Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИГҮҮЛСЭХҮЙ БҮР АМАР АМГАЛАН ОРШИГ

“Суварга бүтээх нь цаглашгүй их буян ч гэлээ хүүхдийн эмнэлэг бий болгох нь түүнээс ч илүү буян юм” хэмээн Ажиа гэгээн айлдсан удаатай. Эл сургаал ёсоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний нэрлэж заншсан Эх нялхасын төвийн хашаанд “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” бослоо.
“Энэрэл нигүүсэл, оюун билгийн төв”-ийн тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачилгаар сүсэгтэн олон, сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар бүтээн босгосон эмнэлгийн нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Ажиа гэгээн, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцов.
Намрын налгар өглөө тохиосон нээлтийн ажиллагаа товлосон цагтаа эхэлж тууз хайчлах ёслолоор үргэлжилсэн юм. Нээлтийн ажиллагааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Ажиа гэгээнтний санаачилсан буянт үйл ажил хэрэг болж дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстний хандив тусламжаар “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” ашиглалтад орж байгаад баяртай байна. Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө таны хийсэн ажлыг Монголын төр, ард түмэн хэзээ ч мартах учиргүй.
Манай эмч, эмнэлгийн ажилтнууд таны сайхан сэтгэлийн хүчээр боссон эмнэлэгт мянга мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүч чадал, сэтгэл зүрхээ зориулан ажиллана гэдэгт бид итгэлтэй байна. Эрхэм Ажиа гэгээнтэн танд эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт эмч, сувилагч, ажилтнуудад ажлын амжилт хүсье” хэмээсэн.
Нийт 75 ор бүхий эмнэлгийг Монгол, АНУ, Сингапур, Япон, Тайванийн сүсэгтэн олон, сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар бүтээн байгуулсан бөгөөд 4.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Түүнчлэн, Улсын Их Хурал, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар /2.4 тэрбум/ Хүүхдийн зүрхний ангиографийн лаборатор бий болгож “Siemens” брэндийн хамгийн сүүлийн үеийн хоёр туйлт зүрхний иж бүрдэл төхөөрөмж суурилуулсан байна.
Мөн зургаан давхар, 4600 м/кв талбай бүхий эмнэлэг орчин үеийн дүрслэл, оношилгооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Барилга угсралтын ажил 2012 оны тавдугаар сарын 9-нд эхэлж хоёр жил үргэлжилсний эцэст төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа нь энэ.
Нээлтийн ажиллагаа дууссаны дараа будаг нь ханхалсан шинэхэн эмнэлэгтэй цугласан олныг танилцуулсан юм. Нэгдүгээр давхарт зүрхний төрөлхийн гаж хөгжлийг эрт оношилж, эмчлэх зориулалттай оношилгоо, эмчилгээний төв байрлах ба хяналтын болон эрчимт эмчилгээ, мэс ажилбарын өрөөнүүд байрлах аж. Мөн Австри улсын хөнгөлөлттэй зээлээр ашиглалтад оруулахаар зэхэж буй компьютер, томографийн лаборатор ч энд байрлана.
Хүүхдийн эмнэлэг болоод ч тэр үү үүдээр нь ормогц л эерэг, дулаан мэдрэмж төрж байлаа. Хоёрдугаар давхрын хананд хүүхэлдэйн кино, үлгэрийн баатруудыг нямбайлан зурсан байх бөгөөд хонгил, өрөөнүүд нь ч цэлгэр уужим. Мөн хэвтэн эмчлүүлэх бяцхан жаалуудад зориулсан тоглоомын өрөөг мартаагүй байв. Зүрх, цусны эмгэгтэй хүүхдүүд 3-5 жил хэвтэн эмчлүүлэх тохиолдол байдаг учир тэдгээрийн сахиурын байрлах өрөө тасалгааг ч давхар шийдсэн аж.
Хоёрдугаар давхар нь хавдартай хүүхдэд зориулсан мэс заслын хоёр өрөө, урьтал унтуулгын мөн хоёр өрөөнөөс бүрдэнэ. Түүнчлэн дээр дурдсан тоглоомын өрөө ч энэ хэсэгт багтана. Харин гуравдугаар давхрын нярайн эрчимт эмчилгээний тасаг олон зүйлээр шинэлэг хийгээд анхдагч болж байгаа аж. Тодруулбал, улсын хэмжээнд нярайн тусламж үйлчилгээ үзүүлдэг тасгийг 25 ортой болгон өргөжүүлж байгаа юм. Тасаг мэс заслын эмгэгтэй нярай хүүхэд эмчлэх хэсэг, шаардлагатай өвчтөнийг тусгаарлан эмчлэх өрөөнүүдийг анх удаа тусгайлан гаргасан байна. Үүнээс гадна ЭХЭМҮТ-ийн төрөх тасагт мэндэлсэн, эрчимт, урт хугацааны эмчилгээ шаардлагатай жин багатай, дутуу төрсөн нярайг 72 цагаас хэтрүүлэлгүй шилжүүлэн авч эмчлэх боломж нээгдэж байгаа аж.
4-6 давхарт цусны эмгэг-хавдар судлалын тасаг байрлана. Эл тасагт хавдрын өвчний эмийн болоод химийн эмчилгээ хийгдэх ба мөн ясны чөмөг шилжүүлэн суулгасан хүүхдэд зориулсан тусгай вакум өрөө ч байрлах гэнэ.
Гадна хананд нь “Нигүүлсэхүй бүхэн амар амгалан орших болтугай” хэмээн уйгаржин монгол бичгээр бичсэн зургаан давхар эмнэлэг бүхэлдээ сайхан сэтгэлийн үр шим гэдэг нь давхар бүртэй нь танилцан явахад илт мэдэгдэж байв. Зүрх, цус, хавдрын өвчлөлтэй багачууд ихэвчлэн хэвтрийн дэглэм сахидаг учир бүхий л хэрэгцээг нь нэг дор, тасагт нь байхаар шийдсэн нь онцлог болсон байв. Өрөө бүр дохиоллын системтэйгээс гадна зурагт, хөргөгч, ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Мөн эцэг эх, сахиур байрлах амралт, унтлагын өрөө, саруул уужим хүлээлгийн танхимыг давхар бүрт шийджээ.
Эмнэлгийн бас нэгэн давуу тал, шинэлэг шийдэл нь эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж олгосон сургалтын танхим, хурлын заал, сэтгэл заслын танхим бүхий гурван давхар барилга байв. Энд эмч, мэргэжилтнүүд бясалгал хийн сургалт зөвлөгөөн ч зохион байгуулах боломжтой аж.
Эмнэлэгтэй танилцсан бид эл төвд хэсэг саатсан юм. Төвийн хоёрдугаарт давхрын сэтгэл заслын төвд Ажиа гэгээн болоод Гандантэгчинлэн хийдийн лам нар ном хурж аравнайллаа.
Ном хурж засал үйлдсэний дараа Ажиа гэгээнээс адис хүртэх олон цөөнгүй байв. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцахад “Би баян хүн биш ээ, бусдын тусын тулд буян үйлдэж яваа эгэл нэгэн хувраг. Сүсэгтэн олон сүслэн мөргөх суврага, бурхан шүтээнтэй байх нь зөв ч өвчин эмгэг нүүрлэсэн бяцхан үрст эмнэлэг барьж өгөх нь урьдаар хийх ажил. Түүнчлэн, хүүхэд багачуудад зориулан сургууль, цэцэрлэг бүтээн босгох нь цаглашгүй их буян болдог. Тиймээс Монгол ахан дүүс та бүхнийг эл эгнэшгүй буянт үйл хэрэгт нэгдэн нийлэхийг уриалъя” хэмээж байв.
Үнэхээр ч эгэл нэгэн хуврагийн энэ уриалга ичих сэтгэл төрүүлсэнийг нуух юун. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр л хэдэн цэцэрлэг нь оочер дугаарт дарагддаг. Ашиглалтын хугацаа нь дуусч агтлагдсан сургуулиуд нь хөрөнгө оруулалтгүйгээс болж “хөлдөж царцдаг”. Эмнэлэг барих талбайдаа эх захгүй дэлгүүр  хоршоо, зугаа цэнгээний газар бий болгодог. Тоглоомын талбайг нь булаадаг... Товчхондоо, бид хүүхэд багачуудаа дээрэмдэн тонож үл тоомсорлож байна. Хог болох хогийн ногоон уутанд 5.7 тэрбум төгрөг зарж байхаар дээрх эмнэлэг шиг иж бүрэн нэг эмнэлэг эсвэл зургаан цэцэрлэг мөн сургууль барьж болмоор. Хэдэн тэрбумаар нь хурдан морь худалдаж авдаг сайд, дарга нар Ажиа гэгээний адил эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүтээн босгож яагаад болохгүй гэж. Ердөө л сэтгэл дутаж байгаа хэрэг.
Бидний сэдээгүйг сэдэж, сэтгээгүйг сэтгэж хүүхэд багачууд цаашлаад Монголын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулсан Ажиа гэгээн, хандив өргөсөн олонд энэ дашрамд талархсанаа илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрч нигүүлсэхүй бүр амар амгалан орших болтугай.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
үүнчлэн, хүүхэд багачуудад зориулан сургууль, цэцэрлэг бүтээн босгох нь цаглашгүй их буян болдог. Тиймээс Монгол ахан дүүс та бүхнийг эл эгнэшгүй буянт үйл хэрэгт нэгдэн нийлэхийг уриалъя” хэмээж байв.
Хамгийн их уншсан