Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Самар түүх зөвшөөрлийг аравдугаар сард олгоно


Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас самрын ургац, худалдааны талаар мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар найман аймгийн 22 суманд самрын ургац маш муу, гурван аймгийн найман суманд муу, найман аймгийн 13 суманд дунд, хоёр аймгийн найман суманд сайн ургац гарсан байна. Үүнийг 21 аймгийн хэмжээнд авч үзвэл, өмнөх  жилүүдийнхээс самрын ургац муу байгаа нэгдсэн дүн гарчээ. Тиймээс энэ жил сайн ургацтай байгаа Архангай, Сэлэнгэ аймгаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн байна. Гэхдээ хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг учир энэ үеэс албан ёсны зөвшөөрөл олгоно гэдгийг БОНХЯ-наас мэдэгдэв.

Харин ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх иргэд орон нутгийн Ойн ангид хандан, нэг кг самар түүх эрхийг 500 төгрөгөөр, мөн кг жимс, жимсгэнэ түүх эрхийг 300 төгрөгөөр авах юм байна. 10 хоногийн хугацаанд хүчинтэй байх энэхүү эрхийн хүрээнд нэг иргэн 25 кг хүртэлх, самар, жимс жимсгэнэ түүж болох аж.

Мөн худалдаанд гараад байгаа боргоцой, цайруулсан самар зэрэг нь зөвшөөрөлгүй, нэгэнт худалдаанд гарсан учраас зохицуулах боломж хомс байгаа гэдгийг БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн И.Дорж хэлсэн юм. Дашрамд дурдахад самар ургасан бүс нутагт хортон шавьж устгах хор цацаагүй бөгөөд шинэсэн ойд хор цацсан байна. Мөн байгалийн самраар 50 зүйлийн хөхтөн, 160 зүйлийн шувуу, зургаан зүйлийн хоёр нутагтан, дөрвөн зүйлийн мөлхөгч амьтан хооллодог учраас байгалийн самрын 40-60 хувийг байгальд нь үлдээх ёстой байдаг аж.

                                                   Б.НЯМЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан