манай хойд ба урд хөрш Японыг ялсан ойг тэмдэглэнэ гэдэг япон сэтгүүлчийн хувьд их л инээдэмтэй харагдаж байгаа бололтой. АНУ нь Токио хотыг бөмбөгдөж, Хирошима, Нагасаки хот дээр  цөмийн бөмбөг хаясан тулдаа л Хятад,Орос хоёр Японыг ялсан гэдгээ “чадварлагаар мартлаа” гэж япон сэтгүүлч ихэд бухимджээ.

Эх газрын Хятадад байрласан сая гаруй хүнтэй Квантуны армийг ялахад Зөвлөлт, Хятадаас гадна Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын арми бодит хувь нэмэр оруулсан гэдгийг япон сэтгүүлч дурдаад ч хэрэггүй гэж үзсэн нь ойлгомжтой.

Гарцаагүй ялагдаж, түмэн хүний нүдэн дээр ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан явдлыг Японы нийгмийн зарим хэсэг ингэж хүлээн авч байна. Ийм байхад нэгэн сурталчилгаан дээр гардагтай адилаар “ялагдсан гэхэд ч хаашаа юм, ялагдаагүй гэхэд ч хаашаа юм” гэж Японы хэт үндсэрхэг үзэлт түүхчдийн тайлбарладаг Халх голын дайны талаар ямар байр суурьтай байгааг ойлгож ядах зүйлгүй.

Тэр тусам Крым, Украины хэрэг явдалтай холбоотойгоор Өрнө дахин Оросыг үзэн ядаж, эдийн засгийн хориг арга хэмжээ авах кампанит ажил эхлүүлээд байгаа үед милитарист Японыг ялсан гэдэг гавьяаг задран унасан Зөвлөлтийн залгамжлагч Орос тэмдэглэнэ гэдэг Японы хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хувьд байж боломгүй зүйл бололтой. /Яагаад Америкт ялагдаж болдог Орост болдоггүй гэдэг асуултыг нээлттэй хэвээр үлдээе/ Үүний дээр хаа байсан “газрын мухарт” байдаг хөгжил дорой, ядуу Монголд Номуун ханы хэрэг явдлын төгсгөлийг орос, монгол цэргийн ялалт гэж тайлбарлаж байгаа нь “Их наран” улсын нөлөө бүхий зарим хэсэгт таатай санагдахгүй байгаа аж.

Дайран дээр давс гэгчээр  Курилын арлуудыг оросуудтай булаацалдаж байдаг. Япон Курилын арлууд манайх тул нэн даруй буцааж өг гэдэг ч Орос “чадвал байлдаад эзлээрэй” гэж болохоор байр суурьтай. Орос Крымийг нэгтгэсэнтэй адил Япон Курилын арлуудыг авах гэхээр арай л “жулдаад” байдаг. Ийм улстай манайх газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь хүлээн зөвшөөрөхийн дээр Ерөнхийлөгч Путинийг нь урьж ирээд тун ч дотно харилцаатай гэдгээ бататгаснаар маргаантай арлуудын асуудлаар Оросын талд бат зогсч буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой. Крымийн хойгийн асуудлаар ч мөн адил наанаа гэрээ, хэлэлцээний замаар шийдье гэж уриалаад цаанаа “танай зөв” гэж Оросыг дэмжих бололтой. Үгүй байсан бол Путин манайд айлчлах нь юу л бол. Энэ байдал Японд төдийгүй, АНУ, Европын холбоо, Австрали, Канад гэх мэт улсуудад таатай санагдахгүй байгаа нь ойлгомжтой. Монгол ямар нөлөөтэй улс гэж Өрнө дахинд үзэн ядаж, шахаанд оруулаад байгаа Путинийг урьж гэрээ байгуулаад, Оросыг дэмжээд байгаа юм бэ гэсэн асуулт өрнөдийн дипломатчдын дунд явж л байгаа.

Сая Си Жиньпиний айлчлалын үеэр Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх тухай дурдсан нь Японы тодорхой хэсгийн бухимдлыг бүр ч их төрүүлж байгаа байх. Учир нь, япончуудын Сэнкакү гэж нэрлэдэг олтриг буюу бүлэг арлыг Хятад өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж булаацалдаж байгаа үед бид Хятадын талд орж харагдаад байгаа хэрэг. Гэтэл эдгээр арлын асуудал дээр АНУ нь Японы талд байгаагаа илэрхийлсэн байдаг. Америк Японы талд байгаа бол Европын холбоо, НАТО ч япончуудын талд байгаа гэсэн үг. Харин бид Хятадын талд байгаа гэдгээ шууд харуулчихав уу.

Товчхондоо манайх урд ба хойд хөршийнхөө Төрийн тэргүүнийг урьж уулзан, олон тооны гэрээ байгуулан тун ч найрсаг, маш дотно харилцаатай гэдээ дэлхий даяар харуулав. Үүнийг дагаад олон улсын ээдрээтэй асуудлууд дээр шууд биш ч гэлээ тэдний талыг баримтална гэдгээ харуулан, Америк, Европын холбоотой зөрчилдөөд авлаа. Үр дүнд нь “гуравдагч хөрш”-үүд бидэнд уурлаж, үзүүлж байгаа тусламж, дэмжлэгийн хэмжээгээ мэдэгдэхүйц багасгах уу? гэсэн асуулт нээлттэй үлдэх нь.

Эцэст нь, дээр нэр гарсан Японы "Sankei Shimbun" сонины нийтлэлд дайнд ялагдсан өдрийг яаж тэмдэглэн давж гарах тухай зөвлөгөө өгснийг сонирхуулъя. Япон нь дайнд ялагдсан өдөртэй холбоотой ёслолын арга хэмжээг зүгээр хараад суух ёсгүй бөгөөд юуны өмнө энэ ялалтад оруулсан Хятад ба Оросын хамтарсан хувь нэмрийг багасгах, түүхэн ач холбогдлыг үгүйсгэх ёстой юм гэнэ. Дараа нь Хятад ба Өмнөд Солонгосыг Японыг ялсан өдрийг хамтран тэмдэглэхэд саад болох ёстой гэнэ. Гуравдугаарт, дайны үеэр япон цэргүүдэд зориулсан янхны газар хүчинд автан ажиллаж, тарчилж байсан хятад эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан дурсгалын цогцолборыг Тайвань арал дээр барихыг Японыг дэмжигч хүчний тусламжтайгаар зогсоох, ач холбогдлыг хязгаарлах ёстой юм гэнэ. Дөрөвдүгээрт, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Азийн энх тайван, хөгжил цэцэглэлд Японы оруулсан хувь нэмрийг бодолцон онцлоод тухайн өдрийн ёслолыг  АНУ, Европ ба Азийн орнуудын хамт тэмдэглэн өнгөрүүлэх ёстой гэнэ. Тавдугаарт, Япон ба АНУ нь дайны үед эсрэг талууд байсан ч дайны дараа харилцан ойлголцолд хүрч Азийн бүс нутгийн хөгжил, тогтвортой байдлын цөм болж чадсан тул дайн дууссан өдрийг хамт тэмдэглэх ёстой гэдгийг АНУ, “АСЕАН”-ы орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй гэж.
Дэлхийн хоёрдугаар дайн, түүний бодит эхлэл болсон Халх голын дайны талаарх Японы зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн байр суурь нэг иймэрхүү байна.

0 Сэтгэгдэл
ДАЙН БОЛ ГУЧААС ЖАРАН ЖИЛИЙН ДАВТАМЖТАЙ БАЙНГА БОЛДОГ ЗҮЙЛ ТҮҮНИЙГ ӨДСӨН ТАЛ ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨНӨ, ДАЙН БОЛ ХҮНИЙ ӨӨРИЙН ГЭМИЙН ТӨЛӨӨС АЗИЙН ХҮНИЙГ 3 0 ХУВЬ АФРИК 25 хувь ЦӨӨРҮҮЛЭЖ БАЙЖ БАЙГАЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ТЭНЦВЭР ОЙРТНО
ДАЫН БОЛ ГУЧААС ЖАРАН ЖИЛИЙН ДАВТАМЖТАЙ БАЙНГА БОЛДОГ ЗҮЙЛ ТҮҮНИЙГ ӨДСӨН ТАЛ ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨНӨ, ДАЙН БОЛ ХҮНИЙ ӨӨРИЙН ГЭМИЙН ТӨЛӨӨС АЗИЙН ХҮНИЙГ 3 0 ХУВЬ АФРИК 25 хувь ЦӨӨРҮҮЛЭЖ БАЙЖ БАЙГАЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ТЭНЦВЭР ОЙРТНО
Хамгийн их уншсан