Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОЁР ХҮН МЭДДЭГ НУУЦЫГ ОЛОН ХҮН МЭДВЭЛ...

Тусгаар тогтносон улс орны нэг чухал зүйл бол төрийн залгамж чанар. Төрийн зарим хэрэг ард түмэн, олон улсад нээлттэй байхад зайлшгүй нууцлах ёстой олон зүйл бий. Ялангуяа гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, тусгаар оршихуйн үндэс болсон тулгуур мэдээлэл заавал нууцлалын зэрэгтэй хадгалагдана. Гэтэл ардчилсан тогтолцоонд төр, засаг тогтворгүй байхаар төрийн нууцад хамаарах зүйл түмний өмнө тодорхой болж эхэлдэг. Нэг нууцыг хоёр хүн мэдэж байвал түүнийг хадгалж, хамгаалж, алдагдахаас сэргийлж болдог гэдэг.
Харин түүнийг гурав ба түүнээс олон хүн мэдээд эхэлбэл нийгмээс, хөрш орнуудаас, олон улсаас нуух, хадгалахад улам төвөгтэй болно. Маш нууц, нууц гэх тамга дарж архивласан цаасан дээрх бичиг, баримтын агуулгыг үг, үсэг, цэг таслалын зөрүүгүй бусдад алдагдах нь ховор ч гэлээ нууцыг мэдэж буй хүн түүний гол санаа, утга агуулга, логик дараалал зэргийг ерөнхийд нь задруулсаар л. Жишээ нь, гурван хуудас материалыг бүрэн цээжлээд бусдад өгүүлбэр бүрээр нь ярих боломжгүй ч түлхүүр үг, эрэмбэ дарааллыг нь тойруу маягаар түгээчихдэг. Ингэхдээ санаатай үйлдлээс гадна санаандгүй ярианы явцад өөрсдөө ч анзааралгүй нууцыг задруулж болдгийг судлаачид баталдаг.
Ялангуяа манай монголчууд их мэдэгчийн дүрд тоглох дуртай учраас хэнд ч хэлэхгүй хав дарах ёстой мэдээллийг дэлгэчих гээд байдаг талтай. Их, бага даргын суудалд хүрч өөрийнхөө үзсэн, дуулсан, мэдсэн, харсанаа нотлохын тулд төрийн нууцад хамаарах мэдээллийг баримт болгоод дэлгэж эхэлдэг нь төрийн залгамж чанар, тусгаар тогтнолын халдашгүй байдал, аюулгүйн дархлааг сулруулж буй хэрэг.
Төрийн нууцыг олж мэдэх нь хэнд ашигтай вэ. Зарим хүн нууцыг олж мэдэхийн тулд хуйвалдаан хийдэг байна. Албан хаагч, дарга гүйцэтгэгчийг дур зоргоороо томилно, сэлгэнэ, хална. Жишээ нь, Тагнуулын ерөнхий газрын даргын албан тушаалд 1990 оноос хойш 2014 он хүртэлх 24 жилийн хугацаанд есөн хүн сэлгэжээ. Ерөнхий сайд солигдох бүрт суудлаа өгч, дараагийн нэг нь төрийн бүх нууцыг нээж үзэх эрхтэй болж байж. Уг нь ТЕГ-ын үндсэн зорилго “Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хам­гаа­лах таатай нөхцөлийг бүр­дүү­­лэх явдал” юм. Ха­рамсалтай нь, тус газрын дархлаа суларсан нь өөрөө Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нө­лөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэжээ гэж үзэж болохоор байна.
Өнөөдөр тус газрын даргаар Б.Ариунсан хэмээх эрхэм ажиллаж буй. Хам­гийн сүүлд түүнийг Солонго­сын казинод мөрийтэй тоглоомонд улайрч гуравдахь өдөртөө тэнд суулаа гэсэн мэдээлэл цахим ертөнцийг шуугиулаад авлаа. 72 цаг тоглож суугаа эсэхийг мэдэхгүй ч мөрийтэй тоглоомын ширээ тохойлдон суугаад үл ялиг инээмсэглэсэн зураг нь сошиал ертөнцөд түгсэн нь үнэн. Өмнөх Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж асан энэ эрхэм шатахууны үнэ нэмсэн хэргээр нийгэмд дуулиан үүсгэж явсан хэргийн эзэн. Түүнийг мэргэжлийн бус хүнийг ТЕГ-ын даргаар тавьсан нь казинод “гардуулах” шалтгаан гэж хэлэх хүн ч бий. Гэвч түүний намтрыг үзвэл 2004-2008 онд, 2012 оны арваннэгдүгээр сарын 30-наас хойш бараг дөрвөн сарын хугацаанд Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажилласан. Мөн ажлаа хүлээлгэж өгөөд 2013 оны тавдугаар сарын 18-наас хойш өнөөг хүртэл тус газрын даргаар ажиллаж буй гэнэ. Гэвч ТЕГ-ыг хэн удирдаж байгаа нь өөрөө олон нийтийн өмнө ил тодорхой байх нь зохисгүй мэт. Гэтэл Б.Ариунсан од болоод зогсохгүй, бусдад казино тоглож суугаагаа гайхуулж яваа нь хэр хариуцлагатай эрхэм бэ гэдгийг илтгэнэ.
Тагнуулын ерөнхий газрыг тэргүүлсэн найман хүний хэд нь тусгай мэргэжлийн хүн байгааг харцгаая. Үүнд, Б.Ариунсангийн өмнөх найман даргыг хамруулж ойлгож болно.
Жаалхүүгийн Ганбаа­тар. Хууль зүйн ухааны доктор, хошууч генерал цолтой. Байлдааны гавьяаны улаан туг, Алтангадас одон, бусад медалиар шагнуулсан. 1990-1993 онд, 1996 оны есдүгээр сараас хойш гурван сарын хугацаанд Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байжээ. Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, П.Жасрай болон М.Энхсайхан нарыг Ерөнхий сайдаар ажиллах үед ТЕГ-ыг удирджээ.
Далхжавын Сандаг. Хуульч мэргэжилтэй, хошууч генерал цолтой, Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнуулсан. 1993-1996 онд Тагнуулын төв газар болон Улсыг аюулаас батлан хамгаалах ерөнхий газрын даргын үүргийг хавсран хашсан. Тэрээр П.Жасрайн бүрэн эрхийн хугацаанд уг албан тушаалдаа суусан аж.
Жамсрангийн Энхнасан. 1996-2001 он хүртэл Улсыг аюулаас батлан хамгаалах газар, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан. Хуульч мэргэжилтэй, цэргийн хүндэт медаль, бусад ойн медалиар шагнуулсан. Урьд нь прокурорын байгууллагуудад ажиллаж байсан хүн аж. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржар­гал, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Туяа нарыг Зас­гийн газар удирдах хугацаанд тасралтгүй ТЕГ-ын тэргүүнээр ажиллажээ. Гэвч Н.Энхбаяр гүйцэтгэх засаглалыг гартаа авч дараагийн даргыг томилсон байна.
Мандаахүүгийн Батсай­хан. Хуульч мэргэжилтэй, хятад хэлтэй тэрээр хурандаа цолтой. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль болон бусад медалиар шагнуулсан. Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газарт ахлах ажилтан байжээ. 2001-2004 онд Тагнуулын ерөнхий газрыг удирджээ. Түүнийг ТЕГ-ын даргаар ажиллах хугацаанд Н.Энхбаяр Ерөнхий сайд байв.
Баянмөнхийн Билэгт. Хуульч, эдийн засагч мэргэ­жилтэй. Монголын ардчилсан холбооны тэргүүлэгч гишүүн, улс төрийн ажилтан. 2004-2006 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд Ерөнхий сайдын албан тушаал авч хоёр жилийн дараа Засгийн газрын тэргүүнээс буухад Б.Билэгт ТЕГ-ын удирдлагаас хамт огцорчээ.
Наваансүрэнгийн Ган­болд. Хууль зүйн ухааны магистр. Хурандаа цолтой, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнуулсан. 2006 оны гуравдугаар сараас 2007 оны арваннэгдүгээр сар хүртэл ТЕГ-ыг удирджээ. Энэ хугацаанд М.Энхболд Ерөнхий сайдаар ажилласан.
Равдангийн Болд. Батлан хамгаалахын удирдлагын мэргэжилтэй, түүхийн ухааны доктор. Ардын армид улс төрийн ажилтан, цэргийн тагнуулын газрын офицер, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг мэргэжлийн ажилд томилогдож явсан. Улсаа төлөөлж АНУ-д Элчин сайдаар ч ажиллаж байсан аж. Тэрээр 2007-2012 онд ТЕГ-ын даргаар ажилласан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрвөн удаа, Цэргийн гавьяаны одон болон бусад медалиар шагнуулж байв. Түүний хувьд С.Баяр, Сү.Батболд сайдын Засгийн газрын үед ТЕГ-ыг удирдсан.
Доржпаламын Гэрэл. Байлдааны гавьяаны одон, Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсан. Бүгд найрамдах Солонгос улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад 2012 оны дөрөвдүгээр сарын 18-наас 13 сарын хугацаанд ТЕГ-ын даргаар ажиллажээ. Эвслийн Засгийн газрын тэргүүн Сү.Батболдын үеэс Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах хүртэл ТЕГ-ын дарга байв.
Тагнуулын ерөнхий газар хэмээх тусгай алба, төрийн нууцын санг найдвартай гарт хадгалъя гэвэл аль болох цөөн хүн тэр нууцад гар хүрдэг байх нь зүйтэй. Дөрвөн жилийн зайтай, заримдаа жилдээ хэд хэдэн удаа солигддог Засгийн газрын тэргүүнд ТЕГ-ын удирдлагыг шууд атгуулна гэдэг улсын нууц, үндэсний аюулгүй байдал найдвартай эсэхэд эргэлзэх нөхцөл байдал үүсгэж буй юм. Тиймээс тус газрын шууд удирдлагыг Засгийн газарт бус парламентад эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шилжүүлэх нь харьцангуй тогтвортой байж болох. Нөгөөтэйгүүр, уг албан тушаалтныг томи­лоод буулгахдаа хувийн болон гадаадын хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцохгүй байх шаардлага, шалгуур тавих нь зүйтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Эс бөгөөс гүйцэтгэх засаглалын тэргүүн хэмээх эрхэм төрийн аюулгүй байдлыг хангах ёстой тусгай албыг өөрийн “зэвсэг” мэт хэрэглэх нөхцөл байдал үүсч болзошгүйг сануулж буй юм. Хамгийн сүүлийн жишээ нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг хянах, шалгах нөхцөл байдал Тагнуулын ерөнхий газарт үүссэн. Үүнийг ТЕГ-ын харьяа Төрийн тусгай хамгаалалттай газар Ерөнхий сайдыг шаардлага биелүүлээгүйн төлөөх үйлдэлд нь холбогдуулж явуулсан үйл ажиллагааны мөрөөр гомдол гаргасан билээ.
Төрийн хар хайрцагны бодлого, төрийн нууц гэдэг нэр томъёо Монголд байхаа больжээ гэж олон нийт шүүмжилж буй. Эндээс бодит байдал дээр төрийн бүхий л нууцыг хадгалсан сангийн “няраваар” Ерөнхий сайд бүр өөрийнхөө хүнийг томилж, дур зоргоороо нууцад халдаж байхад тийм зүйл оршин тогтнох боломж бий юу гэдэг асуулт ургах аж. Олон хүний мэддэг зүйлийг нууц гэж болох уу.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
дарга нариих нь тухаи ингээд мэдэмхиирээд биччихэж болж баигаа юм уу...
санал нэг байна. тагнуулын б-гыг сүүлийн 24 жил ардчилал ярьсаар дампууруулчихсан. ацанхуяг казиночин бузарсан удирдахаар ямар байх нь ойлгомжтой.
Хамгийн их уншсан