Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“НАНЬЖИН-2014” наадмаас Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ


БНХАУ-ын Наньжин хотод болж байгаа Залуучуудын зуны II олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний охидын 46 кг-д хүч үзсэн Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж Монголын баг тамирчдаа ганзага хоосон ирэхээс аварлаа.
Тус тэмцээн энэ сарын 25-28-нд Наньжин хотын “Longjiang Gymnasium” спортын ордонд болж байгаа юм. Бөхийн тэмцээнд 14-18 насны эрэгтэй 80, эмэгтэй 32 нийт 112 бөх өрсөлджээ. Өчигдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн 46, 52, 60, 70 кг-ын жингийн шилдгүүдээ шалгаруулав.
Манай бөх Б.Дөлгөөн нэгдүгээр тойрогт Беларусын бөх Ина Руокийг 8:0, 2:0, хоёрдугаар тойрогт Алжирын бөх Хажида Каддурыг 10:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд Венесуэлийн бөх Адрианна Кастилог 2:0, 2:3 онооны харьцаагаар давж алтан медалийн төлөө БНАСАУ-ын бөх Сон Хуангтай өрсөлдөж 0:8, 0:1 онооны харьцаатай ялагдаж “Наньжин-2014” олимпийн мөнгөн медальтан боллоо.

Энэ удаагийн залуучуудын олимпийн наадамд өрсөлдсөн монголын таван тамирчнаас Б.Дөлгөөн ийнхүү ганцаараа медаль хүртэж баг тамирчдынхаа нүүрийг тахлав. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Д.Мөнхбаяр нь хоёр дахь бөхөө Залуучуудын олимпийн наадамд медальд хүргэж чадварлаг дасгалжуулагч болохоо нотлов.

Болормаагийн Дөлгөөн 1997 онд Налайх дүүрэгт төрсөн, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Өсвөрийн УАШТ-ий хүрэл, хошой алтан медальтай, 2013 онд Улаанбаатар хотод болсон Монгол туургатны хүүхдийн спортын IҮ наадмын болон ОХУ-ын Якут улсад болсон “Азийн хүүхдүүд” спортын наадмын аварга, 2012 онд өсвөрийн ДАШТ-д оролцсон. Азий тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай юм.
Дасгалжуулагч Даваацэрэнгийн Мөнхбаяр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг чөлөөт бөхийн дасгалжуулагчийн мэргэжлээр 1997 онд төгссөн. Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолборт биеийн тамирын багш, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын алба хашиж байсан, одоо дүүрэгтээ дасгалжуулагчаар ажилладаг. Үндэсний бөх барилддаг, 1997 онд аймгийн арслан цол хүртсэн. Чөлөөт бөхийн спортын нэгдүгээр зэрэгтэй, өсвөр үеийн УАШТ-ээс мөнгө, залуучуудын улсын аврага шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Түүний шавь нараас Залуучуудын зуны анхдугаар наадамд Б.Батцэцэг алт, хоёрдугаар наадамд Б.Дөлгөөн мөнгө медаль хүртээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан