Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажлаасаа хоцорсонд автобус буруутай шүү, дарга нар аа


Арван өдрийн турш автобусаар зорчих гэж нийслэлчүүд “алалцаад” өнгөрлөө. Ад үзээд байдаг автобус нь нийслэлийнхний, нийтээрээ үйлчлүүлдэг унаа мөн гэдгийг энэ явдал нотлов. Гэхдээ автомашиныг дугаараар таллаж хязгаарласан нь зайлшгүй нөлөөлсөн. Юутай ч, адал явдлаар дүүрэн 10 хоног өнгөрлөө. Үл таних хүмүүс хоорондоо муудалцах нь элбэгшиж, үйлийн үртэй халаасны хулгайчид чөлөөтэй “ажиллах” нь эрчимжсэн. Хуучны ганц хаалгатай автобус шиг буух суух нь бэрхшиж, хөдөлж явахад зүүгдээд тавьдаггүй хоцрогдсон дүр зураг харагдлаа. Товчхондоо, нийтийн тээврийн шинэ зохион байгуулалтад нийслэлийнхэн ердөө ч бэлэн биш байна. Хуучнаар бол бүх чиглэлийн автобус “23” дугаартай Зүүнсалаа, “13” дугаартай Шархад, “3” дугаартай Долоон буудлынх болчихсон юм шиг чихцэлдсээр арван өдрийн ард гарав. Гэвч...
Хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул автобусыг бужигнуулж, машинуудыг журамлаж ном, дэвтэр, цүнх, хувцас бэлдэх гэсэн эцэг эхчүүдийн их урсгалыг буурууллаа. Энэ бол ердөө л нийтийн тээврийн шинэ тогтолцооны туршилтын шалтаг байсныг есдүгээр сар гарахад л ойлгов. Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэргэжилтэн  Г.Доржпалам “Монголчууд ер нь ам дамжсан цуурхал бий болгох гээд байдаг. Эсвэл шинэчлэлд нэг хэсэг нь дургүй болчихсон хандлага ажиглагддаг. Ийм иргэддээ уриалахад энэ шинэчлэл зайлшгүй байх ёстой” гэсэн. Өөрөөр хэлбэл, энэ ердөө оршил. Удахгүй албан ёсоор хэрэгжүүлэх аж. Албаныхан зохион байгуулалт тааруу, мэдээлэл муу түгээснээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бол хотын иргэдээ туршсан юм аа гэдгийг илтгэнэ. 1.2 сая хүнийг туршилтад оруулж, “тоглох” эрхийг ард түмэн хотын удирдлагуудад атгуулжээ. Сураг сонсох нь ээ нийтийн тээврийг цахимжуулах ажил ирэх оноос эхлэх бөгөөд тэр шинэчлэлийн дүр төрх нь өнгөрсөн 10 хоногийнхтой нэн төстэй байх магадлалтай. Мэдээж бид хөгжингүй орны том хотод очихоороо яг л ийм нийтийн тээврээр үйлчлүүлж, дамжаад дамжаад явдаг. Гэхдээ тэр бол хөгжингүй орон, бид хөгжиж буй улс, хот шүү дээ. Нийтийн тээврийнхэн алдагдалтай ажилладаг гэж тасалбар болгоны үнийг нэмсэн нь саяхан. Тэр цагт буюу өнөөдрөөс үйлчилж эхэлсэн хуучин тогтолцоогоор нэг зорчигч дор хаяж мянган төгрөгийн орлого оруулдаг байв. Гэтэл түүнийг өдөрт 500 төгрөг болгож нэг тасалбартай болгохоор алдагдал улам нэмэгдэхийн баталгаа. Тэр их алдагдлыг хэрхэн давж туулах вэ. Рэйлбус хэмээх шинэ шугам 26 сая ам.долларын алдагдалтай ажиллаж буйг хотын мээр гомдоллонгуй ярьсан. Нэг тасалбараар зорчих эрхтэй өнгөрсөн хугацаанд өдөртөө л 50 хүрэхгүй иргэн зорчиж, үйлчлүүлсэн гэх нь ч дуулдсан. Үүний алдагдлыг автобусны алдагдал дээр нэмж тооцно. Нэгдсэн билеттэй автобус явж эхэлсэн тэр өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс “жагсаал” зохион байгуулж, нийтийн тээврээр үйчлүүлэх эрхээ эдэлье гэж шаардсан. Харамсалтай нь, тэдний хүсэлтийг өнөөдрөөс л харгалзан үзэх бололцоо бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 хоногт хөгжлийн бэрхшээлтэй байтугай хөгжингүй бие махбодтой иргэд ч нийтийн тээврээр бүрэн дүүрэн үйлчлүүлэх эрх нь хумигдмал байлаа.

Халаасны хулгайч нарыг “таньдаг” кондукторууд буудал дээр үлдсэн тул аюулаас сэрэмжлүүлэх дохио дуугараагүй. Тийм ч учраас 10 хоногт арай л ашигтай ажилласан этгээд бол халаас суйлагчид. Автобусандаа ганцаархнаа болсон жолооч нар цагтай уралдаж буудал дээр 20 секунд зогсоод л хөдөлдөг гайхмаар үзэгдэл бий болсон. Хуучнаар үзвэл нэг буудал дээр хоёр минут зогсдог байсны дэргэд тэд “гэгээрчээ”. Гэвч үүний цаад шалтгаан нь мөнгө гэхээр гунигтай. Нийслэлчүүд нэг удаа 500 төгрөг төлөөд хүссэн унаандаа чихэлдээд явснаас суух бүртээ тасалбар аваад уртын маршрутаар зорчъё гэдэгт саналаа өгөв. Гэтэл тээврийн асуудлыг дээврээс нь харж, зохицуулж буй “дарга нар” 10 хоногийн ажил үр дүнтэй болсныг судалгаагаар тогтоогоод суух нь хачирхалтай. Хуучнаар автобус арай л их хүнтэй байна гээд тээршаадаг байсан тэр нягтралыг шинэ системээр үзвэл “бараг хоосон” гэдэг ангилалд багтах тул яаран хошуурсан дүр зургийг буудал болгоноос үзэх боломжтой байлаа. Гэвч “бараг хоосон” автобус ирэхгүй, дандаа дүүрэн нь таарах тул 500 төгрөгнөөс ажлын таван минут нь илүү үнэтэй санагдаж, хоцрох дөхсөн олон хүн сайн дураараа хэлэлцээд таксинд “гуялж” явах нь ч олонтаа таарсан. Дашрамд, нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан өнгөрсөн 10 хоног ажлаасаа хоцорсонд минь буруутайг болгооно биз ээ хэмээн албан байгууллагуудын дарга нарт олон мянган ажиллагсдын нэрийн өмнөөс хүлцэнгүйгээр өчье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан