Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван улсын төрийн тэргүүн Монголд уулзаж, хэлэлцээр хийх үү


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жиньпин манай улсад айлчлан хэлэлцээ хийж, олон чухал баримт бичиг, гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцааны төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдалд чухал үйл явдал болсон. Уулзалтыг Хятад, Монголын төдийгүй Орос ба өрнөдийн шинжээч, судлаачид анхааралтай ажиглаж байв. Ялангуяа манай хойд хөршийнхөн онцгой анхаарсан нь тодорхой. Тэр тусам энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах тухай яригдаж байгаа тул анхаарахаас өөр аргагүй. Иймд Оросын мэдээллийн зарим хэрэгслээр Си Жиньпиний манай улсад хийсэн айлчлалын үр дүн, бүс нутагт Монголын гүйцэтгэж буй үүрэг, Орос Монголын харилцааны хэтийн төлвийн талаар бичээд эхэллээ. ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын төвийн орлогч захирал Сергей Лузянин Оросын “Лента.ру” сайтад өгсөн ярилцлагыг танд хүргэе.

-Монголд хийсэн Си Жиньпиний айлчлал 11 жилийн дараа Хятадын төрийн тэргүүн очсон үйл явдал боллоо. Түүхийн явцад маш олон хүнд бэрхийг туулж өнгөрсөн манай хөрш хоёр улсын харилцаанд өөрчлөлт орж байна гэж үзэж болох уу?
-Улаанбаатарт хоёр өдөр болсон уулзалт үнэхээр жирийн үйл явдал байгаагүй тул шинжээчдийн зүгээс янз бүрийн үнэлгээ, тайлбар өгсөн. Хятадын зээл, хөрөнгө оруулалтын тусламжийг нэмэгдүүлэх онцгой шаардлага тулгараад байгаагийн хувьд Си Жиньпиний айлчлал нь монголчуудад илүү ашигтай гэж үзэх нь түгээмэл. Монголын төсвийн гол “тэжээгч” болсон эрдэс баялгийн түүхий эдийн салбарт тусламж дэмжлэг илүү шаардлагатай байгаа юм. Харин бусад шинжээч энэ уулзалтаар илүү хожсон улс нь Хятад гэцгээж байна. Япон, Вьетнам зэрэг бусад хөрш орон хийгээд Хятадын харилцаа хурцадмал болсон үед Монгол гэдэг урт хугацааны найдвартай түнштэй байх нь маш чухал.

-Монголын эдийн засаг өнөөдөр ямар байдалтай байгаа вэ?
-Ашигт малтмал нь гадаадын хөрөнгө оруулалтаас тун ч хамааралтай. 1990-ээд он, 2000 онуудад Монголын эдийн засаг зөвхөн гадаадаас хөрөнгө оруулагчдыг татах чиглэлтэй байв. Нийт хөрөнгө оруулалтын 70-75 хувийг өрнөдийн орнуудаас оруулсан хөрөнгө эзэлж байлаа. Иймд шилжилтийн эдийн засагтай орнуудын дотор нэг хүнд ногдох гадаадын тусламжийн хэмжээгээр Монгол дэлхийд нэгдүгээрт орж байгаа нь тохиолдлын зүйл биш. 1990, 1991 онд гарсан Монголын ардчилсан хувьсгалын дараа гадаад эдийн засгийн харилцаа холбоогоо эрчимтэй хөгжүүлж, Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банк гэх мэт олон улсын санхүүгийн институтүүдэд нэгдэн орсон. Ингэснээр Улаанбаатар уламжлалт Орос, Хятад дээр нэмээд өрнө дахин, Япон, Өмнөд Солонгос гэсэн шинэ түнш бий болгосон. Монголд үүнийг “гурав дахь хөрш”-ийн концепци гэдэг юм. Өрнөдийн орнуудаас үзүүлсэн олон улсын тусламжийг үнэн хэрэг дээрээ цоо шинэ либерал эдийн засаг байгуулахад чадварлагаар ашигласан.
Тэнцвэртэй, дундыг баримталсан улс төрийн концепцийг дипломат чиглэлд ч идэвхтэй хөгжүүллээ. Улаанбаатар ба Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага хоёр ойртсон нь үүний нэг жишээ. Монгол энэ байгууллагын байнгын гишүүн болж статусаа нэмэгдүүлэх хүртэл хэсэг хугацаанд түнш, ажиглагч орон байв. Гишүүнээр элссэн гэдгээ Оростой төдийгүй, АНУ, Европын холбоотой эрх тэгш хамтын ажиллагаа хөгжүүлэх бас нэгэн боломж нээлээ гэж тайлбарладаг. Мөн ардчилсан институтүүдээ бэхжүүлэх, хууль сахиулах системдээ Европ стандарт нэвтрүүлэх гэсэн эрх баригчдын хүсэл үүнд мөн л тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ улсынхаа гадаад улс төрийн бодлогод шинэ тулгуур, түшиц олох чармайлт голлох зорилт байсан. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нь энэ тохиолдолд “гурав дахь хөрш” болсон.

-Тэгвэл “гурав дахь” хөрш нь Монголын эдийн засагт хэр жинтэй хувь нэмэр оруулсан бол?
-АНУ, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос нийлээд Монголд 1.3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Улсад нь орж ирсэн хөнгөлөлттэй зээлийн хэмжээ тэрбум гаруй ам.доллар. Гэхдээ одоо энэ их хөрөнгө оруулалт байхгүй болсон. Энэ бүхэн монголчуудын өөрсдийнх нь санаачилгаар болсон юм шүү. Албан тушаалтнууд улс орноо худалдаж идэж байна гэсэн ард түмний олон удаагийн зэмлэл, шүүмжлэлийн дараа гадаадын компаниудын үйл ажиллагааг хүндрүүлсэн хуулиуд баталсан юм. Хятадын бизнесмэнүүдтэй гэхэд л нүүрсний салбарт зөрчилдөөд авсан. Хятадууд үүнд гомдож, ахиад Монголоос ганц шуудай нүүрс ч авахгүй гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч Монголын одоогийн удирдлага Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр аргагүй болсон.

-Монголчууд “Хятадын аюул” гэсэн ойлголтыг мэддэг үү, нийгэмд нь Хятадын эсрэг үзэл хэр газар авсан байдаг вэ?
-Өнөөдөр Улаанбаатар Бээжинг өгөөмөр ивээн тэтгэгч болгох тооцоотой байгаа нь илэрхий. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Монголын эрх баригчид нийгэмд нь улам бүр тэлж байгаа Хятадын эсрэг үзлийг тоохгүй царайлахаас өөр аргагүй. Хятадуудад үл итгэсэн байдлаар хандах үзэгдэл бүр Чин гүрний үед ч байсан юм. БНХАУ дэлхийн хэмжээнд болон бүс нутагт эдийн засгийн байр сууриа мэдэгдэхүйц бэхжүүлсний дараа энэ айдас болгоомжлол улам нэмэгдээд байгаа.
Дашрамд хэлэхэд, Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хятадтай холбоотойгоор тулгараад байгаа хэд хэдэн асуудлыг тодорхойлсон. Үүнд, хууль бус цагаачлал нэмэгдсэн, хууль бус алт олборлолт, бараа таваар хуурамчаар үйлдвэрлэх, бараа бүтээгдэхүүний эргэлтэд эзлэх хувь нь бусад улстай харьцуулахад өндөр байгаа гэх мэт. Гэхдээ эдгээр асуудлыг, ялангуяа эдийн засгийн шинжтэйг хэсгийг нь бодитоор саармагжуулахад нэлээд бэрхшээлтэй юм.
2003-2013 онд хоёр улсын арилжаа 324 саяас 6.7 тэрбум ам.доллар хүртэл өссөн. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 1200 компани, 900 орчим хамтарсан компани бүртгэлтэй. Дэд бүтэц, уул уурхай, түүхий эдийн боловсруулалт зэрэгт Хятадын оруулсан хөрөнгийн хэмжээ өнөөдөр гадаадын нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг давж гараад байгаа. Цаашлаад Хятад стратегийн чухал ач холбогдолтой “Таван толгой”, “Овоот Толгой” гэсэн нүүрсний орд, зэс ба алтны “Оюу толгой” руу эрчимтэй нэвтэрч байна.

-Хятад энэ бүхнийхээ хариуд юм өгөхөд бэлэн үү?
-Тийм гэдгийг Си Жиньпиний хийсэн айлчлал батлан харууллаа. Монголын хүсэлтийг хүлээн авч байна. Юуны түрүүнд Хятад “Монгол хөгжлийн үндсэн эх үүсвэр” болоход бэлэн. Худалдааны хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж, Зүүн Өмнөд Хятадын далайн боомтуудаа ашиглахыг монголчуудад зөвшөөрч, хөрөнгө оруулалтын багц тохиролцоонд гарын үсэг зурсан. Хятадын шинжээчид уулзалтын үр дүнг гаргахдаа хөрөнгө оруулалт, дэд бүтэц, санхүү гэсэн харилцан хамтран ажиллах гурван гол салбарыг онцолсон байна.

-Хамтын ажиллагаа энэ мэтээр сайхан ирээдүйтэй болж магадгүй ч түүхэн үйл явдлын талаарх дурсамжийг яах вэ?
-Монголын талаар явуулж байгаа Хятадын бодлогын олон далд сэдлийн нэг нь хоёр Монголыг илүү дотно болгох чармайлт байж болох юм. Хятадын түүхчид “Монгол Улсыг түүхэн эх орноосоо түр хугацаагаар оршин тогтнож байгаа” гэж ямагт бичдэг байлаа. Бичсээр ч байна.
“Зөвлөлтийн нөлөө” 70 жил үргэлжилсэн хэдий ч нэгдсэн Монголын соёл ба иргэншил хадгалагдан үлдсэн. Үүний төв нь БНХАУ-д байгаа гэдгийг Бээжин харуулж байна. Ингээд ч зогсохгүй монголчуудын хамгийн гол түүхэн бэлэг тэмдэг болсон Чингис хааны тухай ч ийм байдал харагдуулж байгаа. Нэгдсэн Монгол улсыг үүсгэн байгуулагчийн Соёлын төвийг хятадууд Өвөрмонголд байгуулчихсан. Чингис хааны шарилыг одоо хүртэл олоогүй байгаа хэдий ч энэ дурсгалын цогцолборт ирж байгаа хэдэн зуун мянган жуулчин “Чингис хааны жинхэнэ шарил”-ыг үзэж байна гэдэгтээ итгэлтэй байдаг.

-АНУ Монголд ихээхэн анхаарал тавьдаг. Бээжин үүнд нэлээд сэжигтэй ханддаг байх?
-Хятадын зүгээс Монголын талаар явуулж байгаа бодлогоо идэвхжүүлж байгаад хил залгаа Монголыг 1990-ээд онд “гурав дахь хөрш”-ийн онол ид хүчээ авч байхад бүрэлдсэн Америкийн талыг баримтлагч “холбоо”-ноос сугалан авах гэсэн Өрнөдийн эсрэг геополитикийн чармайлт тод ажиглагдаж байгаа. “Тал хээрийн орон” 20 жилийн дотор Америкийн цэвэр ба улс төрийн салбарыг хамруулсан идэвхтэй бодлогын объект болж хувирлаа. АНУ-ын явуулж байгаа “хүмүүнлэгийн” цэргийн бүх ажиллагаанд монголчууд ёс төдий ч гэлээ оролцож байна. “Хааны эрэлд” нэртэй Монгол Америкийн хамтарсан хээрийн сургууль жил болгон явуулдаг. Гэхдээ Монголын удирдлага нь намын харьяаллаас үл хамаараад нутаг дээр нь цэргийн баазын сүлжээ байгуулах тухай Вашингтоны саналыг хүлээж авахгүй байгаа юм.

-Тэгвэл “АНУ-ыг Азид эргэн ирэх” үйл явцыг объектив байдлаар тогтоон барьж байгаа үйл явцад Улаанбаатарыг хам­руулах боломж байна гэсэн үг үү?
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс ажиглагчаар оролцож байгаа нь БНХАУ ба ОХУ-ын хувьд бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх нэмэлт нөөц боломж гаргаж байгаа хэрэг юм. Монголын Ерөнхийлөгч Элбэгдорж “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс өөрийн байгууллагад оролцох манай түвшнийг нэмэгдүүлэх санал гаргасныг хүндэтгэлтэй хандаж байна” гэж хэлсэн. Ийм мэдэгдлийг Москвад ч тэр Бээжинд ч нааштайгаар хүлээж авч байгаа нь ойлгомжтой.
Бүс нутгийн байгууллагуудад идэвхтэй оролцох санаа нь Хятадын санаачилсан “Торгоны замын эдийн засгийн бүс” төсөлд хамрагдахад чиглэсэн Улаанбаатарын чармайлтаас ч харагдаж байгаа юм. Үүний хариуд Бээжин монголчуудын 2014 оны арваннэгдүгээр сард Шанхайд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтад урьж, Монголыг байнгын гишүүнээр элсүүлэхийн тулд лоббидоно гэж амласан. Энэ байгууллагын Владивостокийн чуулга уулзалтын үеэр монголчуудыг элсүүлэхийг дэмжинэ гэж Орос амлаж байсан юм. Гэхдээ дипломат шугамаар энэ асуудлыг боловсруулж чадаагүй бололтой, элсүүлээгүй.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан Зүүн Өмнөд Азийн аюулгүй байдлын талаар Улаанбаатарын харилцан яриа гэсэн шинэ механизм бий болгох тухай санаачилгын талаар Си Жиньпин нааштай мэдэгдэл хийсэн. Бүс нутгийн аюулгүй байдлын хувьд энэ юу гэсэн үг байж болох вэ?
-Хятад нь энэ харилцан ярианы идэвхтэй оролцогч байна гэсэн үг. Бүс нутаг дахь Хятад, Монголын хөрш, ЕвроАзийг дамнасан их гүрний хувьд Орос нь аюулгүй байдалтай холбоотой хурц асуудлуудыг олон талт уулзалтаар шийдэх гэсэн бүх л оролдлогыг дэмжиж байгаа.

Умард Солонгосын талаар Монголын гаргаж байгаа санаачилга, боломжийг бүс нутаг даяар сайн мэднэ. Дашрамд хэлэхэд, Ким Чен Уныг Засгийн эрхэнд гарснаас хойш БНАСАУ-д айлчилсан гадаа­дын анхны Төрийн тэргүүн нь Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж байсан юм шүү. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахын төлөө зарим улс огт санаагүй байхад бие даасан үүрэг гүйцэтгэх болсон Монголд Хойд Солонгос итгэсэн нь харагдаж байна.

-Монголд өрнөдийн компа­ниуд, Америкийн Төрийн бус байгууллагууд чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг бол Хойд Солонгос бараг бүгдэд хаалттай. Энд ойлголцох, ойртох ямар ч үндэс байхгүй мэт санагдмаар?
-Харилцан ойлголцож, дотносоход их гүрнүүдийн дунд хавчигдсан улсуудыг нэтгэдэг түүхэн ба сэтгэл зүйн холбогдолтой нэгтгэгч зарим зүйл байдаг гэж болох биз. Монгол ч тэр, Хойд Солонгос ч тэр Хятад ба Зөвлөлтийн геополитикийн болон бүс нутгийн өрсөлдөөний завсар хавчигдаж байлаа.

Ийм үед монголчууд БНХАУ ба ОХУ гэсэн хуучин эзэд, АНУ ба тэдний холбоотнууд гэсэн шинэ эздийн хооронд чадварлагаар сүлжин явж байгаа нь БНАСАУ-ын хувьд хангалттай нааштай, эерэг жишээ болж байгаа хэрэг. Монголын эрдэс баялаг, орд газрын төлөөх тэмцэлд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Өмнөд Солонгосыг чадварлагаар хооронд нь мөргөлдүүлж чадаж байгаа нь Пеньянд таалагдаж байж ч болох юм. Мөн монголчууд 10 гаруй жилийн турш Өрнөдөөс их хэмжээний хүмүүнлэгийн тусламж авч чаддаг байдал ч Умард Солонгосын удирдлагад зүгээр санагдаж байгаа биз. Нөгөө талаас Бээжингээс тулган хүлээлгээд буй хятад маягийн хувилбараас хойд солонгсчууд тууштай татгалзсаар ирсэн. Тэдэнд энэ хувилбар таалагдахгүй байгаа нь илт. Далдуур сэм удирдах хувилбар ч гэж энэ загварыг харж байж болох юм. Ийм нөхцөлд БНАСАУ-ыг Монголын зүгээс хянах, удирдах гэсэн өчүүхэн ч санаа агуулаагүй Монголын туршлагын либерал элементүүд нь Пеньянд “Хятад онцлогтой зам”-аас илүү таалагдаж байхыг үгүйсгэх аргагүй.

-Улаанбаатарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны намар “Орос, Монгол, Хятад” гэсэн гурван талт чуулга уулзалт хийх санаачилга гаргаж Си Жиньпин дэмжсэн.
-Си ба Элбэгдорж нарын хийсэн хэлэлцээрийн хамгийн гол дуулиан нь наадах чинь. Ийм гурвалжин бий болгох нь оролцогч гурван талд бүгдэд нь нэн ашигтай. ОХУ Хятад хоёр нь Монголын талаарх өөр өөрийн бодлогоо нэмэгдүүлэн уялдуулах замаар гурав дахь хүчний зүгээс идэвхтэй, илүү үр ашигтайгаар тогтоон барих боломжтой болно. Монголын хувьд ирээдүйд өөрийн бүтээгдэхүүнээс Орос ба Хятадын зах зээлд ямар нэг татвар, шимтгэлгүй нийлүүлэх бодит боломж гарч ирнэ.
Үүнтэй зэрэгцэн эдийн засгийн хориг арга хэмжээд өртсөн Оросын хувьд “ОХУ-д Шинэ Зеланд ба бусад улсуудаас илүү их мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх” тухай яриа нь цаг үеэ олсон зүйл.
Гэхдээ сүүлийн хоёр жилд Орос ба Монголын худалдааны салбарт зарим асуудал гарч ирсэн. Оросын импорт /70 сая ам.доллар/ ба экспортын /1.6 тэрбум ам.доллар/ тэнцвэр алдагдсан. Харамсалтай нь, Монголын тал цөөнгүй удаа тоглоомын дүрмийг өөрчлөх эсвэл бүр биелүүлэхээс татгалзах зэргээр хүлээсэн үүргээ заримдаа биелүүлдэггүй.
Магадгүй Элбэгдорж улсад нь өсөн нэмэгдсэн Хятадын улс төр ба эдийн засгийн нөлөөг гурвалжин байгуулах замаар Оросыг оролцуулан болгоомжтой тэнцвэржүүлэхийг хүссэн байж болох юм.

Шинэ үеийн түүхэнд гурван улсын удирдлагууд хэзээ ч албан ёсоор уулзаж байгаагүй тул Элбэгдорж, Путин, Жиньпин нарын төлөвлөөд байгаа уулзалт нь үнэхээр гоц содон юм. Үүнтэй төстэй гэж болохоор цорын ганц бөгөөд маш олон жилийн өмнө болсон үйл явдал нь 1915 оны тавдугаар сард болсон хаант Орос, Хятад ба Гадаад Монголын төлөөлөгчийн оролцсон Хиагтын уулзалт гэж болно.
Зөвлөлт задарсны дараа гурван тал зэрэг оролцсон төсөл хэрэгжүүлэх санаа ч гарч байгаагүй. Иймд энэ намар Монголд гурван улсын Төрийн тэргүүний уулзалт ямар ч байсан болоод албан ёсны бичиг баримтуудад гарын үсэг зурвал геополитикийн хувьд үнэхээр том урагшилсан алхам болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан