Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Бат-Амгалан: Ирэх ондоо багтан шүүх нээлттэй үйлчилгээний байгууллага болно


Шүүхийн тухай багц хууль өнгөрсөн онд батлагдсанаар хууль зүйн салбарын шинэчлэлд томоохон түлхэц үзүүлсэн гэхэд болно. Улмаар шударга ёсыг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг олон улсын зарчимд нийцүүлэн шинэчлэх, шүүх хууль сахиулах байгууллагын тогтолцооны өөрчлөлт зэрэг олон ажил өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжиж эхэллээ. Хэдийгээр олон жилийн турш тогтсон шүүх, шүүх ажиллагааны дектатурыг өөрчлөх нь хялбар ажил биш ч өнгөрсөн хугацаанд энэ салбарт ямар өөрчлөлтүүд гарсан талаар Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Бат-Амгалантай ярилцлаа.

-Шүүхийн тогтолцоог сайжруулах, өөрчлөх нь хууль зүйн салбарын шинэч­лэлийн хүрээнд хийж буй томоохон ажилд тооцогдож байна. ШЕЗ ч өөрөө шинэчлэлийн хүрээнд гарч ирсэн бүтэц, тогтолцоо шүү дээ. Тэр утгаараа ШЕЗ-өөс олон зүйлийг хүлээж байна?
-Шүүхийн шинэчлэл гэхээс урьтаж, ШЕЗ-ийн үйл ажиллагааны тухай зурвас дурдах нь зүйтэй байх. Хуулиараа бол манайх шүүхийн захиргааны төв байгууллага гэж нэрлэгдэж явна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шүүхийн тухай багц хууль анх удаа батлагдсан. Энэхүү багц хуульд, Шүүхийн захиргааны тухай хууль гэх ойлголт орж ирсэн нь ард иргэдийн хувьд цоо шинэ зүйл болов уу. Харин хууль зүйн салбарынх нь хүрээнд авч үзвэл, 1991 онд батлагдсан Үндсэн хуулиас хойших гурав дахь загварт тооцогдоно. Өмнө нь Гүйцэтгэх засаглалтай хосолсон байдлаар шүүхийн захиргааг хэрэгжүүлэх гэж үзсэн. Дараа нь 2002 оноос шүүхийн захиргааг Дээд шүүхэд тулгуурлан ажиллуулж эхэлсэн. Энэ бол шүүх нь шүүхээ удирддаг, Ерөнхий шүүгч нь шүүн таслах ажиллагаанаас бусад шүүхийн захиргааны ажилд оролцдог байсан гэсэн үг. Харин Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд шүүн таслах ажиллагаанаас бусад шүүхийн захиргааны ажлыг манай байгууллага чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлж эхэлсэн хэмээн ойлгож болно. Ингээд юун түрүүнд, шүүгч нарын хэвийн нөхцөлд ажиллах боломжийг хангахын тулд ШЕЗ нь УИХ-ын хэмжээнд тэдний цалин хөлсний асуудлыг уламжилсан. Улмаар шүүгч нар дунджаар 2-5 сая төгрөгийн цалин авч байна.
Энэ нь шүүгчийн хараат бус байдлыг хангахад түлхэц үзүүлсэн ажлын нэг хэсэг. Мөн аюулгүй байдлыг нь хангах үүднээс тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Тахарын албаны тухай хууль батлагдаж, хуулийн үзэл баримтлалд нь шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тусдаа концевцууд орж ирсэн.

-Шүүгчийн нийгмийн асуудлаас гадна, шүүх тойргийн системд шилжсэн нь олны анхаарлыг татаж байна. Одоог хүртэл иргэд энэ талаар сайн ойлгохгүй байгаа. Энэ системийн сайн тал нь?
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд тойргийн системд орсон нь Шүүх байгуулах тухай хуулиар зохицуулагдсан. Нийслэлийн хувьд тайлбарлавал, Иргэний хэргийн I шүүх гээд дагнасан шүүх байгуулсан. Үүнд, хуучнаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхүүд харьяалагдана. Өмнө нь дүүргийн шүүх гэдэг утгаараа иргэний, эрүүгийн гээд бүх хэргийг шүүдэг байсан бол одоо больсон. Ингээд дан иргэний хэрэг шүүгээд эхлэхээр шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн шийдвэр илүү бодитой гарах, шүүгч нарын ачаалал багасах, шүүгч мэргэших зэрэг ач хол­богдолтой болж байгаа юм.

-Ер нь нэг шүүгчид хэдэн хэрэг оногдож байсан юм бэ?
-Нийслэлийн хэмжээнд ер нь ачаалал их байдаг. Статистикаас харвал, нэг шүүгч 100 гаруй хэрэг дээр ажиллаж байна. Харин хөдөө, орон нутагт ачаалал бага. Энэ нь нийслэлд хүн амын дийлэнх нь амьдарч бай­гаатай холбоотой. Тиймээс цаашдаа шүүн таслах ажиллагааг чанартай болгохын тулд шүүгч нарын тоог нэмэгдүүлж байгаа. Саяхан 43 шүүгчийг сонгон шалгаруулсан бол 30 орчим сул орон тоонд сонгон шалгаруулалт хийж, шүүгч сонгоно. Ингэхээр энэ онд 70 орчим шүүгч нэмэгдэж байгаа юм. Цаашдаа ч нэмэгдүүлэх бодлого барина. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд хараахан нэмэх боломж алга. Өрөө тасалгаа, хуулиараа нэг туслахтай байна зэрэг шаардлагууд байдаг учраас хөрөнгө мөнгө, байр сууцны асуудалд саатаж байна. Гэхдээ бид яваандаа хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэж, нийтдээ улсын хэмжээнд дөрвөн шүүхийн байрыг шинэчлэх зорилготой байна. Энэ нь эцэстээ нэг шүүгчид оногдож байгаа хэргийн тоо багасч, тухайн хэрэг­тэй илүү танилцах, ойр ажиллах боломжийг нь нэмэгдүүлэх бүрэн бололцоотой юм.

-Улсын хэмжээнд хэдэн шүүгч байх ёстой байдаг юм бэ?
-УИХ-аар зөвшөөрөгдсөн шүүгчийн тоо 600 орчим. Сая 43-ыг сонгон шалгаруулж томилсноор 460 орчим шүүгч ажиллаж байна. Харин энэ жилийн эцсээр 500 орчим болох байх. Статистикийн мэдээлэлтэй харьцуулж харвал дээрх тоо нь одоогийн нөхцөлд боломжтой байгаа.

-Цагдан хорих ажил­лагаа­ны талаар ШЕЗ сүү­лийн саруудад нэлээд ажил өрнүүллээ. Үүнтэй холбоотойгоор заавал цагдан хорихгүйгээр сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглах талаар ч яригдаж байна. Үүнийг шүүх, шүүх ажиллагаанд ухаалаг технологи нэвт­рүүлэх нэг төрлийн эхлэл боллоо гэж харж байна?
-Тийм. Зөвхөн цагдан хорино гэлтгүйгээр шүүхийн үйл ажиллагааг илүү ухаалаг болгоё гэдэг үүднээс “Ухаалаг шүүх” хөтөлбөрийг ШЕЗ-ийн ажлын алба боловсруулж байгаа юм. Энэ хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий. Гэхдээ 2014-2016 оны хооронд хэрэгжиж дуусна гэж бид төлөвлөсөн. Өнгөрсөн онд гэхэд Нээлттэй шүүх гээд шүүхийн ажиллагааг нээлттэй болгохоор шүүх хуралдааны танхимыг дуу, дүрсний иж бүрэн тоног, төхөөрөмжөөр хангасан гэдгийг иргэдийн дийлэнх нь мэдэж байгаа байх. Өнөөдрийн байдлаар Захиргааны хэргийн давж заалдах болон Дүүргийн Эрүү, Иргэний шүүхэд дээрх нээлттэй шүүх ажиллаж байна. Ингэснээр иргэд “Нээлттэй шүүх” гэсэн танхимд орж шүүх хуралдааны бичлэгийг шууд үзэх боломжтой. Хоёрдугаарт, шүүх хурал­даангүй үед сүүлийн долоо хоногт болсон шүүх хурлын бичлэгийг нөхөж үзэх боломжтой юм. Яваандаа, мэдээлэл, технологийн олол­тын тусламжтайгаар хэргийн хөдөлгөөний удирдлагын менеж­ментийг илүү сайж­руулах тал дээр анхаарч ажиллана. Мөн дээрх ажлын хүрээнд программ хангамжийг нэвтрүүлсэн байгаа. Өмнө нь ашиглаж байсан программыг сольж, “Иргэний хэргийн нэгдсэн систем” гэх нэртэй шинэ программ нэвтрүүлсэн. Энэ нь иргэдээс гомдол ирэхээс шийдвэр гарах хүртэлх процессыг механикаар хийдэг байсан бол одоо программын тусламжтайгаар хэрэгжүүлэх болсон. Дээрх ажил зүгшрээд ирэхээр хэргийн оролцогч нартаа шүүх хуралдааны товыг заавал шүүх дээр ирээд байлгүй, утсаар юм уу мэйл хаягаар өгөх технологи нэвтрүүлэхээр болж байгаа. Мөн мэдээлэл (шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг) хүргэх үүднээс, “Монгол шуудан” компанийн шинээр нэвтрүүлсэн тоон гарын үсэгтэй хүргэлтийн үйлчилгээг эхний байдлаар Иргэний хэргийн I шүүхэд туршилтаар хэрэгжүүлнэ. Тэгэхээр өмнө нь баталгаат шуудангаар хүргэдэг байсан байдал өөрчлөгдөж, илүү мэдээлэл технологийн ололтыг ашиглахаар зорьж байна. Мөн дахин 13 танхимыг дуу, дүрс дамжуулах зорилгоор бүрэн тоноглоно.

-Шүүхүүд хоорондоо онлайн системийг ашиглах боломжтой юу?
-21 аймаг дахь шүүх шилэн кабелаар холбогдсон. Харин ШЕЗ дээр үндсэн сервер нь байрладаг. Энэ жил сум дундын долоон шүүхийг шилэн кабелаар холбохоор “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК ажиллаж байна. Ингээд, шүүхүүд хоорондоо онлайнаар холбогдохоор Дорнодод болж байгаа шүүх хурлын гэрч Баян-Өлгийд байлаа гэхэд заавал биеэр очилгүй онлайнаар холбогдоод мэдүүлгээ өгөх боломж бүрдэж байгаа. Мөн ТҮЦ машиныг туршилтаар Дарханы Эрүү, иргэний давж заалдах наймдугаар шүүхэд байрлуулсан. Энэхүү дэлгэцийг ашиг­лаад шүүх хуралдааны зар болон шүүх хуралдааны ту­­хай бүх мэдээллийг үзэж болно.

-Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Тахарын албаны тухай хууль гарсан гэж дээр дурдсан. Тахар гэх бүтэц мөн л ШЕЗ-тэй хамааралтай?
-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах гэдэг бол ШЕЗ-ийн нэг том чиг үүрэг. Үүнтэй холбогдуулан Тахарын албаны тухай хууль батлагдсан. Тус албаны үндсэн чиг үүргийн тал хувь нь манай шүүхтэй холбогдолтой. Мөн энэ хүрээнд, өнгөрсөн долдугаар сард Хуульзүйн сайд болон ШЕЗ-ийн хамтарсан тушаалаар “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журам батлагдсан. Журмаар, шүүх, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн дөрвөн чиг үүрэгтэй. Цаашлаад, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дууд­­санаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллаг­дагчийг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагааг дээрх журмаар зохицуулах юм. Тэгэхээр энэ намар ШЕЗ Таха­рын албатай харилцан хамтран ажиллах санамж бичгийг солилцохоор бэлтгэж байгаа. Өмнө нь бол дээрх чиг үүргүүд ЦЕГ-ын эрхлэх асуудал байсан.

-Тахарын алба байгуу­лаг­даад жил тойрч байна. Энэ хугацаанд ямар түвшинд хамтран ажиллав. Шүүхийн аюулгүй байдлыг хангаж байгаагийн хувьд ямар нэг санал гомдол ирүүлэв үү?    
-Хэдийгээр Тахарын алба байгуулагдаад жил гаруй болж байгаа ч зохион байгуулалтад хурдан орсон, бага хугацаанд жигдэрч чадсан гэж бодож байна. Шүүхийн байгууллага ч үйл ажиллагаа нь жигдрээд олон жил болсны хувьд Тахарын үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Тус байгууллага ч Шүүх байгуулах тухай хуультай ойролцоо буюу тойргийн системд хуваагдсан. Өнөөдрийн байдлаар есөн тойргийн Тахараас долоо нь томилогдож, хоёр аймаг нь сул байгаа. Харин хэсгийн Тахарууд томилогдоод дуус­сан. Өөрөөр хэлбэл, ихэнх шүүхийн харуул хамгаалалтын ажлыг Тахарын алба хариуцаж эхлээд байна. Тиймээс шүүхийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа тус байгууллага зарим нэг дүгнэлтүүдээ бидэнд хүргүүлсэн. Түүнээс харвал, барилга байгууламжийг ка­мер­жуулах, давхар хоорон­дын хаалгануудыг коджуулах зэрэг хүсэлт тавьж байна. Үүнийг шүүгч хуулиараа хэргийн оролцогчтой шууд харьцах эрхгүй, шүүгчийн өрөө тасалгааг хамгаалах зэрэг асуудлуудыг илүү нарийвчлан шийдэх зорилготой болов уу гэж дүгнэсэн. Гэвч эдгээр техник, хэрэгсэл нь эргээд хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Шүүхүүдийг бүрэн камержуулах гээд тооцоо, судалгаа хийхэд 900 орчим сая төгрөгийн зардал гарах тооцоо бий. Тэгэхээр одоогийн байгаа төсөв мөнгөнд энэ нь хүрэлцэхгүй. Уг нь Хуульзүйн сайд болон ШЕЗ-ийн даргын хамтарсан тушаалаар Тахарын алба, шүүхийн захиргааны байгууллага хоёр шүүхийн аюулгүй байдлыг хангах техник, хэрэгслийн төсвийг хамтарч гаргахаар болсон. Харин одоогийн байдлаар Тахарын албаны төсөвт хөрөнгө оруулалтын шинжтэй зардал байхгүй. Одоогийн байдлаар бид шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс бие хамгаалах газрыг зааврын хамт хүргүүлсэн байгаа. Цаашид ч “Ухаалаг шүүх” хөтөлбөрийн хүрээнд автомашиныг нь “GPS”-тэй болгох, орон байрыг нь хамгаалах үүднээс гаднаас аюул заналхийлэл ирэх юм бол цагдаа эсвэл Тахарын алба руу шууд мэдэгдэх системтэй болгох төсөөлөлд тулгуурласан судалгааг хийж байна. Харин энэ жилийн хувьд Эрүүгийн хоёр шүүхийг металь илрүүлэх хаалгаар хангана.

-Төсөв, мөнгөний хүрэл­цээгүй байдлын талаар хэд, хэдэн удаа дурдагдаж байна. Прокуро­рын байгууллага ч төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлын улмаас хэрэг шийдвэрлэх хугацаа удаа­шир­даг талаар ярьж байсан. Төсвийн хүрэлцээ хэр байдаг юм бэ?
-Юутай ч төсөв мөнгө болон түүний зарцуулалт ил, тод байдаг учраас хүссэн иргэд түүнийг манай вэб хуудас болон шүүхүүдийн цахим хуудсаас харж болно гэдгийг хэлмээр байна. Харин энэ оны хувьд УИХ-аар батлагдсан төсөв 60 орчим тэрбум төгрөг байгаа. УИХ-аар төсвийн тодотгол хийж “бүсээ чангалах” боллоо. Шүүх гэлтгүй төсвийн байгууллагууд ч төсвийн хэмнэлтэд нэгдэж байна. Гэхдээ цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай юу, гэвэл тийм. Тиймээс ирэх жилийн төсвийн төсөөллөө урьдчилсан байдлаар хүргүүлсний 26 тэрбум төгрөгийг шүүхийн барилга байгууламж, дэд бүтэц, аюулгүй байдлын буюу хөрөнгө оруулалтын шинжтэй төслүүдийг хүргүүлсэн. Жишээ нь, Хэнтий аймгийн шүүх гэхэд Прокурорын байгууллагатай хамт байрладаг. Хуулиараа бол энэ хориотой. Үүнийг дагаад Шүүхийн хараат бус, аюулгүй байдлын талаар сөхөгдөж болно.
Тиймээс энэ тал руу ихээхэн анхаарах нь чухал байна. Мөн захиргааны ажилтнууд руу анхаарсан төсөв мөнгө хэрэгтэй. Өмнө нь сургалт, хөгжлийн тал дээр шүүгчид рүү анхаарч байсан бол цаашид иргэдтэй шууд харилцаж байгаа захиргааны ажилчидтай руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарч байна. Ингээд 2015 онд шүүхийг нээлттэй үйлчил­гээний байгууллага болгох зорилго тавина. Бидэнтэй хамт­ран ажиллаж байгаа Тахарын албанд хуучин хүч­ний байгууллагад ажиллаж бай­сан хүмүүс байгаа учраас тэдний харилцаа, хандлагын тал дээр анхаарч, сургалт хүмүүжлийн тал дээр хамтран ажиллах төлөвлөгөө бий. Ийм шаардлага  тулгарч байгаа гэд­гийг иргэд ч мэдэж байгаа байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан