Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын малыг эрүүлжүүлэхэд ОХУ тусална


Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 17 дугаар хурлын үеэр хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор яам хооронд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу “Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хурал” өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Хурлаар Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын бодлого, хөгжлийн хэтийн төлөв, мал эмнэлгийн салбар, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хорио цээрийн асуудал, газар тариалангийн салбар дахь хамтын ажиллагаа, технологи, хөрөнгө оруулалт, сургалт зэрэг асуудлаар хоёр талын төлөөлөл санал солилцжээ. Тус хуралд ОХУ-ын талаас Хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид болон  Щелковский комбинат, "Малын эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв"-ийн төлөөлөл ирсэн байна.

Хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг цаашид сэргээх, эрчимжүүлэх бодит шаардлага байгаа, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсал хийх айлчлалын өмнөхөн болж буйгаараа өндөр ач холбогдолтой хурал боллоо хэмээн хоёр талын төлөөлөл үзэж байсан юм. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Ишээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хурал анх удаа боллоо. Үр өгөөжийг нь та юу гэж дүгнэж байна вэ?
-Энэ тухай 2009 оноос хойш ярилцаж байгаа ч өнөөдөр боломж нь бүрдэж анхны хурлаа хийлээ. Монгол Оросын Засгийн газрын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн хуралдаанаар яригдсан асуудлууд салбар хоорондын хамтын ажиллагаанд маш их ахиц гаргана гэдэгт бид итгэлтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын өмнөхөн болж буйгаараа онцлог боллоо. Манай улс ОХУ-тай хөдөө аж ахуйн салбарт олон жилийн уламжлалт хамтын ажиллагаатай явж ирсэн.  2009 онд Путин ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа Монгол улсад Атрын гуравдугаар аяныг хэрэгжүүлэхэд тодор­хой хөнгөлөлт бүхий техник хэрэгсэл манай улсад нийлүүлж байсан. 2010 оны зудын үеэр ОХУ-аас 56 мянган тонн үр тариа тусламжаар өгч байсан шүү дээ. 

-Энэ удаагийн хурлаар ямар асуудлыг голчлон ярилцав?
-Бид бүхэн хэд хэдэн зүйлийг тохирлоо. Тухайлбал, малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. ОХУ 2011 оноос эхлэн манай улсад малын вакцин нийлүүлж дэмжлэг үзүүлж ирсэн. Хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд дээрх арга хэмжээг дараагийн шатанд өрнүүлэх сонирхолтой байгаагаа хоёр талын төлөөлөл илэрхийлж, санал нэгдлээ. Манай улсаас ОХУ-д нийлүүлдэг хамгийн гол бүтээгдэхүүн бол мах.  Дотоодын зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалаад гадагшаа экспортлох асуудал хүндрэлтэй байсан. Үүн дээр хоёр тал арга хэмжээ авч, ахиц гаргахаар ярилцлаа. Мөн  газар тариалангийн үр үржүүлгийн чиглэлээр хамтарч ажиллахаар тогтсон. Цаг уурын хувьд манай тариаланчид ОХУ-аас үр авч тариагаа тарьдаг шүү дээ. 2014 оны хавар 12 мянган тонн үр худалдан авч тариалсан. Нэг га талбайгаас авах ургац дээд хэмжээнд хүртэл өснө гэдэг нь тодорхой байгаа.

-ОХУ-ын Ерөнхийлөг­чийн айлчлалын үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр талаас батлах баримт бичиг бий юу?
-Айлчлалын үеэр зурах баримт бичгийн тухайд бэлтгэл хангаад байна. Хэд хэдэн баримт бичиг бий. Хөдөө аж ахуйн чиглэлээр хамгийн түрүүнд худалдаагаа чөлөөтэй болгох хэрэгтэй. Ялангуяа махны экспорт гэх мэт. Мөн эрдэс бүтээгдэхүүн, тухайлбал Эрдэнэт үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг гаргахад үүсдэг саад тотгорыг арилгах гэсэн хоёр чиглэлээр баримт зурагдана.

-Махны экспортод ямар хүндрэл байна вэ?
-Монголын талд ч, нөгөө талд ч хэд хэдэн бэрхшээл бий. Манайхаас мах авч буй аж ахуйн нэгжүүддээ ОХУ квот тогтоодог. Хил залгаа аж ахуйн нэгжүүд тэр квотыг олж авахад хүндрэлтэй байдаг юм байна. Тиймээс хил залгаа байгаа махны үйлдвэрүүдэд квот олгуулах бололцоог нээх талаар ярилцсан. Монголын боловсруулах үйлдвэрүүдийн тухайд Оросын талын сертификат авсан байх шаардлага тулгардаг. Энэ жил гэхэд 11 үйлдвэр сертификат авахаар мэргэжлийн баг томилоод явуулсан. Бусад үйлдвэрт боломж бий л дээ. Гэхдээ үйлдвэрлэлийн явцад зайлшгүй хяналт тавих хэрэгтэй. Аль аль талдаа хэрэгцээ шаардлагаа хангах талаар ярилцаж байна.

-Ажлын хэсгийн хам­тар­сан дараагийн хурал хэзээ болох вэ?
-Энэ ажлын хэсгийн уулзалтыг жил бүр нэгээс доош­гүй удаа зохион байгуула­хаар тогтлоо. Дараагийн уулзалтыг 2015 оны хоёрдугаар хагаст Москва хотноо товлосон. 2014 оны аравдугаар сарын 8-10-нд Москва хотноо Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт болно. Монголын тал сайд нарын түвшинд оролцож, уулзалтын үеэр зохиогдох үзэсгэлэн яармагт компаниудаа оролцуулахаар болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан