Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архины хэрэглээ хоёр дахин их байна


Архинд донтох эмгэгээс сэргийлэх, эмчлэх талаарх хэлэлцүүлэг  өчигдөр Эрүүл мэндийн яаманд болов.
Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдлагууд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Өнөөдөр монголчуудын дунд архины хэрэглээ өндөр байна. Архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, золгүй байдлаар амиа алдах зэрэг нийгэмд сөрөг үр дагавар авчран улмаар тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ талын нарийвчилсан судалгаа ч алга байна. Мөн энэхүү архидан согтуурах эмгэгийг эмчлэх байгууллагуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, дэлхийн хөгжингүй улс орны арга туршлагыг судлах шаардлагатай” гэв.

ДЭМБ-аас Хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл хувь хүний зан үйлээс 55-60 хувь, эрүүл мэндийн байгууллагын ажлаас 10-15 хувь, бусад салбарын оролцооноос 15-20 хувь хамаардаг гэдгийг тогтоосон байдаг. Иймд ЭМЯ-наас хувь хүний зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд хэвшүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

 Хэлэлцүүлгийн үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл “Наркологийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл толилуулав. Тэрээр 2006 оны судалгаагаар Монголын насанд хүрсэн иргэдийн 51,2 хувь нь архийг байнга хэрэглэдэг гэсэн нь дэлхийн хамгийн их архи хэрэглэдэг орноос ч даруй хоёр дахин өндөр байгааг онцоллоо. 1980 онд СЭМҮТ нь 780 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 450 ортой үйл ажиллагаа явуулж байна. Эмийн төсөв нь ч хүрдэггүйг учирлалаа. Одоогоор 503 ажилтан, албан хаагчтай бөгөөд нэн даруй 33 хүний орон тоог нэмж байж бүрэн хүчин чадлаараа ажиллах тооцоотой аж. Тус төвд 2011 онд 153 эмэгтэй эмчлүүлж байсан бол 2013 онд 171 болтлоо өссөн сэтгэл эмзэглэм тоо баримт байна. Мөн тэдний дийлэнх нь 30-50 насны ид ажил хийж бүтээх насны хүмүүс байгааг хэллээ. Энэ чиглэлийн эмнэлгийн удирдлагууд цаашид эмчилгээний шинэ арга барил нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг хуралд оролцогчид дэмжсэн юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунчимэг өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тус төв нь 30 орчим ажилтантай. 1999 онд 648 хүн эмчлүүлж байсан бол 2013 оны байдлаар 2038 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Залуу боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, эмийн төсвийг нэмэх саналтай байгааг хэллээ. Дашрамд дурдахад тус эмнэлгийн барилгын насжилт дууссан тул 2015 онд шинэ эмнэлгийг концессийн гэрээгээр бариулахаар ярьж байна.

Архины эмчилгээ хийлгэдэг иргэдийн дийлэнх нь гэр бүл салсан, ажилгүй, ганц бие хүмүүс байдаг байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны иргэдийн архины хэрэглээ эрс нэмэгдсэнийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Ер нь хөгжсөн оронд архинд донтсон иргэдийг эмчлэхэд хоёр жилийг шаарддаг, зардал өндөртэй, цогц эмчилж байж эмчлэгддэг гэдгийг тогтоосон. Харин манай улсад 14-30 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлээд гаргадаг байна. Ийм ч учраас эмчилгээний үр дүн хангалтгүй байдаг ажээ.

Сайд хурлын төгсгөлд тус асуудлын дагуу аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг төсөвт орон тоонд зохицуулан сэтгэц, наркологийн орыг нэмэх арга хэмжээг авах, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага бүр стандартын дагуу эмч, мэргэжилтнийг орон тоогоор нь ажиллуулах, наркологийн эмчийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулах, наркологийн эмчилгээний удирдамжийг шинэчлэх, тандалт, судалгааны тогтолцоог бүрдүүлэх, тойм судалгааг орон нутаг бүрээр гаргах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлэх асуудлаар онлайн сургалт явуулахыг холбогдох албаны хүмүүст тус тус үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан