Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгос эмч зөвшөөрөлгүй үзлэг хийж байв


БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байсныг МХЕГ болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлж таслан зогсоолоо.

 И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авч байсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн  хэрэгслээр үйлчилж байв.

Тэрбээр манай улсад жуулчны 90 хоногийн визээр амралтын өдрүүдэд орж ирсэн байна. Түүнд эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах ЭМЯ-ны зөвшөөрөл, эмч гэж нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрчээ. Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж холбогдох хуулийн дагуу 1 920 000 төгрөгөөр торгов.

“Миндиллэ” эмнэлгийн танилцуулгаас үзвэл өндөр давтамжийн массаж, өөх задлах зүү, ардын эм ашиглан тураах эмчилгээ хийдэг, залуужуулах үйлчилгээ үзүүлэхдээ ардын эмчилгээний зүү хэрэглэдэг бөгөөд нүүр болон биеийн арьсанд уурагтай утас суулгаж чангаруулах зэрэг үйлчилгээ явуулдаг байна.  

Гадаадын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмч нар манай улсад жуулчны визээр амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх тохиолдол цөөнгүй гарч байна. Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол ЭМЯ-наас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан