Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БАТСАЙХАН: НӨХӨН СЭРГЭЭСЭН ТАЛБАЙГ ХАРИУЦАЖ БУЙ КОМПАНИУДЫГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ

МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайханаас уул уурхайн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай болсон. Гэтэл ашигт малтмал олборлож газар нутгаа сүйдэллээ гэдэг. Нөхөн сэргээлтийн ажил ямар түвшинд байна вэ?

-Өнгөрсөн 20 гаруй жилд уул уурхай нэлээд задгай явж ирлээ. Тухайлбал ашигт малтмалын лицензийг чөлөөтэй олгож байв. Орон нутгаас  ч байгаль орчиндоо санаа тавьдаггүй. Үүнээс болж баялгийг нь ухаж аваад хаясан газар нэлээд бий. Үүнээс болж нутгийн иргэдийн газар орноо ухуулж төнхүүлэхгүй гэсэн  маргаан ч их гардаг байсан. Сүүлийн жилүүдэд цаг үеэ дагаад иргэдийн санаа бодол өөр болсон. Тэд ашигт малтмал олборлож болно. Гэхдээ нөхөн сэргээлт, уурхайн хаалтыг зөв хийх ёстой гэж байгаа юм.
Урьд нь уурхайн хаалтыг манайхан ухсан нүхээ шороогоор дүүргээд ургамал тариад л боллоо гэж ойлгодог байв. Тухайн уурхай тав, арван жил ажиллаад нөөц дуусч хаагдаж болно. Уг уурхай ажиллаж байх үед малчид малаа, тариаланчид нь ногоогоо нийлүүлдэг. Мөн орон нутгаас ажилчид авна.
Гэтэл ингэж тогтсон нийгэм, эдийн засгийн бичил орчин, дэд бүтцийг ашигт малтмалын нөөц дуусч уурхай хаагдахаар яаж хэвээр нь, орон нутгийн иргэдийн ашиг орлогыг  уурхай ажиллаж байсан үеэс нь бууруулахгүй  авч үлдэх вэ гэдгийг цогцоор нь шийдэж байж л уурхайн хаалтын бодлого бүрэн хэрэгжинэ. Үүнд хүрэхийн тулд ажиллаж байна.
-Тэгэхээр манай улсад уурхайн хаалтын төлөвлөгөө, бодлого боловсруулсан компа­ниуд хэр олон байна вэ?
-Нөөц нь дуусаад хаагдаж байгаа уурхай цөөхөн. Одоогоор жоншны ганц хоёр, алтны шороон ордод хаалт хийх тухай ярьж байна.  Нүүрс, төмрийн хүдрийн уурхайг цөөн жил ашигладаггүй. Өнөөдөр “Монполимет”,  “Заамар төсөлч” компанийн нэг, нэг уурхай хаалтын төлөвлөгөө хийсэн. Үүнээс гадна хаалтын төлөвлөгөө хийсэн хэд хэдэн компани бий.  Эдгээр компани УУЯ, БОНХЯ-тай хаалтын гэрээгээ хийж байна. Одоо энэ гэрээнд ямар асуудал тусгавал тухайн орон нутагт үр өгөөжтэй вэ гэдгийг  ярилцаж байгаа юм.
-Нөхөн сэргээлт хийхэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Хамгийн гол нь ашигт малтмалыг олборлосон лиценз эзэмшигчээс бус нөхөн сэргээлт хийсэн талбайг нь хүлээж авсан тухайн орон нутгаас их зүйл шалтгаалж байна. Уурхай ажиллаж байсан газарт технологийн хаягдал гардаг. Мөн техникийн нөхөн сэргээлт хийхэд мөргөцөг, догол үлддэг. Гэтэл тухайн орон нутаг тэр хүлээлгэж өгсөн талбайг нь хариуцуулж  нөхөн сэргээлтийн компанитай гэрээ байгуулж өгдөг юм.
Тэгээд тэр гэрээ байгуулсан компани нь технологийн хаягдлыг нь авах гэж дөнгөж тарималжуулж байгаа талбайг нь захаас сэндийчээд эхэлдэг болсон.   Энэ нь нөхөн сэргээлтэд тулгамдаж буй том асуудал болоод байна. Тэгэхээр нөхөн сэргээлт хийсэн талбайг гэрээгээр хариуцаж байгаа компаниудыг цэгцлэх, хариуцлагатай болгох хэрэгтэй юм.
-Улсын төсвийн хөрөнгөөр уул уурхайд өртөж сүйдээд эзэнгүй орхисон талбайг нөхөн сэргээж байгаа. Энэ ажлын явц ямар байна вэ?
-Тухайн үед лиценз эзэмшиж байсан хүн, байгууллага нь одоо бий. Тиймээс эзнийг нь олж тогтоож тодорхой арга хэмжээ авах ёстой. Үүнийг тогтоохоор холбогдох  байгууллагууд нь ажиллаж байгаа. Манайхаас  хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Ашигт малтмалын газар, орон нутагт зохих шаардлага тавьж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар уул уурхайд өртөж орхигдсон газруудыг улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж нөхөн сэргээх бодлого барьж байна.
Өнгөрсөн онд энэ ажил гүйцэтгэл муутай гарсан.  Нэгдүгээрт шинэ ажил тул туршлагагүйтсэн тал бий. Хоёрдугаарт зарим аймаг, орон нутгийн удирдлагууд нөхөн сэргээлтийн компаниудтай гэрээ хийгээд хөрөнгө мөнгийг нь буруу зүйлд зарсан асуудал гарсан байна лээ.
-Тарьсан ургамал нь нутаг орондоо зохицохгүй, ургахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Ер нь нөхөн сэргээлтэд  ямар төрлийн ургамал ашиглаж байна вэ?
 -Байгалийн бүс бүслүүрээс шалтгаалж ямар ургамал нөхөн сэргээлтэд ашиглах нь өөр өөр байдаг. Тухайн газар оронд ямар өвс ургамал ургаж байна түүнийг нь ашиглах учиртай. Жишээлбэл тал хээрийн бүс нутагт байгаль өөрөө нөхөн төлжинө гэж байхгүй.  Бод л доо, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн урд нутагт байгаль өөрөө нөхөн төлжиж ургамал ургахгүй юм.  
Ийм ч учраас цөлжилт тал хээрийн бүс нутагт их байгаа юм.  Тэгэхээр улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийхдээ тал хээрийн бүс нутагт илүү зарцуулах ёстой гэж бодож байна. Ойт хээрийн бүс нутагт байгаль өөрөө нөхөн төлжиж ургах нь илүү байдаг. Энэ бүс нутагт техникийн нөхөн сэргээлт хийчихвэл байгалиасаа ургамал нь ургадаг.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан