Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөговь аймаг “явуулын эмнэлэг”-тэй болов


Өмнөговь аймагт 12 төрлийн ашигт малтмалын орд, илрэлүүд олноор тэмдэглэгдсэнээр 1997 оноос хойш энэ төрлийн хайгуул судалгаа, олборлолтын үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсээр байна. Гэвч үүнийг дагаад орчны бохирдол, нутгийн уугуул, суугуул иргэдийн эрүүл мэндийн асуудал хүндэрсээр ирэв. Харамсалтай нь уул, уурхай нь улсын эдийн засгийн тулгуур төв болтлоо хөгжсөн ч аймгийн эрүүл мэндийн салбарт сүүлийн 70 гаруй жилийн турш төсвөөс дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн 19, өрхийн гурав, хувийн 19 эмнэлэг үйл ажиллагаа явуулж, албан ёсоор 28 эмийн сан ажиллаж байгаа бол эрүүл мэндийн салбарт нь 147 их эмч, 319 дунд мэргэжилтэн ажилладаг гэх статистик сүүлийн гурван жил шинэчлэгдсэнгүй.
Харин өчигдөр орон нутгийн хөрөнгө оруулалтаар Германаас хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний аппаратаар бүрэн тоноглогдсон түр­гэн тусламжийн гурван автома­шиныг сумдад хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.


Бид энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраатай аймгийн эрүүл мэндийн салбарын талаар ярилцлаа.

-Өмнөговь аймаг нь хүн, амзүйн бүтцээрээ их онцлог. Уугуул гэхээсээ суугуул иргэд нь давамгайлж, сумдын ачаалал их болсон. Энэ нь төрийн үйлчилгээг тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээний зохистой харьцааг алдаг­дуулж байна. Уул, уурхай дагасан энэ асуудалд та ямар үнэлэлт өгч байна вэ?
-Өмнөговь аймаг бол Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдол бүхий бүс нутаг. Өөрөөр хэлбэл, Монголын уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөр манай аймагт хэрэгжиж байна. Үүнийг дагаад хүн, амын төвлөрөл  маш их болсон. Жишээлбэл, суурин хүн ам 56 мянга боловч хөдөлгөөнт хүн ам 110 мянга даваад явчихсан. Тэгэхээр таны асуусантай яах аргагүй санал нийлж байна. Юу гэхээр, манай аймагт байгаа сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, суурь мэдлэг олгох сургууль болон эмнэлэг гээд улсын төсвийн байгууллагууд нь хуучин бүтэц, тогтолцоо, төсвөөрөө л явж байна. Тухайлбал, Цогтцэций сум 3-4 мянган хүн амтай байсан бол өнөөдөр 10 мянга давсан. Тиймээс зайлшгүй төрийн үйлчилгээг хүргэхийн тулд орон нутгийнхаа төсвөөс хөрөнгө оруулалт хийх ёстой. Яам, тамгын газраас хийчих байлгүй дээ гээд хараад суугаад байлтай биш. Хүмүүсийнхээ эрүүл мэндийг анхаарах ёстой  шүү дээ. Энэ үндсэн дээр бид сонгуулийн дөрвөн жилийн хүрээнд Өмнөговийн иргэд нутагтаа сайхан амьдрах ёстой гэсэн ерөнхий зорилго тавьсан. Харин үүний нэн тэргүүнд эрүүл мэндийн асуудал. Тэгээд боловсрол, дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдэх буюу орон сууцжуулах, хамгийн сүүлд нь ихээхэн тулгамдаж байгаа байгаль хамгаалах асуудал зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлж байна.

-Зорилтын нэгдүгээрт тавигдсан эрүүл мэндийн асуудлыг шийдэх хөтөлбөрийн хүрээнд түргэн тусламжийн автомашинтай болж байна. Төсөвт өртөг нь хэд вэ, тоноглогдсон автомашинтай болсноор ямар асуудлууд шийдэгдэх вэ?
-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг төрөл бүрийн техник хэрэгслээр хангах, орчныг сайжруулах ажлын хүрээнд энэ жил есөн тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Харин эдгээр ажлын нэгээхэн хэсэг нь энэхүү гурван автомашин (Гаалийн татвартайгаа нийлээд 630 сая төгрөг). Нэг нь Бүсийн эмнэлэг буюу Ноён суманд хуваарилагдах бол үлдсэн нь Цогтцэций сум болон Даланзадгад хотод иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад үйлчлэх юм. Хуучин түргэний автомашин шиг зөвхөн эмч, өвчтөнийг зөөх бус зөөвөрлөх явцдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Харин бид эмнэлгийн автомашины захиалга өгөхдөө газар нутгийн онцлогтоо нийцүүлэн захиалсан. Өөрөөр хэлбэл, говийн бүсэд шороон замаар явах учраас туулах чадвар сайтай зэрэг болзол шалгуурыг тавьж, автомашин дотор эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын аппарат суурилуулсан байгаа юм.

-Хүн амын эрүүл мэндийн асуудлыг цаашдаа дан ганц орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй. Тиймээс харьяа яам, агентлагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх хэмжээний асуудлыг Засаг даргын зүгээс уламжлах уу. Ер нь цаашдаа аймгийн эрүүл мэндийн салбарын тал дээр ямар бодлого баримтлах вэ?
-Хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахын тулд хүн амын өсөн нэмэгдэж байгаа тоог эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн эмнэлгүүдийн хүртээмжтэй уялдуулах нь нэн тэргүүнд шийдэх асуудал болчихоод байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдийн шатлалыг нэмэгдүүлж, бүтэц орон тоог сайжруулахын тулд төсөв мөнгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ нь ганцхан эмнэлгийн салбарт тулгамдсан асуудал биш боловсролын салбарт ч тулгамдаж байгаа асуудал. Хүн амын энэ хурдацтай өсөлтийг гүйцэхээ болилоо. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хуучин төсвийн тогтолцоог халах хэрэгтэй. Эмнэлэг нь ч, сургууль нь ч хэд дахин бага хүн, амтай үеийнхээрээ яваад байж боломгүй байна. Гэхдээ орон нутгаасаа өөрөө, өөрийгөө санхүүжүүлдэг аймгийн хувьд бид улсын төсвийн хөрөнгийг хараад суулгүй хүн амынхаа төлөө багагүй зүйлийг өрнүүлж байгаа.

Сүүлийн үеийн тоноглогдсон эмнэлгийн тусламж, үйлчилгээний автомашиныг хүлээн авч байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн дотрын их эмчээс зарим зүйлийг тодруулахад “Манай сумын эмнэлэг 2012 онд Сум дундын эмнэлэг болж өргөжсөн. Хоёр фургоноор өвчтөнг очиж үзэх, эмнэлэгт хүргэх зэргээр зөөвөрлөдөг байсан. Нэгийг нь 2009 онд “Энержи Ресурс”, нөгөөг нь энэ сард “Эрдэнэс Тавантолгой” компани бэлэглэсэн. Харин энэ удаад сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн автомашинтай боллоо. Зөвхөн өвчтөнөө очиж үзэх бус тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх явуулын эмнэлэгтэй боллоо хэмээн олзуурхаж байна. Хөдөө замд саадгүй хүрч, үйлчилгээ үзүүлснээр манай сумдын эрүүл мэндийн салбарт багагүй ахиц гарлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Юутай ч Өмнөговь аймаг нь Улаанбаатар хотын зарим нэг томоохон эмнэлэгт цөөн тоогоор байдаг сүүлийн үеийн эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг аймагтаа худалдан авсан нь аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн үйл явдал боллоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан