Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчууд “ФИФА”-г дүрмээ өөрчлөхийг шаардав

Америкийн залуу хөлбөмбөгчид ба тэдний эцэг, эхийн төлөөлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэг хүн Америкийн шүүхээр дамжуулан Олон улсын хөлбөмбөгийн холбоог буюу ФИФА-г тоглоомын дүрмэнд өөрчлөлт оруулахыг шаардсан тухай “Los-Angeles Times” сонин мэдээлж байна. Хөлбөмбөгийн дүрмэнд өөрчлөлт оруулах шаардлагыг Америкийн залуучуудын хөлбөмбөгийн байгууллага ба Америкийн хөлбөмбөгийн залуучуудын ассоциацид хүргүүлжээ.

Шаардлага гаргасан эцэг, эхчүүдийн эрх ашгийг төлөөлж байгаа өмгөөлөгч Стив Берман “Дэлхийн анагаах ухааны хамтын нийгэмлэг дүрмэнд өөрчлөлт оруулахыг арваад жилийн өмнө уриалсан төдийгүй дүрмэнд өөрчлөлт оруулахдаа анхаарах ёстой гэдгийг гурван ч удаа шинэчлэн өөрчилж байсан ч ФИФА эмч нарын урилгад зохих ёсоор хариу өгөх гэж төвдсөнгүй. Бид ФИФА-ийн зүгээс цаашид тоглогчдыг зөвтгөх аргагүй эрсдэлд оруулж байгааг эцэслэх ёстой гэж үзэж байна” гэжээ.

Дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигч, тоглогчтой спорт гэгддэг хөлбөмбөгийг америкчууд сокер гэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд америк хөлбөмбөгийг бодвол гэмтэл авах эрсдэл илүү бага гэж хүүхэд, залуучуудын дунд сурталчлах болсон юм. Гэвч гомдол гаргасан эцэг, эхчүүд нь ФИФА-ийн одоо мөрдөж байгаа дүрэм хөлбөмбөгийн үеэр тархинд авсан гэмтлийн ноцтой байдлыг цаг алдалгүй тогтоох боломжгүй байгаа тул  хүүхдүүдийг хүнд гэмтэл авахаас сэргийлж чадахгүй байна гэж шүүмжлэв.

Цаашлаад, Америкт хөлбөмбөг тоглодог ахлах ангийн сурагчид жилдээ 1,8 мянгаас цөөнгүй удаа толгойдоо бөмбөгөөр цохиулдаг гээд “Энэ бол хүлээн зөвшөөрч боломгүй тоо төдийгүй ийм гэмтлээс урт хугацааны дараа үүсч болзошгүй үр дагаврын талаар хэн ч бодохгүй байна” гээд зөвхөн 2010 онд АНУ-ын ахлах ангийн 50 мянга гаруй сурагч хөлбөмбөг тоглож байгаад тархи нь хөдөлсөн гэлээ. Эцэг, эхчүүд өмнө нь гэмтэл авсан тоглогчдод зориулах гэсэн шалтгаанаар ФИФА-аас нөхөн төлбөр шаардахгүй гээд гол нь ФИФА-ийн мөрддөг дүрмэнд өөрчлөлт оруулахыг хүсч буйгаа онцолж.

Тухайлбал, бөмбөгийг толгойгоор мөргөж тоглох зөвшөөрлийг тамирчдын наснаас хамааруулан өгч байхыг шаардаж байгаа юм байна. Үүнээс гадна тоглолтын үеэр хийхийг зөвшөөрсөн сэлгээний тоог нэмэгдүүлэх, бөмбөг мөргөсний дараа хүүхдэд эмч нар үзлэг хийх хугацаанд 7-8 минут үргэлжилдэг түр сэлгээ оруулахыг шаардлаа. ФИФА болон хөлбөмбөгийн америкийн бусад холбоонууд эцэг, эхчүүдэд хариу өгөхөд 60 хоног байгаа аж.

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнд амьдардаг гэдэгтээ эрдсэн америкчууд энэ мэт мэт гомдлыг олон улсын байгууллагуудын эсрэг гаргаж, шүүх нь гомдлыг нь үндэслэлтэй гээд тэдний талд шийдвэр гаргах нь цөөнгүй.  Уламжлалт хөлбөмбөгийг бодвол хамаагүй илүү гэмтэл, бэртэл авдаг өөрсдийн үндэсний спорт гэгддэг америк хөлбөмбөгийн эсрэг иймэрхүү гомдол гаргаагүй нь хачирхалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан