Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчиллаа


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ албан ёсоор айлчиллаа. Айлчлалын үеэр сайд Юн Бён Сэ Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол, Солонгосын Бизнес Форумын үдийн зоогт оролцоод буцлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочноо хүлээн авч уулзахдаа айлчлалд нь амжилт хүсч, хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэсэн. Харин айлчилж буй сайд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 24 жил өнгөрчээ, ирэх онд тэмдэглэх 25 жилийн ойн хүрээнд хоёр талаас хийх ажил цөөнгүй байна хэмээсэн. Тэрээр Монголд ардчилал амжилттай хөгжиж эдийн засаг хурдацтай хөгжиж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байдгаа илэрхийлсэн байна. Мөн уг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНСУ-д төрийн айлчлал хийхийг урив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгыг талархан хүлээж аваад аливаа айлчлалын эдийн засгийн утга агуулга нэн чухал гэдгийг тэмдэглэн хэлж байв. Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал тогтооход Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга чухал ач холбогдолтой гэдгийг БНСУ-ын Гадаад хэргийн сайд онцлов. Үүнтэй ойролцоо Зүүн хойд Азийн цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага байгуулах тухай санаачлагыг БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ энэ сарын 15-нд гаргасан аж. Үүнд Монгол Улс оролцож болох тухай БНСУ-ын Ерөнхийлөгч  хэлж байсан гэнэ. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд санал нэгтэй дэмжиж гарын үсэг зурсан нь бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой жишиг тогтоох зүйл болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэхийн зэрэгцээ цөмийн хаягдлыг Монгол Улсын газар нутагт булшлах, Монголын нутгаар тээвэрлэх тухай ямар ч асуудал, яриа байхгүй гэдгийг дахин нотлов. Уулзалтын төгсгөлд хоёр тал Монгол Улсын иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах боломжийн талаар хөндөн ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд  БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлжээ.
Дараа нь Юн Бён Сэ тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзсан аж. Ерөнхий сайд уг айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн. Мөн хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг хоёр тал өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахад анхаарч, дэмжлэг үзүүлэх, Солонгосын компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг уриалахыг Ерөнхий сайд хүслээ. Мөн тус улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урилаа.

Хоёр талын гадаад хэрэг хариуцсан сайд нар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, дипломат харилцааны ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцсон. Түүнчлэн Евроазийг холбосон стратегийн ач холбогдол бүхий байршилтай манай улстай БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд шинэ зорилтууд дэвшүүлэх бололцоог талууд хэлэлцжээ. Тухайлбал, төмөр зам, далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн нөөц боломж бий гэнэ. Монгол, Солонгосын харилцааг эрчимжүүлэхийн төлөө, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн тулд, хэтдээ хоёр орны иргэд вигүй зорчих нөхцөл бүрдүүлэх бололцоог ч сайд Л.Болд, Юн Бён Сэ нар хөндсөн. Үүнээс гадна олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар үр ашигтай санал солилцсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан