Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чамлах хэрэггүй ээ, чанга атга

ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хүн төрөлхтнийг хөгжөөн баяс­гаж, долоо хоног үргэлжилсэн их наадамд 120 орны 751 цагаан өмсгөлтөн хүч үзсэн билээ. Манай улсаас Челя­бинскийн зүг шилдгийн шил­дэг тамирчдаа шигшин мордуулснаас “Эрдэнэт” үйлд­вэрийн “Хангарьд” клубийн тамирчин, Олон ул­сын хэмжээний мастер Г.Болдбаатар Орос, Гүрж, Японы хашир туршлагатай тамирчдыг ялж аваргын алтан медалиар энгэрээ чимэв.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд эх орноо төлөөлсөн Олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа шагналт тавдугаар байрт шалгарсан.
Мөн багийн барилдаанд манай эмэгтэйчүүд тун сайн барилдаж мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр Монгол Улсын шигшээ баг 120 орноос тавдугаар байрт орж амжилтаа бататгалаа.

Сая, сая хүн амтай 120 улс орноос гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай талын Монголын тамирчид тавдугаар байрт жагсахыг хараад эрхгүй омогшиж, огшиж, бахдан баярлаж суулаа. Нийт монголчууд тийнхүү барилдаан болгонд телевизийн өмнө дээлийн зах мушгин суусан биз ээ.

Куба, Польшийн шигшээ багийг илүүрхэн ялж, гарч ирсэн манай бүсгүйчүүд аваргын төлөө багийн дэлхийн аваргын хүрэл, хошой алт, мөнгөн медальт Францын багтай учраа таарав. 11 дэх удаагийн багийн аваргын тэмцээнд таван удаа финалдсан багтай манай тамирчид санаснаас илүү, сайн барилдсан гэж болно. Хэдий 3:2 харьцаатай ялагдсан ч гэлээ амжилтаа ахиулж 2007 оны Бээжингийн дэлхийн аваргын хүрэл медалийн өнгөө хувиргаж чадсан нь чамлахааргүй амжилт.
Тэмцээний сүүлийн өдөр болсон багийн барилдаанд эрэгтэй баг эхний учраа Японы багт 5:0 гэсэн тааруухан оноогоор хожигдсон юм. Харин эмэгтэйчүүдийн багийн барилдаан ихэд сонирхолтой болов.

Эмэгтэй баг


-52 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Бундмаа Францын шигшээ багийн тамирчин, Лондонгийн олимпын хүрэл медальт Прицилла Жнетод юүко үнэлгээгээр ялагдсан. Барилдаан эхэлсээр хоёрдахь минутад юүко үнэлгээ авсан Жнето манай бөхөд давуу боломж олголгүй зугтаж барилдсанаар цаг дуусгасан юм.

Дараагийн барилдаан болох -57 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа Аутомн Павиатай хүч үзлээ. Барилдаан тун сонирхолтой өрнөж цаг дуусахад ганц минут дутуу байхад хоёр тамирчин нэг нэг торгуультай болж тэнцэв. Хоёул ээлжлэн хөмрөх, үүрэх мэхний оролдлого хийсээр цаг дуусахаас 38 секундын өмнө манай тамирчин дэвжээний захад үүрч юүко үнэлгээ авч улмаар цаг дуустал барьц халуулж, тактикийн барилдаан хийсээр өрсөлдөгчөө буулган авсан. Энэ бол хоёр багийн харьцааг тэнцүүлсэн ялалт.
Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхчимэг болоод Францын тамирчин, энэ жилийн дэлхийн аварга Кларайс Агбэгнэноу нарын учраа гуравдахь барилдаан болсон юм. Манай тамирчин илүү идэвхтэй байж, гуравдахь минутад Агбэгнэноу торгууллаа. Хоёр бөх үнэхээр гал ассан барилдаан хийж манай бөх нэг торгуулаар илүү явсан боловч цаг дуусахаас минут гаруйн өмнө Францын тамирчин юүко үнэлгээ авч мөн цаг дуусахын өмнөхөн вазари үнэлгээнд хүрч манай тамирчныг ялсан юм.

Ээлжит барилдааныг Ц.Наранжаргал энэ жилийн Европ, залуучуудын дэлхийн аваргын алтан медальт Маргаукс Пиноттой хийлээ. Манай бөх үнэхээр уран гоё барилдаан хийж, өрсөлдөгчөөсөө илүү гэдгээ золгох бүртээ харуулж байв. Сүүлийн минут эхлэхээс өмнө Пинотыг этэж, улмаар гарт нь өчсөн ч оноо авч чадаагүй. Пинотын хувьд даацтай үүрдэг хэдий ч манай тамирчин илүү сайн хамгаалсан. Дэвжээний шүүгч цаг дуусахын өмнөхөн манай тамирчныг торгож адил торгуультай болгосон ч хажуугийн шүүгчид торгуулийг хүчингүйд тооцсоноор Ц.На­ран­жаргал торгуулийн оноогоор ялж чадлаа.

Хоёр, хоёр ялалттай болсон тул Монгол, Францын учрааг шийдвэрлэх сүүлийн барилдаанд Б.Мөнхтуяа гарав. Хүнд жинд хүч сорьсон тэрээр үнэхээр харамсалтай ялагдсан. Францын бөх Оудри Тчэумиотой хийсэн эл барилдаан тийм ч удаан үргэлжлээгүй. Барилдаан эхэлсээр минут 24 секунд өнгөрч байхад Тчэумио манай бөхийг дэвжээний захад үүрч иппон үнэлгээгээр буулган авсан юм. Эл үүрээнд вазари үнэлгээ өгөх, цэвэр ялалтад тооцох тухай шүүгчид зөвлөлдсөний эцэст Францын тамирчны талд шийдсэн. Ингэснээр Франц, Монголын шигшээ багийн хоорондох тулаан 3:2-ын харьцаатай өндөрлөж францчууд багийн тэмцээнд гуравдахиа аваргалахыг бид бүгд харсан юм.
Дэлхийн аварга М.Уранцэцэгийн хувьд мөн л ихээхэн итгэл хүлээлгэж байсан тамирчдын нэг. Алтан медалиа ихэрлүүлэх зорилго өвөрлөн явсан тэрээр гуравдугаар тойрог хүртэл амжилттай барилдсан ч алтан медаль хүртсэн Японы бөх Кондо Амид юүко үнэлгээгээр ялагдсан. Дэлхийн чансааг тэргүүлж байгаа аваргын хувьд гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгасан нь харамсалтай. Аварга маань ч өөрөө санасандаа хүртэл барилдаж чадаагүй учир сэтгэл дундуурхан байх шиг санагдсан. Юутай ч, юм гэдэг ээлж дараатай хойно дараагийн дэлхийн аваргад дахин түрүүлэх боломж бий гэсээр өндөрлөлөө.
Гавьяат тамирчин М.Бундмаагийн хувьд залуу тамирчдаа ахлан явсан гэж болно. Зургаан ч дэлхийн аваргад зодоглож буй түүний арвин их туршлага багийн барилдаанд тун их дэм болов. Эхний хоёр учраа Куба, Польшийн магнай бөхчүүдтэй хийсэн барилдаанд тэр багаа өнгөлөн гарч ялалтын гарааг тавьсан. Эрхгүй илүүрхэж, эрч хүчтэй барилдсан учраас багийн гишүүдийнхээ сэтгэлзүйд эергээр нөлөөлж, дараа дараагийн ялалтын эхлэлийг тавьж байсан гэхэд буруудахгүй. Энэ жилийн дэлхийн аваргад магтууштай сайн барилдсан тамирчин бол Олон улсын хэмжээний мастер, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Сумъяа байв. 57 кг-ын жинд барилдсан тэрээр алт, хүрэл медалиас атгаад алдсан гэж болно. Гуравдугаар тойрогт Нидерландын Телма Монтеротой хүч үзэж юүко үнэлгээгээр ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө Нидерландын бөх Санни Верхагентай тулж юүко үнэлгээгээр ялагдаж шагналт тавдугаар байрт шалгарсан билээ. Д.Сумъяагийн хувьд гараа сайн байсан ч өчүүхэн аз дутаж тавдугаар байр эзэлсэн. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр хэсгийн хоёрдугаар барилдаанд Солонгосын бөх Ча Юмиг ялж гарч ирсэн Израйлын туршлагатай тамирчин Камила Минакаваг хоёр вазари үнэлгээгээр цэвэр буулган авсан юм.

Гуравдугаар тойрогт ч тэрээр азтай байж Унгарын бөх Хедвик Каракасыг ялж чадсан. Түүний таарсан С хэсгийг үхлийн хэсэг ч гэж болохоор байв. Учир нь манай бөх хэсгийн аваргын төлөө Бразилийн алдарт бөх, дэлхийн аварга Рафэел Сильватай тунаж үлдсэн юм. Барилдааны эхэнд манай тамирчин санаачлагаар илүүрхэж, вазари үнэлгээ авч чадсан ч хашир аварга оноог тэнцүүлж дөнгөсөн. Цаг дуусах дөхөхөд Д.Сумъяа тактикийн ухаалаг барилдаан гаргаж хоёр торгуулиар аваргаас илүүрхэх замаа тавьсан юм. Гэвч мөнгөн медалийн төлөөх барилдаанд Португалийн бөх Телма Монтеротой таарч харамсалтайгаар ялагдсан.
Унасан бөх ууртай гэгчээр алтан медалийн оосроос атгаад алдсан тэрээр хүрэл медалийн төлөө Верхагентай өрсөлдөж юүко үнэлгээгээр ялагдлаа.

Д.Сумъяагийн хувьд Монтеро, Верхаген хоёрын аль нэгнийх нь ард гарсан бол хүрэл медаль хүртэж, улсынхаа амжилтыг улам ахиулах байв. Гурван ч дэлхийн аваргад хөлсөө шавхаж буй түүнд туршлага дутна гэх учиргүй. Гэвч тэр өдрийн тэнгэр мэдсэн үү, Монголын шигшээ багийн хоёрдахь медаль Д.Сумъяагийн гараас мултарлаа. Алт, хүрлийг атгаад алдсан тамирчин маань харин багийн барилдаанд үнэхээр өнгөлж байсныг гарцаагүй дурдах ёстой. Багийн барилдааны эхний учраа бөхийн орон гэгддэг Куба байв. Барилдааныг 2010 оны Токиогийн дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа эхлүүлж өрсөлдөгчөө илт илүүрхэн ялсан нь багийн бусад тамирчны сэтгэлзүйд сайнаар нөлөөлж дараагийн барилдаанд Д.Сумъяа цэвэр ялсан.
Тэрээр багийнхаа дараа­гийн барилдаанд ч Польшийн бөхийг буулгаж авсан билээ.

Эрэгтэй баг

Эрэгтэйчүүдээс яах аргагүй онцгойрсон хүн нь Г.Болдбаатар. Аваргуудыг давж аваргалсан тэрээр тэмцээний эхний өдөр алтан медаль хүртэж тэмцээний салхийг сайхан хагалсан ч бусад тамирчин медалийн болзол хангаж чадаагүй. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, С.Ням-очир гэхчлэн медаль хүртэх магадлал өндөр тамирчин цөөнгүй байсан ч Челябинскийн татами манай тамирчдад тийм ч ээлтэй байгаагүй мэт. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Олимпын алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт хүчтэй өрсөлдөгчдийн нэг Казахстаны Максим Раковой таарсан юм. Хоёр бөх урьд нь дөрвөн ч удаа учран золгож хоёр, хоёр ялж байсан эн тэнцүү өрсөлдөгч билээ. Энэ удаагийн дэлхийн аваргад хоёр учраа хайнаа хагалах барилдаан хийж манай тамирчин юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө буулган авснаар тэдний ялалтын харьцаа 3:2 болж ахив.
Олимпын аваргын дараагийн учраа Польш гаралтай Өмнөд Африкийн бөх Иван Ремаренко байв. Манай тамирчин хэдий туршлага, техникээр илүү байсан ч -100 кг-д шинээр гарч ирж буй залуу тамирчинд цэвэр ялагдсан юм. Гэхдээ Н.Түвшинбаярын хувьд өнгөрөгч долдугаар сард болсон “Чингис хаан” гран прид бэртлийн улмаас оролцож чадалгүй өнжсөн бөгөөд Ивантай хийсэн барилдаанд бэртэл нь нөлөөлсөн ч байж болох талтай.

Манай эрэгтэй, эмэгтэй тамирчид хөнгөн жинд сайн барилддаг хэдий ч энэ дэлхийн аваргад аз, амжилт муутайхан байв. Эхний тойрогт ихэнх тамирчин гоц мөргөсний нэг нь 66 кг-ын жинд алт авах найдлага тээж байсан Д.Төмөрхүлэг. Түүний хувьд чансаагаар нэлээд дээгүүр явж байгаа ч сүүлийн үед тун идэвх муутай барилдах болсон. “Чингис хаан” гран прид алтын төлөө тааруу, идэвхгүй барилдаж мөнгөн медаль хүртсэн бол дэлхийн аваргын гуравдугаар тойргоос мултарсан юм. Эхний тойрогт хийлж  хоёрдугаар тойрогт Канадын Антуан Бучардыг ялсан ч дараагийн учраа Германы Себестиан Зайедлд ялагдсанаар тэмцээнийг орхисон.

Тэмцээний гуравдахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд эх орноо төлөөлсөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дэвжээний эзэн бөх Могуш­ковт вазари үнэлгээгээр ялагд­сан. Эхний тойрогт тэрээр Киргизийн шинэ, залуу та­мирчныг ялж тэмцээний гарааг амжилттай эхлүүлсэн ч ийн ОХУ-ын бөхөд ялагдсан юм.
Харин Гавьяат тамирчин С.Ням-Очир эхний учраагаа ялсан ч хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга, энэ жилийн Японы аварга 22 настай залуу тамирчин Шохей Онотой барилдаж торгуулаар ялагдлаа.

0 Сэтгэгдэл
Xudlaa bichxa 2007 ond brazild delxiin abraga bson bas tomorxvleg china boxod yalagdsan
Хамгийн их уншсан